Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00478

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн шинэ хорооны 22-9 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ЙЭ87061111/, Их Монгол овогт Норовсүрэнгийн Төмөрбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 5-15-80 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: МХ89103006/, Бөртэ овогт Бямбацогтын Болортуяад холбогдох

7,550,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцэнгэл, хариуцагч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Н.Төмөрбаатар би Болортуяагийн хүсэлтээр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаагаар таньдаг хүн учир хүүгүй зээлүүлэхээр болсон. Ингээд өөрт нь нотариатын газар 20,000 төгрөгийн дэвсгэрт 200 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг нийт 5,000,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр өгсөн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөгийг минь өгөөгүй болно. Иймд иргэнд заасны дагуу үндсэн мөнгө болох 5,000,000 төгрөг дээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувиар алданги тооцуулан нийт 7,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Болортуяа би Н.Төмөрбаатараас 5,000,000 төгрөгийг авсан нь үнэн болно. Хүү төлөх боломжгүй. Үндсэн 5,000,000 төгрөгийг төлнө гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

                                                                          ҮНДЭСЛЭХ нь: 

              Нэхэмжлэгч Н.Төмөрбаатар нь хариуцагч Б.Болортуяа нь холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 7,550,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “.....Н.Төмөрбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.Болортуяад 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар, хүүгүй зээлдүүлж, хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,2% алданги төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан боловч хариуцагч Б.Болортуяа үндсэн төлбөр 5,000,000 төгрөгийг, алданги 2,550,000 төгрөг нийт 7,550,000 төгрөгийг төлөхгүй байна” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “.....би 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хүү 2,550,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлаж байна.

Зохигчдын хооронд 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зохигчид хэн аль нь 5,000,000 төгрөгийг зээлээр авсан, өгсөн тухайд маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч “.......2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 255 хоногийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,2%-ийн алданги тооцон 2,550,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж, хариуцагч “.....үндсэн зээл 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги болох 2,550,000 төгрөгийг төлөхгүй” гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нийт 5,000,000 төгрөгийг зээлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн, харин 2,550,000 төгрөгийн хүү төлөхгүй гэж байгаа боловч үүнийгээ нотолж чадахгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “....Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан. Иймд хариуцагч Б.Болортуяагаас 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Төмөрбаатарт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Б.Болортуяагаас 7,500,000 төгрөгийг гаргуулан Н.Төмөрбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Монгол Улсын ИХШХШТХуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн храамжинд төлсөн 135,750 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагч Б.Болортуяагаас 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Төмөрбаатарт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                Б.БЯМБАСҮРЭН