Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЗТ/97

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,                                                     

Хохирогч, шүүгдэгч Б.С, Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Б.Ц,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Б.С нарт  холбогдох 2026000270092 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Б.Ц

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Б.С

Үйлдсэн хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Б.С-н гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун чамархай, баруун шанаа, баруун зүүн чих, баруун доод эрүү, хүзүү, хоолой, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул, цээж, аюулхай, хэвлий, зүүн дал, зүүн гарын бугалгад зулгаралт, цус хуралт, зүүн гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үед шарх, баруун гарын тохой, бүсэлхий, зүүн хөлийн гуя хэсэгт зулгаралт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн хохирогч Б.С-н гэрт түүний эзэмшлийн “Samsung Galaxy-S6” маркийн, хохирогч Д.С-н эзэмшлийн “Samsung Galaxy-S5” маркийн гар утаснуудыг шидэж 330000 төгрөгийн, мөн “Хаан банкны” виза картыг хугалсны улмаас 10000 төгрөгийн буюу нийт бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд зүйлийг санаатайгаар устгаж гэмтээсэн,

Шүүгдэгч Б.С нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд өөрийн гэртээ хохирогч Б.Ц-г зодож эрүүл мэндэд нь доод эрүүнд баруун 2 дугаар шүдний хагас мултрал /4 тийш ганхсан хөдөлгөөнтэй/, баруун гарын шуу хэсэгт сорви бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогч Д.С-д 180000 төгрөг төлсөн. Хохирогч Б.Ст 150000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна.” гэв.

Шүүгдэгч Б.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

Хохирогч Б.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Б.С ах агсраад байхаар нь боль гээд дарсан чинь намайг цохиод түүнээс болоод миний шүд хөдөлсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

Хохирогч Б.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Үнэлгээгээр гарсан гар утасны үнэ болох 150000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Виза картны 10000 төгрөгөө нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй.” гэв.

            Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болсон асуудал байгаа юм. Тухайн үед манай төрсөн дүү Б.Ц нөхөр Б болон 2 хүүхдийн хамтаар манай гэрт амьдардаг байсан юм. Тэр өдөр миний төрсөн өдөр байсан. Б.Ц нөхөртөйгээ нэг шил архи авч өгсөн байсныг нь орой задлаад уусан юм. Тэрнээс өмнө нь Б-н эгчээс Ц-д айлд байх хэцүү байна, түлээ түлшгүй, энэ тэр гэх зүйлийг ярьж хэлсэн байсан учраас тэрийг нь би Б.Ц-д “яагаад тэгж яриад яваад байгаа юм, тийм л хэцүү байгаа юм бол тэрийгээ хэлэхэд яадаг юм” гэж хэлсэн чинь Б.Ц нөхөр бид хоёр тэгж хэлээгүй гэхээр нь би та хоёроос өөр ямар хүн тэгж хэлдэг юм гэж хэлээд түүнээс болоод маргалдсан. Тэгээд би босоод ирэхэд манайд байдаг Н гэх залуу намайг хориод дараад авсан. Тэгсэн Б.Ц миний нүүр рүү өшиглөөд, хамар хэсгээс цус гаргасан. Энэ үед гаднаас манай эхнэр болон Б.Ц-н нөхөр Б хоёр орж ирсэн. Б.Ц-н нөхөр эхнэрээ өмөөрөөд намайг багалзуурдаад орон дээр дараад авсан. Энэ үед Б.Ц хажуугаар нь орж ирээд миний зүүн гарын долоовор хурууны урд үе хэсгээр  хазаад энд тэндээс маажиж самардаад байсан. Тухайн үед эхнэрийн “Samsung galaxy S6” маркийн гар утас, миний өөрийн эзэмшлийн “Samsung-А5” маркийн гар утаснуудыг авч шидээд байсан. Дараа нь харахад бид хоёрын утас эвдэрчихсэн, ямар ч ашиглах боломжгүй болчихсон. Миний зүүн гарын долоовор хуруу урд үе хэсгээрээ хазуулаад гэмтсэн. Тухайн үедээ миний нүүр болон нуруу цээж хэсэг тэр чигтээ маажуулаад сорви тогтсон байсан. Одоо эдгэрээд арилчихсан. Би ямар нэг байдлаар Б.Ц, Б нарт гар хүрээгүй. Б намайг орон дээр багалзуурдаад дарчихсан байсан болохоор хөдлөх боломжгүй байсан.  Энэ хэрэг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай гэр дотор болсон. Би гомдолтой байна өөрт учирсан хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

Хохирогч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ хэргийн талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар ярьсан учраас дахиж нэмж яриад байх зүйл байхгүй. Миний доод эрүүний нэг шүд ганхаж хөдөлсөн, мөн баруун гарын  шуу хэсэгт арьс нь улайж зулгарсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 61 хуудас/,

Хохирогч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай нөхрийн төрсөн өдөр болсон. Нөхрийн дүү Б.Ц, нөхөр Б-н хамт манай нөхөрт төрсөн өдрийн бэлэг гэж 1 шил архи авч өгсөн юм. Тэгээд архийг нь уугаад сууж байх үедээ манай нөхөр урьд нь сонссон байсан "айлд байх хэцүү байна, хоол унд, түлээ түлшгүй байх юм " гэсэн ярианы талаар яриад тийм хэцүү байгаа юм уу гээд Б.Ц-д хэлсэн юм. Тэгсэн Б.Ц, Б хоёр бид хоёр тэгж яриагүй гээд байсан. Тэр асуудлаас болоод Б.Ц уурлаад манай нөхрийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн манай нөхөр уурлаад тэгж ярьсан л байна шүү дээ гээд босоод ирсэн. Өөдөөс нь Б.Ц бас босоод ирсэн чинь манай гэрт байдаг Нэргүйбалдан гэж хүүхэд гүйж ирээд манай нөхрийг барьж аваад ор руу суулгах гээд хорьсон. Тэр үед Б.Ц хорьж байгаа хүний хоёр талаар гарч ирээд манай нөхөр Б.С-г цохиод байсан. Тэгж байснаа Б.Ц гэрт байсан бурхан тахилыг авч шидээд хоёр унь хугалаад оёдлын машин дээр байсан миний гар утсыг аваад энэ хэний утас юм гэж асуухаар нь би миний утас гэсэн чинь гэрийн үүд рүү шидсэн. Бид хоёрын утас Samsung A5, Samsung-A6, маркийн утаснууд байсан. Одоо ажиллахгүй байгаа. Мөн тухайн үед Б.Ц миний виза картыг хугалсан. Машины түлхүүр, виза карт, мөнгө гурваа би куртикны нэг халаасанд хамт хийсэн байсан юм. Виза картыг нь Б.Ц хугалаад манай нөхөр рүү шидэж байсан. Тухайн үед миний биед учирсан гэмтэл байхгүй. Манай нөхрийн долоовор хурууг нь Б.Ц хазаад эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан. Мөн гар хуруу, нүүр амыг нь маажсан байсан. Б.С Б.Ц-г цохьсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 57-58 хуудас/,

Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр Б.Ц-н төрсөн ах Б.С-н төрсөн өдөр болоод эхнэр бид хоёр нэг шил архи авч өгсөн. Тэр өдөр Улаанбаатар хотод барилгын ажил хийгээд ажлын хөлс 2 сая гаран төгрөг дансанд орсон байсан. Тухайн үед эхнэр бид хоёр Б.С ахын гэрт нь хамт амьдарч байсан юм. Б.С согтоод хөзөр тоглож байхад над руу агсан тавиад байсан. Тэр үед уусан архи дуусаад дэлгүүрээс дахиад 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад ирсэн байсан. Б.С ахыг уурлаад байхаар нь би гараад машин дотор ороод суучихсан. Манай эхнэр Б.Ц, Б.С ахыг аргадах гээд орон дээр нь хамт суучихсан байсан. Намайг гадаа байж байхад эхнэр Д.С нь гарч ирээд архи уусан хүний зан юм чинь зөвөөр ойлгоорой гээд байсан. Удалгүй гэр дотор манай эхнэр орилоод байхаар нь би яваад ороход эхнэр Б.С миний шүд рүү мөргөчихсөн гээд үүдэн шүд нь хөдөлчихсөн,  Б.С тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Би Б.С ахыг дараад хэвтүүлсэн чинь намайг нийлж зодлоо гээд орилоод байхаар нь босгосон. Эхнэр уурлаж байхдаа Д.С-н хар өнгийн гар утсыг нь аваад шидчих шиг болсон. Тухайн үедээ сайн анзаарч хараагүй. Намайг гэрт орсноос хойш ямар нэг зодоон гэх зүйл болоогүй, хэрэлдээд байсан. Б.С, Б.Ц-н нүүр рүү нь мөргөөд шүдийг нь гэмтээсэн байсан. Өөр гэмтэл байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 65-66 хуудас/,

Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр                 Б.С ахын төрсөн өдөр болоод тэдний гэрт Б.С ах, Д.С, Б.Ц, Б нар нь архи ууцгаасан. Тэгээд хоорондоо маргалдаад Б.С ах Б.Ц эгч хоёр барьцалдаж аваад хоорондоо ноцолдсон. Энэ үед Б.Ц эгч Б.С ахын зүүн талын гарын хурууг нь хазчихсан чинь Б.С ах уурлаад барьж аваад ноцолдоод, зууралдаад байцгаасан. Тэгсэн Б орж ирээд Б.С ахыг багалзуурдаад орон дээр дараад хэвтсэн. Б.С ах өөрөө архи уучихсан байсан болохоор агсраад орилоод Б.Ц эгч рүү дайраад байсан. Тэр байдлыг салгах гэсэн байх яг энэ үед нь Цэрэнханд эгч Сугаржав ахыг энэ тэндээс нь цохиод гарын хурууг нь хазаад гэмтээчихсэн. Тэгээд Б.С ахын хар өнгийн гар утас, Д.С эгчийн саарал өнгийн гар утаснуудыг нь авч шидээд эвдчихсэн.  Б.Ц эгч Б.С ахын зүүн гарын хурууг нь хазаад энд тэндээс нь зулгаагаад самардаад байсан. Харин Б.С ахыг Б хоолой хэсгээр нь багалзуурдаад орон дээр дараад хэвтээд байсан, гэхдээ цохиогүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 67 хуудас/,

Шүүгдэгч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Б.Ц миний төрсөн дүү байгаа юм. Өмнө нь болсон үл ойлголцлоос болоод ийм зүйл болсонд харамсаж байна. Одоо бид хоёр эвлэрсэн. Энэ хэрэг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр миний төрсөн өдрөөр 10 дугаар багийн 35 дугаар гудамжны 06 тоотод болсон. Манай гэрийн бурхан, унь эвдэрсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 107-108 хуудас/,

Шүүгдэгч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.С, Д.С нарт хохирлоо төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 115-116 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №74 дугаартай шинжээчийн:

1.Үзүүлэгч Б.С-н биед  баруун чамархай, баруун шанаа, баруун, зүүн чих, баруун доод эрүү, хүзүү хоолой, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул, цээж, аюулхай, хэвлий, зүүн дал, зүүн гарын бугалганд зулгаралт, цус хуралт, зүүн гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үед шарх, баруун гарын тохой, бүсэлхий, зүүн хөлийн гуя хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026000270092 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 104,111 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугар сарын 28-ны өдрийн №189 дугаартай шинжээчийн:

1.Үзүүлэгч Б.Ц-н биед  доод эрүүнд баруун 2 дугаар шүдний хагас мултрал /4 тийш ганхсан хөдөлгөөнтэй/, баруун гарын шуу  хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүгэгдэнэ.

3. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Доод эрүүний баруун 2 дугаар шүдний хагас мултрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна. Баруун гарын шууны ар дээд хэсэгт үүссэн сорви гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 42 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 20-
ны өдрийн 01/32 дугаартай “Samsung galaxy S6 маркийн гар утасны үнэ 180000 төгрөг, Samsung galaxy A5 маркийн гар утасны үнэ 150000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 25-29 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 05-
ны өдрийн 03/33 дугаартай “Хаан банкны виза цахим карт 10000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 31-34 хуудас/,

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын №320 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20 хуудас/,

Шүүгдэгч Б.Ц-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-77/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/, охин Б.Мишээлийн 6201000690 дугаартай, хүү Б.Эрхэмбаярын 6201000832 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 127-128/,

Шүүгдэгч Б.С-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/,

Хохирогч Д.С-н шүүхэд ирүүлсэн “хохиролд 180000 төгрөг хүлээн авсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Б.С, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны 10 дугаар багийн 35 дугаар гудамжны 06 тоотод оршин суух өөрийн гэртээ хохирогч Б.Ц-н нүүр рүү мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд “доод эрүүнд баруун 2 дугаар шүдний хагас мултрал /4 тийш ганхсан хөдөлгөөнтэй/, баруун гарын шуу хэсэгт сорви”  бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд хохирогч Б.С-г цохих, өшиглөх, хазах зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “баруун чамархай, баруун шанаа, баруун, зүүн чих, баруун доод эрүү, хүзүү, хоолой, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул, цээж, аюулхай, хэвлий, зүүн дал, зүүн гарын бугалганд зулгаралт, цус хуралт, зүүн гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үед шарх, баруун гарын тохой, бүсэлхий, зүүн хөлийн гуя хэсэгт зулгаралт, цус хуралт” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд үргэлжилсэн үйлдлээр  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны 10 дугаар багийн 35 дугаар гудамжны 06 тоотод хохирогч Б.С-н эзэмшлийн “Samsung Galaxy-А5” маркийн гар утсыг шидсэний улмаас 180000 төгрөгийн, “Хаан банк”-ны виза картыг хугалсны улмаас 10000 төгрөгийн, хохирогч Д.С-н эзэмшлийн “Samsung Galaxy-S6” гар утсыг шидсэний улмаас 150000 төгрөгийн  буюу нийт 340000 төгрөгийн  хохирол учруулсан  үйл баримтууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.С нь согтуурсан үедээ хохирогч Б.Цын  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ хохирогч Б.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б.С, Д. нарын эд зүйл болох гар утсыг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цын “...Тухайн өдөр Б.С ах агсраад байхаар нь боль гээд дарсан чинь намайг цохиод түүнээс болоод миний шүд хөдөлсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.”, хохирогч Б.Сын “...Үнэлгээгээр гарсан гар утасны үнэ гаргуулж авах хүсэлтэй байна. Гомдол саналгүй.”, шүүгдэгч Б.Сын “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.”, шүүгдэгч Б.Цын “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогч Б.Ст 150000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна.”  гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Сын “...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болсон асуудал байгаа юм. Тэгээд тэр өдөр миний төрсөн өдөр байсан. Б.Ц нөхөртөйгээ нэг шил архи авч өгсөн байсныг нь орой задлаад уусан юм. Тэгээд хоорондоо маргалдсан. Б.Ц миний нүүр рүү өшиглөөд, хамар хэсгээс цус гаргасан. Тэгсэн Б.Цын нөхөр эхнэрээ өмөөрөөд намайг багалзуурдаад орон дээр дараад авсан. Энэ үед Б.Ц хажуугаар нь орж ирээд миний зүүн гарын долоовор хурууны урд үе хэсгээр  хазаад энд тэндээс маажиж самардаад байсан. Тухайн үед эхнэрийн “Samsung galaxy S6” маркийн гар утас, миний өөрийн эзэмшлийн “Samsung-А5” маркийн гар утаснуудыг авч шидээд эвдэлсэн. Миний зүүн гарын долоовор хуруу урд үе хэсгээрээ хазуулаад гэмтсэн. Тухайн үедээ миний нүүр болон нуруу цээж хэсэг маажуулаад сорви тогтсон байсан.” /хх-ийн 54-55 /,

Хохирогч Б.Ц-н “...Миний доод эрүүний нэг шүд ганхаж хөдөлсөн, мөн баруун гарын  шуу хэсэгт арьс нь улайж зулгарсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.”  /хх-ийн 61 /,

Хохирогч Д.гийн “...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай нөхрийн төрсөн өдөр болсон өдөр байсан. Тэгээд нөхрийн төрсөн өдөр болоод нөхрийн дүү Б.Ц, нөхөр Бын хамт манай нөхөрт төрсөн өдрийн бэлэг гэж 1 шил архи авч өгсөн юм. Тэгээд архийг нь уугаад сууж байх үедээ манай нөхөр урьд нь сонссон байсан "айлд байх хэцүү байна, хоол унд, түлээ түлшгүй байх юм " гэсэн ярианы талаар яриад тийм хэцүү байгаа юм уу гэснээс болж маргалдсан. Тэр асуудлаас болоод Б.Ц уурлаад манай нөхрийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод авсан.  ...Бид хоёрын Samsung A5, Samsung-S6, маркийн утаснуудыг эвдэлсэн. Хаан банкны виза картыг хугалаад манай нөхөр рүү шидсэн. Манай нөхрийн долоовор хурууг нь Б.Ц хазаад эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан. Мөн гар, хуруу, нүүр амыг нь маажсан байсан. Б.С Б.Цыг цохьсон зүйл байхгүй.” /хх-ийн 57-58 /,

Гэрч А.Бын “...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр Б.Цын төрсөн ах Б.Сын төрсөн өдөр болоод эхнэр бид хоёр нэг шил архи авч өгсөн. ...Манай эхнэр орилоод байхаар нь би яваад ороход эхнэр “Б.С миний шүд рүү мөргөчихсөн” гээд үүдэн шүд нь хөдөлчихсөн байсан.  Эхнэр уурлаж байхдаа Д.гийн хар өнгийн гар утсыг нь аваад шидчих шиг болсон. Тухайн үедээ сайн анзаарч хараагүй. Б.С, Б.Цын нүүр рүү нь мөргөөд шүдийг нь гэмтээсэн байсан.” /хх-ийн 65-66 /,

Гэрч Ц.Н-н “...Тухайн өдөр Б.С ахын төрсөн өдөр болоод тэдний гэрт Б.С ах, Д., Б.Ц, Б нар нь архи ууцгаасан. Тэгээд хоорондоо маргалдаад Б.С ах Б.Ц эгч хоёр барьцалдаж аваад хоорондоо ноцолдсон. Энэ үед Б.Ц эгч Б.С ахын зүүн талын гарын хурууг нь хазчихсан.  Б.Ц эгч С ахыг энд тэндээс нь цохиод, зулгаагаад, самардаад, гарын хурууг нь хазаад гэмтээчихсэн. Тэгээд Б.С ахын хар өнгийн гар утас, Д. эгчийн саарал өнгийн гар утаснуудыг нь авч шидээд эвдчихсэн.” /хх-ийн 67 / гэсэн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Б.С, Б.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 107-108, 115-116/ 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №74 дугаартай, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №189 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 22-23, 42/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/32, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/33 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-ийн 25-29, 31-34/, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Өвөрхангай аймгийн прокурорын газрын №320 дугаартай мөрөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20 /, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026000270092 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 104,111 / зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.С, Б.Ц нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.С, Б.Ц нар  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д., гэрч А.Б, Ц.Н нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №74, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №189 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/328 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/33 дугаартай үнэлгээний тайлан зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангах тухай ойлголт нь  нэг санаа зорилгоор хэд хэдэн объектод халдсан тухай ойлголт бөгөөд шүүгдэгч Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Сын “Samsung A5” маркийн гар утсыг эвдэлж 180000 төгрөгийн, Хаан банкны виза картыг хугалж 10000 төгрөгийн, хохирогч Д.гийн “Samsung S6” маркийн гар утсыг эвдэлж 150000 төгрөгийн буюу нийт 330000 төгрөгийн хохирол учруулжээ. 

Мөн шүүгдэгч Б.Ц нь хохирогч Б.С-г зодож  түүний  эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эд зүйлийг устгаж гэмтээсэн үйл баримтаас үзэхэд түүнийг хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангаж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх үзлээ.

 Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Цад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц нь шүүх хуралдаанд “би жирэмсэн учраас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Иймд торгох ялаас өөр ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэйд оногдуулж болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Ц нь  жирэмсэн болох нь жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картаар тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлгүй, түүний шүүх хуралдаанд  гаргасан “торгохоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.С нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний шүүх хуралдаанд гаргасан “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг  хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус  үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь  харгалзан үзэж, хуульд заасан торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэж,

  Шүүхээс шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, түүнийг хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгаж тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Цын хөрөнгө, бусад орлого олох боломжийг нь харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ст 150000 төгрөгийн, хохирогч Д.д 180000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03/33 , 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/33 дугаартай үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдож байна.  

  Шүүгдэгч Д.Ц-д нь хохирогч Д.д  180000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Д.гийн шүүхэд ирүүлсэн “Samsung S6 маркийн гар утасны хохирол болох 180000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 Хохирогч Б.Ст гэмт хэргийн улмаас 150000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн  2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/32 дугаартай “Samsung A5 маркийн гар утас 150000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдож байх тул  шүүгдэгч Б.Цаас 150000 төгрөгийг гаргуулж хохирогч  Б.Ст  олгож,

            Шүүгдэгч Б.С, Б.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ц нь хохирогч Д.д 180000 төгрөг төлсөн, хохирогч Д. нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.С нь гомдолгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Samsung A5”,  “Samsung S6”,  маркийн гар утаснуудыг хохирогч Б.С, Д. нар нь буцаан авах  хүсэлт гаргасан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Ст  “Samsung A5” маркийн гар утсыг,  хохирогч Д.д “Samsung S6” маркийн гар утсыг тус тус буцаан олгож,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б.С, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 12,1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5,  36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн Б.С-г эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч ******* овгийн Б.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эдхөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг тус тусүйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Шүүгдэгч ******* овгийн Б.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Б.С-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний  нийт эдлэх ялыг 1050 /нэг мянга тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1050000 /нэг сая тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 1050 /нэг мянга тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1050000 /нэг сая тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.            

          6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

          7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-с 150000 төгрөгийг гаргуулж хохирогч  Б.Ст  олгосугай.

          8.Шүүгдэгч Б.С, Б.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ц нь хохирогч Д.д 180000 төгрөг төлсөн, хохирогч Д. нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.С нь гомдолгүй гэсэн, хохирогч Б.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Samsung A5” маркийн гар утсыг хохирогч Б.С-т,  “Samsung S6” маркийн гар утсыг хохирогч Д.д тус тус  буцаан олгосугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр
зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.