| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00118/э |
| Дугаар | 2020/ШЗТ/107 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЗТ/107
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Улсын яллагч А.Амарсанаа,
Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн А.Б-д холбогдох 2026000860099 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүнд ял болох 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялд хөнгөн ял болох 1 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, нийт 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, ******* овгийн А.Б
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү А.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд гэдгийг нь мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн өнгөрч байхад манай аав согтуу ахындаа байхад орж ирсэн. Би 5 настай Б.Л, 3 настай А гэх 2 хүүхэдтэй гурвуулаа байсан. Тэгээд аав намайг дагуулаад хойд талын өрөө рүү нь оруулж байгаад намайг “гаднаасаа түгжүүлчихээд та хэд яасан овоо юм” гээд эрүү, баруун талын гар, цээж хэсэг рүү гараа зангидаж байгаад цохьсон. Өмнө нь би цагдаад хэлэхдээ 10 гаран удаа цохьсон гэж буруу хэлсэн байсан. Тухайн үедээ тоолоогүй 4-5 удаа л цохьсон байх. Миний гар тулчихсан, эрүү дарахад өвчинтэй, жаахан хөхөрчихсөн байсан, цээжинд цохиулаад би амьсгал боогдоод ярьж чадахгүй байсан. Тэр үед миний толгой руу мөн 2 удаа өөрийнхөө толгойгоор мөргөсөн. Энэ үед надтай хамт байсан Л, А нар харж байсан. Өөр том хүн байгаагүй. Тэгээд манай аав надаас мөнгө байна уу гэж асуусан. Надад мөнгө байгаагүй гээд Л-д 5000 төгрөг байсныгаа өгөөд явуулсан. Өмнө нь архи ууж ирсэн үедээ тоглож байгаа үгүй нь мэдэгдэхгүй гарнаас чанга барьдаг, эсвэл гар мушгих зэргээр л миний биед халдаж байсан. Өөрөөр зодож цохиж байгаагүй. Миний гарыг мушгих, чанга атгах үед миний биед бэртэл гэмтэл учирч байгаагүй. ...Архи уухаараа ээжтэй хэрүүл маргаан хийж байдаг. Зодож цохьсон зүйл байдаггүй. Манай эгч, дүү нарыг ч гэсэн зоддоггүй. Заримдаа согтуу ирчихээд намайг суниалгаад байдаг юм. Одоо миний бие зүгээр болсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ээж бид 2 одоогоор айлд амьдарч байгаа. Аав хаана байгаа талаар мэдэхгүй байна. Ээж бид хоёртой ирж уулзахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,
Гэрч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр архи уугаад архи уусан үедээ зан ааш авир нь ширүүн болчихдог учир 2019 оны 12 дугаар сараас би 3 хүүхдээ аваад тусдаа ******* гэх айлд амьдарч байгаа. Тэгээд түүнээс хойш заримдаа нэг ирж очоод байдаг байсан. *******аас айгаад сүүлийн үед ирэхээ байсан юм. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар баг 6 дугаар гудамжны 10 тоотод байх гэрээ эргэчихээд ирье гээд гарах үед манай хүү Б.******* нь “гаднаас цоожилчихоорой, аав ирж магадгүй” гэсэн. Тэгээд би Б.*******ыг *******, ******* нарын хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг 24 дүгээр гудамжны 01 тоотод байх *******ын гэрт цоожлоод явсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад манай хүү Б.******* миний утас руу залгаад ярьж чадахгүй уйлаад байхаар нь яасан гэсэн чинь аав ирээд зодчихоод явчихлаа гээд байсан. Намайг ирсэн чинь гурвуулаа гэрээсээ гараад ирчихсэн хажуу айлын байшингийн ард зогсож байсан. Тухайн үед Б.******* нилээн айчихсан амьсгаа нь давчдаад байсан. Би гэрт оруулаад цай уулгаж байгаад гайгүй болгосон. Аав ирээд намайг зодчихоод явсан гэж байсан. Аав эрүү, цээж, гарны хэсэгт нь цохьсон. Мөн толгой руу нь мөргөсөн гэж надад хэлсэн. А.Б урьд нь Б.*******ыг зодож цохиж байсан зүйл байхгүй. Харин зарим үед архи уучихсан байхдаа суниалгаад, гар мушгиад байна гэх мэтээр хэлээд байдаг байсан. Согтуу байсан болоод л тэгж хүүхдээ зодсон. Түүнээс эрүүл байх үедээ тийм ааш зан гаргахгүй хүн байгаа юм. Архи уухаараа агсан тавиад хэрүүл гуйгаад байдаг юм. Тэр занг нь мэдээд би хүүхдүүдээ аваад гараад явчихдаг юм. Тэгээд унтчихсаных нь дараа орж ирдэг. Сүүлийн үед би 3 хүүхдээ аваад дүү *******ынхаа гэрт ирчихсэн амьдарч байна. Ямар шалтгаанаар хүүхдээ зодсон талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэр өдөр гэртээ байж байсан чинь А.Б манайд орж ирээд Б.******* ахыг дагуулаад манай жижиг өрөө рүү орсон. Тэгээд жаахан байж байгаад Б.******* агаа уйлаад байхаар нь би дүүгээ дагуулаад орсон чинь Б.******* агааг А.Б ах гараараа цохиод байсан. Тэгээд би айгаад, манай дүү айгаад уйлаад байсан. Тэгээд мөнгө байна уу гээд байхаар нь би 5000 төгрөг өгсөн. Тэгээд Б.******* агаа ******* эгч рүү утсаар яриад дуудсан. ******* эгчийг иртэл гадаа байшингийн ар талд нуугдаж байсан. ******* эгчийг ирэхээр бид нар гэртээ орсон. А.Б ах цээж, толгой, эрүү рүү нь цохиод байсан. Бас гараа өргө, уйлахгүй зогсож бай гээд байсан. Тэгээд явсных нь дараа Б.******* агаа ээж рүүгээ залгаад ярьж чадахгүй байсан. А.Б ах намайг болон манай дүүг зодоогүй. Манай дүү айсандаа л уйлаад байсан. А.Б ах согтуу байсан. Манай гэрийн хаалгыг нүдээд байсан чинь Б.******* агаа хэн бэ гэж асууж байгаад онгойлгоод өгчихсөн юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,
Шүүгдэгч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи уусан. Тухайн үед манай эхнэр хүүхдүүд салаад дүү *******ынхаа гэрт оччихсон байхаар нь эхнэртэй уулзаж мөнгө авах гээд дүү *******ын гэрт ороход *******ын 2 хүүхэдтэй хамт манай хүү Б.******* байсан. Би ээж нь хаашаа явсан юм гэсэн чинь манай хүү ээж айл руу явсан гэж хариулсан. Тэгэхээр нь Б.*******аас би урагшаа ягаан толгой явах гэсэн юм таксины мөнгө байна уу гэсэн чинь надад таксины мөнгө байхгүй гэхээр нь 1 удаа алгадсан. Тэгсэн *******ын том охин нь надад 5000 төгрөг өгөхөөр нь түүнийг нь аваад гарсан. Би согтуу байсан. Би 3 хүүхдээ өмнө нь зодож цохиж байсан зүйл байхгүй. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №109 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №109 дугаартай шинжээчийн:
1. Үзүүлэгч Б.*******ын биед толгойн баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, доод эрүү, цээж, баруун гарын сарвуу, зүүн гарын бугалга, зүүн суганы дунд болон ар шугамаар 7-8 дугаар хавирга, 7-10 дугаар хавирганы түвшинд, зүүн хөлийн гуя хэсэгт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2026000860099 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 76 хуудас/,
Шүүгдэгч А.Бийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/, Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт /хх-62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58 хуудас/, Өвөрхангай аймгийн ******* дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-61 хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ын шүүхэд ирүүлсэн “Шүүх хуралдаанд суухгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч А.Бид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.
Насанд хүрээгүй хохирогч Б.******* нь шүүгдэгч А.Б-н төрсөн хүү, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.*******, гэрч Л.*******, насанд хүрээгүй гэрч Б.*******, шүүгдэгч А.Б нарын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.*******ын 0052170/260 дугаар төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг 24 дүгээр гудамжны 01 тоотод байх Л.*******ын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү А.*******ыг “гаднаасаа түгжүүлчихээд яасан овоо юм, таксины мөнгө өгсөнгүй” гэсэн шалтгааны улмаас түүний эрүү, баруун гар, цээж хэсэг рүү нь гараараа цохих, толгой руу нь мөргөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “толгойн баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, доод эрүү, цээж, баруун гарын сарвуу, зүүн гарын бугалга, зүүн суганы дунд болон ар шугамаар 7-8 дугаар хавирга, 7-10 дугаар хавирганы түвшинд, зүүн хөлийн гуя хэсэгт цус хуралт” бүхий үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч А.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү насанд хүрээгүй хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Насанд хүрээгүй хохирогч Б.*******ын “...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн өнгөрч байхад манай аав согтуу ирсэн. Намайг аав дагуулаад хойд талын өрөө рүү нь оруулж байгаад намайг “гаднаасаа түгжүүлчихээд та хэд яасан овоо юм” гээд эрүү, баруун талын гар, цээж хэсэг рүү гараа зангидаж байгаад цохьсон. Таксины мөнгө өг гээд байсан. Тухайн үедээ тоолоогүй 4-5 удаа л цохьсон байх. Миний гар тулчихсан, эрүү дарахад өвчинтэй жаахан хөхөрчихсөн байсан, цээжинд цохиулаад би амьсгал боогдоод ярьж чадахгүй байсан. Тэр үед миний толой руу мөн 2 удаа өөрийнхөө толгойгоор мөргөсөн. Одоо миний бие зүгээр болсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Гэрч Л.*******гийн “...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манай хүү Б.******* миний утас руу залгаад ярьж чадахгүй уйлаад байхаар нь яасан гэсэн чинь аав ирээд зодчихоод явчихлаа гээд байсан. Тухайн үед Б.******* нилээн айчихсан амьсгаа нь давчдаад байсан. Аав эрүү, цээж, гарны хэсэгт нь цохьсон. Мөн толгой руу нь мөргөсөн гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,
Насанд хүрээгүй гэрч Б.*******гийн “...Би тэр өдөр гэртээ байж байсан чинь А.Б манайд орж ирээд Б.******* ахыг дагуулаад манай жижиг өрөө рүү орсон. Тэгээд жаахан байж байгаад Б.******* агаа уйлаад байхаар нь би дүүгээ дагуулаад орсон чинь Б.******* агааг А.Б ах гараараа цохиод байсан. Тэгээд мөнгө байна уу гээд байхаар нь би 5000 төгрөг өгсөн. Тэгээд Б.******* агаа ******* эгч рүү утсаар яриад дуудахдаа ярьж чадахгүй байсан. ******* эгчийг иртэл гадаа байшингийн ар талд нуугдаж байсан. А.Б ах согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,
Шүүгдэгч А.Б-н яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи уусан. Би Б.*******аас би урагшаа ягаан толгой явах гэсэн юм таксины мөнгө байна уу гэсэн чинь надад таксины мөнгө байхгүй гэхээр нь 1 удаа алгадсан. Би согтуу байсан. Би өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №106 дугаартай “Үзүүлэгч Б.*******ын биед толгойн баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, доод эрүү, цээж, баруун гарын сарвуу, зүүн гарын бугалга, зүүн суганы дунд болон ар шугамаар 7-8 дугаар хавирга, 7-10 дугаар хавирганы түвшинд, зүүн хөлийн гуя хэсэгт цус хуралттай гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2026000860099 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 76/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Б.*******, гэрч Л.*******, насанд хүрээгүй гэрч Б.*******, шүүгдэгч А.Б нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаартай дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял” оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгч А.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Г.******* нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч А.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн А.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн А.Б-г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч А.Б-д хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Т нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.