| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 185/2017/0449/Э |
| Дугаар | 416 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 416
М.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор С.Солонго,
Хохирогч М.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,
Иргэний хариуцагч Ц.Гантулгын өмгөөлөгч Т.Баярбат,
Шүүгдэгч М.Эгийн өмгөөлөгч Ц.Даваажаргал,
Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар М.Эд холбогдох эрүүгийн 180600000027 дугаартай хэргийг 2018 оны 4 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хуацай овогт Мөнхбилэгийн М.Э, 1900 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ 000 ажиллаж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000000812/,
М.Э нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гял цал” автомашин угаалгын газраас хохирогч М.Бгийн эзэмшлийн 0улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Пробокс” маркийн автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хуацай овогт Мөнхбилэгийн М.Эг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, М.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтлэг үйлчилгээний газарт эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, М.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснар М.Эгээс 9.509.800 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 919б тоотод оршин суух /РД: МУ87052171/ М.Бд олгох, иргэний хариуцагчаар Ц.Гантулгыг татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Эд авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Эгийн өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар М.Эг “автомашин угаалгын газар ажилд ороод 7 хонож байсан, угаалгын газар, М.Э нарын хооронд хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, албан тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулаагүй” гэж дүгнэн “Гял цал” автомашин угаалгын газрыг түрээслэгч Ц.Гантулгыг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгоно гэж хуульчилсан байна.
Гэтэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, “Гял цал” угаалгын газар нь Хөдөлмөрийн тухай хуулинд заасан үүргээ биелүүлэхгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Түүнчлэн хохирогч М.Б автомашинаа угаалгахаар “Гял цал” угаалгын газрыг түрээслэгч гэх Ц.Гд хариуцуулан өгч төлбөр тооцоогоо хийсэн бөгөөд М.Эд хариуцуулан өгөөгүй юм. Ц.Г нь тухайн үед хоёр автомашин М.Эд хариуцуулан угаахыг үүрэг болгосны дагуу М.Э шөнийн ээлжинд хонож ажиллахаар үлдсэн байдаг. Иимд иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
Мөн М.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, ажил хийж хохирлоо барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээ буюу 240 цагаар тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч М.Эгийн өмгөөлөгч Ц.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Эг угаалгын газар ажилд ороод 7 хонож байсан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсдад хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, албан тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж зааснаас гэсэн байгаа нь ойлгомжгүй байна. Ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Зөвхөн 7 хоног ажиллаж байгаа гэсэн үндэслэлээр иргэний хариуцагчийг татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасан үндэслэл нь энэ юм. Тэгээд шүүгдэгч М.Э нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийн хэрэгт 21 хоногийн баривчлах ял эдэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эцэг нь хорт хавдартай мөн эцэг, эх нь өндөр настай. Шүүгдэгч М.Э ажил хийж учруулсан хохирлыг барагдуулна гэж ярьдаг. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээ буюу 240 цагаар тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Хохирогч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан гатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол тооцож шийдвэрлэх хэсгийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.
1. Эрүүгийн хэргийг шалгах явцад иргэн М.Б миний угаалгын “Гял цал” нэртэй авто угаалгын газраар үйлчлүүлэх үед учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг шалган тогтоогоогүй. Миний хувьд шүүгдэгчтэй хувийн харилцаа байхгүй таньж мэдэхгүй харин “Гял цал” угаалгын газрын үйлчилгээг авсан. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн этгээдээс миний хохирлыг гаргуулсан нь хууль бус. Учир нь тухайн этгээдийг Хөдөлмөрийн харилцаа үүсгэн цалинжуулж байгаа хуулийн этгээд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажил олгогч хүлээдэг. Гэтэл хууль бусаар нэвтэрч орсон биш ажил үүргээ гүйцэтгэж байхдаа надад гэм хор учруулсан байхад иргэний хариуцагчаар авто угаалгын газар буюу уг үйлчилгээг явуулж байгаа хуулийн этгээдийг татаж хохирлыг хариуцуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
2. Шүүгдэгч бусдад учруулсан их хэмжээний хохирлоо төлж барагдуулаагүй, төлөх ямар ч оролдлого хийгээгүй байхад хэт хөнгөн ял шийтгэж ажлын байрандаа архидан согтуурч бусдын итгэмжлэн угаалгаж байгаа үнэтэй эд хөрөнгийг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар ч үр нөлөөгүй арга хэмжээ авч хуулийг хөсөрдүүлэх боломж олголоо. Иймд шүүхийн 385 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг зөвтгөн шалгуулж өгнө үү...” гэв.
Хохирогч М.Бгийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэний хариуцагчтай холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Мөн шийтгэх тогтоолд дээрх хүчингүй болгосон талаар тайлбарласан тайлбар өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан үйл баримттай нийцэхгүй, үндэслэлгүй тайлбар хийсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Анх хохирогч М.Б өөрийн эзэмшлийн автомашинаа “Гял цал” авто угаалгын газарт Ц.Г гэдэг хүнд 18.000 төгрөгийг өгч автомашинаа угаалгаж, угаалгын газарт хонуулахаар харилцан тохиролцоод автомашиныхаа түлхүүрийг Ц.Г гэдэг хүнд үлдээгээд явсан байдаг. Ингээд Ц.Г хохирогч М.Бгийн эд хөрөнгийг хариуцаж авч үлдсэн. Үүний цаана тухайн газарт ажилладаг гэх шүүгдэгч М.Э автомашиныг авч явж хохирол учруулсан асуудал байдаг. Шууд утгаараа Ц.Г гэдэг хүн анхнаасаа хариуцлага хүлээж автомашиныг авч үлдсэн. Түүнчлэн бусдын эд хөрөнгийг хүлээж авч үлдсэн хүн өөрөө энэ хариуцлагыг хүлээх ёстой гэдэг үндэслэлээр иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосныг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, иргэний хариуцагчаар татан оруулж ирж, хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү” гэв.
Иргэний хариуцагч Ц.Гантулгын өмгөөлөгч Т.Баярбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлын агуулгуудтай танилцсан. Гомдлууд үндэслэлгүй учраас иргэний хариуцагчаар Гантулгыг татсан тогтоолыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажил үүргээ гүйцэтгэх явцад гэм хор учруулсан бол гэж тодорхой заасан байгаа. Гэтэл шүүгдэгч М.Э ажил үүргээ гүйцэтгэх явцдаа биш харин автомашиныг хулгайгаар архи авах гэж явж байгаад хохирлыг үүсгэсэн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэсэн үндэслэл байхгүй байна. Иймээс иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. Байнгын ажлын байр гэсэн асуудал яригдаж байна. Энэ ажлын байр нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг газар учраас хөдөлмөрийн гэрээ хийх шаардлагагүй газар. Хөлсөөр ажиллаад өдөрт нь хөлсөө авч явдаг. Ер автомашин угаадаг бүх газар ийм байдаг. Иймээс гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын үед миний зүгээс гаргасан удаа дараагийн хүсэлтүүд байгаа. Шүүгдэгч М.Э гэдэг хүн камерын бичлэгт тухайн автомашины түлхүүрийг хохирогч М.Бгээс аваад оруулж ирж тавиад буцааж ширээн дээрээс хулгай хийгээд авч гараад явдаг. Эдгээрийг нотолсон баримтыг хэргийн материалд өгөх гэж удаа дараа хүсэлт гаргасан ч биелэгдээгүй. Иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон тухай гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайн хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Эгийг үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Түүний гэм бурууд анхан шатны шүүхээс тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Хэдийгээр улсын яллагчийн эсэргүүцэл бичээгүй ч гэсэн Гантулгыг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
М.Э нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гял цал” автомашин угаалгын газраас хохирогч М.Бгийн эзэмшлийн 0улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Пробокс” загварын автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч М.Бгийн “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 18 цаг 40 минутын орчимд Эрдэнэтолгойн “МТ” шатахуун түгээх станцын ард байрлах авто угаалгын газар өөрийн эзэмшлийн “Пробокс” загварын тээврийн хэрэгсэлийг бүтэн угаалгаад хонуулахаар тохиролцон ажиллуулдаг эмэгтэйд түлхүүр, тооцооны 18.000 төгрөгийн хамт үлдээгээд явсан. Шөнийн 02 цаг 40 минутын орчимд 93020 гэсэн дугаараас дуудлага ирсэн байсан. Өглөө 09 цаг 30 минутын орчимд 990343-тай дугаараас танихгүй эрэгтэй хүн яриад уучлаарай манай ээжийн ажиллуулдаг угаалгын газрын ажилтан чиний машины түлхүүрийг хулгайлан авч, гадаа хашааны хаалганы цоож эвдэн чиний дугаартай машиныг чинь авч яваад мөргөлдүүлсэн байна яаралтай Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр хүрээд ирээч гэсэн. Тэгээд би шууд уг угаалгын газарт очиход өчигдөр миний түлхүүр өгсөн эмэгтэй уучлаарай манай ажилтан М.Э түлхүүр хийдэг сав эвдэн орж чиний машины түлхүүрийг авсан байна. Мөн грашийн хаалга эвдээд машиныг чинь унаад гараад явсан байна гэж хэлсэн. Миний машиныг Чулуун овооны тэнд байх журмын хашаанд ачуулсан байсныг очиж харахад урд хэсэг 2 их гэрэл, купер, урд салхины шил, 2 кралан, копут, радиатор, жолоочын эсрэг талын 2 хаалга, толь, голын багана, бензин банк, хойд дугуй хагарсан тэвшний татуурга тасарсан байдалтай байсан. Би машинаа гааль дээрээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11.500.000 төгрөгөөр худалдан авсан байсан. Камер, дугуй, хөгжим, тос масло солих зэргээр нэмэлт тоноглол 720.000 төгрөгөөр хийсэн. 2012 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй машин байсан. Монголд явж байгаагүй. Нийт 12.220.000 төгрөгийн хохирол учирсан...” /хх-29-34/,
Гэрч Б.Батхуягийн “...Миний төрсөн эх Ц.Г Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины угаалгын газрыг түрээслэн ажиллуулаад 3 жил болж байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг 40 минутын орчимд байх ээж Ц.Г миний гар утас руу залгаад угаалгын газар хонож байсан “Тоёота Пробокс” загварын машиныг угаалгын газарт ажиллаж байсан угаагч М.Э унаад аваад гарсан байна гэсэн. Тэгээд би угаалгын газарт 08 цаг өнгөрч байхад ирэхэд угаалгын газарт машин угаагч М.Э өөрийн эхнэр Отгонхандын хамт байсан. Удалгүй манай ээж ирсэн. Тэгээд би болсон хэргийн талаар 102 дугаарт залган хэлсэн. Мөн машины эзэнд хэлсэн. Түүнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна...” /хх-35-36/,
Гэрч Т.Энхбаатарын “...Би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гял цал” автомашины газарт угаагч хийдэг бөгөөд шөнө нь угаалгын газрын гадна талд байх манаачийн байранд эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний шилжих шөнө угаалгын газарт 10 гаран автомашин хоносон бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 06 цаг 30 минутын орчимд угаалгын газартаа ороход угаалгын газрын заалны гэрэл асаалттай мөн дотор нь байсан цагаан өнгийн машин байхгүй байсан. Тэгээд захирал Ц.Г гэх эмэгтэйн утас руу залгаж болсон хэргийн талаар хэлсэн. Захирлын хүү Батхуяг ирээд цагдаад дуудлага өгсөн. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй...” /хх-37-38/,
Иргэний хариуцагч Ц.Гантулгын “...Би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гял цал” автомашин угаалгын газрыг түрээслэн ажиллуулаад 3 жил болж байна. Энэ угаалгын газрыг Сэргэлэнбаяр гэх хүнээс түрээслэдэг бөгөөд сарын 2.000.000 төгрөг түрээсэнд өгдөг юм. Сэргэлэнбаяр гэх хүн одоо хаана байгаа талаар мэдэхгүй. 3 жилийн өмнө гэрээ хийсэн түүнээс хойш гэрээг сунгасан асуудал байхгүй байгаа. 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 18 цаг өнгөрч байхад улсын дугаартай “Тоёота Пробокс” загварын машин бүтэн угаалгаад машинаа угаалгын газар хонуулахаар болсон. Би уг залуугаас 18.000 төгрөгийг нь аваад машиныг хүлээн авч үлдсэн. Тэгээд уг машиныг М.Э гэх залуугаар угаалгахаар болсон. Орой 19 цаг 40 минут болж байхад би ажлаасаа гараад явсан. Тухайн үед угаагч М.Э машинаа угаагаад үлдсэн. Маргааш өглөө нь 07 цаг 30 минутын орчимд байж байхад угаагч М.Э эхнэр Отгонханд миний гар утас руу залгаад М.Э угааж байсан машинаа унаад явсан байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар өөрийн хүү Батхуягт хэлсэн. Манай хүү Батхуяг намайг ажил дээрээ ирэхээс өмнө манай ажил дээр ирчихсэн байсан. Тэгээд би хүүдээ хэлээд манай хүү цагдаад дуудлага өгсөн. Болсон асуудлын талаар машины эзэнд хэлсэн. М.Э автомашины түлхүүр байгаагүй. Камер шүүхэд тэрээр ширээн дээр байсан түлхүүрийг авч байсан. Хохирогч М.Б учирсан хохирлыг М.Эгээр төлүүлэх хүсэлтэй байна...” /хх-41-42/,
Шүүгдэгч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах машин угаалгы газарт угаагч хийдэг юм. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байхад улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Пробокс” загварын машинтай жолооч ирээд угаалгын газар машинаа угаалгаад хонуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд тооцоогоо хийгээд гарсан. Тухайн үед 19 цаг болж байсан санагдаж байна. Би машины гадна талыг угаах гээд байж байтал угаалгын газрын эзэн дуудаад цалингаа ав гэсэн. Тухайн өдөр би 16.000 төгрөгийн цалин авсан. Тэгээд байж байтал хамт ажилладаг Дамдин гэх залуу гарч ганц юм уух уу гэхээр нь би тэгье гэсэн. Би машины гадна талыг угаачихаад ажлаасаа гарсан бөгөөд тухайн үед Дамдин Эрдэнэтолгойн “МТ” шатахуун түгээх станцын хажуу талд байрлах нийтийн караоке дотор байсан. Дамдин бид хоёр нийтийн караоке дотор байхдаа 0.5 литрийн 4 шил нийслэл пиво, 0.5 литрийн хараа архи авч уусан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад караокенээс гараад замаараа дэлгүүр орж 2.5 литрийн 2 ширхэг пиво аваад угаалгын газартаа ирээд 0улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Пробокс” загварын машин дотор орж суугаад нөгөө пивоо уусан. Тэгээд байж байхад Дамдин тасарсан бөгөөд би Дамдин өргөж машинаас гаргаад угаалгын газарт байсан “Тоёота Чейзер” загварын машин дотор оруулж унтуулсан. Тэгээд би угаалгын газрын хаалгыг онгойлгоод улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Пробокс” загварын машиныг унаж гарсан. Би Шар хадны эцэс дээр очоод эцсийн дэлгүүрээс 2.5 литрийн 2 ширхэг пиво авч уусан. Тэндээсээ хөдлөөд явж байхад замын цагдаа дохих шиг болохоор нь зугтааж яваад Шар хадны 2 дугаар буудлын өргөн гудамжинд ороод 0улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Пробокс” загварын машины урд хэсгээр юм мөргөсөн. Тухайн үед согтуу байсан болохоор юу мөргөсөн талаар мэдээгүй. Би машинаас буугаад зугтаагаад гэртээ очиж амарсан. Маргааш өглөө нь гэртээ унтаж байхад цагдаа нар ирээд намайг барьж авсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” /хх-10/ гэх мэдүүлгүүд болон “Ухаа шүрт консалтинг” автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-46-52/, автомашин оношлогооны хуудас /хх-55-56/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд М.Эгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчлэн хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгон цагаатгах, шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд хохирогч М.Б нь иргэний хариуцагч, “Гял цал” автомашин угаалгын газрын эзэн Ц.Гд автомашинаа угаалгахаар хүлээлгэн өгсөн, угаалгын төлбөрийг түүнд төлсөн, нөгөөтэйгүүр Ц.Г нь М.Этэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүйгээр ажил эрхлүүлж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулиудад заасан үүргээ зөрчсөн байх тул хохирогч М.Бд учирсан 9.509.800 төгрөгийн хохирлын зохих хувийг иргэний хариуцагч Ц.Гар төлүүлэхээр шийдвэрлэв.
Иймд шийтгэх тогтоолын Ц.Гантулгыг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон заалтыг хүчингүй болгож, иргэний хариуцагч Ц.Гас 5.000.000 төгрөгийг, үлдэх 4.509.800 төгрөгийг шүүгдэгч М.Эгээс тус тус гаргуулж хохирогч М.Бд олгон энэ талаар гаргасан хохирогч М.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудын энэхүү үндэслэлийг хүлээн авч, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин “...шүүгдэгч М.Эд шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн, хүндэдсэн...” гэх агуулга бүхий хохирогч М.Б, шүүгдэгч М.Эгийн өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснар М.Эгээс 9.509.800 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 919б тоотод оршин суух /РД: МУ87052171/ М.Бд олгох, иргэний хариуцагчаар Ц.Гантулгыг татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.Гас 5.000.000 төгрөгийг, М.Эгээс 4.509.800 төгрөгийг тус тус гаргуулж Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 919б тоотод оршин суух /РД: МУ87052171/ М.Бд олгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Д.МЯГМАРЖАВ