Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 274

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: “ЭАЭ” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “ЭАЭ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “ЭАЭ” ХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”, “ЭАЭ” ХХК нь Ө******* аймгийн Б*******, Х******* сумдын нутгийн Х******* нэг нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЭАЭ” ХХК-ийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЭАЭ” ХХК-ийн захирал Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь Ө******* аймгийн Б*******, Х******* сумдын нутаг Х******* нэг нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн 02******* дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбайн байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

Ө******* аймгийн Засаг даргын 2015 оны 04 сарын 27-ны өдрийн 3 тоот “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Бид дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 22-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 128/ШЗ2017/5438 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3 болон Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасны дагуу “нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан материалд уг асуудлаар дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан талаар баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллгаа хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Манай компани 2017 оны 08 дугаар сарын 22-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Ө******* аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3 тоот дэмжихгүй гэсэн саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1651 тоот албан бичгээр манай гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Иймд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 128/ШЗ2017/5438 дугаар захирамжинд “Нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсаны дараа урьдчилан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд 30 хоногийн дотор тус шүүхэд хандах нь зүйтэй” гэж заасны дагуу бид дахин доорхи нэхэмжлэлийг гаргаж байна.

Дээрх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг манай компани дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас саналыг авахаар явуулсан.

2.Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан “хурлын санал” нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна.Энэ зүйл, хэсэгт заасан “...хариу ....”-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тус тус заасан байхад Ө******* аймгийн Засаг дарга Б.Б Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Ө******* аймгийн засаг дарга Б.Бгийн “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 заалтанд Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар заасан. Уг саналд дэмжээгүй мэдэгдэл ирсэн” гэсэн байна.Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан “хурлын санал” нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна” гэж заасан байдаг. Бид Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт тавьж Ө******* аймгийн Б******* сумын ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаарт Тэргүүлэгчдийн Тогтоол болон Ө******* аймгийн Х******* сумын ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 22 өдрийн 21 дугаарт Тэргүүлэгчдийн тогтоолуудыг архиваас хуулбарлан авсан ба эдгээр тогтоолууд дээр Б******* болонХ******* сум нь Х******* нэг нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах үндэслэлгүй гэж үзсэн байна. Гэтэл 2 сумдын зөвшөөрсөн санал байхад Ө******* аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Засаг даргад явуулсан саналдаа тухайн талбайн байрлах сумдын ИТХ-ын татгалзсан шийдвэрийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн байна.

Иймд Ө******* аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны 3 тоот санал нь үндэслэлгүй дэмжихгүй санал байна.

3.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Дөрөв” дүгээр хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “Дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр,...төслийг боловсруулан...” гэж заасан байдаг. Дээрхээс үзвэл, хууль, хуульчилсан актын холбогдох заалтууд болон Улсын Дээд шүүхийн тайлбар нь цогцоороо аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгосон агуулгатай байхад Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэс нь татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна.

4. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр хэсгийн 4.5-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх үлдэгдлийн төслийг боловсруулж, хяналтын хуудаст тэмдэглэгээ хийж, өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Мөн түүнчлэн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор Кадастрын хэлтэс ямар нэгэн шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл Кадастрын хэлтэс нь шийдвэрээ 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нь өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус байна. Мөн уг Кадастрын хэлтсийн 407 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дүгээр зүйлийг дурьдсан байдаг. Уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл, гомдол хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30х үртэл хоногоор нэмж сунгаж болно.

Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан байдаг.

Гэтэл уг шийдвэрийг 1 жил 8 сарын дараа гаргасан байгаа нь хууль бус байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “ЭАЭ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ЭАЭ” ХХК-ийн 02******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү гэв.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан байдаг. “ЭАЭ” ХХК-ийн гаргасан өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хянаж үзээд, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, мөн тухайн талбай нь ямар нэгэн хязгаарласан, хориглосон болон түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсний улмаас аймгийн Засаг даргаас санал авахаар явуулсан байдаг. Түүнээс хойш өөр хэдэн ч компани тус талбай дээр өргөдөл гаргасан байж болох бөгөөд үүнийг бид мэдэх боломжгүй. Иймд “ЭАЭ” ХХК нь тухайн талбайд хамгийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарын Кадастрын хэлтсийн дарга Д.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“ЭАЭ” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөдлийн бүртгэлийн ME-02******* дугаарт бүртгэгдсэн Ө******* аймгийн Б*******, Х******* сумдын нутагт орших “Х*******-1” нэртэй 1206.32 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дах хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ө******* Ө******* аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “...Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрөн гэж үзнэ...” гэсэн заалтын дагуу дээр дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар Ө******* аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/1853 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-025489 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Ө******* аймгийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөр огноолсон 1-845 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн байна. Ө******* аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн бүртгэлийн NE-02******* дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд “ЭАЭ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “ЭАЭ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “ЭАЭ” ХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”, “ЭАЭ” ХХК нь Ө******* аймгийн Б*******, Х******* сумдын нутгийн Х******* нэг нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“ЭАЭ” ХХК нь Ө******* аймгийн Б*******, Х******* сумдын нутгийн Х******* нэг нэртэй 1206.32 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NE-02******* дугаарт бүртгэн, анхан шатны болон зураг зүйн шүүлт хийж тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/1853 тоот албан бичгээр Ө******* аймгийн Засаг даргаас санал авахаар хандахад, мөн Засаг даргаас дэмжихгүй гэсэн хариу 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1-845 дугаар албан бичгээр ирүүлсэн байна. 

Уг дэмжихгүй гэдэг саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх; 19 дүгээр зүйлийн 19.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга ... 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ., мөн зүйлийн 19.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ. гэж тус тус заасантай нийцжээ.

Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага нь хуульд зааснаар нэхэмжлэгч “ЭАЭ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Ө******* аймгийн Засаг даргын дэмжихгүй саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ гэж зааснаас үзэхэд Засаг даргын саналыг үндэслэж тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан, өөрөөр хэлбэл Засаг даргын дэмжсэн, эсхүл татгалзсан санал ньтусгай зөвшөөрөл олгоход тавигдах үндсэн нөхцөл, шаардлагуудын нэг болох учраас, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад Засаг даргын санал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хянах бүрэн эрхийг хуулиар тухайлан олгоогүй тул тухайн саналыг үндэслэн захиргааны байгууллага татгалзсан шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 407 дүгээр шийдвэрээр Засаг дарга нарын дэмжихгүй саналд үндэслэн нийт 30 компанийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бөгөөд тухайн актыг гаргахаас өмнө, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, Өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 041 (5608) дугаарт нийтлэн мэдэгджээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасантай нийцэж байх тул захиргааны байгууллагыг сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй гэж үзэх, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох, 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж, 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд олгох хуулийн зохицуулалт хүчингүй болж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох зарчим үйлчилсэн тул нэхэмжлэгчийн 2015 оны өргөдлийг үндэслэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг шүүхээс даалгах, түрүүлж өргөдөл гаргасан эрх зүйн харилцаа байгааг тогтоох нь хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтад нийцэхгүй юм.  

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Ашигт малтмалын тухай хуулийн /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримтлан “ЭАЭ” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “ЭАЭ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “ЭАЭ” ХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”, “ЭАЭ” ХХК нь Ө******* аймгийн Б*******, Х******* сумдын нутгийн Х******* нэг нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    О.ОЮУНГЭРЭЛ