Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0032

 

 

 

 

 

 

 

 

 

Увс аймгийн Засаг даргын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга

Нэхэмжлэгч: Увс аймгийн Засаг дарга

Хариуцагч: Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор М.Б нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г,

Хариуцагч М.Б, М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 124/2022/0011/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор М.Б нарт холбогдуулан “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.4, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Чийн “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... шүүхээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчтэй зөвшилцөж зөвшөөрөл авч томилсон тухай асуудалд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “... хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” заалтыг хэрэгжүүлсэнгүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн шийдвэрийг аймгийн Засаг даргын хувьд биелүүлэх үүрэгтэй байхад энэ талаар тайлбарласангүй.  

3.2. ... Төрийн аудитын байгууллагаас гаргасан акт нь 2022 онд үйлчилсэн хуулийн заалтууд үндэслэж акт тавьсан зэргээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан захиргааны акт байсаар байхад мөн л үндэслэл бүхий тайлбар хийгээгүй, зөвхөн нэг талыг баримталсан тайлбар гаргаж нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэсэнгүй. 

3.3. Увс аймаг дахь Төрийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хууль хэрэглээний алдаа гаргасан боловч энэ нь захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгад нөлөөлөхгүй байна гэж үзсэн нь нэхэмжлэгчийн талаас цугларсан дээр дурдсан асуудалд холбогдох нотлох баримтуудыг үнэлээгүйг, хуулийн шаардлага хангасан эсэх асуудалд үндэслэлтэй тайлбар хийж чадаагүйг илэрхийлж байна.

3.4. Үүнээс гадна Увс аймаг дахь Төрийн аудитын байгууллага нь акт тавихдаа оролцогчийн санал тайлбарыг авах, авсан санал тайлбарыг шийдвэр гаргалтад харгалзан үзээгүй зэрэг нөхцөл байдал байсаар байхад энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг шүүгчээс гаргаагүй нь ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

3.5. Ковид-19 цар тахал болон халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зорилгоор нийгмийн хөгжил хариуцсан орлогчийг ажиллуулах шаардлага гарсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхгүй боловч ... гэжээ. Тийм бол үгүйсгэхгүй гэснийг нотлохын тулд Засаг даргын орлогч хэдэн удаагийн ажлын хэсэг ахалж ажилласан, ямар шийдвэр гаргалтад оролцсон, хэдэн санал гаргаж шийдвэрлүүлж байсан зэргээр нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгэсний дараа үндэслэлээ тайлбарлах ёстой байсан.

 

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 124/ШШ2022/0039 дугаартай шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх үндэслэлийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

4. Хариуцагч нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор М.Б нар нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актаар “Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын орлогчийн 1 орон тоон дээр 2 орлогч ажиллуулж 14,995,393 төгрөгийн цалин олгож төрд хохирол учруулсан гэж үзэн уг хохирлыг аймгийн Засаг дарга Ч.Чээр төлүүлж орон нутгийн орлогын 100150000962 тоот дансанд төвлөрүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

3.2. Харин Үндэсний аудитын газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/1102 дугаар албан бичгээр “... аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх хуулийн заалт болон Засгийн газраас гаргасан төсвийн хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэхгүйгээр 2 орлогч ажиллуулж, цалин олгосон зөрчилд төлбөрийн акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн хариу өгсөн байна. 

3.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн заалтууд нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон...” хэмээн тайлбарлаж байх ба харин хариуцагчаас “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан “Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байна...” гэсэн заалт нь тайлант онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолд заасан “шинээр албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй...” гэх заалтыг зөрчсөн” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

3.4. 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д: “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх”-өөр зохицуулжээ.

 

3.5. Гэтэл Увс аймгийн Засаг дарга 2021 оны 01 сард “хоёр” орлогчийг томилон ажиллуулах тухай захирамж гаргасан нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалттай нийцэхгүй байх ба хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэж буруутгасныг үгүйсгэх боломжгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

3.6. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчтэй зөвшилцөж зөвшөөрөл авч томилсон тухай асуудалд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн шийдвэрийг аймгийн Засаг даргын хувьд биелүүлэх үүрэгтэй байхад энэ талаар тайлбарласангүй гэжээ.

3.7. 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.1-д: “Тухайн Хурал Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг зөрчсөн, эсхүл өөрийнх нь бүрэн эрхэд үл хамаарах, түүнчлэн хэрэгжих санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэр гаргасан бол Засаг дарга холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эрхтэй” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Увс аймгийн Засаг даргаас дээрх хуулийн заалтын дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн шийдвэрт хориг тавих эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэхээр ба өөрөө хоёр орлогчтой байх саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгчдийн хуралд оруулж шийдвэрлүүлсэн байна.

3.8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч аймгийн Засаг дарга Ч.Чэд 02 тоот “Сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдэл хүргүүлсэн байх ба Увс аймгийн Засаг даргаас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/349 дугаар албан бичгээр хариу тайлбар өгсөн байх тул “...Увс аймаг дахь Төрийн аудитын байгууллага нь акт тавихдаа оролцогчийн санал тайлбарыг авах, авсан санал тайлбарыг шийдвэр гаргалтад харгалзан үзээгүй” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

 

3.9. Мөн Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль биш юм. Ковид-19 цар тахал болон халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зорилгоор нийгмийн хөгжил хариуцсан орлогчийг ажиллуулах шаардлага гарсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхгүй боловч орлогчийг томилох, чөлөөлөх шийдвэрийг тухайн харилцааг зохицуулсан хуулийн дагуу шийдвэрлэх тул онцгой нөхцөл бий болсон нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

3.10. Түүнчлэн 2021 оны 02 дугаар сарын 26-н өдөр Увс аймгийн Засаг даргын А/114 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог нэгдүгээр хавсралтаар баталсан байх бөгөөд уг хавсралтад Засаг даргын орлогчийн “2” орон тоотой байхаар тусгаж, Үндэсний аудитын газар “Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх хуулийн заалт болон хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэхгүйгээр орон тоо нэмэгдүүлэн 2 орлогч ажиллуулж цалин олгосон зөрчилд акт тогтоосон нь үндэслэлтэй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 124/ШШ2022/0039 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Чийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА