Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЗТ/52

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч А.Амарсанаа,

Хохирогч Д.Т, хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн Бд холбогдох 2026000370040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймгийн ******* дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1/107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/104 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сар 2 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овгийн Д.Б

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21-22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах “*******” худалдааны төвийн уурын зууханд иргэн Д.Т-г зүүж байсан бөөрний даруулгаар цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр болсон хэрэг прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр бүх зүйл болсон. Нэг зүйл дээр санал нийлэхгүй байна. Намайг унтаж байхад гараад явсан гэдэг худлаа би тэр үед ажлаа хийж байсан. Гал нэмчихээд ороод ирсэн чинь Д.Т орны хажууд уйлаад сууж байсан. Би цай чанасан байсан. Цай уугаад миний утсаар дуу сонсоод тайвширч байгаад 1 цаг өнгөрч байхад гаргаж өгчихөөд хаалга түгжээд үлдсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирол нэхэмжилсэн 150000 төгрөгийг төлнө.” гэв.

 Хохирогч Д.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Найзындаа очиж бөөрөө бариулчихаад явж байсан. Г-с 6000 төгрөг авах гээд орсон. Г, Б хоёр согтуу байсан. Д.Б 10 шил архи уулаа гээд яриад байж байсан. Г гараад явсан. Би жаахан сууж байгаад гаръя гэж бодсон. Г, Д.Б нар архи уусан. Би архи уугаагүй. Тэгээд орон дээр сууж байсан чинь Д.Б харанхуй шөнө яах гэж ингэж явдаг юм гээд намайг зодоод нүүр хэсэгт 2-3 удаа алгадсан, бүсээр саваад байсан. Орон дээрээ унтах гээд хэвтэж байхаар нь би уйлж сууж байгаад гарч ирсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь манай охин яасан юм, хэнд зодуулсан юм, гээд цагдаад дуудлага өгсөн. Би тэр үед архи уугаагүй байсан. Намайг согтуу байсан гэж худлаа мэдүүлэг өгсөн байсан. Би Г-ээс мөнгө авах гэж орсон. Би худлаа хэлдэг хүн биш. Ажил хийгээд амьдралын төлөө явдаг хүн. Энэ хүнд зодуулснаас болоод байнга бие өвдөөд байгаа. Хохиролд 150000 төгрөг нэхэмжилнэ. Эмийн сангаас эм авсан баримтаа олохгүй байгаа. Баримт байхгүй. Гомдолтой байна.” гэв.

        

Хохирогч Д.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хагас сайн өдөр байсан. Би 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багт байх Уртнасан гэх айлд бөөрөө бариулахаар очсон. Тэгээд бөөрөө бариулчихаад тэр айлаас 18 цагийн орчимд гэртээ харихаар гараад 19 цаг болж байхад зах дээр ирсэн. Би Г гэх хүнээс 6000 төгрөг авах авлагатай байсан болохоор Г рүү залгаад мөнгөө нэхсэн. Тэгтэл Г Д.Б-н ажилладаг уурын зууханд байна, ороод ир гэхээр нь би Д.Б-н уурын зууханд орсон. Д.Б-н ажилладаг уурын зууханд ороход Д.Б, Г, бас нэг танихгүй эрэгтэй хүний хамт сууцгааж байсан. Д.Б архи авч ирэх гээд Ггийн хамт гарсан. Би танихгүй хүнтэй уурын зууханд үлдсэн. Тэгээд намайг орон дээр нь сууж байхад надтай үлдсэн танихгүй залуу намайг оролдох гээд байхаар нь би  тэр залууг “ залуу хүн байж яасан ичдэггүй юм бэ" гэсэн чинь цаашаа явчихсан. Тэгээд хаалга дуугараад Д.Б, Г хоёр гаднаас орж ирсэн. Орж ирэхдээ 0.5 литрийн “Харзтай” нэртэй архи авч ирсэн. Авч ирсэн архийг нь Д.Б, Г, нөгөө залуугийн хамт уусан. Би архинаас нь амсаагүй. Авч ирсэн архиа ууж дуусаад Г нөгөө залуугийн хамт яваад би Д.Бийн хамт үлдсэн. Тэгээд намайг орон дээр сууж байсан чинь Б "чи яахаараа үдэш орой ингэж явдаг юм" гээд гараараа миний зүүн талын шанаа руу 2 удаа алгадсан. 3 дахь удаагаа алгадах гэхээр нь би "болиоч чи" гээд гараараа хацраа дарсан. Д.Б намайг "наад куртикээ тайл" гэхээр нь би куртикээ тайлсан. Тэгсэн Д.Б миний зүүж байсан бөөрний даруулгыг тайлж аваад миний дал, мөр, гэдэс рүү шавхардаад байсан. Би болиоч ээ гэхэд болихгүй байсан. Нилээн олон удаа шавхардсан. Д.Б-тэй хэрүүл хийгээгүй, зүгээр  сууж байсан чинь алгадаад авсан. Ямар шалтгаанаар намайг зодсоныг мэдэхгүй байна, би Д.Бд гэм хийгээгүй. Миний толгой хөдөлсөн, бөөр хөдөлсөн, зүүн талын хацар, нүд хөхөрсөн байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. Би их бөөр нуруу өвддөг. Тэр бөөрний даруулга миний бүс байгаа юм. Би энэ бөөрний даруулгын хүчээр л ажил хийдэг. Би эм тариа болон эмчилгээнд 150000 төгрөг зарцуулсан. Тэр мөнгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/,

  

Гэрч Т.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байсан юм. Тэр өдөр манай ээж Д.Т бөөрөө бариулна гээд гэрээсээ өдөр гарсан. Цагийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд орой ирэхгүй болохоор нь 21 цагийн орчимд утас руу нь залгаад "ирэх болж байна уу" гэхэд ээж Д.Т "одоохон очлоо" гэсэн. Тэгээд шөнийн 01 цагийн орчимд ээж Д.Т ганцаараа гэртээ орж ирсэн. Ээж Д.Тийн зүүн талын нүд хөхөрсөн байсан. Тэгэхээр нь хэндээ зодуулчихсан  юм гэхэд ээж Д.Т "Хар Цэнгэлд зодуулчихлаа" гэж хэлсэн. Тэгээд ээж Д.Т цамцаа тайлахад нь харахад гар, дал, гэдэс хэсэг нь шавхуурдуулсан оромтой, шавхуурдсан хэсгээр нь шалбараад хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би "...юугаар шавхуурдсан юм бэ" гэж асуухад ээж Д.Т бөөрний даруулгаар шавхардчихсан юм гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газрын 7032102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Ээж Д.Т архи уугаагүй, эрүүл байсан. Манай ээж архи уугаад байдаггүй, гэртээ согтуу орж ирж байгааг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 44-45 хуудас/,

    

Шүүгдэгч Д.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “*******” худалдааны төвийн галчаар ажиллаж байсан. Би 16 цаг өнгөрч байхад Б.Гтэй хамт “Харзтай” нэртэй 0.5 литрийн архи уугаад, дараа нь Э, Б.Г нартай дахин 2 шил архи уусан. Түүнээс хойш 20 цагийн үед Д.Т гэх хүн ирнэ гэж Б.Г хэлсэн. Яах гэж байгаа талаар асуусан чинь ганц нэг пиво ууя гэж байсан гэж надад хэлсэн. Тэгээд Э, Г 2 гарч яваад хэсэг хугацааны дараа манай зуухны өрөөнд Б.Тунгалагийг дагуулаад орж ирсэн. Гаднаас орж ирэх үедээ 2 шил архи авч ирсэн байсан. Түүний  нэг шил архийг нь хувааж уусан. Тэр архинаас Д.Т уугаагүй. Тэгээд Э, Г 2 намайг архи олоод ир гээд байхаар нь би дэлгүүрээс 2.5 литрийн пиво зээлээд ирсэн чинь миний нуусан 1 шил архийг гаргаад ирчихсэн уугаад сууж байсан. Тэр пивоноос Э уугаагүй. Бусад нь уусан. Тэгсэн Д.Т уусан пивондоо халчихаад дахиад пиво нэхээд байхаар нь би “одоо болно, миний хөгшин яваад амар” гэсэн чинь би явах явахгүйгээ чамаар заалгахгүй гээд байсан. Тэгээд Б.Г, Э нар гараад явсан. Би Д.Тийг гэртээ харь гэсэн чинь би явахгүй гээд байхаар нь зүүн талын шанаа хэсэг рүү нь 2 удаа цохиход орон дээр уначихаад орилоод байсан. Тэгэхээр нь би дуугүй бол гэж хэлээд дахин 2-3 удаа цохьсон. Тэгтэл чи намайг алах гэлээ гээд хувцсаа тайлаад байсан. Би Д.Т-н тайлсан өөрийнх нь бөөрний даруулга бүсээр нь 4-5 удаа ар нуруу, цээж, далны хэсэгт нь ороолгосон. Тэгээд ороолгосноос хойш 10-20 минут орчим орилж хэвтээд байхаар нь би аргадаж байгаад хувцсыг нь өмсгөсөн. Тэгээд Д.Т надад хандаж “чиний ярьдаг үнэн шүү, миний архи уудаг үнэн шүү, гэж хэлээд надтай хамт сууж цай ууж суугаад утсан дээр клип үзэж байгаад гараад явсан. Би согтуу байсан. Гэхдээ болсон үйл явдлыг бүрэн санаж байна. Би энэ хэргээс болж ажлаасаа халагдсан байгаа. Байнгын асаргаанд байдаг хүүхэдтэй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/,

   

     Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №77 дугаартай шинжээчийн:

 

1.Үзүүлэгч Д.Тийн биед  зүүн нүдний зовхи, зүүн дал, баруун, зүүн гарын бугалга, шуу, хэвлий хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүгэгдэнэ.

 

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

 

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 7-10 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2026000370040 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 69 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Б-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-48/, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаартай тодорхойлолт /хх-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/, 2005 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/104 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 24/, 1998 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1/107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 25-28/, 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн 29-32/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21-22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” худалдааны төвийн уурын зууханд хохирогч Д.Т-н зүүн шанаа руу нь алгадаж мөн түүнийг зүүж байсан бөөрний даруулгаар нь дал, мөр, нуруу, гэдэс хэсэгт нь ороолгож зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, зүүн дал, баруун, зүүн гарын бугалга, шуу, хэвлий хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ хохирогч Д.Т-н   эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Тийн “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хагас сайн өдөр байсан. Би Г гэх хүнээс 6000 төгрөг авах авлагатай байсан болохоор Г рүү залгаад мөнгөө нэхсэн. Тэгтэл Г Д.Бийн ажилладаг уурын зууханд байна, ороод ир гэсэн. Би Д.Б-н уурын зууханд ороход Д.Б, Г, бас нэг танихгүй эрэгтэй хүний хамт архи ууж байсан. Би архинаас нь амсаагүй. Авч ирсэн архиа ууж дуусаад Г нөгөө залуугийн хамт явсан. Би Д.Б-н хамт үлдсэн. Тэгээд намайг орон дээр сууж байсан чинь Б "чи яахаараа үдэш орой ингэж явдаг юм" гээд гараараа миний зүүн талын шанаа руу 2 удаа алгадсан. 3 дахь удаагаа алгадах гэхээр нь би "болиоч чи" гээд гараараа хацраа дарсан. Мөн миний зүүж байсан бөөрний даруулгыг тайлж аваад миний дал, мөр, гэдэс рүү шавхардаад байсан. Ямар шалтгаанаар намайг зодсоныг мэдэхгүй байна. Би Д.Б-д гэм хийгээгүй. Миний толгой хөдөлсөн, бөөр хөдөлсөн, зүүн талын хацар, нүд хөхөрсөн байсан. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/,

   Гэрч Т.Ц-н “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 01 цагийн орчимд ээж ганцаараа гэртээ орж ирсэн. Ээж Д.Т-н зүүн талын нүд хөхөрсөн байхаар нь хэнд зодуулчихсан  юм гэхэд ээж Д.Т "Хар Цэнгэлд зодуулчихлаа" гэж хэлсэн. Тэгээд ээж Д.Т-г цамцаа тайлахаар нь хартал гар, дал, гэдэс хэсэг нь шавхуурдуулсан оромтой, шавхуурдсан хэсгээр нь шалбараад хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би "юугаар шавхуурдсан юм бэ" гэж асуухад ээж Д.Т бөөрний даруулгаар шавхардчихсан юм гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Ээж Д.Т архи уугаагүй, эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 44-45 хуудас/,

            Шүүгдэгч Д.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар  өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “*******” худалдааны төвийн галчаар ажиллаж байхад намайг Э, Г нартай хамт байж байтал Д.Т орж ирсэн. Би Д.Т-г гэртээ харь гэсэн чинь би явахгүй гээд байхаар нь зүүн талын шанаа хэсэг рүү нь 2 удаа алгадсан. Тунгалгийг орилоод байхаар нь би дуугүй бол гэж хэлээд дахин 2-3 удаа цохьсон. Тэгтэл чи намайг алах гэлээ гээд хувцсаа тайлаад байсан. Би Д.Т-н тайлсан өөрийнх нь бөөрний даруулга бүсээр нь 4-5 удаа ар нуруу, цээж, дал хэсэгт нь ороолгосон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчийн эмчилгээний зардал 150000 төгрөгийг төлнө.” /хх-ийн 75-76 хуудас/ гэсэн  мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

   Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №77 дугаартай шинжээчийн “Д.Т-н биед зүүн нүдний зовхи, зүүн дал, баруун зүүн гарын бугалга, шуу хэвлий хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо гэсэн дүгнэлт /хх-7-10/,

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2026000370040 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 69-70/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Т, гэрч Т.Ц нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №77 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 150000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял” оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан “Голомт банкны” 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/133 дугаартай албан бичиг, “Хас банкны” 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11/161 дугаартай албан бичиг, “Төрийн банкны” 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаартай албан бичиг, “Хаан банкны” 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5540/118 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 192 дугаартай эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай албан бичиг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор, шүүгдэгч Д.Б нарын гаргасан “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн  дүгнэлтийг хүлээн авах   боломжгүй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь  харгалзан үзсэж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Бд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,  шүүгдэгчид хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгаж,

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Т нь гомдолтой гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн хоёр талын үзүүр нь наалддаг, дундаа резентэй, гол дунд хэсэгтээ 16 ширхэг соронзтой, нурууны даруулга бүс 1 ширхгийг хохирогч Д.Т нь буцааж авахаар шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан тул  тус нурууны даруулга бүсийг  Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн 10-07 тоотод оршин суух хаягтай хохирогч Д.Тт буцаан олгож,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч ******* овгийн Д.Б-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Д.Б-г гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-д хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Тийн нэхэмжилсэн 150000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Т нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг  дурдсугай.       

6. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Т нь гомдолтой гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус  дурдсугай.          

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн хоёр талын үзүүр нь наалддаг, дундаа резентэй, гол дунд хэсэгтээ 16 ширхэг соронзтой, нурууны даруулга бүс 1 ширхгийг Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг 10-07 тоот хаягтай хохирогч Д.Т буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.