| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00318/И |
| Дугаар | 00466 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 00466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, жанжин 21-364 тоотод оршин суух, Сэргэлэн овогт Батаагийн Ган-Өлзийгийн /ЛЖ83100814 / нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-24-75 тоотод оршин суух, Сартуул овогт Батчулууны Энхболдод /ЛБ82100308/ холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бумаа, хариуцагч Б.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ган-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Б.Ган-Өлзий миний бие Г.Энхболдтой танилцан улмаар 2007 онд албан ёсоор гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү Хэрлэнбаяр маань төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос эхлэн тусдаа амьдрах болж үүнээс хойш хүү маань миний асрамжинд өсөж байна. Одоо бид тус туын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Хэрлэнбаярыг өөрийн асрамжинд авч, эцэг Б.Энхболдоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Дундын ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Хариуцагч Б.Энхболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мини бие Б.Энхболд нь эхнэр Б.Ган-Өлзийгөөс салаад тусдаа 4 жил гаран амьдарч байна. Биднийг таарч тохирохгүй, цаашдаа хамт амьдрах боломжгүй гэж үзэн ээж нь хамаатнаа дагуулан ирж охиноо аваад явсан. 4 жилийн өмнө Б.Ган-Өлзий 1 өрөө байр, машиныг минь залруулж мөнгийг нь аваад явсан, яагаад эд хөрөнгийн асуудалгүй гээд байгаа юм. Би одоогоор аавтайгаа цуг амьдарч байгаа ба одоогоор тогтсон ажилгүй тул хүүхдийн тэтгэмж өгөх бололцоогүй байгаа учир хүүхдийн тэтгэмжийг багаар тогтоож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ган-Өлзий нь хариуцагч Б.Энхболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Энхболд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2007 онд танилцаж, гэр бүл болон 2008 онд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-1069 дугаартай гэрлэлтийн лавлагаа, гэрлэгсдийн дундаас хүү Э.Хэрлэнбаяр 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, ӨЭМТөвийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, Э.Хэрлэнбаярын Г-290 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүү Э.Хэрлэнбаяр нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар болон эд хөрөнгийн талаар зохигчид маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхболдоос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ган-Өлзийд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Сэргэлэн овогт Батаагийн Ган-Өлзий, Сартуул овогт Батчулууны Энхболд нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.Хэрлэнбаярыг эх Б.Ган-Өлзийгийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т зааснаар бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Б.Энхболдоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхболдоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ган-Өлзийд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН