Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 116/2022/0014/З |
Дугаар | 221/МА2023/0013 |
Огноо | 2022-12-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2023/0013
Ц.Цийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ц.Ц
Нэхэмжлэгч: Ц.Ц
Хариуцагч: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 116/ШШ2022/0025 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 116/2022/0014/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ц нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргад холбогдуулан “Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 116/ШШ2022/0025 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цийн гаргасан “Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Ц.Ц миний бие Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 116/ШШ2022/0025 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
3.1. Шүүхийн шийдвэрээр:
Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хөлөнбуйр сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/65 дугаар захирамжаар иргэн Ц.Ц миний Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт үр тариалангийн зориулалттай 334.76 га газар эзэмшигч Ц.Ц намайг “талбайн ашиглалтын талаарх мэдээ гаргаж өгөөгүй, хоёроос дээш жил 270.76 хэмжээний тариалангийн газарт тариалалт хийгээгүй, тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх талаар албан ёсоор мэдэгдээгүй, тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлээгүй, өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгээгүй зөрчил гаргасан” гэж үзэж, 270676 га хэмжээтэй газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Өмнө нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар бас уг газрыг маань мөн дээрх үндэслэлээр 274.76 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж байсан.
Би уг шийдвэрийг хууль бус гэж маргаж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 116/ШШ2022/0001 дүгээр шийдвэрээр маргаан бүхий актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж байсан.
3.2. Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:
Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн байна.
Тариалангийн тухай хуулийн уг зохицуулалтад “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэж заасан байна.
Нэхэмжлэгч миний зүгээс “надад анх газар олгохдоо Газрын тухай хуулийг баримталж, уг хуульд заасан үндэслэл журмаар анх газар олгосон тул Газрын тухай хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох ёстой” гэж маргадаг.
Анх надад дээрх газрыг олгохдоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/32 дугаар захирамжийн дагуу, “Үр тарианы усалгаагүй тариалан” 334.76 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Тариалангийн тухай хууль нь 2016 онд батлагдсан анх надад газар олгоход дээрх хууль үйлчилж байсан байна.
Өөрөөр хэлбэл, надад анх газар олгохдоо Газрын тухай хуулийг баримталж 15 жилийн хугацаагаар олгосон. Мөн газар эзэмшүүлэх гэрээний хувьд уг шаардлагыг хангаагүй, Газрын тухай хуулийн нийтлэг үндэслэлээр байгуулагдсан байна. Иймээс газрын тухай хуульд заасан үндэслэлээр л эзэмшлийн газрыг хүчингүй болгох боломжтой.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлийн аль нэг нь бүрдэж байж л иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох ёстой. Мөн Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д зааснаар тариалангийн зориулалттай газрыг 40 жилээс доошгүй хэмжээгээр олгох ёстой байтал 15 жилээр олгосон байна.
Түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгосон 2022 оны 04 дүгээр сарын 141-ний өдрийн А/65 дугаар захирамжийн 2 дахь заалтаар “... 64 га хэмжээ бүхий хүчинтэй газар эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмшээгүй үлдсэн хугацаанд 10 жилийн хугацаанд эзэмшүүлэхээр” шийдвэрлэж, мөн Газрын тухай хуулийг баримталсан байна.
Миний хувьд дээрх үндэслэл бүрдээгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ үндэслэл, тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж, хэлэлцүүлсэн байтал шүүхийн шийдвэрт энэ талаар огт дүгнэлт хийгээгүй тул хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Эцэст нь дурдахад улсын хэмжээнд болон Дорнод аймагт тариалангийн зориулалттай газрууд их хэмжээгээр олгогдсон байдаг, тариалалтыг дийлэнх талбайд хийдэггүй хэдий ч ийм байдлаар газрыг нь хүчингүй болгосон практик байхгүй. Иргэн миний газрыг бусдад шилжүүлэхийн тулд ийнхүү хэсэгчлэн хүчингүй болгосонд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах 334.76 га газрыг Ц.Цид тариалангийн зориулалтаар эзэмшүүлжээ.
2.2. Нэхэмжлэгч Ц.Ц нь талбайн ашиглалтын талаарх мэдээг сумын Засаг даргад тухай бүр гаргаж өгөөгүй, хоёроос дээш жил 274.76 га хэмжээний тариалангийн газарт тариалалт хийгээгүй тул Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар Ц.Цийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгосон байна.
2.3. Уг захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гаргасан Ц.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
2.4. Улмаар Засаг даргаас сонсох ажиллагаа явуулж, тариалангийн газарт хэмжилт, үзлэг хийсэн байх ба Ц.Ц нь талбайн ашиглалтын талаарх мэдээ гаргаж өгөөгүй, хоёроос дээш жил 270.76 га хэмжээний тариалангийн газарт тариалалт хийгээгүй, газрын тодорхой хэсгийг ашиглахгүй өнжөөх талаар албан ёсоор мэдэгдээгүй, тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлээгүй, агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгээгүй зөрчил гаргасан гэж үзэн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/65 дугаар захирамжаар тариалалт хийгдээгүй 270.76 га газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгосон байна.
2.5. Ц.Ц тус захирамжийг эс зөвшөөрч шүүхэд “Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасныг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь үүрэгтэй” гээд 20.2.2-т “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”, 20.2.6-д “таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх”, 20.2.8-д “өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгэх”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэж тус тус заасан байна.
3.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар Ц.Ц нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байгаа тул мөн үндэслэлээр газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын захирамж үндэслэлтэй.
4. Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд “... анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн буюу Засаг даргаас надтай Газрын тухай хуулийг үндэслэж газар эзэмших эрх олгосон байхад Тариалангийн тухай хуульд заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ талаар огт дүгнэлт хийгээгүй тул хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна ...” гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.
4.1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Цид газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийг баримталж олгосон гэж байгаа хэдий ч тариалангийн зориулалттай болохыг заасан байх ба нэхэмжлэгч талаас мөн зориулалтаар газар эзэмших эрх олж авсан талаар маргадаггүй.
4.2. Газрын тухай хуульд заасан үндэслэлээр газар эзэмших эрх олгосон байж болох ч Тариалангийн тухай хуульд заасан нарийвчилсан зохицуулалтад заасан үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон хариуцагчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасантай нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 116/ШШ2022/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ