Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЗТ/91

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ундармаа,

Иргэний нэхэмжлэгч Х.Ц,

Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн А.Т-д холбогдох 2026000000082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн А.Т

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т нь “2020 оны 03 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг "*******" гэх газар хот хоорондын асфальтан зам дээр *******гийн эзэмшлийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдалтай бий болгохгүйгээр зорчино.", 3 дугаар бүлгийн 3.1 "... Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: А. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, 12 дугаар бүлгийн 12.3 "... Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Ч нас барсан" гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчид 3000000 төгрөг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Х.Ц-д 3300000 төгрөгийг төлж барагдуулна. Иргэний нэхэмжлэгчтэй тохиролцсон.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэрэг гарахад хажууд нь байгаагүй болохоор хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Хэргийн материалтай танилцсан. Хохиролд 3000000 төгрөг авсан. Үлдсэн 5000000 төгрөгийг нэхэмжлэхгүй.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Х.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Машины хохирол болох 2300000 төгрөг, мөн надаас цалин гэж авсан 1000000 төгрөг, нийт 3300000 төгрөг нэхэмжилнэ. А.Т бид 2 хохирол ярилцаж тохиролцсон. А.Т манай ахын компанид ажиллаад цалингаас нь хохирлоо гаргуулахаар харилцан тохиролцсон. Гомдол саналгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач Д.Ч миний төрсөн аав байгаа юм. Би 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ээж П.С-с аавыг нас барсан талаар мэдсэн. Ээж надад хэлэхдээ аав чинь хөдөө зам дээр явж байгаад осолд орж нас барсан гэж хэлсэн. Талийгаач аав 2016 оноос Ж.Ө гэх хүнтэй “Их наранд” амьдардаг болсон. Тэр хоёр гэрлэлтээ батлуулуулаагүй. Дундаасаа хүүхэдгүй. Талийгаач тодорхой ажил эрхэлдэггүй. Хөдөө явж барилгын ажил хийдэг. Би гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардалд гарсан 8000000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн сэтгэл санааны хохирол байгаа тул хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би А.Т-тай 2019 оны 12 дугаар сард хамт ажиллаж байсан. Тэр үеэс хойш мэддэг болсон. А.Т нь хийж байгаа ажилдаа хичээнгүй сайн, архи  согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй, зан байдлын хувьд ямар нэг илүү дутуу зангүй хүн байгаа юм. Үнэлгээгээр гарсан хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. А.Т-г “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод яв гэж хэн нэгэн хэлээгүй. А.Т өөрөө жолоодоод явсан. Өмнө нь хамт ажилладаг байхад А.Т энэ тээврийн хэрэгслээр ойр зуурын ажилд явдаг байсан. Тийм болохоор жолоодоод хөдлөх үед нь би ямар нэгэн байдлаар хориглоогүй. Хохирлын үнэлгээгээр гарсан 2300000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 500000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 500000 төгрөг ажлын хөлс өгсөн боловч тухайн ажлаа хийгээгүй тул нийт 3300000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,

Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 23 цаг 16 минутын орчимд сумын цагдаа Балжинням миний утас руу залгаад осолд орсон хүн эмнэлэг рүү аваад явж байна гэсэн. Тэгээд 23 цаг 26 минтын орчимд осолд орсон гэх хүнд үзлэг хийхэд ам, хамар болон баруун чихнээс нь цус их хэмжээгээр гарсан байсан бөгөөд зүрх нь зогсож нас барсан байсан. Өөр ил харагдах шарх харагдаагүй. Хувцас нь цус болсон байсан. Нас барсан талаар цагдаад мэдэгдэж цогцос хадгалах өрөөнд хийсэн. Ямар нэг эмчилгээ хийгээгүй. Тэгээд тухайн машины жолоочид нь үзлэг хийж эмнэлэгт авч ирээд өвчин намдаах тайвшруулах эмчилгээ хийж эмнэлэгт хэвтүүлсэн. Ил харагдах шарх байгаагүй. Толгой өвдөнө гэсэн зовиур хэлж байсан. Өглөө хэвлийн ЭХО-д харахад цуллаг эрхтэнд гарсан өөрчлөлтгүй, хэвлийд цус алдсан шинж байхгүй байсан. Нас барсан хүнийг манай сумын цагдаа нар хүргэж ирсэн. Тухайн осолд орсон гэх машины жолооч нь дуу муутай, сэтгэл нь их цочирдсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/,

Гэрч З.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Фэйсбүүкээс сэндвичэн барилга дээр туслах ажилтан авна гэсэн зар хараад Х.Ц захиралтай утсаар нь холбогдоод ярьсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу Х.Ц захирал, Д, Т гэх залуу болон өөр 2 танихгүй хүний хамт гарсан. Улаанбаатар хотоос гарахад “Портер” маркийн автомашиныг нэг хүн унаж авч ирж өгсөн. Тэр унаж ирсэн хүн нь буцаад явсан. “Портер” маркийн автомашин дотор талийгаач болон жолоо барьж байсан Т гэх залуу 2 ирсэн. Өвөрхангай аймаг руу ирэхэд “Портер” маркийн автомашиныг Д жолоодоод би хажууд нь суугаад ирсэн. Улаанбаатар хотоос гараад нэг их хол явалгүй Т буугаад захирлын машинд суусан. Өвөрхангай аймаг руу орж ирээд замын хажуу талын хоолны газар хоол идсэн. Захирал машинтайгаа түрүүлээд ирчихсэн байсан. Хоол идэж дуусаад талийгаач машины чинь паар ажиллахгүй байна уу, даарч байна уу гэж асуусан. Тэгээд ахын 2 дүү захирлын машинд ороод дулаан явчих, 2 ах нь цаашаа “Портер” машинаар явъя гэж хэлсэн. Тэгээд Д бид 2 захирлын машинд суугаад “Портер” маркийн автомашиныг Т жолоодоод, талийгаач хажууд нь суугаад цаашаа хөдөлсөн. Би машинд унтаад явж байтал араас Т "Онхолдчихлоо" гээд Х.Ц руу залгасан гэсэн. Тэгээд бид нар буцаад онхолдчихсон машины хажууд ирэхэд нь би сэрсэн. Би согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Бусад нь хэрэглэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хоол идчихээд хөдлөхөд талийгаачийн хэлсний дагуу Д бид 2 захирлын машинд суугаад “Портер” маркийн автомашиныг Т жолоодоод талийгаач хажууд нь суугаад хөдөлсөн. Осол болсон газар би ойртож очоогүй. Талийгаачийг захирал Х.Ц-н машинтай урд нь суугаад аваад явсан. Т "Яанаа одоо, одоо яах болоо" гээд машин тойроод сандарчихсан гүйгээд байсан. Өвөрхангай аймагт хоол идчихээд хөдлөхөд Т-г машин бариад яв гэж хэн нэгэн нь хэлээгүй, жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг нь мэдээгүй. Д бид 2 дулаахан гээд захирлын машинд суучихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,

Гэрч Б.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би “Unegui.mn”-с ажлын зар харж байтал Х.Ц гэх залуу техникийн засвар, гагнуурын ажилд хүн авна гээд зар тавьсан байсан. Би зарын дагуу 99011608 дугаарын утсаар нь холбогдоод Өвөрхангай аймгийн ******* сум руу гагнуурын ажил хийхээр тохиролцсон. 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 02 цагийн орчимд Улаанбаатар хот Драгоны замын урд талд “Дашваанжил” шатахуун түгээх станц дээр уулзаад би үнэмлэхтэй болохоороо “Портер” маркийн автомашиныг жолоодоод А.Т, С гэх хүмүүсийн хамт Улаанбаатар хотоос гарсан. Постон дээр нэг цагдаа шалгаад подворийн гэрэл асахгүй байна гээд 20000 төгрөгөөр торгуулсан. Тэгээд “Их богд” нэртэй Зоогийн газар хоол идээд хөдөлцгөөсөн. Хөдлөх үед А.Т ах “ахын дүү одоо ядарч байна, дөхчихсөн юм чинь би цаашаа жолоо бариад явъя” гэж хэлсэн. Тэгээд А.Т ах “Портер” маркийн автомашиныг жолоодоод хөдөлсөн. Би халуун машинд ороод унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь “Портер” маркийн автомашин онхолдчихсон хажууд нь ирж байсан. Тэгээд буугаад харахад А.Т ах өвдөглөөд суучихсан талийгаачийг толгой доогуур нь гараа хийгээд өндийлгөөд хэвтүүлчихсэн байсан. Тэгээд би талийгаачийг өргөлцөөд Х.Цын машинд суулгаад эмнэлэг рүү Х.Ц, бүдүүн ах 2 талийгаачийг аваад явсан. Тэгээд цагдаа ирээд хэргийн газрыг хамгаалалтанд авсан. Х.Ц, бүдүүн ах 2 буцаж ирээд нас барчихлаа гэсэн. Би хотоос гараад машин бариад явж байсан учир согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Талийгаач хааяа босож засварчин ахтай юм яриад байсан. “Их богд” цайны газраас хөдлөхөд А.Т ах машин бариад хөдөлсөн. А.Т ах талийгаачийг аваад явсны дараа шороон дээр суучихаад босохгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,

Гэрч М.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 20, 21-ний үед “Unegui.mn” ороод ажлын зар харж байтал "Хөдөө орон нутагт барилга засварлах ажилд ажилтан авна" гэсэн зар тавигдсан байсан. Би зарын дагуу Х.Ц гэх залуутай холбогдоод ажлын талаар асуутал "Өвөрхангай аймагт сэндвичин барилгын засварын ажил байна гэсэн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчимд би Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэгт байх Драгон буудлын замын урд талын “Дашваанжил” ШТС-ын зогсоол дээр ирээд Х.Ц гэх захиралтай уулзсан. Уулзаад байж байтал “Портер” маркийн автомашинтай талийгаач Д.Ч, А.Т нар ирсэн. Тэгээд бид нар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу гарсан. “Портер” маркийн автомашиныг Д гэж дууддаг залуу жолоодоод хотоос гарсан. Дотор нь А.Т, нэрийг нь мэдэхгүй хамт явж байгаа залуу суугаад явсан. Би талийгаачийн хамт Х.Ц захирлын машинд суугаад захирал машинаа жолоодоод Улаанбаатар хотоос гарсан. “Атар” гэх газрын ойролцоо явж байтал “Портер” маркийн автомашины ус нь тургичихлаа гээд захирал руу ярьсан. Тэгээд тосол нэмж хийгээд хөдөлсөн. А.Т захирлын машинд суусан. Лүн сум ороод авто засварын газар очоод “Портер” маркийн автомашинаа засуулж дуусаад үдээс хойш 15-16 цагийн орчимд хөдөлсөн. “Портер” маркийн автомашиныг Д жолоодож явсан. Орой 18-19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирсэн. Тэгээд “Их богд” гэх цайны газарт хоол идсэн. Хоол идэж дуусаад гарч ирээд “Портер” маркийн автомашиныг А.Т жолоодоод талийгаач Д.Ч хажууд нь суугаад хөдөлсөн. Портерийн онхолдсон байсан газрын наад талын давааны орчимд бид нар “Портер” маркийн автомашиныг гүйцэж түрүүлсэн. Тэгсэн А.Т Х.Ц захирлын утас руу залгаад машин уначихлаа Ч ахын бие жаахан тааруу байна гэж хэлсэн. Бид нарыг буцаад очиход “Портер” маркийн автомашин замын хажуу тал руу онхолдчихсон, А.Т хөлөө жийгээд суучихсан, талийгаачийн хамар ам нь цусаар дүүрсэн, баруун талын чихнээс нь их цус гарч байсан. Хооронд ярилцаад гялс эмнэлэг явъя гээд захирал Х.Ц-н машинтай бид хоёр талийгаачийг аваад Өвөрхангай аймгийн ******* сумын эмнэлэг явсан. Тэгээд эмч үзлэг хийгээд нас барсан байна гэсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бусад хүмүүс архи уусан байсан эсэхийг би мэдэхгүй байна. “Их богд” цайны газраас хөдөлхөд “Портер” маркийн автомашиныг А.Т жолоодоод талийгаач хажууд нь суугаад хөдөлсөн. Осол болсон газар анх очиход А.Т их сандарсан байсан. А.Т-д ямар нэгэн ил харагдах шарх харагдаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

Гэрч Х.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр барилга дээр ажиллах хүмүүстэйгээ утсаар яриад Таван шарын “Дашваанжил” ШТС дээр цуглараад “Портер” маркийн автомашин дээр барилгын угсардаг шат болон бусад багажаа ачаад Д гэж дууддаг И гэдэг залуугаар машин жолоодуулаад дотор нь Т, О нар, би өөрийнхөө 05-73 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодоод Ч ах, Ц нарын хамт Улаанбаатар хотоос гарцгаасан. “Портер” маркийн автомашиныг Өвархангай аймгийн Авайхээр сумын “Их богд” цайны газар хүртэл Ихэрбаяр жолоодсон. “*******” зоогийн газар хамт хоол идээд цааш хөдөлцгөөсөн. “*******” зоогийн газраас хоол хөдлөхөд “Портер” маркийн автомашиныг А.Т жолоодоод Д.Ч ах хажууд нь суугаад хөдөлсөн. Тэгээд Өвөрхангай аймгийн ******* сумын гуанзнууд харагдаад явж байтал А.Т над руу залгаад онхолдчихлоо Д.Ч ахын бие тааруу байна гэсэн. Бид нар буцаад очтол “Портер” маркийн автомашин замын хойд тал руу хажуугаараа уначихсан А.Т газар өвөр дээрээ Д.Ч ахын толгойг тавиад сууж байсан. Би очоод шууд л эмнэлэг рүү авч явъя гээд машинаа замын хажуу руу буулгаад арын суудалд талийгаачийг хэвтүүлээд урд Цогоо суугаад Өвөрхангай аймгийн ******* сум руу хөдөлсөн. Өвөрхангай аймгийн ******* сумын эмнэлэг дээр очоод эмч үзлэг хийгээд нас барчихсан байна гэж хэлсэн. Бид нар замд явж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх, хэн нэг нь уусан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Осол болсон газар анх очиход А.Т их сандарсан байсан. “Портер” маркийн автомашин манай аав С.*******гийн нэр дээр байдаг. Би ажил хийхдээ ашигладаг юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 хуудас/,

Гэрч Ү.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би арав гаруй хоногийн өмнө талийгаачтай холбоо барьсан. Тэр үед талийгаач миний ******* дугаарын гар утас руу залгаад "хөдөө Дундговь аймаг руу ямаа самнахаар явна. Тэгээд дараа нь очиж золгоно" гэж хэлж байсан. Түүнээс хойш холбоо байриагүй. Тэгсэн 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр миний хамгийн бага дүү Д.Х над руу залгаад Ч ах аваарт ороод нас барсан байна гэж хэлсэн. Тэр үед яг хаана осолдсон талаар нь хэлээгүй. Талийгаач төрсөн 2 охинтой би нэрийг нь санахгүй байна. Бага охин нь Улаанбаатар хотод, том охин нь гадаад яваад л байж байдаг гэсэн. Би өчигдөр бага охинтой нь Улаанбаатар хотод талийгаачийн хотод байдаг гэрт нь уулзсан. 2 охины ээж арав гаруй жилийн өмнө талийгаачаас салчихсан. Сүүлд өөр эхнэртэй болсон байсан. Тэр эхнэртэйгээ Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороонд байх Улаанчулуутын хогийн цэгийн урд талд хамт амьдардаг. Би хамт явсан хүмүүсийг нь танихгүй. Зүгээр байж байгаад аваарт орж нас барсанд нь гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,

Гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр "Баасан" гаригт өглөө 09 цаг 30 минутын орчимд талийгаач миний гар утас руу өөрийнхөө утаснаас залгаад Өвөрхангай аймгийн ******* сум руу ажлаар явж байна. Лүн сум орох гээд явж байна гэж хэлсэн. Түүнээс хойш холбоо бариагүй. Тэгсэн 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай бага дүү Д.Х миний утас руу залгаад Ч ах нас барсан байна гэж хэлсэн. Талийгаач Ундрах, Ундармаа гэдэг 2 охинтой. 2 охин нь өмнө нь сууж байсан С гэх хүүхнээс нь гарсан тэр эхнэрээсээ салаад нилээн удаж байгаа. Сүүлд 3-4 жилийн өмнөөс Өлзий гэх хүүхэнтэй хамт амьдардаг болсон. Тухайн үед хамт явсан хүмүүсийг нь би танихгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.Т Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. А.Т аав, ээжээсээ тусдаа гараад Дундговь аймаг руу явж байсан. Ихэвчлэн барилгын ажил хийдэг. Олон хүүхэдтэй айлын дунд хүүхэд болохоор их ажилсаг хүн байгаа юм. Хэрэг болсноос хойш сэтгэлээр унаад, их гэмшиж, харамсаж байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/,

Гэрч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.Т миний нөхөр, бид хоёр 2012 оноос хойш хамтдаа Дундговь аймагт амьдарч байгаа, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Улаанбаатар хотод байхдаа танилцаад тэр үед А.Т хувиараа барилгын ажил хийдэг байсан. Одоо ч бас барилгын ажил гарвал хийдэг. Зан байдлын хувьд даруу төлөв зантай, илүү зан байхгүй, архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглэдэггүй, их ажилсаг ямар ч ажлыг хийж чаддаг, хүнд тусархуу хүн. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймагт байж байгаад Өвөрхангай аймаг явж талийгаач Д.Ч-н хамт ажил хийнэ гээд гарсан. Тэгсэн А.Т хэрэг болсны дараа нь миний утас руу залгаад бид хоёр машинтай явж байгаад осолд орчихлоо эмнэлэг дээр байна гэж л хэлсэн. Маргааш нь Д.Ч ах нас барчихлаа гэж хэлсэн. Би машин барьж явж байсан Д.Ч ах хажууд суугаад явж байсан юм. Тэгээд онхолдоод нас барчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд сэтгэл санаа нь маш хүнд байх шиг байсан. Манай нөхөр талийгаачтай хамт ажил хийх гээд явдаг. Хоорондоо их эвтэй байдаг байсан. Нэг нь ажил олохоороо хэлээд хамт явдаг байсан. Одоо болсон явдалд харамсаад “би яах гэж машин барьж явав даа” гээд л гэмшээд байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/,

Шүүгдэгч А.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Тухайн осол болох үед 50 километр цагийн хурдтай явж байсан байх. Хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №24 дугаартай шинжээчийн:

    1.Талийгаач Д.Ч-н цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дух, суурь ясны бяцарсан хугарал, уушигны эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсанд доорхи тархмал цус харвалт. Элэгний 8.4.5 дугаар сегминтын урагдал, баруун гарын шуу ясны далд хугарал. Дух, баруун, зүүн чамархай, баруун, зүүн хацрын төвгөр, баруун, зүүн нүдний зовхи, баруун шанаа, баруун хөмсөг баруун чих, баруун эрүүнд доод эрүү, баруун тохойн баруун гарын сарвуу хэсэгт шарх, "зулгарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой бөгөөд гавлын дух, суурь ясны бяцарсан хугарал, уушигны эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Элэгний 8,4,5 дугаар сегминтын урагдал гэмтлүүд нь шууд үхэлд нөлөөлсөн болно.

4.Талийгаач Д.Ч нь авто ослын хавсарсан гэмтэл болох гавлын суурь яс, дух яс, аалзан хальсан доорх цус харвалт, уушиг, элэгний эдийн няцралын улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-74 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №2088 дугаартай шинжээчийн:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “А.Т 36н эр ВО84050719” гэж хаягласан цусанд спирт илрээгүй. Өвөрхангай Дорж Ч нас 51 эр” гэж хаягласан 2.4 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2.4 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 83-84 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №2089 дугаартай шинжээчийн:

1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Ч-н гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.

2. Куртикны хэсэгт гэсэн цаасанд боосон саарал эрээн өнгийн куртик, хөрс шороо гэсэн цаасанд боосон шороон дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр О /I/ бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 91-92 хуудас/,

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.А-н гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай техникийн шинжээчийн:

Хавтаст хэргийн материалд авагдсан Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Б хийсэн хэргийн үзлэгийн тэмдэглэл,    Криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад Э.Н-н ослын газраас бэхжүүлж авсан фото зураг, зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.*******гийн хийсэн ослын хэмжилтийн бүдүүвч, Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Б-н гаргасан №2088 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн гаргасан №154 дугаартай дүгнэлт, гэрч Х.Ц, З.О, Б.И,  М.Ц, М.Б, З.Ц, А.Т  нарын  өгсөн  мэдүүлэг зэрэг материалд  авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд: 1. 1.2.17. "Зам тээврийн осол" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг; /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн 3.1.6. "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг/ хэлнэ гэх тул уг хэрэг нь зам тээврийн осол мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

       2.“Портер” маркийн машиныг жолоодож А.Т нь замын хөдөлгөөний дүрмийн: 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/

 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.

              3.Тээврийн хэрэгслийн хурдыг хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад тодорхойлох боломжгүй байна.

              4.Тухайн зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байх үндэслэл  тогтоогдохгүй  байна.  Тээврийн  хэрэгслийн  бүрэн  бүтэн байдал нөлөөлсөн эсэхийг Автотээврийн төвд тусгай стендээр тогтоох боломжтой.

              5.Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Х-н гаргасан ослын акт үндэслэлтэй байна.

              6.Зам тээврийн осол гарахад 35-69 УБЛ улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг жолоодож явсан А.Т-н замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.“ гэсэн дүгнэлт /хх-ийн 100 хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/04 дугаартай “Портер” маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ 2300000 төгрөг” гэсэн  үнэлгээний тайлан /хх-ийн 106-112 хуудас/,

        2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13 хуудас/,

        2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 14-19 хуудас/,

        2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн цогцос болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-27 хуудас/,

        Мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн, “Портер" маркийн автомашин болон №02468903 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол /хх-ийн 28-30 хуудас/,  

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2026000000082 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1-2 хуудас/,

Шүүгдэгч А.Т-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-113 хуудас/, багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 74 дугаартай тодорхойлолт /хх-118 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119 хуудас/,

Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №0340538 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч А.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдалтай бий болгохгүйгээр зорчино.", 3 дугаар бүлгийн 3.1 "... Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: А. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, 12 дугаар бүлгийн 12.3 "... Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Алтан-Эрдэнийн гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай техникийн шинжээчийн дүнэлт, 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт зэргээр,

    Шүүгдэгч А.Т-н үйлдсэн гэмт хэргийн улмаас талийгаач Д.Ч-н эрүүл мэндэд “гавлын дух, суурь ясны бяцарсан хугарал, уушигны эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, элэгний 8, 4, 5 дугаар сегминтын урагдал, баруун гарын шуу ясны далд хугарал, дух, баруун, зүүн чамархай, баруун, зүүн хацрын төвгөр, баруун, зүүн нүдний зовхи, баруун шанаа, баруун хөмсөг баруун чих, баруун эрүүнд,  доод эрүү, баруун тохойн баруун гарын сарвуу хэсэгт шарх, зулгарал, цус хуралт бүхий хүнд хохирол учирсан бөгөөд Д.Ч нь авто ослын хавсарсан гэмтэл болох гавлын суурь яс, дух яс, аалзан хальсан доорх цус харвалт, уушиг, элэгний эдийн няцралын бүхий хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №24 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр,

Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2088 дугаартай шинжээчийн  “А.Т 36 н эр ВО84050719” гэж хаягласан цусанд спирт илрээгүй.” гэсэн дүгнэлт, цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн №277014 гэсэн жолоочийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-144/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Т нь 2020 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг "*******" гэх газар хот хоорондын асфальтан замд “Портер” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3, 3 дугаар бүлгийн 3.1, 12 дугаар бүлгийн 12.3 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг машинд зорчиж явсан Д.Ч-н амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч А.Т нь дээрх  гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У-н “...хэрэг гарахад хажууд нь байгаагүй болохоор хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Хэргийн материалтай танилцсан. Хохиролд 3000000 төгрөг авсан. Үлдсэн 5000000 төгрөгийг нэхэмжлэхгүй”,

Иргэний нэхэмжлэгч Х.Ц-н “...Машины хохирол болох 2300000 төгрөг, мөн надаас цалин гэж авсан 1000000 төгрөг, нийт 3300000 төгрөг нэхэмжилнэ. А.Т бид 2 хохирол ярилцаж тохиролцсон. А.Т манай ахын компанид ажиллаад цалингаас нь хохирлоо гаргуулахаар харилцан тохиролцсон. Гомдол саналгүй.” Гэсэн мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ундармаагийн “...Талийгаач Д.Ч бол миний төрсөн аав байгаа юм. Би 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ээж П.С-с аавыг нас барсан талаар мэдсэн. Ээж надад хэлэхдээ аав чинь хөдөө зам дээр явж байгаад осолд орж нас барсан гэж хэлсэн. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 /,

 Гэрч Х.Ц-н “...2020 оны 03 дугаар сарын 28-ны шөнө таван шарын Дашваанжил колонк дээр цуглараад Портер дээр барилгын угсардаг шат болон бусад багажаа авчаад Д гэж дууддаг И гэдэг залуугаар жолоодуулаад Протер дотор Т, О  нар, би өөрийнхөө машиныг жолоодоод Ч ах, Ц нарын хамт гарцгаасан. ...Портер машиныг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Их богд цайны газар хүртэл И жолоодсон.Их богд дээр хоол идчихээд хөдлөхөд Протер машиныг Т жолоодоод Ч ах хажууд нь суугаад хөдөлсөн. ...******* сумын гуанзнууд харагдаад явж байтал Т араас өөрийнхөө утсаар залгаад онхолдчихлоо, Ч ахын бие тааруу байна гээд ярьсан. Буцаад очтол Протер замын хойд тал руу хажуугаараа уначихсан, Тайванаа суучихсан өвөр дээрээ Ч ахын толгойг тавиад сууж байсан. ...Эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд нас барсан байна гэсэн. Протер машин манай аав С.Х-н нэр дээр байдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/, 

Иргэний нэхэмжлэгч Х.Ц-н “...Үнэлгээгээр гарсан хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын үнэлгээгээр гарсан 2300000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 500000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 500000 төгрөг ажлын хөлс өгсөн боловч тухайн ажлаа хийгээгүй тул нийт 3300000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 /,

 Гэрч А.Б-н “...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 23 цаг 16 минутын орчимд сумын цагдаа Б миний утас руу залгаад осолд орсон хүн эмнэлэг рүү аваад явж байна гэсэн. Тэгээд 23 цаг 26 минтын орчимд осолд орсон гэх хүнд үзлэг хийхэд ам, хамар болон баруун чихнээс нь цус их хэмжээгээр гарсан байсан бөгөөд зүрх нь зогсож нас барсан байсан. Өөр ил харагдах шарх харагдаагүй. Хувцас нь цус болсон байсан. Ямар нэг эмчилгээ хийгээгүй. Тухайн машины жолоочид нь үзлэг хийж эмнэлэгт авч ирээд өвчин намдаах тайвшруулах эмчилгээ хийж эмнэлэгт хэвтүүлсэн. Ил харагдах шарх байгаагүй. Толгой өвдөнө гэсэн зовиур хэлж байсан. Өглөө хэвийн ЭХО-д харахад цуллаг эрхтэнд гарсан өөрчлөлтгүй, хэвлийд цус алдсан шинж байхгүй байсан. Тухайн осолд орсон гэх машины жолооч нь дуу муутай, сэтгэл нь их цочирдсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 /,

Гэрч З.О-н “...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу ******* захирал, Д, Т гэх залуу болон өөр 2 танихгүй хүний хамт гарсан. Өвөрхангай аймаг руу ирэхэд “Портер” маркийн автомашиныг Д жолоодоод би хажууд нь суугаад ирсэн. Өвөрхангай аймаг руу орж ирээд замын хажуу талын хоолны газар хоол идсэн. Хоол идэж дуусаад талийгаач машины чинь паар ажиллахгүй байна уу даарч байна уу гэж асуусан. Тэгээд ахын 2 дүү захирлын машинд ороод дулаан явчих 2 ах нь цаашаа “Портер”-оор явъя гэж хэлсэн. Тэгээд Д бид 2 захирлын машинд суугаад “Портер” маркийн автомашиныг Т жолоодоод талийгаач хажууд нь суугаад цаашаа хөдөлсөн. Би машинд унтаад явж байтал араас Т "Онхолдчихлооо" гээд ******* руу залгасан гэсэн. Талийгаачийг захирал *******ын машинтай урд нь суугаад явсан. Т "Яанаа одоо, одоо яах болоо" гээд машин тойроод сандарчихсан гүйгээд байсан. Өвөрхангай аймагт хоол идчихээд хөдлөхөд Тг машин бариад яв гэж хэн нэгэн нь хэлээгүй, жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг нь мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,

Гэрч Б.И-н “...Өвөрхангай аймгийн ******* сум руу гагнуурын ажил хийхээр тохиролцсон. 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 02 цагийн орчимд Улаанбаатар хот Драгоны замын урд талд “Дашваанжил” шатахуун түгээх станц дээр уулзаад би үнэмлэхтэй болохоороо “Портер” маркийн автомашиныг жолоодоод Т, С гэх залуу нарын хамт Улаанбаатар хотоос гарсан. Өвөрхангай аймгийн төв рүү орж ирээд “Их богд” нэртэй Зоогийн газар хоол идээд хөдөлцгөөсөн. Хөдлөх үед Т ах, ахын дүү одоо ядарж байна дөхчихсөн юм чинь би цаашаа жолоо бариад явъя гэж хэлсэн. Тэгээд Т ах “Портер” маркийн автомашиныг жолоодоод хөдөлсөн. Нэг сэрсэн чинь “Портер” маркийн автомашин онхолдчихсон хажууд нь ирж байсан. Тэгээд буугаад харахад Тайванжаргал ах өвдөглөөд суучихсан талийгаачийг толгойн доогуур нь гараа хийгээд өндийлгээд хэвтүүлчихсэн байсан. Тэгээд би талийгаачийг өргөлцөөд *******ын машинд суулгаад эмнэлэг рүү *******, бүдүүн ах 2 талийгаачийг аваад явсан. А.Т ах талийгаачийг аваад явсны дараа шороон дээр суучихаад босохгүй байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Гэрч М.Ц-н “...Бид нар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу гарсан. “Портер” маркийн автомашиныг Д гэж дууддаг залуу жолоодсон. Орой 18-19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирсэн. Тэгээд “Их богд” гэх цайны газарт хоол идсэн. Хоол идэж дуусаад гарч ирээд “Портер” маркийн автомашиныг Тайванжаргал жолоодоод талийгаач Д.Ч хажууд нь суугаад хөдөлсөн. Тэгсэн А.Т ******* захирлын утас руу залгаад машин уначихлаа Ч ахын бие жаахан тааруу байна гэж хэлсэн. Бид нарыг буцаад очиход “Портер” маркийн автомашин замын хажуу тал руу онхолдчихсон, А.Т хөлөө жийгээд суучихсан, талийгаачийн хамар ам нь цусаар дүүрсэн, баруун талын чихнээс нь их цус гарч байсан. Эмч үзлэг хийгээд нас барсан байна гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 /,

Гэрч Б.Ө-н “...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймагт байж байгаад Өвөрхангай аймаг явж талийгаач Д.Ч-н хамт ажил хийнэ гээд гарсан. А.Т хэрэг болсны дараа нь миний утас руу залгаад бид хоёр машинтай явж байгаад осолд орчихлоо, эмнэлэг дээр байна гэж л хэлсэн. Маргааш нь Д.Ч ах нас барчихлаа гэж хэлсэн. Би машин барьж явж байсан. Д.Ч ах хажууд суугаад явж байсан, онхолдоод нас барчихлаа гэж хэлсэн. Манай нөхөр талийгаачтай хамт ажил хийх гээд явдаг хоорондоо их эвтэй байдаг байсан. Нэг нь ажил олохоороо хэлээд хамт явдаг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/,

Шүүгдэгч А.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Тухайн осол болох үед 50 километр цагийн хурдтай явж байсан байх. Хохирлоо төлсөн, гэм буруу хүлээж хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 /,

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.А-н 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-100 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-74 хуудас/,

       Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13 хуудас/,

      Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-14-19 хуудас/,

       Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн цогцос болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-27 хуудас/,

        Мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 35-69 УБЛ улсын дугаартай, “Портер" маркийн автомашин болон №02468903 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол /хх-ийн 28-30 хуудас/,  

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2026000000082 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1-2 хуудас/ зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхээс шүүгдэгч А.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч А.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-119/,

Гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2088 дугаартай шинжээчийн “А.Т 36 н эр ВО84050719” гэж хаягласан цусанд спирт илрээгүй.” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

 “Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь Боржигон овгийн С.Х-н өмчлөлийнх бөгөөд С.Х нь  уг автомашинтай холбоотой төлбөр тооцоо хийх, хүлээн авах авах үйлдэл хийх бүрэн эрхийг  өөрийн хүү Х.Цд  олгосон болох нь №02468903 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №0067 дугаартай итгэмжлэл зэргээр тогтоогдож байх тул  Х.Ц-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Т нь иргэний нэхэмжлэгч Х.Ц-н нэхэмжилсэн 3300000 төгрөгийг түүний ахын компанид ажиллаж, цалингаасаа нөхөн төлөхөөр харилцан тохиролцсон, шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь иргэний нэхэмжлэгч Х.Ц, шүүгдэгч А.Т нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У нь хохиролд 3000000 төгрөг авсан, бөгөөд 5000000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхийн хэлэцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Т-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ундармаад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүгдэгч А.Т нь ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, хүнд өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан эхнэрээ асран хамгаалдаг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №0340538 дугаартай шийдвэр, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 74 дугаартай багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч  А.Т нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгуулах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж  шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Т-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн ”Портер”  маркийн автомашинд 2300000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/04 дугаартай үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Т-с 2300000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо 12-29 тоотод оршин суух хаягтай иргэний нэхэмжлэгч Х.Ц-д олгож,

Харин иргэний нэхэмжлэгч Х.Ц-н нэхэмжилсэн шүүгдэгч А.Т-д өгсөн ажлын хөлс болох 1000000 төгрөгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн”Портер”  маркийн автомашин, уг тээврийн хэрэгслийн №02468903 дугаартай гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  иргэний нэхэмжлэгч Х.Ц-д буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У-д төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Х.Ц нь гомдол саналгүй гэсэн болохыг,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн А.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  шүүгдэгч А.Т-д   тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч А.Т-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Таас 2300000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо 12-29 тоотод оршин суух хаягтай Х.Ц-д олгож, иргэний нэхэмжлэгч Х.Цын нэхэмжилсэн ажлын хөлс болох 1000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч  нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.                      

8. Шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У-д хохиролд 3000000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ундармаа нь 5000000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ундармаад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Х.Ц нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, “Портер" маркийн автомашин болон №02468903 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг иргэний нэхэмжлэгч Х.Ц-д буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.