| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00053/э |
| Дугаар | 2020/ШЗТ/48 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЗТ/48
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Б.Ж-д холбогдох 1926004770035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Б.Ж
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн орчим “Hyundai Mighty" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт "... Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 3.4а дахь "...Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.", 3.4б дэх "...Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.", 3.7в дэх "...Зохих журмын дагуу тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно."-ыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж уг машинд зөрчиж явсан П.Г-н амь нас хохирсон." гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохиролд 10000000 төгрөг төлсөн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би нэг ач хүүтэй байсан. Тэр маань эхээс ганцаараа, аав нь нас бараад олон жил болж байна, ээж нь өнгөрсөн 06 дугаар сард нас барсан юм. Хүү маань ганцаараа үлдсэн. Хүү маань багаасаа надтай хамт өссөн. Тэгсэн сая авто осолд ороод нас барсан. Хүний хүүхдүүд ялгаа юу байхав, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хүүгийн маань оршуулгын зардалд тус дэм болсон. Би өндөр настай болохоор шүүх хуралдаанд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,
Гэрч П.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хөдөө гэртээ сумын төвөөс ирсэн. Тэгтэл манай гэрийн гадна Б.Ж зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад би хүн алчихлаа гэж орилоод их айж сандарсан байдалтай байсан. Тэгээд утсаар цагдаад мэдэгдсэн. Б.Ж бачимдаад байхаар нь би машины ар талд байсан жаахан шилтэй архийг гаргаж ирээд үүнээс балгачих арай тайвшрах байх гэж хэлсэн. Тэр архинаас 2 балгасан байх. Манайд ирэхдээ нүд нь эргэлдээд их айж сандарсан байдалтай байсан. Нөхөрлөлийн мод ачаад модоос гарах гэж явтал машины кабин гэнэт ургаш тонгойгоод Г машин доогуур дайруулж нас барчихлаа гээд бачимдаад байсан. Тэгээд утсаар сумын цагдаад ярьж дуудлага өгсөн. гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 43 хуудас/,
Гэрч С.И-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүүтэйгээ зах орчихоод гэртээ харих гэхэд намайг явж бай, би араас чинь очно гээд зам дээр буугаад үлдсэн. Тэр шөнөдөө гэртээ ирж хоноогүй. Тэгсэн чинь ийм зүйл болж аваарт орсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,
Гэрч Т.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Одоо би он сар өдрийг нь сайн санахгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын эхээр байсан санагдаж байна. Өвөрхангай аймгийн ******* сумын төв дээр явж байхад Р.И ахтай таарсан юм. Намайг хөдөө мал дээр очоод хэд хоног туслаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд “Өлт” гэх газар руу явсан. Тэнд очоод 2 хоног болсон байх Р.И ах хоёулаа хойшоо даваад мал харъя гээд явсан. Тэгж явж байхдаа нөхөрлөлийн мод бэлтгэсэн байсан газар очсон. Тэнд бэлдсэн байсан хамгийн сүүлийн модыг ачих гээд Б.Ж ирчихсэн байсан. Р.И ах хоёулаа модыг нь ачилцаад өгчихье гээд ачсан. Тэнд Б.Ж нэг согтуу залуутай хамт ирчихсэн байсан. Тухайн залуу архи уучихсан их согтуу байх шиг байсан. Урьд нь царай зүсийг нь харж байсан зүс танихаар залуу шиг харагдсан. Тэнд бүдүүн модноос Р.И ах бид хоёр модыг нь ачиж өгчихөөд үлдсэнийг нь та хоёр аччих гэж хэлээд “Ар өлт” рүү мал руугаа явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,
Гэрч Р.И-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сумын төвд Т.******* таараад хөдөө гэр рүүгээ идэш хоол хийх ажилд туслуулах гээд авч явсан юм. Тэгээд хөдөө гэртээ байж байгаад 11 дүгээр сарын 08-ны өдөр сумын байгаль орчны байцаагч ******* “1 гоожин өглөө, нөхөрлөлийнхөө сүүлийн модыг ачаарай” гэж хэлсэн. Уг модыг ачих гээд Б.Ж талийгаач залуутай хамт ирсэн байсан. Би Т.Т-тай хамт мотоцикльтой очиж модыг нь ачиж өгөөд цаашаа мал руугаа явах байсан. Тэгээд хэдэн бүдүүн модыг нь тавилцаж өгчихөөд үлдсэн нарийн моднуудаа өөрсдөө аччих гээд орой болохоос өмнө мал руугаа явах гээд яараад явсан. Б.Ж-тэй хамт явсан залуу нь архи уучихсан согтуу байгаа харагдсан. Модыг нь дуустал нь ачиж өгч чадаагүй явсан. Маргааш өдөр нь сумын хэсгийн төлөөлөгч Б дуудаж уулзаад надад болсон явдлын талаар хэлэхээр нь би осол болсон талаар мэдсэн. Б.Ж-тэй хамт явсан залуу би замдаа архи ууж ирсэн юм гээд жаахан үлдсэн “Нутгийн буян” архи байна, та хоёр уух уу гэхээр нь би аваад шилээр нь тонгойлгож хэд балгачихаад буцаагаад өгчихөөд явсан. Тэнд өөр архи уусан хүн байхгүй байсан. Б.Ж манай нөхөрлөлд албан ёсны бүртгэлтэй гишүүн биш, урт том машинтай болохоор нь би нөхөрлөлдөө туслуулдаг байсан. Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн дарга Ц.О гэж хүнтэй нөхөрлөл “Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээг” 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулж ажиллаж байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “Hyundai Mighty" маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн өмч байсан. Би 3 жилийн өмнө Б.А ахаас худалдаж авсан. Түүнээс хойш унаж хэрэглэж байгаад мотор нь эвдрээд сумын төв дээр айлын хашаанд тавьчихсан байсан. Тэгээд Б.Ж тухайн тээврийн хэрэгслийг надаас худалдаж авахаар ярихаар нь би зөвшөөрөөд 600000 төгрөгөөр зарсан. Тээврийн хэрэгсэл Б.А ахын нэр дээр бүртгэлтэй, нэрийг нь шилжүүлж авна гэж байгаад чадалгүй унаж хэрэглэж байсан. Хөдөөний хүмүүс болохоор тэр болгон төв орж чадахгүй, Б.А ахтай зав нийлж өгдөггүй байсан юм. Б.Ж бид хоёрын хооронд ямар нэг өр авлага байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/,
Гэрч Б.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “Hyundai Mighty" маркийн тээврийн хэрэгслийг би Б гэх хүнд одоогоос 3 жилийн өмнө 3000000 төгрөгөөр зарсан. Тухайн үедээ нэрээ шилжүүлээд аваарай гэсэн боловч Б.Б-н зав чөлөө болохгүй байна гэсээр байгаад өдийг хүрчихсэн. Тиймээс надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Б бид хоёрын дунд ямар нэг өр авлага байхгүй. Сүүлд манай сумын Б.Ж гэх хүнд зарчихсан гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/, Гэрч С.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би нөхөртэйгөө 2006 онд танилцаж гэр бүл болоод 14 жил хамт амьдарч байна. 3 хүүхэдтэй. Б.Ж нь багаасаа ******* суманд өссөн. Сумандаа ажил хөдөлмөр хийж амьдарч байгаа. Бага болосвролтой, цэргийн алба хааж байгаагүй. Зан төлвийн хувьд төлөв даруухан, айл гэрийн ноён нуруу, үр, хүүхдийнхээ үлгэр дуурайлал болсон, гэр бүлдээ халамж хайр сайтай, их ажилсаг хөдөлмөрч, элдэв янзын хорт зуршилгүй архи, тамхи хэрэглэдэггүй хүн байгаа юм. Б.Ж нь урьд ял шийтгэл эдэлж цагдаа, шүүхээр шийтгүүлж байгаагүй. Манайх өөрийн гэсэн хашаа байшин, газартай. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* сумын “Ар өлт” гэх газар мод татна гээд явсан юм. Тэгж явахдаа машин нь осолд ороод хамт явсан хүн нь нас барсан харамсалтай зүйл тохиолдсон. Б.Ж-гийн унаж явсан тээврийн хэрэгсэл Б.А гэж хүний нэр дээр байдаг боловч энэ машиныг Б.Б гэж хүнд зараад тухайн үед эвдэрсэн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд байхад нь манай нөхөр 600000 төгрөгөөр худалдаж авч байсан. Машины нэр шилжээгүй, байсан мөнгийг нь өгөөд авчихсан болохоор манай нөхрийн өмчлөлийн эд хөрөнгө байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/, Гэрч Э.Я-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Б.Ж-гийн төрсөн ах Б.С-тай 2009 онд анх танилцаж байсан. Тэр цагаас л Б.Ж-г мэддэг болсон. Б.Ж нь хүнд тусархуу, төлөв даруу, их ажилсаг хүн байгаа юм. Элдэв хорт зуршилгүй, зөв хүмүүжилтэй хүн шиг санагддаг. Б.Ж нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Өөрийн гэсэн хашаа, байшинтай. Тухайн тээврийн хэрэгслийг өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас худалдаж авсан. Б.Ж өөрөө засаж янзлаад ойрын хэрэгцээндээ унаж хэрэглээд, заримдаа нөхөрлөлд гарч мод татдаг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/, Шүүгдэгч Б.Ж-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй байна. Тухайн үед би осол гаргачихаад айж сандарсандаа Т гэх айлд тусламж гуйх гэж очсон. Тэгээд яваад очиход нохой нь дайраад оруулахгүй байж байтал Төмөрбаатар хүрээд ирсэн. Би болсон явдлын талаар хэлээд сумын цагдаа руу утсаар залгаж дуудлага өгсөн. Тухайн үед сумын цагдаа Б “чи буцаад осол болсон газраа очоод алсаас нь хараад байж бай, талийгаачийн цогцсыг нохой шувуу хөндөөд элдэв янз болгочих вий” гэж хэлэхээр нь ганцаараа явахаас айгаад Т-г хамт явъя гэж хэлсэн. Тэр үед их айж сандарсан байсан. Тэгсэн Төмөрбаатар нэгэнт ийм зүйл болчихсон юм чинь одоо тайвшир” гээд машиныхаа ар талаас хагас шилтэй архи гаргаж ирээд үүнээс нэг татчих тэгээд жаахан тайвшир гэж хэлэхээр нь тухайн архинаас шилээр нь 2-3 удаа тонгойлгоод уучихсан юм. Түүнээс биш би жолоо барьж явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, мөн талийгаачийн ар гэрийн хүмүүст өөрийн боломж бололцоогоороо мөнгөн тусламж өгсөн. Өөрийн биеэр ажил явдалд нь оролцож буян номыг нь хийсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84 хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 117 дугаартай цогцост шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн:
1.Талийгаач П.Г-н цогцост хийсэн Шүүх Эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины бяцарсан хугарал, няцрал, авто ослын хавсарсан гэмтэл, тархины эдийн няцрал, гавал яс, суурь яс, хүзүүний мултарсан хугарал, дээд, доод эрүүний бяцарсан хугарал, нүүрний хэлбэр алдалт, зүүн нүдний алимны бяцрал, баруун хөлийн шаант яс, тахилзуур ясны далд хугарал, зүүн чамархай, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, баруун зүүн гарын шуу, сарвуу, баруун зүүн, хөлийн гуя, шилбэ, зүүн хөлийн өвдөг, нуруу, зүүн ташаа, бүсэлхий нуруу, баруун өгзөг хэсэгт зулгаралт.
2.Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх ба гавал тархины хугарал, бяцрал, няцрал, хүзүүний мултарсан хугарал гэмтэл нь Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. 3.1.3. 3.1.6-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Биеийн бусад хэсэгт үүссэн шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл нь Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Талийгаач П.Г-н цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.
5.Нас барсан хугацаа 15-20 цаг болсон байх боломжтой.
6.Талийгаач П.Г нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /хх-ийн 72-74/, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Нямдашийн гаргасан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай техникийн шинжээчийн:
Хэргийн материалыг хянаж үзэхэд: Гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн үзпэгийн тэмдэглэл ослын схем зураг, фото зураг зэрэг хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас авч үзэхэд
1.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэгт заасан заалт-"3ам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэнэ"-ыг зөрчсөн учир уг хэрэг зам тээврийн осол мөн байна. /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 3.1.6/
2. Жолооч Б.Ж нь ”Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3 дэх заалт- "3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино"-ыг, ЗХД-ийн 3 дугаар бүлгийн 3.4а "Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах"-ыг, ЗХД-ийн 3 дугаар бүлгийн 3.4б заалт-“Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх"-ыг, ЗХД ийн 3 дугаар бүлгийн 3.7в заалт-"Зохих журмын дагуу тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно"-ыг тус тус зөрчсөн учир зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Мөн ЗХД-ийн 3.5д заалт-"Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх”- ыг зөрчсөн.
3 Жолооч Б.Ж нь ”Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1дүгээр бүлгийн 1.3 дэх заалт-"3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино"-ыг, ЗХД-ийн 3 дугаар бүлгийн 3.4а "Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”-ыг, ЗХД-ийн 3 дугаар бүлгийн 3.4б заалт- “Хамгаапах бүсээр тоноглосон автотомашин жолоодохдоо хамгаалэх бүс хэрэглэх хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх"-ыг, ЗХД ийн 3 дугаар бүлгийн 3.7в заалт-"Зохих журмын дагуу тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно"-ыг тус тус зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл, шалтгаан болсон байх үндэслэлтэй.“ гэсэн дүгнэлт /хх-ийн 57 хуудас/,
2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15 хуудас/,
2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 16-17 хуудас/,
2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн цогцос болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-26 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Hyundai Mighty" маркийн автомашин болон №00433460 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол /хх-ийн 27-30 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03/08 дугаартай, “Hyundai Mighty" маркийн автомашины зах зээлийн үнэ 800000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 62-70 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1926004770035 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 78-80 хуудас/,
Шүүгдэгч Б.Ж-гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-107 хуудас /, Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/135 дугаартай тодорхойлолт /хх-87 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н шүүхэд ирүүлсэн “Хохиролд 10000000 /арван сая/ төгрөг авсан, шүүх хуралдаанд суухгүй. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Б.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын Бөөрөлжүүт 7 дугаар багийн "Ар-Өлтийн бага нуудгай" гэх газар “Hyundai Mighty" маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 дугаар бүлгийн, 3.4 а, б, 3.7в гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг машинд зорчиж явсан П.Г-н амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 "... Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 3 дугаар бүлгийн 3.4а "...Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.", 3.4б "...Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.", 3.7в "...Зохих журмын дагуу тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас түүний жолоодож явсан “Hyundai Mighty” маркийн автомашинд зорчиж явсан П.Г гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н “...Би нэг ач хүүтэй байсан, сая авто осолд ороод нас барсан. Тэр маань эхээс ганцаараа. Аав нь нас бараад олон жил болж байна. Ээж нь өнгөрсөн 06 дугаар сард нас барсан. Хүү маань ганцаараа үлдсэн. Хүү маань багаасаа надтай хамт өссөн юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хүүгийн маань оршуулгын зардалд тус дэм болсон. Би өндөр настай болохоор шүүх хуралдаанд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,
Гэрч П.Т-н “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн “Ар өлт” гэх газар байх хөдөө гэртээ ирэхэд манай гэрийн гадна Б.Ж зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “модонд явж байтал машины кабин унаж хамт явсан Ганбат нас барчихлаа. Утсаараа цагдаа дуудаад өгөөч” гэсэн. Б.Ж бачимдаад байхаар нь би машины ар талд байсан жаахан шилтэй архийг гаргаж ирээд “үүнээс балгачих, арай тайвшрах байх” гэж хэлсэн. Ж тэр архинаас 2 балгасан байх. Над дээр ирэхдээ архи уугаагүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 43 хуудас/,
Гэрч С.И-н “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүүтэйгээ зах орчихоод гэртээ харих гэхэд намайг явж бай, би араас чинь очно гээд зам дээр буугаад үлдсэн. Тэр шөнөдөө гэртээ ирж хоноогүй. Тэгсэн чинь ийм зүйл болж аваарт орсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,
Шүүгдэгч Б.Ж-гийн яллагдагчаар өгсөн “...Би осол гаргачихаад айж сандарсандаа Төмөрбаатар гэх айлд тусламж гуйх гэж очсон. Тэр үед их айж сандарсан байсан учраас Төмөрбаатар нэгэнт ийм зүйл болчихсон юм чинь одоо тайвшир гээд машиныхаа ар талаас хагас шилтэй архи гаргаж ирээд үүнээс нэг татчих тэгээд жаахан тайвшир гэж хэлэхээр нь тухайн архинаас нь шилээр нь 2-3 удаа тонгойлгоод уучихсан юм. Тэрнээс биш би жолоо барьж явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, мөн талийгаачийн ар гэрийн хүмүүст өөрийн боломж бололцоогоороо мөнгөн тусламж өгсөн. Өөрийн биеэр ажил явдалд нь оролцож буян номыг нь хийсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Нямдашийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-57 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 117 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний “гавал тархины бяцарсан хугарал, няцрал, авто ослын хавсарсан гэмтэл, тархины эдийн няцрал, гавал яс, суурь яс, хүзүүний мултарсан хугарал, дээд, доод эрүүний бяцарсан хугарал, нүүрний хэлбэр алдалт, зүүн нүдний алимны бяцрал, баруун хөлийн шаант яс, тахилзуур ясны далд хугарал, зүүн чамархай, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, баруун зүүн гарын шуу, сарвуу, баруун зүүн, хөлийн гуя, шилбэ, зүүн хөлийн өвдөг, нуруу зүүн ташаа, бүсэлхий нуруу, баруун өгзөг хэсэгт зулгаралт гэмтэл. ...Дээрх гэмтэл нь авто ослийн үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Талийгаач П.Ганбат нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /хх- 72-74 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-15 хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-16-17 хуудас/,
Мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Цогцос болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-26 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Hyundai Mighty" маркийн автомашин болон №00433460 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 27-30 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1926004770035 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 78-80 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Б.Ж-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, тээврийн хэрэгсэл жолоодох BCD ангиллын жолоочийн үнэмлэхтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-88/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н шүүхэд ирүүлсэн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 10000000 /арван сая/ төгрөг авсан” гэсэн хүсэлт, цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн №341904 гэсэн жолоочийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-90/ зэргээр,
Гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан болох нь гэрч П.Т-н “...Б.Ж бачимдаад байхаар нь би машины ар талд байсан жаахан шилтэй архийг гаргаж ирээд үүнээс балгачих арай тайвшрах байх гэж хэлсэн. Тэр архинаас 2 балгасан байх. Манайд ирэхдээ нүд нь эргэлдээд их айж сандарсан байдалтай байсан. Манайд ирэхдээ архи уугаагүй эрүүл ирсэн”, гэрч Т.Т-н “...Тэнд ямар нэгэн архи уусан зүйл болоогүй. Б.Ж эрүүл байсан”, Б.Ж-гийн яллагдагчаар өгсөн “...Төмөрбаатар нэгэнт ийм зүйл болчихсон юм чинь одоо тайвшир гээд машиныхаа ар талаас хагас шилтэй архи гаргаж ирээд үүнээс нэг татчих тэгээд жаахан тайвшир гэж хэлэхээр нь тухайн архинаас шилээр нь 2-3 удаа тонгойлгоод уучихсан юм. Түүнээс биш би жолоо барьж явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч Б.Ж нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, улмаар тодорхой үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл бүрдсэн байх тул түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* улсын дугаартай ”Hyundai Mighty” маркийн автомашин нь шүүгдэгч Б.Ж-гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Б, Б.А, С.Н нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ”Hyundai Mighty” маркийн автомашин, тус машины №00433460 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шүүгдэгч Б.Жд буцаан олгож,
Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д хохирол төлбөрт 10000000 /арван сая/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Б.Ж-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ж-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.Ж-д хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болхыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д хохирол төлбөрт 10000000 /арван сая/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ”Hyundai Mighty” маркийн автомашин, тус машины №00433460 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Ж-д буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.