Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 313

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: Ү.С 

Хариуцагч: ОӨ, УБЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “ЖБД ХХК-ний 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Ү.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЖБД” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй ба 34 хувийн хувьцааг Ү.Ж, 33 хувийн хувьцааг Д.Д, 33 хувийн хувьцааг М.Б эзэмшин, Ү.Ж гүйцэтгэх захирлаар томилогдон гадаад худалдаа, худалдааны зуучлал, хүнсний бөөний худалдаа, хүнсний жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2005 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг.

Тус компанийн 33 хувийн хувьцаа эзэмшигч Д.Д өөрийн хувьцааг худалдан борлуулах саналаа “ЖБД” ХХК-ний захирал хувьцаа эзэмшигч Ү.Жд, 33 хувийн хувьцаа эззмшигч М.Б нарт 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн боловч дээрх 2 хувьцаа эзэмшигч эзэмших хувьцааны хэмжээгээр тэргүүн ээлжинд худалдан авах саналыг хүлээн аваагүй, хариу ирүүлээгүй тул Д.Д,  Ү.С надтай харилцан тохиролцон 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн үнээр хувьцаагаа зарж эрх шилжүүлэх гэрээ байгуулсан боловч 2012 оны 3-р сарын 21-ний өдөр захирал Ү.Ж нас барсан болно.

 Ийнхүү захирал нь нас барсанаас шалтгаалан хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар бүртгүүлээгүй байдаг. Д.Д нь С надаас хувьцаа зарсаны 30.000.000 төгрөгөөс мөнгөний хэрэгцээ байна гэж хувьцааны мөнгөө өгөхийг хүссэний дагуу 2013 оны 9-р сарын 04-ний өдөр бэлнээр 20.000.000 төгрөг 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Голомт банкны 1109041267 дугаар дансаар 4.000.000 Д.Дд өгсөн. Үлдэгдэл төлбөрийг хувьцаа шилжсэний дараа шилжүүлэхээр болсон.  

2017 онд миний бие хувьцаагаа шилжүүлэхийг Д.Д-аас шаардсан бөгөөд энэ үеэс Д.Д нь улсын бүртгэлээс лавлагаа авахад анх байгууллагдсан М.Б 33 хувь, Д 33 хувь Ү.Ж 34 хувийн хувьцаа эзэмшигчээрээ мөн захирал нь талийгаач Ү.Ж улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээрээ байсан.

Нотариатч 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн С, Д бидний хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлэхгүй гэсэн тул шинээр дахин Д.Д нь хувьцаа эзэмшигч М.Б-д нэгэнт Ү.Ж нас барсан тул түүний үр хүүхэд гэр бүлд өөрийн хувьцаагаа 30.000.000 төгрөгөөр худалдан борлуулах саналаа дахин шинээр гаргасан.

Харин талийгаач Ү.Ж-ын үр хүүхэд эхнэр нь ямар ч холбоогүй. Талийгаачтай цуг амьдардаггүй байсан бөгөөд одоо хаана байгаа нь тодорхой бус байсан тул компанийн улсын бүртгэлд байгаа Ү.Ж-ын хаягаар саналаа хүргүүлсэн. Гэвч хариу ирүүлэх тогтоосон хугацаанд талийгаачийн үр хүүхэд гэр бүлээс нь хариу ирүүлээгүй, 33 хувийн хувьцаа эзэмшигч М.Б худалдан авахгүй гэсэн хариу ирүүлсэн тул тэдгээрт санал болгосон үнээр Ү.С надтай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус шинээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. 

Д.Д нь төлөөлөн удирдах зөвлөл байхгүй, гүйцэтгэх захирал нас барсан түүний хууль ёсны өвлөгч нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан тул Компаний тухай хуулийн 61-р зүйлийн 7-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гарган 2017 оны 11 дүгээр сарын 01-нд зарыг 33 хувийн хувьцаа эзэмшигч М.Б, 34 хувийн хувьцаа эзэмшигч талийгаач Ү.Ж-ын гэр бүл үр хүүхдэд шуудангаар /хаяг нь тодорхой бус тул компаний дүрэмд байгаа хаягаар хүргүүлж 2017-11-02-ны өдөр тутамын Өнөөдөр сонинд хурлын зарыг тавьсан.

2017 оны 12-р сарын 13-ны өдрийн 15 цагт С дүүргийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Төв номын сангийн замын эсрэг талд Бизнес товерын 19 давхарт Эс Эм Эс төвд ЖБД XXК-ний ээлжит бус хурал хуралдаж Д.Дг компаний дүрмээс хасч, түүний оронд Ү.С намайг 33 хувийн хувьцаа эзэмшигчээр өөрчлөн баталж улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг 4 асуудлаар шийдвэр гаргаж, тогтоол гаргасан. 

Ийнхүү уг тогтоолыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлсэн боловч 2017 оны 12-р сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл авсан уг мэдэгдэлд Иргэний хуулийн 515-р зүйлийн 1 "Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө’', Компапийн тухай хуулийн 65-р зүйлийн 1-д  “Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ.

Мөн хуулийн 34-р зүйлийн 1.1; "Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх;

Мөн хуулийн 5-р зүйлийн 3 "Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагагай компний хувьцаа эзэмшигч нь компаний болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компаний дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй".

Мөн хуулиин 5-р зүйлийн 4 "Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа ззэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр мэдэгдэнэ”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19-р зүйлийн 1.1-д "Улсын бүртгэлд бүрдүүлэхээр ирүүлсэн баримтын бүрдэл дутуу” гэсэн үндэслэлээр бүргэхээс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23-р зүйлийн 1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 

23.1 1. нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт;

23.1.2. баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; ..

231.З. үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;

231.4. үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

23.1.5. шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

23.1.6  улсын  тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Мөн хуулийн 23-р зүйлийн 2-т Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй гэж хуульчилжээ.

Гэтэл дээрх хуулийн шаардлагыг хангасан баримт бичгүүдийг бүрдүүлсэн байхад улсын бүртгэгч нь хуулиар шаардсанаас бусад баримт бичиг шаардан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хуулиар шаардсан баримт бичгийг бүрдүүлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлсэн бөгөөд бүртгэхээс татгалзсан үндэслэлүүдийн нэг болох нас барсан хувьцаа эзэмшигч Ү.Жы хууль ёсны өв залгамжлагчийг тогтоолгох шаардлага хувьцаа зарсан болон хувьцааг худалдан авагч бидэнд байхгүй.

Харин нас барсан хувьцаа эзэмшигч Ү.Жы хууль ёсны өв залгамжлагч нарт хувьцаа худалдах саналаа боломжит нөхцөлөөр хүргүүлсэн хурлын зарыг мөн боломжит нөхцөлөөр буюу нас барсан хувьцаа эзэмшигч Ү.Жы хууль ёсны өв залгамжлагч нь хаана оршин суугаа нь тодорхойгүй байгаа тул компаний дүрэмд байгаа хаягаар мэдэгдсэн. Энэ талаарх бүхий л баримт байгаа болно.

Хурлын зарыг өдөр тутамын хэвлэлд нийтлүүлж зарласан бөгөөд энэ талаарх шуудан болон сонинд зар өгсөн баримт, зар, хэвлэгдсэн сонин зэрэг баримтууд байгаа бөгөөд харин нас барсан хувьцаа эзэмшигчийн хууль ёсны өв залгамжлагч нь хуулиар болон компанийн дүрэмд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, нас барсан хууль ёсны өвлөгчийн хариуг заавал бичгээр авах хуулийн шаардлага бидэнд байхгүй болно. 

2012 оны 3-р сард нас барснаас хойш хууль ёсны өвлөгч нь хувьцаа эзэмшигчийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хаана байгаа хаяг нь тодорхойгүй байгаагаас компаний бусад хувьцаа эзэмшигчдийн хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэхийг хязгаарлах үндэслэлгүй бөгөөд хууль болон, компаний дүрмийн хүрээнд дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэгдсэн шийдвэрийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Мөн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзан үндэслэлүүдийн нэг болох хувьцаа эзэмшигч Д.Д нь Д.С-д төлөөлөх итгэмжлэл олгосон байна. Уг итгэмжлэлд төлөөлж хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх, шийдвэр гаргах, дүрэмд гарын үсэг зурах ХЭУБГ-т хандах материал бүрдүүлэх итгэмжлэл олгосон байх ба компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийх эрх Д.Сд олгоогүй байна гэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд Д.С нь 33 хувийн хувьцаа эзэмшигч М.Б-аас олгосон итгэмжлэлээр түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцох, санал өгөх, шийдвэр гаргах, дүрэмд гарын үсэг зурах ХЭУБГ-т хандах материал бүрдүүлэх итгэмжлэл олгогдсон юм. Түүнээс биш Д.Сд Д.Д-аас итгэмжлэл олгогдоогүй. Д.Д нь компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг өөрөө бие даан хийж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн болно.

Гурван хувьцаа эзэмшигчтэй компаний 34 хувийн хувьцаа эзэмшигч нас барсан, түүний хууль ёсны өвлөгч компанийн тухай хууль болон дүрмээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Бүсад хувьцаа эзэмшигч нартаа оршин суугаа хаягаа мэдэгдээгүйгээс шалтгаалж 33 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьцаагаа худалдах эрх хязгаарлагдах ёсгүй бөгөөд хувьцаа  эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр 66 хувийн ирц 66 хувийн саналаар шийдвэрлэгдсэн тогтоолыг бүртгэхээс татталзсан захиргааны шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч Ү.С миний хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг бүртгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно.

2017 оны 12-р сарын 20-ны өдрийн улсын бүртгэгч Э.Эрдэнэбилэгийн "хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож Ү.С миний “ЖБД” XXК-ний 33 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул “ЖБД” ХХК-ний 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тоггоолыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын буртгэлийн газарт даалгах” гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖБД ХХК нь 2005 онд Ү.Ж 34 хувь, М.Б 33 хувь, Д.Д 33 хувь гэсэн 3 хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба үүнээс хойш бүртгэлд ямар ч өөрчлөлт ороогүй байна. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЖБД ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Д-ийн эзэмшлийн 33 хувийн хувьцааг Ү.С-т шилжүүлж бүртгүүлэхээр дараах баримтуудыг бүрдүүлэн ирүүлсэн ба улсын бүртгэгч бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Үүнд: УБ-05 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “ЖБД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, “ЖБД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол, “ЖБД” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ, “ЖБД” ХХК-ийн шинэчилсэн дүрэм. Эдгээр баримтуудаас харахад эхлээд хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ хийгдээд дараа нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсан байна. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч Ү.Ж-ын өвлөгчдөд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан эрхийг эдлэх боломж нөхцөл бүрдээгүй байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан баримтуудыг бүрдүүлэн бүртгүүлдэг. Гэтэл ЖБД ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь Компанийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуульд заасан журмын дагуу зарлаагүй хурал байх тул түүнээс гарсан шийдвэр ч хууль бус юм. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд улсын бүртгэлд өргөдөл гаргах эрх бүхий этгээдүүдийг зааж өгсөн байдаг. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЖБД ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Дгийн эзэмшлийн 33 хувийн хувьцааг Ү.Ст шилжүүлж бүртгүүлэхээр Ү.С УБ-05 маягтыг бөглөж хандсан нь эрх бүхий этгээд биш байна. Энэ бүгдээс дүгнэхэд Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах хуулийн үндэслэлгүй болох нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЖБД” ХХК-ний 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“ЖБД” ХХК нь Ү.Ж 34 хувь, Д.Д 33 хувь, М.Б 33 хувийн хувьцаа тус тус эзэмшин, Ү.Ж гүйцэтгэх захирлаар томилогдон гадаад худалдаа, худалдааны зуучлал, хүнсний бөөний худалдаа, хүнсний жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2005 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. 

Компанийн 33 хувийн хувьцаа эзэмшигч Д.Д хувьцаагаа Ү.Ст худалдах худалдан авах гэрээг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хийж, ЖБД ХХК-ийн хувьцаа ээзмшигч хасагдах, нэмэгдэх өөрчлөлт бүртгүүлэхээр бусад баримтуудыг бүрдүүлэн 2017 оны 12 дугаар сарын 18-нд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт мэдүүлгээ гаргасан байна. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч нь “компани 3 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 34 хувийн хувьцаа эзэмшигч Үржин овогтой Ж нас барсан гэж хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд тусгасан байна. Иймд түүний хууль ёсны өв залгамжлагчийг тогтоолгож хуралд оролцуулах ба Д.Дгийн худалдаж буй хувьцааг тэргүүн ээлжинд худалдаж авах эрхтэй юм. Иймд хууль ёсны өв залгамжлагчийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулах, хуралд оролцох боломжгүй бол зарыг хүргэж бичгээр хариу авах, мөн хувьцаа эзэмшигч Д.Д нь Д.Сд төлөөлөх итгэмжлэлд компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийх эрх Д.Сд олгоогүй” гэх үндэслэлээр бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан байна. 

Хувьцаа эзэмшигч Д.Д нь өөрийн 33 хувийн хувьцаагаа Ү.Ст шилжүүлэхээр хурал зарлаж, хурлын зарыг Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 “Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу нас барсан хувьцаа эзэмшигч Ү.Жы өв залгамжлагч нарт мэдэгдэхээр компанид бүртгэлтэй хаягаар явуулсан, сонинд зар гаргасан зэрэг өөрөөс шалтгаалах ажиллагааг хийсэн болох нь Монгол шуудангийн төлбөрийн баримт, MN-Өнөөдөр сонины зар, түүний гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. 

Харин улсын бүртгэгчийн татгалзсан хоёрдахь үндэслэл нь Д.Д нь Д.С-д төлөөлөх итгэмжлэл олгохдоо компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийх эрх Д.С-д олгоогүй гэх боловч бодит байдал дээр 33 хувийн хувьцаа эзэмшигч М.Б нь Д.С-д итгэмжлэл олгосон байна. 

Уг итгэмжлэлд “хувьцааг бусдад шилжүүлэх болон хувьцаа эзэмшигчдийн хуралд биечлэн оролцох, хэлэлцэж байгаа бүхий л асуудлаар санал өгч шийдвэр гаргах... тэдгээрт төлөөлж гарын үсэг зурах” гэж зааснаас үзэхэд 33 хувийн хувьцаа эзэмшигч М.Б-ын нэрийн өмнөөс хувьцааг шилжүүлэх эрх олгосон нь тодорхой байна. 

Түүнчлэн хувьцаа эзэмшигч Д.Д нь өөрийн эзэмшиж байсан 33 хувийн хувьцааг Ү.Ст шилжүүлснээр талийгаач Ү.Жы өв залгамжлагчийн эрх ашигт нөлөөлөхөөргүй байна гэж үзэхээр байна. 

Учир нь Д.Д нь өөрийнхөө 33 хувийн хувьцааг бусдад зарж байгаа болохоос биш талийгаач Ү.Ж-ын хувьцааг зарах зорилгогүй байсан байна. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ, 23.1 1. нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт; 23.1.2. баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 23.1.З. үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр; 23.1.4. үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт; 23.1.5. шаардлагатай тохиолдолд итгэмжлэл; 23.1.6  улсын  тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэж заасан.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй гэж хуульчилжээ.

Гэтэл дээрх хуулийн шаардлагыг хангасан баримт бичгүүдийг бүрдүүлсэн байхад улсын бүртгэгч нь хуулиар шаардсанаас бусад баримт бичиг шаардан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “ЖБД” ХХК-ний 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-д заасныг баримтлан Ү.С нэхэмжлэлийг хангаж, “ЖБД” ХХК-ний 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ