| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00343/И |
| Дугаар | 00465 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 00465
ариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-5-50 тоотод оршин суух, Хотон эмгэн овогт Тогтохын Оюунаагийн /ФМ62011469/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 4-р цэцэрлэгт холбогдох
“Ажилласан хугацааны цалин болох 750,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Оюунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь улсад 36 жил буюу 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаад тэтгэвэрт гарсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 24-нд тэтгэвэрээ тогтоолгож боловсролын тухай хуулинд заасан тэтгэмж авсан. Улмаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Минжид хичээлийн жил дуустал буюу 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах хүсэлт гаргасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 тоот тушаал гарч 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллахаар болж 02 дугаар сард бүтэн ажилласан юм. Гэтэл цалин буух болоход нягтлан бодогч Оюунцэцэг төрийн сан тэтгэмж авсан багшид цалин өгч болохгүй гэсэн гээд цалинг минь өгсөнгүй. Би 2 дугаар сард хүүхдийн дунд зохион байгуулах сургалт үйл ажиллагааг тасралтгүй явуулж сардаа 601 хүүхэд хүлээн авсан ба төлөвлөгөөг 120 хвиар биелүүлж ажилласан болно. Иймд миний ажилласан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: 4-р цэцэрлэгийн нягтлан бодогч Оюунцэцэг нь миний 2-р сард ажилласан цалинг буруу бодож гаргасан гэж үзэж байна. Оюунцэцэг нь 2014 онд тус цэцэрлэгт нягтлан бодогчоор ирж байсан. Мэргэжлийн ажилдаа муу чадваргүй байсан учир би нэг удаа муудалцаж байсанюм. Гэтэл энэ надтай нэг удаа хэрэлдэж байсан гээд чадна гэдгээ эрхлэгчид хэлж байсан. Ингээд хувийн өс хонзонгоор иргэн миний бүтэн ажилласан хөдөлмөрийн хөлсийг өгөхгүй гэж албан тушаалаа урвуулан ашиглаж байна. Байгууллагын дээд эрх эрхлэгчид байдаг байтал Оюунцэцэг ньтөрийн сангийн нэрийг барин эрхлэгчээс дээгүүр эрхтэй хүн болж албан хаагчийн цалинг өгөхгүй байна гэж үзэж байна. Би 02 дугаар сард 18 хоног ажиллаж илүү цагтайгаа нийлээд 750,000 төгрөгний цалин авах ёстой гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Багш Тогтох овогтой Оюунаа нь 2016-2017 оны хичээлийн жилд 2 настай бага бүлэг даан авч ажиллаж байгаа учраас ажлын зайлшгүй шаардлагаар 6-р сарын 01 хүртэл буюу хичээлийн жилийг дуустал ажиллуулах шийдвэрийг гаргаж 1-р сарын 26-өдрийн 09 тоот тушаалаар 6-р сарын 01 хүртэл ажилуулахаар томилж 2- р сарыг дуустал ажлуулсан. Гэвч төрийн сан болон ня-бо Оюунцэцэг нар нь тэтгэмж авсан багшид цалин олгохгүй гээд цалинг олгуулаагүй нийт багш ажилчдын цалинг олгохгүй шахалт дарамт үзүүлээд байсан тул цагаан сарын баяр дөхсөн багш ажилчдын эрх ашгийг бодож багш Т.Оюунаагийн цалинг хасан төрийн сан руу цалинг бичиж явуулсан байгаа.
Багш Т.Оюунаагийн оронд өөр багш ажлаагүй цалингийн сан дотороо орон тоогоороо багтаж байгаа учраас багш Т.Оюунаад 2-р сарын цалинг олгох ёстой. Боловсролын салбарт 36 жил тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа багшид сүүлийн сарын цалин хөлсийг ажилласаар байхад нь олголгүй ёс зүй сэтгэл санааны дарамт үзүүлж тэтгэвэрт нь гаргаж байгаадаа төрийн сангийн ажиллагсадын өмнөөс хүлцэл өчих байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Оюунаа нь хариуцагч 4р цэцэрлэгт холбогдуулан “Ажилласан хугацааны цалин 750,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх шатанд хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 750,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Оюунаагийн 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 4-р цэцэрлэг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, 4-р цэцэрлэгээс 22,550 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Хариуцагч 4-р цэцэрлэг Т.Оюунаагийн 750,000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН