| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01527/И |
| Дугаар | 00476 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 00476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, хэрлэн сум, 9-р баг, 7-38 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ЖЛ84110609/, Бодонгууд овогт Цэвээнжавын Ганцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд багийн 56-05 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ОМ80051313/, Шаавай овогт Нүүдэлийн Уламбаярт холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэвэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ганцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагч Н.Уламбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:Миний бие Ц.Ганцэцэг нь нөхөр Н.Уламбаяртай 2004 онд танилцаж, 2006 оны 06 дугаар сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан юм. 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр том охин У:Цэнгэл төрсөн, одоо 11 настай, 6 дугаар ангид сурдаг. Бага охин У.Урангоо нь 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, одоо 7 настай, 2 дугаар ангид суралцдаг болно. Нөхөртэйгээ анх танилцахад бусдын адил сайхан л амьдарч байсан, том охиныг гарснаас хойш зан авир нь өөрчлөгдөж элдвээр хэлж доромжилно, гэрээс хөөж тууна, гар хүрч зодно, зодохдоо битүү цохиж нүддэг болсон, энд тэндгүй хөх няц болгож гэрээс гарах боломжгүй болгодог байсан, би айж ичиж зоддог байсан болохоор ах, эгчээс нуудаг байсан, нөхрөөсөө маш их айдаг, тиймээс би өнөөдрийг хүртэл цагдаа шүүхийн газраар явж байгаагүй, ээж нь гэдэг хүн намайг хүүтэйгээ нийлж гэрээс хөөдөг, дорнодын хүүхэнтэй суулаа гэж хүүгээ их зэмлэдэг, нутаг руу нь хамт явахад дорнодын хүүхэнтэй нутаг явлаа гэж хүртэл аашилж загнадаг байсан, би хадам ээжид ямар ч муу зүйл хийгээгүй байхад надад маш дургүй байдаг байсан юм. Манай нөхөр намайг зодож байгаад миний уруулыг минь бөгжөөрөө сэт цохиж сорвитой болгосон, энгэр лүү машины түлхүүрээ зоогоод ярж байсан удаатай, бага охиныг гэдсэнд байхад гэрийн гадаа хонь тоолж байгаад буруу тооллоо гээд намайг зодоод баруун чихнээс хазаад цусыг минь гоожуулж байсан ба толгой түрүүгүй зөндөө зоддог байсан тоог нь мартахаар цохиж нүддэг байсан. Энэ болгоныг хүүхдүүд маань харж өнөөдрийг хүргэсэн, охидууд маань ааваасаа айдаг, би маш их айгаад аргаа бараад бага охиноо аваад Дорнод руу зугтааж одоо тусдаа амьдраад 2 жил гаран болж байна. Бага охиныг маань 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр худлаа хэлж буцааж авчирна гээд авч явчихаад өнөөдрийг хүртэл хүүхдүүдийг минь надтай утсаар яриулдаггүй утсаар ярихыг охидуудад минь хориглосон, ааваасаа тэд их айдаг болсон байна. Тэгээд би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт очоод 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бага охиноо аваад Дорнод руугаа буцсан болно. Энэ хугацаанд би цагдаагийн газрын хяналтанд, гэр бүлийн хүчирхийлэлийн төвд давхар хяналтанд орж бүртгүүлээд хүчирхийлэлийн төвд 4 хоноод буцсан юм. Учир нь манай нөхөр байнга утсаар дарамталж элдвээр хэлж, айлгаж байсан болохоор эдгээр байгууллагад хандахаас өөр аргагүй болсон болно. Бид нар ийм нөхцөлд хүчирхийлэл дунд амьдарсаар ирсэн юм. Эвлэрэх ямар ч боломжгүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эвлэрүүлэн зуучлагчаас дуусгавар болгосон тухай тэмдэглэл авсан учраас одоо шүүхэд хандаж байгаа болно. Иймд нөхөр Н.Уламбаяраас гэрлэлтээ цуцлуулах, охидуудаа өөрийн асрамжинд үлдээх, тэтгэлэг гаргуулах, гэр бүл болсноос хойш үүссэн хөрөнгө болох Шанд багийн 56-05 тоот хашаа байшин, газраас оногдох хэсгийг хүүхдүүд болон өөрт гаргуулах тухай хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Н.Уламбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Уламбаяр нь эхнэр Ц.Ганцэцэгтэй 2004 онд Дархан хотод танилцаж, 2006 оны 06 дугаар сард ээж, ах, дүү нар ээжийн минь 6 ханатай гэрийг барьж гал голомтоо өвлүүлж 2 талын ах, дүү цуглаж хурим найр хийсэн. Энэ үед ээж минь манайд байдаг байсан. 2005.03.21-нд том охиныг минь гарахад эхнэр Ганцэцэг Дарханд сурч байсан. Энэ үед 5 сартайгаас нь ээж минь охиныг минь асарч өсгөсөн. Ганцэцэг сургуультөгсөж ирээд ингээд 4-үүлээ байхад нь ээж, хань 2 хэрэлддэг байсан. Одоо миний ээжийн хэлсэн үгийг дурсад яахав, хөөрхий ээж минь Ганцэцэгийг ирэхийг зөндөө хүлээсэн. Одоо бурханы орноос бид 4-г амьдруулах гэж харж байгаа байх. 2014 оны 08 дугаар сард Ганцэцэгийн найз болох Оюунтүлхүүрийн хашаа блокоор барьж байхад нь найз Сайнхүү манайд очоод эхнэр 2 охинтойг нь авч над дээр ирж намайг аваад тэгээд бид пиво уугаад сууж байхад Ганцэцэг намайг миний найз ингэж сайхан амьдарч байна гээд намайг өдөөд байсан. Тэгээд бид 2 жаахан маргалдсан нь үнэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа Ганцэцэгийн авга ах өнгөрлөө гэж дуудлага ирэхэд би цохиж хөөгөөгүй, гар хүрээгүй, гараад ажилдаа явсан. Намайг явсны дараа Ганцэцэг өөрөө гараад явсан байсан, утсаар ярихад Хөтөл өнгөрөөд явж байна гэсэн. Энэ 2 жилийн хугацаанд 2 охиныхоо төлөө би удаа дараа Дорнод явж байсан, банкны мөнгөө төлөөд 2 охиндоо хувцас, хичээлийн хэрэгслийг нь тасалгүй авч өгдөг байсан. Би охидууддаа гар хүрч зодож байгаагүй. Миний том охин Цэнгэл 6 жил ангийн дарга, удаа дараа сургуулийн захиргаанаас шагнал урамшлуулал олныг авч байсан. Бага охин маань бас эгчийгээ дууриасан сурлагатай. 2 охиныгоо гэр оронд нь эцэг, эх болж нэг санаа нэг зорилгоор хүмүүжүүлж өсгөмөөр байна. би ханийгаа зоддог байсан үнэн. Одоо 36 нас хүрлээ, 2 жил гадаа эр болж гэрт эм болж амьдралын хатуу бэрхийг тууллаа. Одоо надад Ганцэцэг ханийгаа гэр оронд нь ирүүлж 2 хүүхдийг минь элэг бүтэн амьдрахыг бодож байна. амьдарч байсан 10 жилийн хугацаанд гомдоож явсан өдрүүдийг минь уучлаарай, хань нь одоо үлдсэн амьдралдаа алдаа гарахгүй ханийхаа, 2 охиныхоо төлөө амьдран ажилдаа зүтгэх болно. Иймд Уламбаяр миний бие эхнэр Ганцэцэгээс салахгүй, гэрлэлт цуцлахгүй буцааж нийлж амьдармаар байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ганцэцэг нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хамран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Ц.Ганцэцэг, Н.Уламбаяр нар нь 2004 онд танилцаж, 2006 оны 06 сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байх бөгөөд 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин У.Цэнгэл, 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин У.Урангоо төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсөний гэрчилгээ, зохигчдын тайлбараар батлагдаж байна.
Гэрлэгчид анх танилцсан цагаас бусдын адил сайхан амьдарч байсан боловч том охин У.Цэнгэлийг төрсөнөөс хойш хариуцагч Н.Уламбаярын зан авир нь өөрчлөгдөж эхнэрээ элдвээр хэлж доромжлох, гэрээсээ хөөж туух, гар хүрч зодох, битүү цохиж нүдэж энд тэндгүй хөх няц болгож, гэрээс гарах боломжгүй болгодог байжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас айж, энэ талаар ах дүүсээсээ нуудаг, цагдаа болон холбогдох байгууллагад хандаж байгаагүй, мөн хадам ээжтэйгээ таарамж муутай байсан байна.
Хариуцагч Н.Уламбаяр нь нэхэмжлэгч Ц.Ганцэцэгийг зодож уруулыг нь бөгжөөрөө сэт цохиж сорвитой болгосон, энгэр лүү нь машины түлхүүр зоогоод ярж байсан, бага охиноо гэдсэнд байхад нь нэхэмжлэгчийг зодож,чихнээс хазаж цус гоожуулж байсан, мөн толгой түрүүгүй олон удаа зоддог, хүүхдүүд үүнийг харж мэдэрч ирсэн, охидууд ааваасаа айдаг зэрэг нь хариуцагч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болохыг баталж байна. Энэ бүхний улмаас нэхэмжлэгч маш их айж, аргагүйн эрхэнд бага охиноо авч Дорнод аймаг руу аймаг руу явж, гэрлэгчид тусдаа амьдраад 2 жил гаруй хугацаа өнгөрчээ.
Хариуцагч бага охин У.Урангоог 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр буцааж авчирна гэж авч яваад өнөөдрийг хүртэл хүүхдүүдийг ээжтэй нь утсаар яриулдаггүй утсаар ярихы хориглосон, охидууд ааваасаа их айдаг болсон байна.
Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт ирж 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин У.Урангоог авч Дорнод аймаг руу буцсан байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч цагдаагийн газрын хяналтанд, гэр бүлийн хүчирхийлэлийн төвд давхар хяналтанд орж бүртгүүлэн, хүчирхийлэлийн төвд 4 хоносон, учир нь хариуцагч түүнийг утсаар байнга дарамталж элдвээр хэлж, айлгадаг байсны улмаас тэрээр эдгээр байгууллагад хандахаас өөр аргагүй болсон байна.
Нэхэмжлэгч болон хүүхдүүд дээрх нөхцөл байдал, хүчирхийлэл дунд амьдарч ирсэн болох нь батлагдаж байна. Гэрлэгчид эвлэрэх, цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй болсон байх бөгөөд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч, эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
Иймд гэрлэлтийг цуцлах, зохигчдын харилцан тохиролцсоны дагуу том охин У.Цэнгэлийг эцгийнх нь асрамжинд, бага охин У.Урангоог эх Ц.Ганцэцэгийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулах, гэр бүл болсноос хойш үүссэн хөрөнгө болох машин, Шанд багийн 56-05 тоот хашаа байшин, газраас оногдох хэсгийг гаргуулан охин У.Урангоо эх Ц.Ганцэцэг нарт олгох үндэстэй байна.
Шинжээчийн дүгнэлтээр Орхон аймаг, Баян-Өндөр сум,Шанд баг 56-05 тоотод байршилтай хашаа,байшин,газрыг 14.803.544 төгрөгөөр, верна аксент маркийн 41-69 ОРО улсын дугаартай автомашиныг 3.674.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд нийт хөрөнгө 18.477.544 төгрөг болсныг гэр бүлийн 4-н гишүүнд хуваахад нэг хүнд 4.619.386 төгрөг, 2 хүнд 9.238.772 төгрөг оногдож байна. Гэрлэгчид нь хамтран амьдрах хугацаанд 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ХААН банкнаас 7.300.000 төгрөгний зээлийг 3 жилийн хугацаатай авсан байх бөгөөд ХААН банкнаас гаргаж өгсөн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолтоор 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 3.506.953 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байгаа болох нь тогтоогдсон байна. Үүнийг гэр бүлийн насанд хүрсэн 2 гишүүнд хувааж 1.753.476 төгрөгийг эх Ц.Ганцэцэг, охин У.Урангоо нарт ногдох 9.238.772 төгрөгөөс хасаж оногдох хэсэг 7.485.296 төгрөгийг хариуцагч Н.Уламбаяраас гаргуулах үндэстэй байна. Харин нэхэмжлэгч Ц.Ганцэцэг нь Хас банкны Дорнод салбараас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр авсан 2 сая төгрөгний зээлийг нэхэмжлэгч нь тусдаа амьдрах хугацаанд авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан байх тул зээлийн үлдэгдэл 1.666.666 төгрөгийг хариуцагч хамтран хариуцах, үүнийг хариуцагчид оногдох хэсгээс хасах үндэсгүй байна.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115,2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан Ц.Ганцэцэг, Н.Уламбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасаныг баримтлан 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин У.Цэнгэлийг эцэг Н.Уламбаярынх нь асрамжинд, 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин У.Урангоог эх Ц.Ганцэцэгийнх нь асрамжинд тус тус үлдээсүгэй.
3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан У.Урангоод бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас,амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/хүртэл нь тэтглэг тогтоон эцэг Н.Уламбаяраар нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1,126.2.4,129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан Орхон аймаг,Баян-Өндөр сум,Шанд баг 56-05 тоотод байршилтай хашаа,байшин,газар,верна аксент маркийн 41-69 ОРО улсын дугаартай автомашин зэргийг хариуцагч Н.Уламбаяр, охин У.Цэнгэл нарын өмчлөлд үлдээж, Н.Уламбаяраас 7.485.296 төгрөг гаргуулан Н.Ганцэцэг, охин У.Урангоо нарт олгосугай.
5.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203,519 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Уламбаяраас 134,715 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ганцэцэгт олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН