Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01447

 

Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00298 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар магадлалтай,

Х- Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Ц.А-т холбогдох,6.287.495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэцгээ, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гандэмбэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, Х.Содном-Иш, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Батпүрэв, Ц.А- нар нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ-14/2435 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан Х-аас 11.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээнд зориулалтаар сар бүр тэнцүү төлөх хуваарьтай авсан. Зээлийн барьцаанд цалингийн орлого тавьсан бөгөөд зээлдэгч Ц.Батпүрэв, Ц.А- нар нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ-14/2435 тоот зээлийн гэрээний үүргээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл буюу зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөлгүй 557 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Үндсэн зээлдэгч Ц.Батпүрэв нас барсан ч хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.А-аас зээл, хүүгийн нийт 6.287.495 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Ц.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн төрсөн дүү Батпүрэвийг зээл авахад хамтран гарын үсэг зурсан нь үнэн. Гэвч дүү маань элэгний хорт хавдар өвчнөөр өвчилж 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Өөрийн 3 хүүхэд, өнгөрдөг дүүгийнхээ хүүхдүүдийг харж хамгаалан, хувцаслах зэргээр амьдрал ахуйгаа авч яваагаас гадна урьд нь зээлсэн 26.968.344 төгрөгийн зээлтэй байгаа тул өнгөрдөг дүүгийн зээлийг төлөх боломжгүй байгааг минь харгалзан үзэж зээлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00298 дугаар шийдвэрээр: Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Ц.А-аас зээлийн төлбөр 6.287.495 /зургаан сая хоёр зуун наян долоон мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 117.552 /нэг зуун арван долоо мянга таван зуун тавин хоёр/ төгрөгнөөс 115.550/ нэг зуун арван таван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос түүний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2.002 /хоёр мянга хоёр/ төгрөгийг, хариуцагч Ц.А-аас 115.550 /нэг зуун арван таван мянга таван зуун тавь/төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х-т олгож шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.А-аас зээлийн төлбөр 6,287,495 /зургаан сая хоёр зуун наян долоон мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х-ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,552 /нэг зуун арван долоо мянга таван зуун тавин хоёр/ төгрөгөөс 115.550 /нэг зуун арван таван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2002 /хоёр мянга хоёр/ төгрөгийг буцаан олгож, Хариуцагч Ц.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,550 /нэг зуун арван таван мянга таван зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэцгээ, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гандэмбэрэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар магадлалыг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Хариуцагч Ц.Батпүрэв нь 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №14/2435 тоот барьцаат зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, тухайн гэрээг зээлдэгч Ц.А-тай хамтран байгуулснаар уг гэрээний хамтран зээлдэгч буюу зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Ц.Батпүрэв нь Ц.А-тай хамтран байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ц.Батпүрэвээс шаардах эрхтэй боловч Ц.Батпүрэв нь нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл, үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барснаар дуусгавар болох тул хариуцагч Ц.А-аас барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 6,287,495 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад дутуу үнэлэлт дүгнэлт хийж хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ц.Батпүрэв нь 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр хамтран зээлдэгч /хамтран үүрэг гүйцэтгэгч/-ээр 11.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд хамтран зээлдэгчээр Ц.А- нь зээл авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Ц.А-аас зээлийн төлбөрт 6.287.495 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд зээлийн гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...дүү Ц.Батпүрэв цалингийн зээл авахдаа гэрээнд гарын үсэг зуруулсан ...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Батпүрэвтэй барьцаат зээлийн гэрээ байгуулж, 11.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлдүүлсэн ба гэрээнд хамтран зээлдэгчээр Ц.А- гарын үсэг зуржээ. Зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирчээ.

Зээлдэгч Ц.Батпүрэв 2017 оны 3 дугаар сарын 26-нд нас барсан, нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах заалтыг үндэслэн зээлийн гэрээний үүргийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээрх гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах тогтмол орлогоор төлөх, банк Ц.Батпүрэвийн цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заажээ. Үүнээс үзвэл банк зөвхөн Ц.Батпүрэвийн цалин орлогыг үндэслэн түүний хүсэлтээр зээл олгосон нь хэргийн баримтаар тогтоогджээ /хэргийн 47 дугаар тал/.

Банк дээрх байдлаар гэрээний үүргийг буцаан төлөх нөхцлийг заасан атлаа Ц.А-ыг хамтран зээлдэгчээр оролцуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т нийцээгүй байна.

Түүнчлэн хамтран зээлдэгч болох хариуцагчтай холбоотой ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.

Цалин хөлс нь зөвхөн тухайн хүнд хамаарах бөгөөд цалингаа барьцаалж зээл авах нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, зээлдэгч Ц.Батпүрэв цалингаа барьцаалж, зээл авсан нь түүнд хамааралтай тул гэрээнд хамтран зээлдэгч гэж заасан боловч өөрийн цалин тогтмол орлогоо барьцаалаагүй хариуцагчид зээлийн үүргийг хариуцуулах боломжгүй юм.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог.

Энэхүү зохицуулалтаар зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч Ц.Батпүрэв нас барснаар дуусгавар болох тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд нэхэмжлэгчийн “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 115.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ