Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЗТ/84

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн С.З-д холбогдох 2026000000081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ******* овгийн С.З

Үйлдсэн хэргийн талаар:

 Шүүгдэгч С.З нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын "*******" 3 дугаар багийн нутагт "*******" гэх газар ******* голын эрэг дээр хууль сахиулагч болох Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.И, ******* сумын олон нийтийн цагдаагийн ажилтан Ё.А нарыг гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журмыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэх буюу цохиж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль ёсны шаардлагыг үл биелүүлж эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа Ё.А-г эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож тархи доргилт, хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүү мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Т.З шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогч Ё.А-д 2675000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч Ө.И хохирол нэхэмжлээгүй” гэв.    

     Хохирогч Ё.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд цагдаагийн кабон байранд ирсэн. Тэр үед хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.И урагшаа “*******” амралт ороод ирлээ гээд 4 хүний хамт явж байсан. Тэр хүмүүсийн машины дугуй хагарсан байсныг нь нөхүүлчихээд буцаагаад амралт хүргэж өгөхөөр хэсгийн төлөөлөгч хамт ирсэн хүмүүсийнхээ хамт явсан. Хэсгийн төлөөлөгч явсны дараа удалгүй над руу залгаад  сумын төвийн зүүн урд талд голын эрэг дээр машинтай хүмүүс архи уугаад сууж байна гэхээр нь би ганцаараа мотоцикльтой араас нь очсон. Тэгээд голын эрэг дээр очиход хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.И машинтай хүний түлхүүрийг нь авсан чинь С.З гээд согтуу хүн нь "Цагдаа нар хэзээ ийм болсон юм, та нарыг ална" гээд хэсгийн төлөөлөгчийн ар шилэн хүзүү хэсэгт гараараа цохиод авахаар нь би гүйж очоод " та болиоч" гээд араас нь татсан чинь С.З эргэж хараад миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон.  Тэр үед миний хамар хэсэгт оноод хамраас цус гарахаар нь би нүүрээ дарсан чинь намайг угз татаад доороо хийгээд унагасан. Тэгээд намайг татаж унагах үед миний өмсөж явсан куртикийг урсан. С.З нь "цагдаа нарыг алнаа" гээд байсан. Би С.З-г аймгийн төв рүү авч явж байх үед "би гарч ирээд та гурвыг булшинд чинь хийнэ, та гурав булшаа бэлдэж байгаарай" гээд байсан. Тэр үед хэсгийн төлөөлөгч болон С.З-тэй хамт явсан Ж.Г ах, хэсгийн төлөөлөгчтэй хамт явсан гэх гурван ах С.З-г салгаад цааш нь аваад явсан. Тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь цусаа угааж цэвэрлээд шууд эмнэлэг рүү явсан. С.З-г тэнд нь үлдээсэн. Би эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь аймагт очиж үзүүл гэсэн. Буцаж очоод С.Зыг аваад шууд аймаг дээр ирж эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөөд би өөрөө эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэх үед Б эмч үзээд бичиг хийж өгөөд томографид харуулаад, хамар хоолойн эмчид үзүүлээд хамарт чихээс хийж өгсөн. Түүнээс хойш 3 хоногийн дараа дахиж үзүүлэхэд хамар хоолойн эмч Б-д дахиж чихээс хийгээд хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. С.З намайг эмнэлэгт үзүүлсний дараа 400000 төгрөг өгсөн. Одоо дахиад хагалгаанд орох хэрэгтэй гэсэн. Ажлаа хийж яваад зодуулсандаа гомдолтой байна. Хамраа янзлуулах хэрэгтэй байна. Дахиж эмчилгээ хийлгэнэ. С.З намайг цохичихоод надтай нэг ч удаа уулзаагүй. Би олон нийтийн цагдаагаар ажиллаад нэг жил гаран болж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,

 

Хохирогч Ө.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сум руу явж байсан хүмүүсийн машины дугуй хагараад туслалцаа хүсэхээр нь тэр хүмүүс дээр очоод хагарсан дугуйг нь аваад сумын төв рүү явж байхад голын эрэг дээр Э, Г, С.З нар “Бонго” маркийн автомашины урд талд газар суучихсан архи уугаад сууж байсан. Тухайн үедээ би хүмүүстэй явж байсан болохоор машины сигналаа дуугаргахад Э нь гараа өргөөд архины шилээ арагш нь шидэж байгаа харагдаж байсан. Тэгээд сумын төв дээр ирээд дугуй нөхүүлээд 1 цаг орчим болоод буцаад нөгөө хүмүүсээ хүргэж өгөх гээд явж байтал нөгөө хүмүүс маргалдаж байгаа шинжтэй харагдсан. Тэгэхээр нь би очоод машинаасаа буугаад “юу болоод архи дарс уугаад маргалдаад байгаа юм, согтуу үедээ машин жолоодож болохгүй” гээд машины түлхүүрээ өгөхийг жолооч Э-с шаардахад Э нь нэг удаа явуулчих гэж гуйгаад байсан. Тэгсэн С.З дундуур орж ирээд "ална шүү" гэж дайраад байхаар нь би олон нийтийн цагдаа Ё.А-г дуудаж ирүүлсэн. Ё.А-г ирсний дараа жолооч Э-с машины түлхүүрийг нь авсан. Тэгсэн С.З над руу дайраад "та нар яахаараа ингэдэг юм" гээд миний толгойн ар хэсэгт гараараа цохиод авсан. Тэр үед Ё.А "боль" гэж хэлээд С.З-н зүүн мөр хэсгээс нь татахад С.З эргэж хараад нүүр хэсэгт нь цохиод хамраас нь цус гаргасан. Ё.А-н хамар мурийчихсан байхаар нь эмнэлэг рүү аваад явсан. С.З, Э, Г нар машин дээрээ үлдсэн. Эмнэлэг дээр ирээд Ё.А-г үзүүлэхэд хамар нь хугарсан байна. Аймаг руу явж үзүүл гэсэн. Тэгэхээр нь сумын цагдаа Д.А-г аваад замаараа С.З-г аваад аймгийн төв рүү хөдөлсөн. Аймгийн төвд ирээд С.З-г эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөх үед 1.68 хувийн согтолттой байсан. Тэгээд Ё.А-г эмнэлэгт үзүүлсэн. ...Ё.А С.З-д “архи уучихаад цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж болохгүй, та боль” гэж хэлсэн. Тэр үед С.З намайг цохиж авч байсан болохоор салгах гээд араас нь татсан чинь эргэж хараад нүүр рүү нь шууд цохьсон. Бид нар С.З-н биед халдсан зүйл байхгүй. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Миний толгойн ар дагз хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Миний хувьд архи ууж болохгүй, машины түлхүүрээ өг гэсэн шаардлага тавьсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

 

Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр намайг кабон байрандаа байхад 11 цаг 34 минутанд хэсгийн төлөөлөгч Ө.И залгаад Ё.А хүнд хамар руугаа цохиулчихлаа, гараад ир гэсэн. Тэгээд Ө.И, Ё.А нарын хамт тухайн Ё.А-г цохьсон гэх хүмүүс дээр очсон. Тухайн газар нь Өвөрхангай аймгийн ******* сумын төвийн зүүн урд хэсэгт “*******” голын хойд талын эрэг дээр байсан. Цэнхэр өнгийн “Бонго” маркийн автомашинтай Э, Г, З нар байсан. Тэгээд бид нар машинаасаа буугаад С.З машины хажууд унтаж байхаар нь босгож ирээд албаны машиндаа суулгаад “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг нь би унаад кабон байранд авч ирсэн. Аймгийн төвд ирээд С.З-г эрүүлжүүлэх, баривчлах байранд хүлээлгэж өгсөн. Тухайн үедээ согтуурал хэмжигч багаж үлээлгэхэд 1.68 хувь гарсан. С.З нь эрүүлдээ томоотой л хүн шиг байдаг. Харин архи уусан үедээ л агсан юм шиг байна лээ. Өмнө нь Өвөрхангай аймгийн ******* суманд ажиллаж байсан цагдаагийн ахлагч Б.Э-г зодож ял шийтгэгдэж байсан. Ө.И, Ё.А нарыг зодох үед би хамт байхгүй байсан учир мэдэхгүй байна. Ө.И-д ил харагдах шарх сорви байхгүй байсан. Харин Ё.А-н хамар нь мурийчихсан, зүүн нүд хэсэгт шалбарчихсан байсан. С.З нь Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг “Дуут” гэх газар мал маллаж амьдардаг. Эрүүлдээ дуу цөөтэй л хүн байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

 

    Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос ******* сум руу явах замд машины дугуй хагараад Өвөрхангай аймгийн ******* сумын цагдаагийн хүмүүсээс тусламж хүссэн юм. Тэгээд Өвөрхангай аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч Ө.И-д нарыг аваад сумын төв рүү явсан. Сумын төв рүү явж байх замд голын эрэг дээр “Бонго” машины урд талд 3 залуу суучихсан архи ууж байгаа бололтой байсан. Тухайн цагдаагийн алба хаагч сигналдсан чинь архины шилээ цааш нь шидээд явлаа гэж байгаа бололтой гараараа дохиод байсан. Бид нар сумын төв орж машиныхаа дугуйг нөхүүлчихээд буцаад явахад нөгөө 3 залуу яваагүй тухайн газраа байж байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч тухайн хүмүүс дээр очсон. Бид нар машиндаа сууж байсан. Тэр хүмүүсийг цагдаагийн алба хаагч машиныхаа түлхүүрийг өг гэж байгаа бололтой байсан, нөгөө хүмүүс нь өгөхгүй байсан. Тэгсэн нэг их удалгүй мотоцикльтой хүн ирсэн. Тэр хүн цагдаа хувцасгүй байсан. Мотоцикльтой ирсэн залууг цохиод хамраас нь цус гаргачихсан. Тэгээд машинд сууж байсан Ү, Э 2 машинаас буугаад салгасан. Би араас нь очоод машинд байсан усаараа нүүрийг нь угааж цусыг нь тогтоосон. ...Тухайн залуу нилээн согтуу, бараг хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Цагдаа машиныг нь унаад явах гэхээр цагдааг цохьсон залуу машины урд талд хэвтчихээд байсан. Сүүлд мотоцикльтой ирсэн залууг цохиод хамраас нь цус гаргасан, мөн куртикны сугыг нь урчихсан байсан. Нөгөө 2 залуу нь цагдаа нарт гар хүрээгүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

 

Гэрч Ү.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос ******* сум руу явах замд амралтын газрын зүүн талд машины дугуй хагараад Өвөрхангай аймгийн ******* сумын цагдаагийн хүмүүсээс тусламж хүссэн юм. Тэгсэн Өвөрхангай аймгийн ******* сумын цагдаа Ө.И ганцаараа ирсэн.

Тэгээд бид нар машиныхаа дугуйг тайлж аваад сумын төв рүү явсан. Сумын төв рүү явж байх замд голын эрэг дээр “Бонго” маркийн автомашины урд талд 3 залуу суучихсан архи ууж байгаа бололтой байсан. Тухайн цагдаагийн алба хаагч сигналдсан чинь архины шил бололтой зүйл шидчихээд суугаад үлдсэн. Бид нар сумын төв орж машиныхаа дугуйг нөхүүлчихээд 40 орчим минутын дараа буцаад явахад нөгөө 3 залуу яваагүй тухайн газраа байж байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч тухайн хүмүүс дээр очсон. Машинаас гараад цагдаагийн алба хаагч юу ярьсан талаар бол мэдэхгүй. Бид нар машиндаа сууж байсан. Тэр хүмүүсийг цагдаагийн алба хаагч машиныхаа түлхүүрийг өг гэж байгаа бололтой байсан, нөгөө хүмүүс нь өгөхгүй байсан. Жижиг биетэй шар залуу Ө.И-тэй нилээн ноцолдоод газар унаад байсан. Тэгсэн цагдаагийн алба хаагч Ө.И-г хүн дуудаж байгаа бололтой утсаар ярьж байсан. Нэг их удалгүй мотоцикльтой хүн ирсэн. Тэр хүн цагдаа хувцасгүй байсан. Мотоцикльтой ирсэн залууг дээлтэй залуу цохиод хамраас нь цус гаргачихсан. Тэгээд машинд сууж байсан Ү, Э 2 машинаас буугаад салгасан. Машинд байсан усаараа нүүрийг нь угааж цусыг нь тогтоосон. Тэгээд машины түлхүүрийг нь аваад машиныг нь хөдөлгөх гэсэн чинь нүүрэнд нь цохьдог залуу машины урд талд хэвтчихээд байсан. Тухайн залуу нилээн согтуу, нэг нь газар тасарчихсан бололтой хэвтэж байсан. Нөгөө 2 залуу нь цагдаа нарт гар хүрээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

 

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос ******* сум руу явах замд амралтын газрын зүүн талд машины 2 дугуй хагараад Өвөрхангай аймгийн ******* сумын цагдаагийн хүмүүсээс тусламж хүссэн. Тэгсэн Өвөрхангай аймгийн ******* сумын цагдаа Ө.И ганцаараа ирсэн. Тэгээд бид нар машиныхаа дугуйг тайлж аваад сумын төв рүү явсан. Сумын төв рүү явж байх замд голын эрэг дээр цэнхэр өнгийн машинтай 3 залуу суучихсан байсан. Тухайн цагдаагийн алба хаагч сигналдсан чинь архины шил бололтой зүйл шидчихээд, явах гэж байгаа бололтой гараараа даллаад үлдсэн. Бид нар сумын төв орж машиныхаа дугуйг нөхүүлчихээд буцаад явахад нөгөө 3 залуу яваагүй тухайн газраа байж байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч тухайн хүмүүс дээр очоод машинаас гараад цагдаагийн алба хаагч юу ярьсан талаар бол мэдэхгүй. Машины түлхүүрийг нь авах гээд байгаа бололтой байсан. Түүнээс болоод л маргалдсан байх. Машины түлхүүр аваад байсан залуу Ө.И-тэй нилээн ноцолдоод газар унаад байсан. Тэгсэн цагдаагийн алба хаагч Ө.И-г хүн дуудаж байгаа бололтой утсаар ярьж байсан. Нэг их удалгүй мотоцикльтой хүн ирсэн. Мотоцикльтой ирсэн залууг дээлтэй залуу цохиод хамраас нь цус гаргачихсан. Тэгэхээр нь би Ү ахтай хамт машинаас буугаад салгасан. Тэгээд хамраас нь цус гараад байсан залуугийн нүүрийг нь угааж цусыг нь тогтоосон. Тэгээд машины түлхүүрийг нь аваад машиныг нь хөдөлгөх гэсэн чинь нүүрэнд нь цохьдог залуу машины урд талд хэвтчихээд байсан. Тэгсэн машины түлхүүрийг нь авчихсан юм чинь гээд эмнэлэг рүү явцгаасан. Би Ү ахын хамт машин руугаа явсан. Сүүлд нь мотоциклийг нь өгөхөд зүүн нүд хэсэгт нь халцарчихсан, хамар нь хавдсан байсан. Бид нартай хамт явж байсан цагдаагийн алба хаагчид ил шарх гэмтэл харагдаагүй. Тухайн залуу нилээн согтуу байсан. Нөгөө 2 залуу нь цагдаа нарт гар хүрээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

 

Гэрч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 06 цагийн орчимд би Э-тэй хамт Э-н машинтай С.З гэх айлд очсон. Тэндээ отор нүүдэл хаашаа хийх үү гэж ярьж байгаад 2.5 литрийн 1 ширхэг пиво хувааж уучихаад Өвөрхангай аймгийн ******* сумын төв рүү түлш авах гэж С.З, Э нарын хамт явсан. Тэгээд түлшээ авчихаад дэлгүүрээс 2.5 литрийн пиво 2 ширхэг, 0.5 литрийн “Харзтай” нэртэй архи 1 шилийг аваад гэртээ харих замдаа сумын төвийн зүүн урд талын гол дээр уусан. Тухайн үед би тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь Э намайг “хоёулаа С.З ахын араас очъё, цагдаа нар аваад явсан” гэж байсан. Би тэр хооронд юу болсон талаар мэдэхгүй байна. Ө.И цагдаа ирсэн талаар санахгүй байна. Би цагдаа нартай хэрэлдэж зодож, цохьсон асуудал гаргаагүй байх гэж бодож байна. Сүүлд нь Э-с юу болсон талаар асуухад Э бас тухайн үеийг сайн мэдэхгүй байгаа бололтой С.З ах цагдаа нарын өмнөөс хэрэлдээд уурлаад байсан байх гээд байсан. Миний биед ямар ч бэртэл гэмтэл шарх байхгүй. Би цагдаа нарыг ирсэн талаар мэдэхгүй байгаа. С.З бид 2 нилээн согтсон байсан. Би тасарчихсан, тухайн үед болж өнгөрсөн зүйлийг санахгүй байна. Жолоо барьж явсан Э нэг их уугаагүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

 

Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Г, С.З гэх хүмүүс яриад “маргааш машинтайгаа хүрээд ирээрэй, отор хийх газраа үзэж ирнэ” гэсэн. Тэгээд би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 04 цагийн орчимд гэрээсээ гараад Ж.Г ахын гэрээр орсон. Тэнд явах газраа яриад сууж байтал С.З ах 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво гаргаж ирээд бид гурав хувааж уусан. Би жижиг аягаар 2 удаа уусан. Тэгээд 07 цагийн орчимд түлш хийх гэж сумын төв рүү явсан. Тэгээд сумын төв дээр ирээд түлшээ хийчихээд дэлгүүрээс 2 пиво, 1 шил архи авсан. Түүнийгээ сумын төвийн зүүн урд хэсэгт голын эрэг дээр очоод уусан. Тэгсэн 11 цаг болж байхад цагдаагийн машин хажуугаар гараад сигналдсан. Тэр үед нь ууж байсан архи ч дуусч байсан учир архины шилээ шидсэн. Тэгээд тухайн цагдаагийн машин зогсолгүй явсан. Бид нар жаахан юм яриад сууж байсан чинь 11 цаг өнгөрч байхад цагдаагийн машин эргэж ирээд Ө.И гэх манай сумын хэсгийн төлөөлөгч цагдаа бууж ирсэн. Тэгээд бид нарыг “явцгаа, юугаа хийгээд архи уугаад байгаа юм” гэсэн. Тэр үед нь би машиндаа суучихсан байсан. Хэсгийн төлөөлөгч Ө.И надад хандаж “чи уугаагүй юм байгаа биздээ” гэхээр нь би  “уугаагүй, зүгээр байна” гэж хэлсэн.  Ж.Г ах, С.З ах 2 согтчихсон байсан болохоор машиндаа суухгүй байсан юм. Ө.И цагдаа Ж.Г, С.З нарыг машиндаа суугаад яв гэсэн чинь С.З ах согтуугаараа хэрүүл хийсэн. Ө.Ихэсгийн төлөөлөгч надад хандаж “чи түлхүүрээ өг, машиныг чинь журмын хашаанд хийнэ” гэхээр нь би Ө.И-д хандаж “би зүгээр байгаа, архи уугаагүй” гэж хэлсэн. С.З ах Ө.И-н өмнөөс хэрүүл гуйгаад барилцаж аваад С.З ах Ө.И-г 1 удаа цохьсон. Ө.И хэсгийн төлөөлөгч утсаар яриад нэг хүнийг дуудсан чинь нэг их удалгүй Ё.А гэх олон нийтийн цагдаа хүрээд ирсэн.  С.З ах Ё.А-н өмнөөс дайраад агсан тавиад байсан. Нэг харсан чинь Ё.А цагдаатай барилцаад авсан нэг цохиж аваад газар хамт унаад зууралдаад байгаа харагдсан. Ё.А цагдаа босч ирээд нүүрээ дараад цаашаа явсан. Тэгээд Ө.И цагдаагийн хамт эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. Сүүлд нь цагдаагийн байрны үүдэнд Ё.А цагдаатай таарахад зүүн нүд нь шалбарчихсан, хамар нь хавдчихсан цус гараад байсан. Тэгээд С.З ахыг аваад явсан, түүнээс хойш юу болсон талаар мэдээгүй. С.З ах л согтуурахаад, агсан тавиад, цагдаагийн алба хаагч нарын тавьсан шаадлагыг эсэргүүцэж Ө.Иийг 1 удаа толгойд нь гараараа цохиод, Ё.А цагдааг гараараа нэг удаа нүүрэн хэсэгт нь цохьсон.  Ё.А цагдаатай зууралдаад хамт газар унасан. С.З ахаас өөр хүн цагдаа нарт гар хүрээгүй. Цагдаагийн алба хаагч нар бид нарыг зодож цохьсон асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

 

Гэрч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Намайг эмнэлэг дээр байж байхад Ё.А гаднаас орж ирсэн. Орж ирэх үедээ хувцас нь урагдсан, хамраас нь цус гоожсон байдалтай, хамраа бөглөчихсөн, хувцас нь цус болсон, нэг талын нүд нь бага зэрэг хөхөрсөн, хамар нь мурийчихсан байсан. Тэр үедээ ажлаа хийж явж байгаад хүнд цохиулчихлаа гэж байсан. Ө.Ицагдаатай хамт орж ирсэн. Яг хэнд цохиулсан талаараа хэлээгүй. Хамраас нилээд цус гарсан гэж байсан. Хамрын бөглөөг нь авахад цус нь тогтсон байсан. Тэгээд яаралтай аймаг руу яв гэсэн зөвлөгөө өгөөд гаргасан. Ажилтай гээд буцаад гараад явсан. Эргэж орж ирж тариа хийлгэнэ гэж гарсан. Дараа нь би өөрөө утсаар залгаад цус тогтсон юм чинь тариа хийлгээд хэрэггүй, аймаг орж үзүүл гэсэн зөвлөгөө өгсөн. Тэр өдөр л хүнд цохиулсан гэж орж ирсэн. Гэмтлийн хувьд шинэ гэмтэлтэй байсан. Даралт, амин үзүүлэлт хэвийн байсан болохоор зөвлөгөө өгөөд буцаасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би жижүүр эмчээр ажиллаж байсан. Ё.А гэх залуу үзүүлсэн. Ё.А-н хамрын дээд хэсэгт хавдсан байсан. Би компьютерын зураг авч онош тодорхойлоход хамрын хянга яс гэмтсэн гэсэн онош тогтоогдсон. Тэгээд эрүү, нүүрний эмч Батболдыг дуудаж үзүүлсэн. Өөр гэмтэл шарх байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

Шүүгдэгч С.З-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хэргэ болдог өдөр гэртээ байж байтал өглөө 03 цагийн орчимд Ж.Г, Г.Э нар манайд ирсэн. Тэр хоёр адуугаа одорт гаргах гээд явж байна гээд сумын төвөөс бинзен масло авна гээд явж байсан. Тэгээд тэр хоёр манай гэрт хоносон. Хонох үедээ манай гэрт байсан 2.5 литртэй "Нийслэл" пиво байсныг гурвуулаа хувааж уусан. Тэгээд 06 цагийн орчимд сумын төв рүү орсон. Сумын төв ороод Э бензин, масло худалдаж авсан. Тэр үед Г дэлгүүрээс хоёр савтай пиво авсан. Тэгээд тэрийгээ сумын төвийн урд талын “*******ийн гол” дээр очиж уусан. Гол дээр 09 цагий үед очсон байх. Гол дээр 2 сав пивоо гурвуулаа хувааж уусан. Машин барьж яваа гээд Э уугаагүй, Г бид хоёр л пивоо ууж дуусгасан. Пивоо ууж арай дуусаагүй байхад сумын цагдаагийн машин хажуугаар өнгөрөх үедээ сигналдчихаад яваад өгч байсан. Тэгээд би тэрнээс хойш юу болсоныг сайн мэдэхгүй байгаа юм. Нойр дутуу яваад унтаад өгсөн юм шиг байна лээ. Нэг мэдсэн чинь эрүүлжүүлэх байранд ирчихсэн байсан. Цагдаагийн ажилтантай маргалдаж тавьсан шаардлагыг нь эсэргүүцэх болсон талаар би мэдэхгүй байгаа юм. Би тэр үед тасарчихсан байсан. Ямар шаардлага тавьсан талаар ч мэдэхгүй байна. Эхлээд машинтай хажуугаар өнгөрөх үедээ яв гэдэг шаардлага тавьсан. Надад цагдаагийн алба хаагч нарыг эсэргүүцэх ямар нэг учир шалтгаан байхгүй. Урьд нь сумын цагдаагийн эрх чөлөөнд халдсан асуудал гаргасан нь үнэн. Яагаад ийм үйлдэл гаргаад байдгаа мэдэхгүй байна. Толгойны гэмтэлтэй болохоор архи уусны дараа хийсэн үйлдлээ санахгүй болчихдог юм. Би Өвөрхангай аймгийн ******* суманд алт ухдаг байх үедээ 1990 онд шороонд дарагдаад толгой хэсэгтээ гэмтэл авч байсан юм. Би нэг их архи уугаад байдаггүй, пиво л уудаг тэгээд юм уусан үедээ гаргасан асуудлын талаараа мэдэхгүй байгаа юм. Би тархины өвчлөлөөр эмнэлгийн хяналтанд байдаггүй. Уг нь мэдрэлийн эмчийн хяналтанд байж байгаад хяналтаас гарсан байгаа. Одоо бол нүдний өвчнөөр эмчийн хяналтанд байдаг. Баруун нүд байхгүй, зүүн нүдний хараа муу.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №176 дугаартай шинжээчийн:

1. Үзүүлэгч Ё.А-н биед тархи доргилт, хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53 хуудас/, 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №175 дугаартай шинжээчийн:

1. Үзүүлэгч Ө.Иийн биед гэмтэл тогтоогдоогүй болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 47 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №47 дугаартай шижээчийн:

1.Олон нийтийн цагдаагийн ажилтан Ё.А-н өмсөж явсан гэх куртикны баруун суганы хэсэгт урагдал үүссэн байна.

2. Уг урагдал цоорол татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн куртикны хэсэгт үүссэн гэмтэл нь шинэ оёдлын дагуу ханзарч урагдсан урагдал, хэргийн цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 68-69 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/16 дугаартай “Эрэгтэй хүний хавар намрын богино гадуур хувцасны зах зээлийн үнэ 75000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 58-61 хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №12 дугаартай сэтгэцийн шинжээчийн:

 

  1. Үзүүлэгч ******* овогтой З нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэг үгүй.

 

  1. Гэмт хэрэг үйлдэхийн өмнө хойно сэтгэцийн ямар нэг өвчин эмгэгээр өвчлөөгүй.

 

  1. Цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлгүй.

 

  1. Хэрэг хариуцах үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

 

  1. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 88

хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2026000000081 дугаартай тогтоол /хх-ийн 97-98 хуудас/,

 

Шүүгдэгч С.З-н хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-126/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-136/, Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №85 дугаартай тодорхойлолт /хх-135/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №48 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 129-132 хуудас/,

 

Хохирогч Ё.А-н шүүхэд ирүүлсэн “хохиролд 2675000 төгрөг авсан. Шүүх хуралдаанд суухгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлт,

 

Хохирогч Ө.И-н шүүхэд ирүүлсэн “Шүүх хуралдаанд суухгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч С.З-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилжээ.

 

Хохирогч Ө.И нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, Өвөрхангай аймгийн ******* сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг болох нь албан тушаалын тодорхойлолт /хх-156-158/, А-0012134 дугаартай цагдаагийн үнэмлэх /хх-155/, ажилтан, алба хаагчийн дэлгэрэнгүй анкет /хх-151/,

 

Хохирогч Ё.А нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаагийн ажилтан, Өвөрхангай аймгийн ******* суманд олон нийтийн цагдаагаар ажилладаг болох нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-164-168/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/76 дугаартай “Олон нийтийн цагдаагийн ажилтан томилох тухай” тушаал /хх-161/, хохирогч Ё.А-н №0008 дугаартай олон нийтийн цагдаагийн ажилтны үнэмлэх /хх-163/ зэргээр тус тус нотлогдож байна.

 

 Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.6-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно. Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

  Шүүгдэгч С.З нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн "*******" гэх газар ******* голын эрэг дээр хууль сахиулагч болох Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, Өвөрхангай аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ө.И, тус сумын олон нийтийн цагдаа Ё.А нарыг гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журмыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч Ө.Иийн шилэн хүзүү хэсэгт,  хохирогч Ё.Аын нүүр  хэсэгт нь тус тус цохиж хүч хэрэглэсэн,  “Ална шүү”, “цагдаа нар хэзээ ийм болсон юм, та нарыг ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

 

 Мөн эсэргүүцэх явцдаа хохирогч олон нийтийн цагдаа Ё.Аын нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд энэ нь цагдаагийн алба хаагч буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч С.З нь дээрх  гэмт хэргүүдийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Ё.А-н “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэсгийн төлөөлөгч Ө.И над руу залгаад  сумын төвийн зүүн урд талд голын эрэг дээр машинтай хүмүүс архи уугаад сууж байна гэхээр нь би ганцаараа мотоцикльтой араас нь очсон. Тэгээд голын эрэг дээр очиход хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.И машинтай хүний түлхүүрийг нь авсан чинь С.З гээд согтуу хүн нь "Цагдаа нар хэзээ ийм болсон юм, та нарыг ална" гээд хэсгийн төлөөлөгчийн ар шилэн хүзүү хэсэгт гараараа цохиод авахаар нь би гүйж очоод "та болиоч" гээд араас нь татсан чинь С.З эргэж хараад миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэр үед миний хамар хэсэгт оноод хамраас цус гарахаар нь би нүүрээ дарсан чинь намайг угз татаад доороо хийгээд унагасан. Тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь цусаа угааж цэвэрлээд шууд эмнэлэг рүү явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 /,

 

  Хохирогч Ө.И-н “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагийн орчимд ...голын эрэг дээр Э, Г, С.З нар “Бонго” маркийн автомашины урд талд газар суучихсан архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би очоод машинаасаа буугаад “юу болоод архи дарс уугаад маргалдаад байгаа юм, согтуу үедээ машин жолоодож болохгүй” гээд машины түлхүүрээ өгөхийг жолооч Э-с шаардахад Э нь нэг удаа явуулчих гэж гуйгаад байсан. Тэгтэл С.З дундуур орж ирээд "ална шүү" гэж дайраад байхаар нь би олон нийтийн цагдаа Ё.А-г дуудаж ирүүлсэн. С.З над руу дайраад "та нар яахаараа ингэдэг юм" гээд миний толгойн ар хэсэгт гараараа цохьсон. Тэр үед Ё.А "боль" гэж хэлээд С.З-н зүүн мөр хэсгээс нь татахад С.З эргэж хараад нүүр хэсэгт нь цохиод хамраас нь цус гаргасан. Ё.Аын хамар мурийчихсан байхаар нь эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр ирээд Ё.Аыг үзүүлэхэд хамар нь хугарсан байна. Аймаг руу явж үзүүл гэсэн. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Миний толгойн ар дагз хэсэгт гараараа нэг удаа цохьсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 /,

 

   Гэрч Д.А-н ”... 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр намайг кабон байрандаа байхад 11 цаг 34 минутанд хэсгийн төлөөлөгч Ө.И залгаад Ё.А хүнд хамар руугаа цохиулчихлаа, гараад ир гэсэн. Тэгээд Ө.И, Ё.А нарын хамт тухайн Ё.А-г цохьсон гэх хүмүүс дээр очсон. ...Өвөрхангай аймгийн төвд ирээд С.Зыг эрүүлжүүлэх, баривчлах байранд хүлээлгэж өгсөн. Тухайн үедээ согтуурал хэмжигч багаж үлээлгэхэд 1.68 хувь гарсан. Ө.Иид ил харагдах шарх сорви байхгүй байсан. Харин Ё.Аын хамар нь мурийчихсан, зүүн нүд хэсэгт шалбарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 /,

 

   Гэрч Т.Б-н “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос ******* сум руу явах замд машины дугуй хагараад Өвөрхангай аймгийн ******* сумын цагдаагийн хүмүүсээс тусламж хүссэн юм. Сумын төв рүү явж байх замд голын эрэг дээр “Бонго” машины урд талд 3 залуу суучихсан архи ууж байгаа бололтой байсан. Бид нар сумын төв орж машиныхаа дугуйг нөхүүлчихээд буцаад явахад нөгөө 3 залуу яваагүй тухайн газраа байж байсан. ...Нэг их удалгүй мотоцикльтой хүн ирсэн. Тэр хүн цагдаа хувцасгүй байсан. Мотоцикльтой ирсэн залууг нэг хүн цохиод хамраас нь цус гаргасан, мөн куртикний сугыг нь урчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

Гэрч Ү.О-н “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос ******* сум руу явах замд амралтын газрын зүүн талд машины дугуй хагараад Өвөрхангай аймгийн ******* сумын цагдаагийн хүмүүсээс тусламж хүссэн юм. Тэгээд бид нар машиныхаа дугуйг тайлж аваад сумын төв рүү явсан. Сумын төв рүү явж байх замд голын эрэг дээр “Бонго” маркийн автомашины урд талд 3 залуу суучихсан архи ууж байгаа бололтой байсан. Бид нар сумын төв орж машиныхаа дугуйг нөхүүлчихээд 40 орчим минутын дараа буцаад явахад нөгөө 3 залуу яваагүй тухайн газраа байж байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч тухайн хүмүүс дээр очсон. Машинаас гараад цагдаагийн алба хаагч юу ярьсан талаар бол мэдэхгүй. Тэр хүмүүсийг цагдаагийн алба хаагч машиныхаа түлхүүрийг өг гэж байгаа бололтой байсан нөгөө хүмүүс нь өгөхгүй байсан. Жижиг биетэй шар залуу Ө.И-тэй нилээн ноцолдоод газар унаад байсан. Тэгсэн цагдаагийн алба хаагч Ө.И-г хүн дуудаж байгаа бололтой утсаар ярьж байсан. Нэг их удалгүй мотоцикльтой хүн ирсэн. Мотоцикльтой ирсэн залууг дээлтэй залуу цохиод хамраас нь цус гаргачихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

 Гэрч Б.Э-н “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос ******* сум руу явах замд амралтын газрын зүүн талд машины 2 дугуй хагараад Өвөрхангай аймгийн ******* сумын цагдаагийн хүмүүсээс тусламж хүссэн. Бид нар машиныхаа дугуйг тайлж аваад сумын төв рүү явсан. Сумын төв рүү явж байх замд голын эрэг дээр цэнхэр өнгийн машинтай 3 залуу суучихсан байсан. Бид нар сумын төв орж машиныхаа дугуйг нөхүүлчихээд буцаад явахад нөгөө 3 залуу яваагүй тухайн газраа байж байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч тухайн хүмүүс дээр очоод машинаас гараад цагдаагийн алба хаагч юу ярьсан талаар бол мэдэхгүй. Машины түлхүүрийг нь авах гээд байгаа бололтой байсан. Түүнээс болоод л маргалдсан байх. Машины түлхүүр аваад байсан залуу Ө.Итой нилээн ноцолдоод газар унаад байсан. Тэгсэн цагдаагийн алба хаагч Ө.И-г хүн дуудаж байгаа бололтой утсаар ярьж байсан. Нэг их удалгүй мотоцикльтой хүн ирсэн. Мотоцикльтой ирсэн залууг дээлтэй залуу цохиод хамраас нь цус гаргачихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

Гэрч Ж.Г-н “...Тухайн үед би тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь Э намайг хоёулаа С.З ахын араас очъё цагдаа нар аваад явсан гэж байсан. Би

тэр хооронд юу болсон талаар мэдэхгүй байна. Ө.И цагдаа ирсэн талаар санахгүй байна. Би цагдаа нартай хэрэлдэж зодож, цохьсон асуудал гаргаагүй байх гэж бодож байна. Сүүлд нь Энхтөрөөс юу болсон талаар асуухад Энхтөр бас тухайн үеийг сайн мэдэхгүй байгаа бололтой С.З ах цагдаа нарын өмнөөс хэрэлдээд уурлаад байсан байх гээд байсан. С.З бид 2 нилээн согтсон байсан. Би тасарчихсан тухайн үед болж өнгөрсөн зүйлийг санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 /,

 

Гэрч Г.Э-н “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бид нар жаахан юм яриад сууж байсан чинь 11 цаг өнгөрч байхад цагдаагийн машин эргэж ирээд Ө.И гэх манай сумын хэсгийн төлөөлөгч цагдаа ирээд бид нарыг явцгаа юугаа хийгээд архи уугаад байгаа юм гэсэн. Ө.И цагдаа Ж.Г, С.З нарыг машиндаа суугаад яв гэсэн чинь С.З ах согтуугаараа хэрүүл хийгээд барилцаж аваад С.З ах Ө.И-г 1 удаа цохьсон. С.З ах Ё.А-н өмнөөс дайраад агсан тавиад байсан. Нэг харсан чинь Ё.А цагдаатай барилцаад авсан нэг цохиж аваад газар хамт унаад зууралдаад байгаа харагдсан. Ё.А цагдаа босч ирээд нүүрээ дараад цаашаа явсан. Сүүлд нь цагдаагийн байрны үүдэнд Ё.А цагдаатай таарахад зүүн нүд нь шалбарчихсан, хамар нь хавдчихсан цус гараад байсан. С.З ах л согтуурахаад агсан тавиад цагдаагийн алба хаагч нарын тавьсан шаадлагыг эсэргүүцэж Ө.И-г 1 удаа толгойд нь гараараа цохьсон, Ё.А цагдааг гараараа нэг удаа нүүрэн хэсэгт нь цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

 

Гэрч С.М-н “...Намайг эмнэлэг дээр байж байхад Ё.А гаднаас орж ирэхдээ хувцас нь урагдсан, хамраас нь цус гоожсон байдалтай, хамраа бөглөчихсөн, хувцас нь цус болсон, нэг талын нүд нь бага зэрэг хөхөрсөн, хамар нь мурийчихсан байсан. Тэр үедээ ажлаа хийж явж байгаад хүнд цохиулчихлаа гэж байсан. Хамраас нь нилээд цус гарсан гэж байсан. Тэгээд яаралтай аймаг руу яв гэсэн зөвлөгөө өгөөд явуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 /,

 

Гэрч Н.Б “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би жижүүр эмчээр ажиллаж байсан. Ё.А гэх залуу үзүүлсэн. Ё.А-н хамрын дээд хэсэгт хавдсан байсан. Би компьютерийн зураг авч онош тодорхойлоход хамрын хянга яс гэмтсэн гэсэн онош тогтоогдсон. Тэгээд эрүү, нүүрний эмч Б-г дуудаж үзүүлсэн. Өөр гэмтэл шарх байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 /,

 

Шүүгдэгч С.З-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар /хх-105-106/ болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №175, 176 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 52-53, 47 хуудас/,  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №47 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-69 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/16 дугаартай “Эрэгтэй хүний хавар намрын богино гадуур хувцасны зах зээлийн үнэ 75000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 58-61 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2026000000081 дугаартай тогтоол /хх-ийн 97-98 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-164-168/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/76 дугаартай “Олон нийтийн цагдаагийн ажилтан томилох тухай” тушаал /хх-161/, хохирогч Ё.А-н №0008 дугаартай олон нийтийн

 

цагдаагийн ажилтны үнэмлэх /хх-163/, Албан тушаалын тодорхойлолт /хх-156-158/, А-0012134 дугаартай цагдаагийн үнэмлэх /хх-155/, Ажилтан, алба хаагчийн дэлгэрэнгүй анкет /хх-151/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

       Шүүгдэгч ******* овгийн *******гийн З-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ё.А, Ө.И, гэрч Д.А, Т.Б, Ү.Онон, Б.Э, Ж.Г, Г.Э, С.М, Н.Б, шүүгдэгч С.З нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч С.З нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, болсон байдлыг зөв тусган авч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №12 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр /хх-88/ тогтоогдож байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч С.Зод холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн  тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан байх тул  шүүгдэгч С.З-г үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч С.З нь хууль сахиулагч болох Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, Өвөрхангай аймгийн ******* сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.И,  Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын ******* сум дахь олон нийтийн цагдаагийн ажилтан  Ё.А нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэхдээ олон нийтийн цагдаагийн ажилтан Ё.А-н  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтаас үзэхэд түүнийг хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангаж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх үзлээ.

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд “Шүүгдэгч Л.З-н хувьд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшсэн. Хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд хангагдсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 30 хоногт шилжүүлж,  нийт 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаанаас хэтрүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү? гэсэн саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх зохицуулалт хамаарахгүй” гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл, 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч С.З нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн 2 санаатай гэмт хэргийг үйлдсэн байх тул  шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан “тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч С.З нь хохирогч Ё.А 2675000 төгрөг, төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь  хохирогч Ё.А-н шүүхэд ирүүлсэн “хохиролд 2675000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, хохирогч Ө.И-н шүүхэд ирүүлсэн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг  тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ял”,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял” оногдуулахаар тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.З нь мал аж ахуй эрхэлдэг, аминдаа 676 толгой малтай, үл хөдлөх эд хөрөнгөтэй болох нь Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаартай тодорхойлолт, 2019 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн  тооллогын бүртгэл, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 524 дугаартай эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа,  шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан түүнд хуульд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3450 /гурван мянга дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3450000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зын хөрөнгө, бусад орлого олох боломжийг нь харгалзан түүнд оногдуулсан 3450 /гурван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3450000 /гурван

сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Шүүгдэгч С.З-д торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ё.А-д хохиролд 2675000 төгрөг төлсөн,  хохирогч Ө.И, Ё.А  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баруун талын энгэр хэсэгт “DESCFNDENT III” гэсэн бичигтэй, зүүн талын энгэр хэсэгт “OUTDOOR”  гэсэн бичигтэй, энгэр хэсэгтээ цахилгаантай, суга хэсгээрээ хар хөх өнгийн оруулга бүхий, малгайтай, цэнхэр өнгийн куртикийг устгаж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн С.З-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. ******* овгийн С.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3450 /гурван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу

 

3450000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-д оногдуулсан 3450 /гурван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгөрөгөөр буюу 3450000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч С.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ё.А-д 2675000 төгрөг төлсөн, хохирогч Ө.И, Ё.А нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баруун талын энгэр хэсэгт “DESCFNDENT III”,  зүүн талын энгэр хэсэгт “OUTDOOR”  гэсэн бичигтэй, энгэр хэсэгтээ цахилгаантай, суга хэсгээрээ хар хөх өнгийн оруулга бүхий, малгайтай, цэнхэр өнгийн куртикийг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.