| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00360/И |
| Дугаар | 00461 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 00461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30-р хороо, 5-2 тоотод оршин суух, Чорос овогт Сэлэнгийн Түвшинтөрийн /ДЭ86011213/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-07 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвдоржийн Янзагад /ТА87081304/ холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч П.Янзага, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Түвшинтөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие П.Янзагатай 2007 онд танилцаж, 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлтээ баталуулснаас хойш огт хамт амьдараагүй тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул хүү Т.Ирмүүнийг ээжийнх нь асрамжинд үлдээж хүүхдэдээ тэтгэлэг олгохыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч П.Янзага шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Пүрэвдорж овогтой Янзага нь Сэлэнгэ овогтой Түвшинтөрөөс гэрлэлтээ цуцлуулах, хүү Ирмүүнийг өөрийн асрамжинд үлдээж тэтгэлэгийг хуульд заасны дагуу авахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдийн асрамжийн тухайд маргаангүй, ээжид нь үлдээхийг 2 талд зөвшөөрч байгаа тул Т.Ирмүүнийг санал асуулгахгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Түвшинтөр нь хариуцагч П.Янзагад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч П.Янзага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2007 онд танилцаж, гэр бүл болон 2008 онд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-185 дугаартай гэрлэлтийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгсдийн дундаас хүү Т.Ирмүүн 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, “Анхны-Оч” ӨЭМТөвийн тодорхойлолт, Гэгээн билиг бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, Т.Ирмүүний Г-1613 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүү Т.Ирмүүн нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар болон эд хөрөнгийн талаар зохигчид маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Янзагаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Түвшинтөрд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Чорос овогт Сэлэнгийн Түвшинтөр, Боржигон овогт Пүрэвдоржийн Янзага нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Т.Ирмүүнийг эх П.Янзагын асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т зааснаар бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг С.Түвшинтөрөөр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Янзагаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Түвшинтөрд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН