| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00071/э |
| Дугаар | 2020/ШЗТ/61 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЗТ/61
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Улсын яллагч А.Амарсанаа,
Хохирогч И.Б,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Б.М-д холбогдох 2026000440057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Б.М
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч И.Б-г зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн орчимд би ажил дээр сууж байхад миний утас дуугарсан. Б эгчийн 15 настай охин Б.Б над руу залгаад ахаа та хурдан хүрээд ир гэсэн. Ах нь завгүй байна яах гэж байгаа юм гэсэн чинь уйлаад байхаар нь би очъё яасан юм бэ? гэхэд И.Б гэдэг хүнтэй би “facebook” чатлаад танилцсан юм. Би зургаа явуулсан юм. Намайг одоо гарч ирж уулзаад бэлгийн харьцаанд орохгүй бол олон нийтийн сүлжээнд зургийг чинь биеэ үнэлэгч гэж тавина гэж сүрдүүлээд байна. Ээжид хэлэхээс айгаад байна гэж хэлсэн. Би гуравдугаар багт гэрийн гадаа нь очсон чинь гэрийн баруун талд нь И.Б нь цагаан машинтай хашаа руу нь чиглээд, ажигласан байдалтай зогсож байсан. Би шууд явж очоод ээжтэйгээ байдаг болохоор нь гаж донтой юм айлгаад байгаа юм байх гээд төрсөн ах нь байна. Би цагдаад ажиллаж байсан. Яагаад жаахан хүүхэд дээрэлхээд байгаа юм гэсэн үүднээс айлгах санаатай очсон. Би очоод цохиж зодсон нь үнэн. Тэгээд нөгөө дүүгээ ахын дүү гараад ир гээд дуудсан. Юу болсон юм гээд асуусан чинь айгаад хэлэхгүй байх шиг байхаар нь И.Б-с хол байлгаж байгаад асуусан чинь би энэ хүнтэй 12 дугаар сард өмнө нь 2 удаа уулзсан юм. Эхний удаа зүгээр гадаа уулзъя гэхээр нь гараад очсон чинь хүчээр авч яваад бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. Дараа нь 12 дугаар сарын дундуур дахиж нэг удаа уулзаад аргагүй байдалд ороод бэлгийн харьцаанд орсон. 3 дахь удаагаа уулзъя гэхээр нь чадахгүй гэсэн чинь ийм байдалд хүрчихлээ. Миний биеийн байдал сонин байгаа жирэмсэн болсон байж магадгүй. Ээжид хэлж чадахгүй байгаа гэсэн зүйл ярьсан. Тэгээд би тэр даруйд нь цагдаад дуудлага өгнө, бага насны хүүхэд хүчирхийлсэн байна гэж хэлсэн чинь И.Б би гэр бүлтэй хүн гээд гуйсан. Би бичиг баримтыг нь аваад маргааш дүүгээ эмнэлэгт үзүүлж байгаад шийднэ гээд явуулсан. Маргааш нь Б эгч охиноо эмнэлэгт үзүүлэхэд жирэмсэн болсон байдалтай байж байсан. Энэ хүнийг цагдаад өгөөд шалгуулж байгаа. Хэрэг нь хэрэг бүртгэлтийн үе дээрээ явж байгаа. Нилээн хүнд хэрэг юм шиг байсан. Зөрүүлээд энэ хүн намайг зодсон гээд цагдаад өгсөн байсан. Ийм зүйл болсон. Хохирлын баримт байхгүй учраас нэхэмжилсэн 500000 төгрөгийг төлөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч И.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Анх 2020 оны 01 дүгээр сарын 29-ний орой намайг гэрт байхад над руу залгасан. Би гарч ирээд утсаар залгасан чинь facebook-т ороод ир гэсэн мэссэж ирсэн. Юу хийж байна гээд чат ирсэн байсан. Би гэрээсээ гараад явж байна уулзах юм уу? гэсэн чинь тэгье гэсэн. Тэгээд би гэрийн гадаа нь очсон. Гэрийн гадаа нь очсон чинь би хоолоо бэлдэж байна гээд гарч ирэхгүй байсан. Би гэрийн чинь гадаа хүлээж байна, гараад ир гэсэн. Би тэр хүүхдийг хүчирхийлсэн юм байхгүй. Тэр хүүхэд өөрөө өмнө нь биеэ үнэлж байсан юм байна лээ. Энэ хэрэг одоо шалгагдаж байгаа. Тэр орой гарч ирэхгүй байхаар нь би явлаа гэж хэлсэн. Тэгээд явах гэж байсан чинь нэг цагаан машин ирээд нэг хүн бууж ирээд машины хаалга онгойлгоод шууд хамар руу цохьсон. Юун хүн бэ? хэн бэ? гэсэн чинь чи жаахан хүүхдэд хүч хэрэглэсэн байна гээд дахиад цохьсон. Миний хамраас цус гараад цус нөж болсон. Машины алчуур аваад цусаа дараа толинд харсан чинь хөмсөг язарсан, шанаа хэсэгт дарахаар дуугараад хөх болсон байсан. Тэгээд би яагаад байгаа юм эвээр учраа олцгооё гэсэн чинь би Б.Б-н төрсөн ах нь байна. Цагдаад ажиллаж байсан. Одоо хоёулаа цагдаа дээр очъя гэсэн. Эвээр шийдье гэсэн чинь миний түрийвчнээс жолооны үнэмлэх авсан. Би машинаа яаж барих юм бэ? маргааш ажилтай үнэмлэхээ авъя гэсэн чинь өгөхгүй байсан. Чи Б-д бэлгийн дарамт учруулсан мэссэж бичсэн байна гээд тэр охиныг дуудаж гаргаж ирсэн. Тэр охиныг гарч ирэхэд зодоон дууссан байсан. Надаас эхнэр хүүхэдтэй юу гэж асуусан. Би эхнэр, хүүхэдтэй гэж хэлсэн чинь намайг эхнэр хүүхэдтэй байж гээд элэгдсэн. Би таныг хэн гэдэг юм гэсэн чинь намайг Б.М гэдэг би цагдаад ажиллаж байсан хүн гээд утсаа гаргаж ирээд залгаад байсан. Намайг цохиж байхад нь ойртож ирэхэд архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Сүүлд нь нүд сайн харахгүй байхад гартаа түлхүүр барьчихаад чамайг алчихаад хуулийн байгууллагад очиход алзахгүй гээд байсан. Маргааш нь би ажилтай байсан болохоор нөгөөдөр нь цагдаад мэдэгдсэн. Хохиролд 500000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирлын баримт хэрэгт өгдөг гэдгийг мэдээгүй. Баримт надад байгаа. Гомдолтой байна. Миний иргэний үнэмлэхийг авсан.” гэв.
Хохирогч И.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн орчимд Б.Б гэх хүнтэй уулзах гэж очоод машин дотроо сууж байтал нэг цагаан өнгийн “Пробокс” маркийн автомашин ирээд жолооч нь бууж ирээд миний машины хаалгыг онгойлгож ямар нэгэн үг солих зүйлгүй миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиод, дахин зүүн талын нүд хэсэгт 2 удаа цохьсон. Тэгээд “чи эхнэр хүүхэдтэй юм уу” гээд дахин элэг гараараа цохьсон. Тэгээд Б.Б гэх хүүхдийг утсаар дуудаж гаргаж ирээд надад хандаж чи энэ хүүхдийг утсаар дарамталж гаргаж уулзах гэлээ гээд байсан. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм” би наад хүнтэй чинь уулзах гэж чаталж байсан гэсэн чинь хоёулаа цагдаа дээр уулзаж учраа олно гээд байсан. Өөрийгөө Ц гэх бөгөөд цагдаад ажиллаж байсан. Одоо би цагдаадаа ажиллахгүй байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хууль яаж өөрчлөгдсөнийг мэдэж байна уу гээд байсан. Чамайг цагдаа дээр зодчихоод дагуулаад очвол хэн ч юу ч ярихгүй гээд байсан. Тэгээд халааснаасаа 10-12-ийн түлхүүр гаргаж ирээд чамайг ална гээд байсан. Миний бичиг баримтыг авсан. Би иргэний үнэмлэхээ өгөөд, жолооны үнэмлэхээ авчихсан юм. Түүнээс хойш би ажилтай байж байгаад өргөдөл өгч чадахгүй байсаар байгаад өнөөдөр өргөдлөө өгч байна. Б.М гэх хүнийг танихгүй. Б.Б-г танина. Өмнө нь бид нар Нийгмийн ардчилал монголын оюутны холбооны тэргүүлэгчээр хамт сонгогдож ажиллаж байсан. Төрөл садангийн холбоо байхгүй. Би Б.М-д гар хүрээгүй. Б.М намайг хамрын хэсэгт 1 удаа, зүүн талын нүд хэсэгт 2 удаа, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохьсон. Миний хамраас цус гараад байсан. Сүүлд нь миний элэг рүү цохиод байсан. Б.Б-тай оюутны холбооны л ажлаар хамт ажиллаж танилцсан. Урьд нь 2 удаа л уулзсан. Тухайн өдөр миний утас руу залгасан байхаар нь би буцаагаад залгасан чинь дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би салгаад гэрээс гарч байгаад залгааад уулзъя гэсэн юм. Тэгээд л би .уулзах гээд гэрийнх нь гадаа очоод хүлээж байсан. Миний биед учирсан гэмтлүүд эдгэрсэн. Гомдолтой байна. Би өөрөөсөө эмчилгээний зардалд нийт 500000 төгрөг гаргасан. Үүнийг нэхэмжилж байна. Миний иргэний үнэмлэхийг аваад явсан байгаа түүнийгээ гаргуулж авна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр И.Б гэх хүн над руу чат бичээд би танай гадаа чинь байна гарч ирэхгүй бол олон нийтийн сүлжээнд зургийг чинь биеэ үнэлэгч гэж тавина шүү гээд байсан. Тэгэхээр нь би завгүй байна гэж байгаад ээжид хэлэхээс айгаад Б.М ах руу залгаад хэлсэн. Тэгсэн чинь за агаа нь очоод зүгээр айлгаад явуулна гэж хэлсэн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Б.М ах залгаад би нөгөө хүнтэй чинь уулзаж байна, одоо айх юм байхгүй гараад ир гэсэн. Тэгэхээр нь би гараад очтол И.Б гэх залуу зүүн талын хөмсөг хэсэгтээ алчуур барьчихсан би дахиж дуудахгүй гээд зогсож байсан. Тэгээд Б.М ах И.Б ахыг дахиж тэгээд байх юм уу, үгүй юу, энэ хүүхдэд муу зүйл тохиолдсон бол яах юм. Шинжилгээ хийлгэнэ чи халдварт өвчинтэй юм биш биз дээ гээд байсан. Тэгээд маргааш шинжилгээ хийлгэж байгаад бичиг баримтыг чинь өгнө гээд И.Б ахын бичиг баримтыг нь аваад үлдсэн. И.Б ах явсан. Намайг байхад бол хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Харин намайг гарч ирэхэд И.Б ах зүүн талын хөмсөг дээрээ даавуу тавьчихсан зогсож байсан. Намайг гарч ирэхээс өмнө л зодоон цохион болсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Шүүгдэгч Б.М-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17 цаг 50 минутанд урьд нь манай байгууллагад цагийн ажил хийж байсан Б.Б гэх хүүхэд чат бичээд та хүрээд ирээч гэхээр нь яасан юм гэсэн чинь “нэг ахтай танилцаад намайг уулзъя гэсэн юм. Тэгээд нэг удаа уулзаад байж байсан чинь дахиад уулзъя гэсэн. Тэгсэн одоо уулз, аль эсвэл фэйсбүүк дээр зургийг чинь биеэ үнэлэгч гэж тавина гээд байх юм яах вэ ахаа надад туслаач” гэсэн. Тэгэхээр нь би “за би одоо очлоо гэсэн чинь яг ч хашааны гадаа биш баруун талын уулын тэнд цагаан машин байгаа миний зургийг тавьчихвал яах юм бэ ахаа хурдлаарай” гэсэн. Тэгээд би ажил дээрээсээ шууд гараад 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Гандангийн хорооны хамгийн арын гудамжны эзэнгүй хашааны үүдэнд нэг цагаан машин байхаар нь би тухайн машины урд талд машинаа хөндлөн тавиад зугтаж магадгүй гээд машинаасаа буусан чинь нэг танихгүй залуу машин дотроо сууж байсан. Тэгэхээр нь би машины хаалгыг нь онгойлгоод чи яах гээд байгаа юм гээд хувцаснаас нь заамдаж татсан чинь юу яриад байгаа юм бэ, хэн бэ чи гээд миний гарыг тавиулаад машинаа асаагаад зугтах гэхээр нь би баруун гараараа тухай хүний зүүн талын нүд хэсэгт нь гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон. Тэгээд тухайн залууг заамдаж татаад машинаас нь гаргаж ирээд чи манай дүүг сүрдүүлж байгаад уулзах гээд байгаа юм байна гэсэн чинь үгүй надад тийм юм байхгүй гэхээр нь би тухайн залууд хандаж тэгвэл одоо цагдаа дуудъя гэсэн чинь цагдаагаар яах юм бэ учраа олно гэсэн. Тэгэхээр нь би чи гэр бүлтэй юм уу гэсэн чинь би эхнэр хүүхэдтэй, аймгийн телевизэд ажилладаг гэсэн. Би юу болсон талаар асуусан чинь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай дүүтэй уулзсан талаар ярьсан. Тэгэхээр нь би Б.Б гэх дүүгээ дуудаад одоо айх юм байхгүй ярь гэсэн чинь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уулзсан. Тэгээд И.Б ахтай бэлгийн харьцаанд орсон. И.Б ах бэлгэвчгүй байсан ба бэлгэвчгүй юм чинь миний бэлэг эрхтэнг хөх, эсвэл би дотор нь тавина гэсэн гээд байсан. Тэгсэн нөгөө залуу нь би танай дүүтэй бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Гэхдээ миний бэлэг эрхтэнг хөх гэж хэлээгүй гэж бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрсөн. Тэгээд би тухайн залуугийн бичиг баримтыг нь авч үлдээд чи надаас зугтаж магадгүй би маргааш дүүгээ эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд салаад явсан. Би Б.Б-г 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тест ашиглаж үзэхэд 2 зураас буюу жирэмсэн гэж гарсан. Тэгээд би дүүгээсээ сайн асуусан чинь 2019 оны 12 дугаар сарын эхээр нэг удаа, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1 удаа, нийт 2 удаа л бэлгийн харьцаанд орсон. Би И.Б ахаас өөр хүнтэй уулзаж бэлгийн харьцаанд орж байгаагүй, би жирэмсэн болсон бол И.Б ахаас л жирэмсэн болсон байгаа гэж надад хэлсэн. И.Б гэх хүнийг танихгүй. Б.Б нь манай үйлдвэрт цагийн ажил хийж байсан. Надаас чатаар ажил байна уу гэж асуудаг болохоор нь таньдаг юм. Төрөл садангийн холбоо байхгүй. Би И.Б-г нэг удаа гараараа зүүн талын нүд хэсэгт нь 1 удаа, цээжин хэсэгт нь нэг удаа гараараа цохьсон. Өөрөөр цохиж зодоогүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би зугтаах гэхээр нь зогсоох гэж л тухайн хүнийг цохьсон юм. И.Бын биед бэртэл гэмтэл учруулсан нь миний буруу.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №85 дугаартай шинжээчийн:
1.Үзүүлэгч И.Б-н биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зулгаралт, дух чамархайн зүүн шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний, дээд доод зовхи, хамрын нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2026000440057 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 46 хуудас/,
Шүүгдэгч Б.М-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-27/, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай тодорхойлолт /хх-26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Б.Мөнх-Адъяад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч И.Быг зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зулгаралт, дух чамархайн зүүн шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний, дээд доод зовхи, хамрын нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт авагдсан:
Хохирогч И.Б-н “...Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн орчимд Б.Б гэх хүнтэй уулзах гэж очоод машин дотроо сууж байтал нэг цагаан өнгийн “Пробокс” машин ирээд жолооч нь бууж ирээд миний машины хаалгыг онгойлгож ямар нэгэн үг солих зүйлгүй миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиод, дахин зүүн талын нүдний хэсэгт 2 удаа цохьсон. Тэгээд чи эхнэр хүүхэдтэй юм уу гээд дахин элэг хэсэг рүү гараараа цохьсон. Б.М миний хамар хэсэгт 1 удаа, зүүн талын нүдний хэсэгт 2 удаа, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохьсон. Миний хамраас цус гараад байсан. Сүүлд нь миний элэг рүү цохиод байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 /,
Насанд хүрээгүй гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...18 цаг өнгөрч байхад Б.М ах залгаад би нөгөө хүнтэй чинь уулзаж байна одоо айх юм байхгүй гараад ир гэсэн. Тэгэхээр нь би гараад очтол И.Б гэх залуу зүүн талын хөмсөг дээрээ алчуур барьчихсан би дахиж дуудахгүй гээд зогсож байсан. Намайг гарч ирэхэд И.Б ах зүүн талын хөмсөг дээрээ даавуу тавьчихсан зогсож байсан. Намайг гарч ирэхээс өмнө л зодоон цохион болсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 /,
Шүүгдэгч Б.М-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Би И.Б-г нэг удаа гараараа зүүн талын нүд хэсэгт нь 1 удаа, цээжин хэсэгт нь нэг удаа гараараа цохьсон. Өөрөөр цохиж зодоогүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би зугтаах гэхээр нь зогсоох гэж л тухайн хүнийг цохьсон юм. И.Б-н биед бэртэл гэмтэл учруулсан нь миний буруу.”/хх-ийн 50-51/ гэсэн мэдүүлгүүд,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №85 дугаартай шинжээчийн “И.Б-н биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зулгаралт, дух чамархайн зүүн шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний, дээд доод зовхи, хамрын нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо гэсэн дүгнэлт /хх-20-21/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2026000440057 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-46/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч И.Б, насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №85 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон. Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хохирогч И.Б нь эмчилгээний зардалд 500000 төгрөг нэхэмжилж байгаа боловч үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн шүүхэд гаргаж өгөөгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гарах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Б нь шүүгдэгч Б.М-д гомдолтой, 500000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч Б.М-г гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилаагүйг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.М-д хуульд заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч И.Б-н нэхэмжилсэн 500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Б.М-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч И.Б-н нэхэмжилсэн 500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч И.Б нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнх-Адъяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.