| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2019/00200/э |
| Дугаар | 2020/ШЗТ/81 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЗТ/81
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Хохирогч М.М,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Б.Н-д холбогдох 1926004280275 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Б.Н
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орой 23 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны орчимд хууль сахиулагч болох цагдаа М.М-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн,
2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны ОО-ын өрөөнд иргэн Ө.Т-г зодож уруулд зулгарал, язарсан шарх, хууль сахиулагч болох цагдаа М.Мыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж зодон доод уруулд нь шарх, зулгаралт гэмтэл үүсгэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн орчимд “*******” бааранд А, Б гэдэг 2 найзтайгаа ороод хоёр, хоёр шил пиво уусан. Тэгээд нойл ороод бие засчихаад эргээд хартал санамсаргүй Ө.Т гэдэг хүнийг мөрлөсөн. Тэгээд ам мурийгаад намайг цохиод авсан. Би зөрүүлээд нэг удаа цохьсон. Б дундуур орж ирээд салгасан. Гэтэл араас хохирогч М.М орж ирээд ямар нэгэн хууль ёсны шаардлага тавиагүй байж намайг элэгдээд авсан. Тэгээд зодоон болоод баарнаас гараад бас зодоон болсон. Тэгсэн эргүүлийн цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд цагдаагийн газарт ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Ө.Тт 80000 төгрөг, хохирогч М.М 300000 төгрөг төлсөн” гэв.
Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн үед албан ажилтай явж байсан. “*******” бааранд хүмүүсийг ажиглахад хамгийн тохиромжтой газар хаалганы харалдаа баруун талын булан байсан. Би бааранд ороод тэнд суусан. Хажуу ширээн дээр миний таньдаг Ө.Т гэдэг залуу нэг эмэгтэйтэй сууж байсан. Би ганцараа суувал хүмүүс харах байх гээд Ө.Т-тай хамт жаахан юм ярьж суусан. Бидний хайж байсан М гэдэг оргодол мөнгө төгрөгтэй болохоороо баар саваар явдаг гэсэн мэдээлэлтэй байсан учраас тийм газраар явсан. Би “кола” ундаа захиалж уусан. Өмнө нь уусан пивоны шил нь ширээн дээр миний урд байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ө.Т нойл орох гээд явсан. Би бүжгийн талбай дээр нь М байгаа эсэхийг нь шалгачхаад араас нь орсон. Намайг ороход Б.Н, Ө.Т-г аль хэдийн цохиод авсан байсан. Тэгээд би юу болж байгаа юм гээд эргүүлийн 2 цагдаатай орсон. Тэр 2 цагдаа мэдүүлэг дээрээ энэ талаараа дурдсан байгаа. Тэр 2 цагдаа хүмүүсийг аваад гарсан. Би нойлд бие засчихаад гараа угаачихаад араас нь гарсан. Гэтэл гадаа маргалдаад нийтийн хэв журам алдагдуулаад хэрүүл маргаан хийгээд байсан. Б.Н тэр үймээнийг дэгдээж байсан. Тэгээд би энэ залуутай тусгайлж уулзсан юм. Цагдаагийн албаны тухай хууль дээр энгийн хувцастай үүрэг гүйцэтгэж болно гэсэн заалт байгаа. Миний дүү архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байна, одоо болно, найзуудаа аваад яв гэж удаа дараа хэлсэн. Би бичиг баримтаа авч явж байсан. Тэгээд эргүүлийн цагдаа нар гараад ирсний дараа Б.Н урагшаа гүйсэн. Би араас нь очоод бичиг баримтаа үзүүлээд ах нь цагдаа байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн “тэгвэл май” гээд намайг шууд цохьсон. Энэ үйлдэлд нь дүгнэлт хийхэд энэ хүнд цагдаагийн албан хаагч нарыг үзэн ядах хорсолтой зүйл байна гэж би бодсон. Цагдаагийн алба хаагч бол нийтийн хэв журам хамгаалах гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Би өөрөө хүсэхгүй бол заавал тэр маргааныг таслах үүрэггүй. Би очиж таслан зогсоож энэ залууд цохиулаагүй байсан бол өөр олон хүнийг бэртээж гэмтээх байх. Ганц удаагийн цохилтоор хүний аминд хүрсэн олон тохиолдол байдаг. Би нэг удаа цохиулсан, дараагийн удаа цохих гэхээр нь аргагүй хамгаалалт үзүүлж өөрийгөө хамгаалсан. Идэвхтэй үйлдлийг нь болиулсан. Одоо бодож байхад энэ миний амь настай холбоотой зүйл байсан. Дахиж цохихдоо өөр зүйлээр цохих магадлалтай байсан. Надад 500000 төгрөг төлөх гээд ирсэн. Би 300000 төгрөгийг нь эмчилгээний зардалд хэрэглэх гээд авсан. Өөр ашиг сонирхолтой хүн байсан бол өчнөөн мөнгө нэхэх байсан байх. Энэ залууг гэм буруугаа хүлээхгүй ингээд зогсож байгаад нь харамсалтай байна.” гэв.
Хохирогч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Б надтай уулзахдаа “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдээс М гэгч нь аймгийн төвд байж болзошгүй мэдээлэл авагдсан тул оройн цагаар баар цэнгээний газруудыг шалга гэсэн үүргийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд ганцаараа “*******” бааранд энгийн хувцастай орчихоод М-г эрэн сурвалжилахад олдоогүй тул баарнаас гартал “*******” баарны урд талын машин угаалгын баруун талд 3 залуу хоорондоо маргалдаад маргаан үүсгээд байсан. 170-172 см орчим өндөр нуруутай, 18-20 насны хар үстэй туранхай залууг үл таних нэг залуу нь дуудаад ахын дүү олон нийтийн газар хүмүүстэй маргалдаад яахав, найзуудаа аваад эндээс яв гэж хэлсэн.Тэгсэн тэр залуу юм хэлэлгүйгээр шууд миний уруул хэсэг рүү баруун гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Дахиад тэр залуу нүүр хэсэг рүү цохих гэхээр нь би бултаад оногдоогүй. Би тэр залуугийн өмсөж явсан цамцаар нь толгой дээгүүр нөмрөгөөд доош нь дарсан.Тэгсэн “*******” баарны үүднээс 168-170 орчим өндөр нуруутай, махлагдуу 30 гаран насны нэг танихгүй залуу над дээр хүрч ирээд та нар яах гээд байгаа юм наадах чинь миний дүү байгаа юм гэж хэлээд миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа алгадсан. 30 орчим насны залууд цохиулсны дараа би албан ажлаар явж байна гээд цагдаагийн бичиг, баримтаа үзүүлээд, нэр, цолоо хэлтэл тэр залуу миний албаны бичиг баримтыг булааж аваад чиний юу хийдэг чинь надад хамаагүй, цагдаа болохоор хүн дээрлэхэж болно гэж бодоо юу бичиг баримтаа маргааш надаас аваарай гээд халаасандаа хийх гээд байхаар нь би тэр залууд “чи юу яриад байгаа юм бэ” миний албан бичиг баримтыг өг би ажлаа хийж байна гэж хэлсэн. Тэгсэн оройн эргүүлийн цагдаа болох цагдаагийн ахлах ахлагч Б.Б, цагдаагийн ахлагч Б.Б нар ирээд яагаад хүний бичиг баримтыг аваад байгаа юм гэхэд 30 орчим насны залуу миний бичиг баримтыг надад өгсөн. Хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч М, олон нийтийн цагдаа Ч нар надтай маргаан хийгээд байсан 2 залууг цагдаагийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Би өөрийн биеэр цагдаагийн жижүүрт гомдол гаргасан юм. Би энэ талаараа эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Б-д албан үүргээ гүйцэтгэж яваад хүмүүс зодуулсан талаараа хэлсэн. Миний толгой өвдөөд байна. Доод уруулын дотор хэсэг тухайн үедээ язарсан байсан. Одоо биеийн байдал гайгүй байгаа. 170-172 см орчим өндөр нуруутай, 18-20 насны хар үстэй туранхай залуугийн цохилтын улмаас миний доод уруулын дотор хэсэг язарсан. Тэр хоёр хоёулаа нилээн согтуу байсан. Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй. Хэргийн материалтай танилцана.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
Хохирогч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ”...Би тухайн үед бааранд болсон асуудлын талаар мэдүүлэг өгөхдөө тодорхой яриагүй юм. Анх намайг бааранд ороход миний таньдаг хүн Ө.Т баарны баруун хойд талын мухар хэсэгт сууж байсан ба үүдээр орж ирж байгаа хүмүүст харагдахааргүй тийм байрлал байсан. Би Ө.Тыг хараад ширээн дээр нь очоод суусан. Яагаад гэхээр Ө.Тын сууж байсан ширээний байрлал нь бааранд байсан хүмүүсийг харахад их тохиромжтой байсан, мөн ганцаараа суугаад байвал хэрвээ миний хайж байгаа оргодол бааранд ороод ирвэл намайг хараад сэжиг авчих байх гэж бодоод Ө.Т дээр очиж яриа өрнүүлж хамт суухаар шийдсэн. Ингээд Ө.Т бие засах гээд нойлын өрөө рүү орсон тэр үед 23 цаг 30 минут болж байсан ба баар хаах цаг дөхөж байсан учраас гаднаас манай олон нийтийн цагдаа Чимэдцэрэн, дэд ахлагч Г.******* нар ороод ирсэн. Энэ үед нойлын өрөөнд хүмүүс маргалдаад байх шиг том дугаралдаад байхаар нь бид гурав ортол одоо санахад Б.Н гэх залуу Ө.Тын нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь та нар чинь юу болж байна гэж хэлсэн. Тэгээд манай хоёр цагдаа Б.Нийг хамт байсан хүмүүстэй нь аваад гарсан. Би тэр үед араас нь хамт гарсан. Удалгүй араас Ө.Т гарч ирээд Ө.Т, Б.Нтой дахиж маргалдаад тэр хоёр нэгнийгээ цохиод авахаар нь салгаад та нар одоо боль, уусан идсэнээ зөв шингээ, ахын дүү нар одоо ингээд найзуудаа аваад яв гэж хэлсэн. Б.Н маргаан үүсгээд байхаар нь би Б.Нийг аргадах санаатай нөгөө хэдээс нь салгаад тусдаа уулзаад ахын дүү уусан идсэн байж болно, ах нь цагдаагийн алба хаагч хүн гээд бичиг баримтаа гаргаад үзүүлтэл “өө тэгвэл май” гэж хэлээд миний нүүрэн хэсэгт уруул руу гараараа нэг удаа цохиод авахаар нь би “яаж байна аа” гээд бариад авсан чинь дахиад намайг цохих үйлдэл хийхээр нь би бултаад цамцаар нь толгой хэсгээр нь нөмрүүлээд доош нь дараад хавираад газарт унагасан. ...Тэр үед би энгийн хувцастай байсан учраас зодооны асуудлыг болиулах гээд өөрийгөө цагдаагийн алба хаагч гэж танилцуулаад албаны бичиг баримтаа үзүүлсэн. Яагаад гэхээр би энгийн хувцастай явж байсан учраас намайг цагдаа байна гэж хэлэхээр тоохгүй байж магадгүй гэж бодоод Б.Н болон үл таних залуу нарт албаны бичиг баримтаа байнга үзүүлж байсан. Тэр үед Б.Н архи уучихсан согтуу их агсан байдалтай байсан учраас цагдаагийн алба хаагч байна гэдгийг мэдвэл энэ ширүүн үйлдлээ зогсоох байх гэж бодсон юм. Би цагдаагийн алба хаагч учраас үүсч байгаа байдалд үнэлэлт өгч хүлээсэн үүргийнхээ дагуу гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор тэнд байсан хүмүүсийн хууль зөрсөн үйлдлийг таслан зогсоох гэж байгаад бусдын халдлаганд өртөж эрүүл мэндээрээ хохирсон. ...Ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлаганд өртөж эрүүл мэндээрээ хохирсондоо харамсаж байна. Анх би болсон хэргийн талаар товчхон мэдүүлэг өгчихсөн юм. Надаас тухайн үед мэдүүлэг авахдаа болсон асуудлын талаар нарийвчлан тодруулж асуугаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 175-176 хуудас/,
Хохирогч Ө.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын төвд байрлалтай "*******" бааранд найз М-н хамт орсон. М 0.5 граммын шилтэй пиво 1 ширхгийг, би лаазтай кола 1 ширхгийг тус тус захиалж авсан. Би пиво захиалж уугаагүй шалтгаан бол тээврийн хэрэгсэл жолоодож явсан учраас архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Бид хоёрыг бааранд сууж байхад оюутны доод ангийн хүүхэд М.М ганцаараа орж ирсэн. Тэр надад ярихдаа ажлаар явж байгаа гэсэн. М.М манай ширээнд сууж ойр зуурын зүйл ярилцсан. М.М надад хандан “миний найз юм уухгүй юм уу” гэхээр нь найз нь машинтай яваа учир дэмий гэж хэлсэн. М.М би машиныг чинь барьчихна “чи пиво уувал уухгүй юу” гэсэн тэгэхээр нь зүгээрээ хөгшөөн гээд нэмж 2 лаазтай ундаа захиалсан. М.М надтай ярьж сууж байгаад нөгөө ширээний гурван хүн дээр очиж уулзсан. М.М тэр гурвын нэгийг нь таньдаг юм шиг байсан.Тэрхэн үедээ ч сайн анзаараагүй. Би бие засах газар руу ортол урд ширээнд сууж байсан гурван залуугийн хоёр нь бие засаад нэг нь толинд хараад зогсож харагдсан. Тэгсэн нэг залуу нь “чи хэнтэй явж байгаа юм” гэж асуусан, тэгэхээр нь би хариу хэлээгүй. М.Мын ширээн дээр нь очиж уулзсан гурван залуугийн нэг, миний таних Б.Н гэх залуу бие засах газраас гарахдаа намайг хаалгаараа саваад зүүн мөр рүү мөрлөөд над руу хандан “чи мөрлөчихлөө” гээд шууд уруул руу зангидсан гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл гаднаас хоёр цагдаа М.Мтай хамт орж ирсэн. Гаднаас орж ирсэн М.М яасан гээд намайг цохьсон залууг чи уусан идсэнээ шингээхгүй гээд байсан. Тэр хооронд би цусаа угаалтуурт угаагаад бөхийгөөд зогсож байсан. Намайг бие засах газарт байхад цагдаа нар нөгөө гурван залууг аваад гарсан. М.М бас хамт гарсан, би угаалтуурын газраас гараад ширээн дээрээ очиж суухад хүн байгаагүй, би нэг ширхэг пиво захиалж аваад дээрээс нь нэг балгачихаад гадагшаа гарсан. Уруулын дотор язарч, сэтэрсэн байсан учир пиво ууж болохгүй байсан. Намайг цохьсон залууг би таньдаг, нэг сумынх, түүнийг Б.Н гэдэг, эгчийг нь танина. Б.Нид хандан баарны гадаа чи ахыгаа “яагаад цохьсон юм бэ” гэхэд ахаа таны үе дууссан шүү гэж хэлсэн. Би Б.Нтой зэрэгцэж зогсож байгаад миний дүү уусан идсэнээ шингээж уугаарай гээд хацар руу нь зөөлхөн илбэсэн. Тэгээд тэр үед онц зүйл болоогүй. Тэгээд байж байтал М.М, Б.Н хоёр урагш холдоод алхсан. Би хэсэг хугацааны дараа тэр хоёр руу алхаад очтол М.М, Б.Н хоёр ноцолдоод зодолдож байсан. Тэр хоёрыг зодолдож байхыг цагдаа нар болон би хараад яваад очсон. Тэгсэн Б.Н зугтаагаад дараа нь цагдаа нар барьж авсан байсан. Б.Н М.Мын уруулынх нь доод хэсэгт цохиод уруулын дотор хэсэг нь язарчихсан байсан. Б.Нтой явсан хоёр залуу зодоон цохионд оролцсон зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,
Хохирогч Ө.Тын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэж гэмт хэрэг болсон цаг, минутыг хэлсэн. Би анх бааранд 21 цагийн орчимд орсон. Түүнээс хойш 23 цагийн орчимд М.М гаднаас ажлаар явж байна гэж орж ирсэн. М.М надтай хамт жаахан суусан. Зодоон болсон цаг хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагаас 23 цаг 30 минутын хооронд л болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 177 хуудас/,
Гэрч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ”... 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн үед би найзууд болох Б.Н, Ё.Аын нарын хамт “*******” бааранд орсон. Б.Н 2 шил 0.5 литрийн шилтэй пиво, би 2 шил пиво, Ё.А 1 шил пиво уусан. “*******” баарны ОО-д би, Ё.А, Б.Н бид гурав хамт бие засах гээд ороход ОО-д нүдний шилтэй нэг залуу, М.М нар араас орж ирээд Б.Н, нүдний шилтэй залууг санаандгүй мөрлөчихсөн чинь нүдний шилтэй залуу Б.Нийг мөрлөлөө гэж хэлээд хэл, амаар маргалдаж байгаад нүдний шилтэй залуу Б.Нийн зүүн шанаан тус газар гараараа нэг удаа цохьсон.Тэгсэн ОО-ийн өрөөнд нүдний шилтэй залууг Б.Н зөрүүлээд зүүн шанаанд нь гараараа нэг удаа цохьсон. Баарны ОО-ийн үүдэн М.М гэх залуу нь Ё.Атай юм яриад зогсоод байсан. М.М нь Б.Н-г ална гээд занаад байсан. Нүдний шилтэй залуу нь Б.Нийг дуудаад баарнаас гарцгаая гээд байсан. Би тэр хоёртой хамт баарнаас дагаж гарсан. Нүдний шилтэй залуу баарны гадаа байсан цагдаагийн машины хойд талд Б.Нийг нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиод авсан. Б.Н тэр нүдний шилтэй залууг нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохихоор нь би тэр хоёрын дундуур ортол эргүүлийн 2 цагдаа машинаас буугаад ирсэн. Тэгсэн нэг харахад Б.Н баарнаас урагшаа М.Мтай барилцаад авчихсан зогсож байснаа М.М нь Б.Нийг хөлөөрөө хавсарч унагаасан. Тэгсэн эргүүлийн 2 цагдаа тэр хоёр дээр очтол Б.Н явган зугтааж яваад эргүүлийн хоёр цагдаагийн нэг нь намайг барьж аваад, нөгөө цагдаа нь Б.Нийг бариад авсан. Тэгээд цагдаагийн машинд суугаад цагдаа дээр ирээд эрүүлжүүлэхэд Б.Н бид хоёр хоносон. М.М нь Б.Н бид хоёрт албаны үнэмлэхээ үзүүлээгүй. Цагдаа гэдгээ хэлээгүй. Сүүлд цагдаа дээр орж ирээд М.Мыг цагдаа гэдгийг нь мэдсэн. М.М нь бааранд пиво ууж байсан. М.Мын ширээ нь манай хажуу талын ширээ байсан тул М.М пиво уусныг харсан. Нүдний шилтэй залуу баарны ОО-ийн өрөөнд Б.Нийг зүүн шанаанд нь гараараа нэг удаа цохьсон. Б.Н тэр залууг зөрүүлээд нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохьсон. ...Нүдний шилтэй залуу баарны гадаа Б.Нийн нүүрэн хэсэгт нь гараараа цохьсон. Б.Н тэр залууг зөрүүлээд нүүрэн хэсэгт нь гараараа цохьсон. Б.Нийг М.М нь хөлөөрөө хавсарч унагасаныг би харсан. М.Мыг Б.Н баарны гадаа цохисныг хараагүй. Намайг М.М болон нүдний шилтэй залуу нар цохиж зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд би нохой хөтлөгч цагдаа ажилтай М.Мт аймгийн хэмжээнд “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилж байгаа этгээдүүдийг эрэн сурвалжлах чиглэлээр ажилла, Мөнхбатын ******* аймгийн төвд байж болзошгүй гэсэн мэдээлэл авагдсан тул өдрийн цагаар хүнс бараан зах олон нийтийн газраар, оройн цагаар баарнуудад хяналт тавь гэж үүрэг өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би өөрөө М.Мтай утсаар 23 цаг 39 минутанд ярихад М6М-г эрэн сурвалжилж ганцаараа явж байгаад “*******” баарны гадаа хүмүүст зодуулчихлаа тухайн хүмүүсийг аваад цагдаа дээр ирж байна гэж хэлсэн. М.Мтай ажил дээр уулзахад М.Мын доод уруулын дотор тал нь язарсан байдалтай байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. М.Мтай маргалдсан гэх 3 залуу нь гурвуулаа согтуу байсныг харсан. Тэр 3 залууг эрүүлжүүлэхэд оруулсан. Би тухайн үед ажил дээр байсан юм. М.М эрүүл байсан. Согтуурал шалгах багажаар шалгахад 0 хувьтай гарсан. М.М албан үүргээ гүйцэтгэхдээ дотоод албаны дүрэм, эргүүл харуулын дүрмээрээ хоёулаа явах ёстой. М.Мыг яг тэрэнтэй яваарай гэж би хэлээгүй юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр томилгоот бүрэлдэхүүнд хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 23 цаг өнгөрч байхад хөдөлгөөнт эргүүлд хамт үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа Г.Ч-н хамтаар ******* сумын “*******” бааранд хяналт шалгалт хийж орсон. Бааранд ороод караоконы өрөөнүүдийг шалгаад явж байтал 00-ийн өрөөнд хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь орсон чинь тэнд 2 залуу хоорондоо маргалдаад нэгнийгээ цохиод авсан. Цохьсон залуу нь өндөр туранхай бор залуу байсан, цохиулсан залуу нь нүдний шилтэй намхан гэмээр биетэй залуу байсан санагдаж байна. Тэгсэн удалгүй араас нохойн төлөөлөгч М.М ороод ирсэн ба тэр зодолдсон 2 залууг салгаад баарнаас гар гэдэг шаардлага тавьсан. Ингээд баарнаас гараад гадаа байсан хүмүүсийг шалгаад машин дотроо сууж байсан. Баарна гадна талд 00-ийн өрөөнд зодолдоод байсан 2 залуу дахиад хоорондоо маргалдаад нэгнийгээ цохиод авсан. Тэр хоёр залууг салгахаар гарахад М.М цагдаа тэр хоёрыг салгаад зогсож байсан ба өндөр биетэй туранхай бор залууг М.М цагдаа дагуулаад юм яриад явсан. Дараа нь М.М цагдаа тухайн залууд цохиулчихсан гэж байсан. Би бол цохихыг нь хараагүй. М.М цагдаа тэнд хүмүүсийг боль гээд салгаад байсан ба бичиг баримтаа үзүүлэхийг нь хараагүй. Тухайн үед “Илрүүлэлт оргодол, шийдвэрлэлт 2019” нэгдсэн арга хэмжээ авагдаж байсан ба эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр чиглэл авахдаа цагдаагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодол этгээдээр зарлагдсан ******* гэгчийг “*******” бааранд байсан талаар мэдээлэл авч шалгахаар очсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 180-181 хуудас/,
Гэрч Г.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоо санаж байгаагаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг өнгөрчихсөн байсан ба яг нарийн цаг хэд болж байсныг санахгүй байна. Хөдөлгөөнт эргүүлд хамт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Ч.М-н хамтаар ******* сумын баарнуудаар хяналт шалгалт хийж яваад “*******” баар руу орсон. Бааранд ороод караокены өрөөнүүдэд ямар хүмүүс сууж байгаа эсэхийг шалгаад явж байтал 00-ийн өрөөнд хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь яваад ортол 2 залуу хоорондоо маргалдаад нэгнийгээ цохиод авсан. Цохьсон залуу нь өндөр туранхай бор залуу байсан ба цохиулсан нь нүдний шилтэй намхан гэмээр биетэй залуу байсан санагдаж байна. Тэгсэн удалгүй араас нохойн төлөөлөгч М.М ороод ирсэн ба тэр зодолдсон 2 залуу хоорондоо маргалдаад байсан чинь салгаад байсан. Тэгээд тухайн 2 залууг салгаад баарнаас гар гэдэг шаардлага тавьсан. Тэгээд нэг залууг нь аваад баарнаас гарсан, нөгөө нэг нь сүүлд араас гараад ирсэн байх шиг байсан. Баарнаас гарч ирсний дараа дэд ахлагч Ч.М бид хоёр машин дотроо хүн шалгаад регистрийн дугаар шүүгээд сууж байтал машины хойд талд баарны 00-д байсан хоёр залуу ахиад зодолдоод байхаар нь бид хоёр гараад ирэхэд М цагдаа хамт зогсож байсан ба салгаад өндөр биетэй залууг нь Мөнхбаатар цагдаа дагуулаад цааш явсан. Удалгүй тухайн залууд цохиулсан гэж М.М цагдаа хэлсэн. Нохойн төлөөлөгч М.М тухайн үед өөрийгөө цагдаагийн алба хаагч гэдгийг хэлсэн талаар мэдэхгүй байна, тэр үедээ тэнд бужигнаад тэгж хэлсэн талаар анзаараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 178-179 хуудас/,
Шүүгдэгч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 89, 182-183 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №478 дугаартай шинжээчийн:
1. Үзүүлэгч М.М-н биед доод уруулд шарх зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана.” гэсэн дүгнэлт /хх-ийн 43 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12432 дугаартай шинжээчийн:
1. Үзүүлэгч Ө.Т-н биед уруулд зулгаралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар
гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 51 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 84-85 хуудас/,
2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хохирогч М.Мын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 172-175 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны хэргийн газрын үзлэг хийж шалгах багийн болон цагдаагийн эргүүл, харуул, жижүүрийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх томилолт /хх-ийн 185-193 хуудас/,
Шүүгдэгч Б.Н-н хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-78/, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №471 дугаартай тодорхойлолт /хх-79/,
Хохирогч Ө.Т-н шүүхэд ирүүлсэн хохиролд 80000 төгрөг авсан. Шүүх хуралдаанд суухгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Нид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилжээ.
Хохирогч М.М нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт цагдаагаар /нохойн төлөөлөгч/ ажилладаг болох нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/135 дугаартай “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал, хохирогч М.Мын А-12027 дугаартай цагдаагийн үнэмлэх /хх-9-10/ зэргээр нотлогдож байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.6-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно. Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хохирогч М.М нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орой Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” бааранд албан үүргээ гүйцэтгэж явсан болох нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын шуухай удирдлагын албаны хэргийн газрын үзлэг хийж шалгах багийн болон цагдаагийн эргүүл, харуул, жижүүрийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх томилолт /хх-ийн 185-193/, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын №205 дугаартай нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай тушаал /хх-ийн 194/, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний удирдамж, төлөвлөгөө, гэрч Д.*******ын мэдүүлэг /хх-ийн 195-199/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны гадаа хууль сахиулагч болох цагдаа М.Мыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж хүч хэрэглэж эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь “доод уруулд нь шарх, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны ариун цэврийн өрөөнд хохирогч Ө.Тын нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь “уруулд зулгаралт, язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд энэ нь цагдаагийн алба хаагч буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Н нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч М.Мын “...Би тухайн үед албан ажилтай явж байсан. “*******” бааранд хүмүүсийг ажиглахад хамгийн тохиромжтой газар бол хаалганы харалдаа баруун талын булан байсан. Би бааранд ороод тэнд суусан. Хажуу ширээн дээр миний таньдаг Ө.Т гээд залуу нэг эмэгтэйтэй сууж байсан. Би ганцараа суувал хүмүүс харах байх гээд Ө.Ттай хамт жаахан юм ярьж суусан. Бидний хайж байсан ******* гэдэг оргодол мөнгө төгрөгтэй болохоороо баар саваар явдаг гэсэн мэдээлэлтэй байсан учраас тийм газраар явсан. Би кола захиалж уусан. ...Ө.Т нойл орох гээд явсан. Би араас нь бүжгийн талбай дээр ******* байгаа эсэхийг нь шалгачихаад араас нь орсон. Намайг ороход Б.Н Ө.Тыг аль хэдийн цохиод авсан байсан. Тэгээд би юу болж байгаа юм гээд эргүүлийн 2 цагдаатай орсон. Тэр 2 цагдаа мэдүүлэг дээрээ энэ талаараа дурдсан байгаа. Тэр 2 цагдаа хүмүүсийг аваад гарсан. Би нойлд бие засчихаад гараа угаачихаад араас нь гарсан. Гэтэл Б.Н гадаа маргалдаад нийтийн хэв журам алдагдуулаад хэрүүл маргаан хийгээд байхаар нь энэ залуутай тусгайлж уулзсан юм. Цагдаагийн албаны тухай хууль дээр энгийн хувцастай үүрэг гүйцэтгэж болно гэсэн заалт байгаа. Миний дүү архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байна, одоо болно, найзуудаа аваад яв гэж удаа дараа хэлсэн. Би бичиг баримтаа авч явж байсан. Тэгээд эргүүлийн цагдаа нар гараад ирсний дараа ******* урагшаа гүйсэн. Би араас нь очоод бичиг баримтаа үзүүлээд ах нь цагдаа гэж хэлтэл “тэгвэл май” гээд намайг шууд цохьсон “ гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Мын “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.******* надтай уулзахдаа “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдээс М гэгч нь аймгийн төвд байж болзошгүй мэдээлэл авагдсан тул оройн цагаар баар цэнгээний газруудыг шалга гэсэн үүргийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 30 минутын үед ганцаараа “*******” бааранд энгийн хувцастай орчихоод Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжилахад олдоогүй тул баарнаас гартал “*******” баарны урд талын машин угаалгын баруун талд 3 залуу хоорондоо маргалдаад маргаан үүсгээд байсан. 170-172 см орчим өндөр нуруутай, 18-20 насны хар үстэй туранхай залууг үл таних нэг залуу нь дуудаад ахын дүү олон нийтийн газар хүмүүстэй маргалдаад яахав, найзуудаа аваад эндээс яв, ахын дүү уусан идсэн байж болно, ах нь цагдаагийн алба хаагч хүн гээд бичиг баримтаа гаргаад үзүүлтэл “өө тэгвэл май” гэж хэлээд миний нүүрэн хэсэгт уруул руу гараараа нэг удаа цохиод авахаар нь би яаж байна аа гээд бариад авсан чинь дахиад намайг цохих үйлдэл хийхээр нь би бултаад цамцаар нь толгой хэсгээр нь нөмрүүлээд доош нь дараад хавриад газарт унагасан. Ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлаганд өртөж эрүүл мэндээрээ хохирсондоо харамсаж байна. Бааран дотор Б.Н Ө.Тыг цохиж байхыг харсан. Юунаас болж яагаад маргалдсан гэдгийг нь мэдээгүй. Би эхлээд цагдаа гэдгээ хэлж албаны бичиг баримтаа үзүүлсэн чинь Б.Н намайг “тэгвэл май” гэж хэлээд шууд нүүр рүү гараараа цохьчихсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 175-176 хуудас/,
Хохирогч Ө.Тын “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын төвд байрлалтай "*******" бааранд найз Мөнхзаяагийн хамт орсон. ...Бид хоёрыг бааранд сууж байхад оюутны доод ангийн хүүхэд М.М ганцаараа орж ирсэн. Тэр надад ярихдаа ажлаар явж байгаа гэсэн. М.М манай ширээнд сууж ойр зуурын зүйл ярилцсан. ...Би бие засах газар руу ортол урд ширээнд сууж байсан гурван залуугийн хоёр нь бие засаад нэг нь толинд хараад зогсож харагдсан. ..Миний таних Б.Н гэх залуу бие засах газраас гарахдаа намайг хаалгаараа саваад зүүн мөр рүү мөрлөөд над руу хандан “чи мөрлөчихлөө” гээд шууд уруул руу зангидсан гараараа нэг удаа цохьсон. Гаднаас орж ирсэн М.М яасан гээд намайг цохьсон залууг чи уусан идсэнээ шингээхгүй гээд байсан. Баарны гадаа байж байхад М.М, Б.Н хоёр урагш холдоод алхсан. Би хэсэг хугацааны дараа тэр хоёр руу алхаад очтол М.М, Б.Н хоёр ноцолдоод зодолдож байсан. Тэр хоёрыг зодолдож байхыг цагдаа нар болон би хараад яваад очсон. Б.Н М.Мын уруулынх нь доод хэсэгт цохиод уруулын дотор хэсэг нь язарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 /,
Гэрч Ч.Бын ”... 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн орчимд “*******” бааранд орсон. Б.Н 2 шил 0.5 литрийн шилтэй пиво, би 2 шил пиво, Ё.А 1 шил пиво уусан. “*******” баарны ОО-д би, Ё.А, Б.Н бид гурав хамт биеэ засах гээд ороход ОО-д нүдний шилтэй нэг залуу, М.М нар араас орж ирсэн. Б.Н нүдний шилтэй залууг санаандгүй мөрлөчихсөн чинь нүдний шилтэй залуу Б.Нийг мөргөлөө гэж хэлээд хэл, амаар маргалдаж байгаад нүдний шилтэй залуу Б.Нийн зүүн шанаан тус газар гараараа нэг удаа цохьсон.Тэгсэн ОО-ийн өрөөнд нүдний шилтэй залууг Б.Н зөрүүлээд зүүн шанаанд нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд баарнаас гарсан. Баарны гадаа Б.Н тэр нүдний шилтэй залууг нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохихоор нь би тэр хоёрын дундуур ортол эргүүлийн 2 цагдаа машинаас буугаад ирсэн. Тэгсэн нэг харахад Б.Н баарнаас урагшаа М.Мтай барилцаад авчихсан зогсож байснаа М.М нь Б.Нийг хөлөөрөө хавсарч унагаасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 /,
Гэрч Б.Б-н “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд би нохой хөтлөгч цагдаа ажилтай М.Мт аймгийн хэмжээнд “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилж байгаа этгээдүүдийг эрэн сурвалжлах чиглэлээр ажилла, Мөнхбатын ******* аймгийн төвд байж болзошгүй гэсэн мэдээлэл авагдсан тул өдрийн цагаар хүнс бараан зах олон нийтийн газраар, оройн цагаар баарнуудад хяналт тавь гэж үүрэг өгсөн. М.М нь Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжилж ганцаараа явж байгаад “*******” баарны гадаа хүмүүст зодуулчихлаа тухайн хүмүүсийг аваад цагдаа дээр ирж байна гэж хэлсэн. ...М.Мтай ажил дээр уулзахад М.Мын дотор талын доод уруул нь язарсан байдалтай байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Мөнхбаатарын согтуурлыг шалгахад 0 хувь байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 /,
Гэрч Ч.М-н “...Тэр өдөр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр томилгоонд бүрэлдэхүүнд хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэатгэж байсан. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 23 цаг өнгөрч байхад хөдөлгөөнт эргүүлд хамт үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа Г.Ч-н хамтаар ******* сумын “*******” бааранд хяналт шалгалт хийж орсон. Бааранд ороод караоконы өрөөнүүдийг шалгаад явж байтал 00-ийн өрөөнд хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь орсон чинь тэнд 2 залуу хоорондоо маргалдаад нэгнийгээ цохиод авсан. Цохьсон залуу нь өндөр туранхай бор залуу байсан цохиулсан нь залуу нь нүдний шилтэй намхан гэмээр биетэй залуу байсан санагдаж байна. Тэгсэн удалгүй араас нохойн төлөөлөгч М.М ороод ирсэн ба тэр зодолдсон 2 залууг салгаад баарнаас гар гэдэг шаардлага тавьсан. Тэр хоёр залууг салгахаар гарахад М.М цагдаа тэр хоёрыг салгаад зогсож байсан ба өндөр биетэй туранхай бор залууг М.М цагдаа дагуулаад юм яриад явсан. Дараа нь М.М цагдаа тухайн залууд цохиулчихсан гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 180-181 /,
Гэрч Г.Ч-н “...Одоо санаж байгаагаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг өнгөрчихсөн байсан ба яг нарийн цаг хэд болж байсныг санахгүй байна хөдөлгөөнт эргүүлд хамт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Ч.М-н хамтаар ******* сумын баарнуудаар хяналт шалгалт хийж яваад “*******” баар руу орсон. Бааранд ороод караокены өрөөнүүдэд ямар хүмүүс сууж байгаа эсэхийг шалгаад явж байтал 00-ийн өрөөнд хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь яваад ортол 2 залуу хоорондоо маргалдаад нэгнийгээ цохиод авсан. Цохьсон залуу нь өндөр туранхай бор залуу байсан ба цохиулсан нь нүдний шилтэй намхан гэмээр биетэй залуу байсан санагдаж байна. Тэгсэн удалгүй араас нохойн төлөөлөгч М.М ороод ирсэн ба тэр зодолдсон 2 залуу хоорондоо маргалдаад байсан чинь салгаад байсан. Удалгүй тухайн залууд цохиулсан гэж М.М цагдаа хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 178-179/,
Шүүгдэгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар /хх-89, 182-183/ болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №478 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12432 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43, 51/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 84-85 хуудас/,
2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хохирогч М.Мын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 172-175/,
Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны хэргийн газрын үзлэг хийж шалгах багийн болон цагдаагийн эргүүл, харуул, жижүүрийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх томилолт /хх-ийн 185-193/, Илрүүлэлт-Оргодол-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний удирдамж, төлөвлөгөө /хх-195-199/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/135 дугаартай “шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал, хохирогч М.Мын А-12027 дугаартай цагдаагийн үнэмлэх /хх-9-10/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.М, Ө.Т, гэрч Ч.Б, Д.Б, Ч.М, Г.Ч, шүүгдэгч Б.Н нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно” гэж хуульчилсан.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэж хуульчилсан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж нэмэлт оруулсан бөгөөд тус хууль нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн.
Шүүгдэгч Б.Н нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх гэмт хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* овгийн Б.Н-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь хохирогч Ө.Т 80000 төгрөг, хохирогч М.Мт 300000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Ө.Тын шүүхэд ирүүлсэн “хохиролд 80000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, хохирогч М.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “300000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ял”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял” оногдуулахаар тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Н нь аминдаа 170 толгой малтай, түүхий эдийн бизнес эрхэлдэг болох нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 471 дугаартай тодорхойлолт, 2018 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэл, Б.Н-н Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнд хуульд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3150000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг нь харгалзан түүнд оногдуулсан 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3150000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Шүүгдэгч Б.Н-д торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.Т, М.М нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Б.Н-г 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. ******* овгийн Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянган/ төгөрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавь/ мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3150000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид оногдуулсан 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3150000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.Тт 80000 төгрөг, хохирогч М.Мт 300000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө.Т, М.М нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсгай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.