Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2020ШЗТ/118

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Юмжирдулам,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Хохирогч, шүүгдэгч Б.Энхтүвшин,

Хохирогч, шүүгдэгч П.Чойнзон, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт ирүүлсэн Зузаан ба харнууд овгийн Бямбасүрэнгийн Энхтүвшин, Галт овгийн Пүрэвдаваагийн Чойнзон нарт холбогдох 2026000000139 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зузаан ба харнууд овгийн Бямбасүрэнгийн Энхтүвшин

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Галт овгийн Пүрэвдаваагийн Чойнзон 

Үйлдсэн хэргийн талаар:

 Шүүгдэгч П.Чойнзон нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бадрал” 5 дугаар багийн нутаг “Батширээтийн уулзварын гол” гэх газар хохирогч Б.Энхтүвшинг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд нь зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Энхтүвшин нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бадрал” 5 дугаар багийн нутаг “Батширээтийн уулзварын гол” гэх газар хохирогч П.Чойнзонг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун доод эрүү, хүзүү хоолой, зүүн эгэм, цээж, баруун хөлийн гуя хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл, зүүн гарын сарвуу, хэвлийн зүүн доод хэсэгт, 10-11 дүгээр хавирганд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Энхтүвшин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би П.Чойнзон ахтай өдөр нь таарч юм ярьж суусан. Бид хоёрын гол маргалдах болсон шалтгаан нь малын бэлчээрээс болсон. Манайх зуны дэлгэр цаг өвөлжөөнөөсөө дээш буудаг байсан. Тэгсэн тэр газар П.Чойнзон ахынх буусан байсан болохоор би уулзах гээд очсон. Тэгээд маргалдаж байгаад П.Чойнзон ах чи ер нь яах гээд бгаа юм бэ? зодчих гээд байхаар нь би бариад авсан юм. Түүнээс биш надад энэ хүнийг зодох бодол байгаагүй. Бид хоёр нэг дорын хүмүүс би П.Чойнзон ахыг хүндэлж явдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Чойнзон ах хохирол нэхэмжлээгүй” гэв.

Шүүгдэгч П.Чойнзон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр малаа услаж байтал Б.Энхтүвшин хүрээд ирсэн. Тэгээд ирээд та яагаад доошоо буугаагүй юм гэхээр нь би усандаа хол доошоо буухаар отрын айлуудын малтай мал нийлээд байна гэсэн. Тэгсэн Б.Энхтүвшин яг өвөлжөөний аман дээр буучихлаа гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би уурлаад тэгээд чи яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд барилцаад авсан. Тухайн маргаан бол малын бэлчээрээс болж үүссэн. Ийм зүйл болсонд гэмшиж байна.Энхтүвшин надаас хохирол нэхэмжлээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Энхтүвшин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний хүзүү урагдаад, хоолой, хүзүү хэсэг хүрэн няц болсон байсан. Уурандаа л хэн хэндээ хүрсэн байх. Гэхдээ хэн хэнийгээ зодчихъё гэсэн бодол байгаагүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв. 

Хохирогч П.Чойнзон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Бид хоёрын хэн хэн нь уурласан байсан. Миний хувьд Б.Энхтүвшин намайг барьж аваад багалзуурдаад хоёр тийш нь хазайлгаад байсан. Нэг удаа хавирган дээр өвдөглөсөн. Би унахдаа гараа дарж унаад 3 хуруу тулсан байсан. Өөр миний биед учирсан гэмтэл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч П.Чойнзонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд манай үхэр ус руу ороод Б.Энхтүвшингийн үхэртэй нийлчихсэн байсан. Тэгээд би эхнэр Тэгшжаргалын хамт үхрээ ялгах гээд байж байтал Б.Энхтүвшин ирж байгаа харагдсан. Б.Энхтүвшин миний хажууд ирээд мэнд мэдээд “та өвөлжөөний ам таглаж буучихаад битгий дээрэлхээд байгаарай” гэхээр нь “яаж байгаа юм би өөрийнхөө өвөлжөөний аман дээр байгаа” гэж хэлсэн. Түүнээс болоод жаахан ам зөрсөн чинь Б.Энхтүвшин мотоциклио данхраадчихаад над дээр ирээд шууд л намайг заамдаж аваад “алчихна шүү” гээд байсан. Тэгэхээр нь би тэгээ тэг алчих гэсэн. Тэгсэн намайг газар унагаагаад,  татаж босгож ирээд дахин газар унагаагаад байсан. 3-4 удаа намайг газар унагасан. Тэгээд сүүлдээ би залуу хүнийг дийлэхгүй болохоор нь салгах гэсэн салахгүй байсан. Хэсэг байж байгаад манай эхнэр хүрч ирээд салгасан. Бид хоёр хэл амаараа хэрүүл маргаан хийгээд байж байсан чинь Энхтайван, Уранчимэг, Оюунчимэг нар ирсэн. Малын бэлчээрээс болж л хэрүүл маргаан гардаг юм. Манай мал бэлчээрт байхаар утсаар залгаад малаа аваарай гээд байдаг юм. Энэ хөндийгөөс малаа аваад зайлаарай гээд байсан. Урьд өмнө нь малын бэлчээрээс болоод хэрүүл маргаан хийж ам зөрдөг зүйл байдаг л юм. Намайг заамдаж авах үедээ эрүүний доод хэсэг рүү нэг удаа цохьсон. Газар унагаж байгаад зүүн талын хавирга, өвчүү хэсгийн зааг дээр нэг удаа өвдөглөсөн. Тэгээд намайг боож байгаад 2 тал руу ширвэж унагаагаад татаж босгоод байсан. Зүүн гарын чигчий, ядам, дунд 3 хуруу тулсан байсан. Зүүн хавирганы хэсэг хөндүүр байгаа, багалзуурдах  үедээ миний хүзүү хэсгийг улайлгасан байсан. Би Б.Энхтүвшинг зодож цохьсон зүйл байхгүй. Би салахын тулд чирэгдээд байсан. Манай эхнэр Б.Энхтүвшинг салгах гээд хойноос нь татах үедээ хүзүүг нь самардчихсан гэж байсан. Би гомдолтой байна. Байнга л хэл амаар доромжлоод байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

Хохирогч Б.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би малдаа явж байхдаа П.Чойнзон ахтай тааралдаад бухаа сурчихаад явсан. Тэгээд би оройн 18 цагийн орчимд “Батширээгийн уулзварын гол” гэх газар П.Чойнзон ах мал дээрээ сууж байхаар нь явж очоод П.Чойнзон ахыг “та яагаад энэ жил хуучин зуслан дээрээ буусангүй вэ” гээд асуусан чинь доошоо мал тогтохгүй байна. Айл их буучихсан болохоор буух газар байхгүй байна. Танайх доороос нь өвсийг нь идчихдэг, танай ах дүү нар чинь дээрээс нь өвсийг нь идчихдэг. Манайх энд бууна гээд л учир зүггүй л миний өмнөөс дайраад унасан. Тэгээд та нараар нүүж суулгахаа заалгахгүй гээд уурлаад байсан. Хуучин бид нар ярьж байгаад доошилж буугаад өвөлд нь нуруугаадаа гарч буудаг байсан юм. Тэгээд манай өвөлжөөний газар руу мал нь ороод өвс идээд байхаар нь өвөл манайд энэ чинь хэрэг болдог юм гэсэн чинь П.Чойнзон ах тэгвэл чи намайг зодохгүй юу, нүдэхгүй юу гээд дайраад байсан. ...Өмнө нь ч П.Чойнзон ах манайд согтуу ирээд агсан тавиад байхад нь аргыг нь олоод л гаргадаг байсан. Тухайн өдөр би их уурласандаа 2-3 удаа газар ширвэж унагасан. Би уур хүрээд цохих гэсэн боловч хүндэлж явдаг учир цохиж чадаагүй гараа далайгаад л болиод байсан. П.Чойнзон ах газар уначихаар нь би мотоцикль дээрээ мордох гэтэл араас хүрч ирж барьж авчихаад чи намайг заавал цохь, ал гээд байсан. Тэгээд өөрөө зүгээр байхгүй намайг унагах оролдлого хийсэн. Тэр үед нь би унаагүй. Тэгсэн П.Чойнзон ахын эхнэр Б.Тэгшжаргал ирээд салгах гээд л байсан. Удалгүй манай ээж Оюунчимэг, эхнэр Уранчимэг, дүү Энхтайван нар ирж салгасан. Би мотоциклио унаад шууд л хөдлөөд явсан. Миний араас П.Чойнзон ах чамайг шоронгийн хадаас болгоно  гээд орилоод байсан. Малын бэлчээр дээрээс л болж хэрүүл болсон. Тэр нь хүн хоорондоо хэрүүл маргаан зодоон цохион болохооргүй зүйл байсан юм. Би цохьсон зүйл бол байхгүй. Харин хэн хэнийгээ заамдаж байгаад хэн хэнийгээ ширвэж татаад л байсан. Би газар унаагүй. П.Чойнзон ах 2-3 удаа газар унасан. Намайг салаад явах гэхээр араас ирээд намайг цохь, ал гээд орилоод байсан. Хаанаа ямар бэртэл гэмтэл авсан байсан талаар мэдээгүй. П.Чойнзон ах намайг цохьсон зүйл бол байхгүй. Миний хоолойг боосон. Надтай адил ширвэж татаад байсан. П.Чойнзон ах газар унах үедээ миний шилэн хүзүүнээс зүүгдэж унахдаа хумсаараа урчихсан байсан. Хоолой боогоод улайлгачихсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч Б.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр нөхөр П.Чойнзон бид хоёр үхрээ усанд оруулчихаад гаргах гээд явж байсан чинь Б.Энхтүвшин мотоцикльтой ирээд П.Чойнзонтой уулзаж байгаа харагдсан. Тэгсэн удалгүй тэр хоёр ноцолдоод байгаа харагдсан. Би үхрийн нөгөө талд нилээн зайтай явж байсан. Тэгээд би очоод та 2 боль гэсэн чинь манай нөхөр П.Чойнзон намайг чи хойшоо байж бай гээд байсан. Тэгэхээр нь би Б.Энхтүвшинг П.Чойнзон ахыгаа босго. Чи яаж байгаа юм гэсэн чинь яадаг юм “ална шүү” гээд байсан. Тэгтэл Б.Энхтүвшингийн ээж Оюунчимэг, дүү Б.Энхтайван, эхнэр нар нь ирсэн. Тэд нар машинаасаа бууж ирээд шууд л доромжлоод байсан. Тэгж байгаад Б.Энхтүвшинг аваад явсан. Б.Энхтүвшин П.Чойнзонг  багалзуурдаад газарт унагаагаад цээжин дээр нь өвдөглөөд байсан. Анх юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5/

Гэрч Б.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд Б.Энхтүвшингийн үхэр манай үхэрт нийлсэн байсан. Б.Энхтүвшингийн үхрээс үхрээ ялгаж байтал Б.Энхтүвшин ирж байсан. Б.Энхтүвшинг үхрээ ялгах гэж байгаа юм болов уу гэтэл манай нөхөр П.Чойнзонтой барилцаад авсан. Манай нөхөр Б.Энхтүвшингийн доор нь орчихсон байсан. Тэгээд би Б.Энхтүвшинг салгах гээд дийлээгүй. Тэгсэн манай нөхрийн хоолойг боогоод царай нь сонин болчихсон байхаар нь сандарсандаа шилэн дээрээс нь базаад татах үед намайг авгай минь хойшоо бай гээд баруун талын гуя хэсэг рүү өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд би гэртээ байж байтал манайхаас хойш П.Чойнзон ах Б.Энхтүвшин 2 хоорондоо хэрэлдээд байгаа бололтой чанга чанга яриад байхаар нь би гэртээ ороод хадам ээж Оюунчимэгт П.Чойнзон ах Б.Энхтүвшин 2 хэрэлдээд байх шиг байна, очиж салгая гэж хэлсэн. Тэгээд Б.Энхтайван, хадам ээж Оюунчимэг нарын хамт машинтай “Батширээтийн уулзварын гол” гэх газар очиход манай нөхөр Б.Энхтүвшин голд нь зогсчихсон 2 талд нь Б.Чойнзон ах, Б.Тэгшжаргал эгч 2 зогсчихсон хоорондоо хэрэлдээд  байж байсан. Бид нарыг очсоноос хойш ямар нэгэн зодоон цохион болоогүй. Бид нар очоод салгаад Б.Энхтүвшинг аваад явсан. Харин машинтай хөдлөх гэхэд П.Чойнзон ах машины урд талд хэвтчихээд намайг дайрч алчихаад яв гээд байсан. Тэгээд Б.Энхтайван очиж П.Чойнзон ахыг холдуулаад явах гэхээр дахиж очоод хэвтчихээд хөлөө машин доогуур хийчихээд хөндлөн хэвтчихээд байсан. Би П.Чойнзон ахыг холдуулж байгаад хөдлөөд явсан. Тухайн үед хэн хэн нь эрүүл байсан. Зодоон цохион хийж байсан зүйл байхгүй.  Харин П.Чойнзон ах өмнө нь манайд нилээн хэдэн удаа согтуу орж ирээд хэрүүл гуйж агсан тавьж байгаад л гардаг байсан. П.Чойнзон ахын биед ямар бэртэл гэмтэл байсан талаар мэдээгүй. Харин Б.Энхтүвшингийн хүзүү нь улайчихсан, шилэн хүзүүгээ самардуулчихсан, гүнзгий урчихсан байсан. Өвөлжөөний газар таглаж буулаа, малын бэлчээр хаачихлаа гэж л хэрүүл маргаан болсон бололтой байсан. Намайг очих үед манайх нам руугаа буучихсан байхад танайх ч гэсэн доошоо буучихгүй гээд л хэрүүл хийгээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

Гэрч Б.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд “Батширээтийн уулзварын гол” гэх газар гэртээ байж байсан чинь манай бэр Уранчимэг хойд талд П.Чойнзон ах, Б.Энхтүвшин хоёр маргаад байх шиг байна, очиж салгая гэсэн. Тэгээд манай бага хүү Б.Энхтайван, бэр Уранчимэг бид гурав очсон. Б.Энхтүвшин, П.Чойнзон, П.Чойнзонгийн эхнэр Б.Тэгшжаргал нар байсан. Б.Энхтүвшин П.Чойнзонг цохих гээд далайгаад болиод байсан. Бид гурав эвээ ололцъё гэсэн чинь эхнэр Б.Тэгшжаргал нь уурлаад “танайхан манай нүүх суухыг шийдлээ. Та нартай ярихгүй” гээд байсан. Тэгээд Б.Энхтүвшин цаашаа мотоцикль руугаа явсан чинь П.Чойнзон араас нь очоод явуулахгүй зуураад намайг зодчих гээд байсан. Тэгсэн Б.Энхтүвшинд мотоциклийг орхи орхи гэж хэлээд машиндаа суусан чинь П.Чойнзон машины дугуйн доогуур хөлөө хийчихээд намайг дайраад алчих гээд байсан. Манай бага хүү бүснээс нь татаад машинаас холдуулсан. Тэгсэн эхнэр Б.Тэгшжаргал нь чулуу газраас аваад машины шил рүү цохих гээд байхаар нь манай бага хүү Б.Энхтайван чулууг нь аваад өөр зүг рүү шидсэн. Тэгээд бид машиндаа суугаад явсан. П.Чойнзон тамхи ороогоод газар суугаад үлдсэн. Б.Энхтүвшин, П.Чойнзон нар нь урьд өмнө нь хэрүүл маргаан зодоон цохион хийж байсан талаар мэдэхгүй. Бид гурвыг очиход цохиж зодсон зүйл байгаагүй, хэл амаараа хоорондоо маргалдаж байсан. П.Чойнзонгийн биед ил харагдах шарх байгаагүй. Харин манай хүү Б.Энхтүвшингийн шилэн хүзүүн дээр нь улайгаад зулгарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би болсон хэргийн талаар бол мэдэхгүй. Тухайн хэргийн газар байгаагүй. Манай хадам аав П.Чойнзон нь хүнтэй таардаггүй хүн байгаа юм. Эд хөрөнгийн хувьд 5 ханатай гэр, 1 машин, 1 мотоцикльтой, хөдөө мал маллаж амьдардаг. Малын тоог нь сайн мэдэхгүй байна. Б.Энхтүвшин уг нь ааш зан гайгүй л хүн байсан. Өнгөрсөн жилээс мал хөөгөөд байна гэж байсан. Манай хадам аавыг дуугүй болохоор нь дээрэлхээд байдаг юм шиг байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед хэргийн газар байгаагүй. Болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Б.Энхтүшин нь архи уудаггүй, тамхи татдаггүй, даруухан, дөлгөөн, их томоотой, ар гэртээ нэр хүнд сайтай хүн байгаа юм. Ямар ч хүнтэй эелдэг сайхан харьцдаг. Дуу дуулдаг авъяаслаг залуу байгаа юм. Эд хөрөнгийн хувьд 5 ханатай гэр, 1 машин, 1 мотоцикльтой. Боломжийн малтай. Мал маллаж амьдардаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

Гэрч Д.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Б.Энхтүвшин нь их даруухан хүн байгаа юм. Би багаасаа л Б.Энхтүвшинтэй хамт өссөн. Эд хөрөнгийн хувьд 5 ханатай гэр, 1 машин, 1 мотоцикльтой, мал маллаж амьдагдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

Гэрч П.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Болсон хэргийн талаар мэдэхгүй байна. П.Чойнзон нь дуу зөөнтэй, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй л хүн байгаа юм. Цэргийн алба хаасан. Эд хөрөнгийн хувьд 5 ханатай гэр, 1 машин, 1 мотоцикльтой, мал маллаж амьдардаг. Б.Энхтүвшинтэй багаасаа л найзалж өссөн. Архи уудаггүй, их цочир ууртай хүүхэд байсан. Эд хөрөнгийн хувьд 5 ханатай гэр, 1 машин, 1 мотоцикльтой. Боломжийн малтай. Мал маллаж амьдардаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Шүүгдэгч П.Чойнзонгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 52-53 хуудас/,

Шүүгдэгч Б.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 45-46 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №274 дугаартай шинжээчийн:

1.Үзүүлэгч Б.Энхтүвшингийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 35 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №253 дугаартай шинжээчийн:

1. Үзүүлэгч П.Чойнзонгийн биед тархи доргилт, баруун доод эрүү, хүзүү хоолой, зүүн эгэм, цээж, баруун хөлийн гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл, зүүн гарын сарвуу, хэвлийн зүүн доод хэсэг, 10-11 дгээр хавирганд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2026000000139 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1 хуудас/,

Шүүгдэгч Б.Энхтүвшингийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-119/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06/280 дугаартай тодорхойлолт /хх-ийн 57/,

Шүүгдэгч П.Чойнзонгийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-118/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06/284 дугаартай тодорхойлолт /хх-ийн 68/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Б.Энхтүвшин, Б.Чойнзон нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч П.Чойнзон нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бадрал” 5 дугаар багийн нутаг “Батширээтийн уулзвар” гэх газар хохирогч Б.Энхтүвшинг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Энхтүвшин нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бадрал” 5 дугаар багийн нутаг “Батширээтийн уулзвар” гэх газар хохирогч П.Чойнзонг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун доод эрүү, хүзүү хоолой, зүүн эгэм, цээж баруун хөлийн гуя хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл, зүүн гарын сарвуу, хэвлийн зүүн доод хэсэгт, 10-11 дүгээр хавирганд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Энхтүвшин нь хохирогч П.Чойнзонгийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан,

Шүүгдэгч П.Чойнзон нь хохирогч Б.Энхтүвшингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан  дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна Үүнд:

Хохирогч П.Чойнзонгийн “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд Б.Энхтүвшин миний хажууд ирээд мэнд мэдээд та өвөлжөөний ам тагалаж буучихаад битгий дээрэлхээд байгаарай гэхээр нь яаж байгаа юм би өөрийнхөө өвөлжөөний аман дээр байгаа гэж хэлсэн. Түүнээс болоод жаахан ам зөрсөн чинь Б.Энхтүвшин мотоциклио данхраадчихаад над дээр ирээд шууд л намайг заамдаж аваад “алчихна шүү” гээд байсан. Тэгээд намайг газар унагаагаад,  татаж босгож ирээд дахин газар унагаагаад байсан. 3-4 удаа мамайг газар унагасан. Намайг заамдаж авах үедээ эрүүний доод хэсэг рүү нэг удаа цохьсон. Газар унагаж байгаад зүүн талын хавирга, өвчүү хэсгийн зааг дээр нэг удаа өвдөглөсөн. Тэгээд намайг боож байгаад 2 тал руу ширвэж унагаагаад татаж босгоод байсан. Зүүн гарын чигчий, ядам, дунд 3 хуруу тулсан байсан. Зүүн хавирганы хэсэг хөндүүр байгаа, багалзуурдах  үедээ миний хүзүү хэсгийн улайлгасан байсан. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Хохирогч Б.Энхтүвшингийн “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн орой 18 цагийн орчимд “Батширээтийн уулзварын гол” гэх газар П.Чойнзон ах мал дээрээ сууж байхаар нь явж очсон.  П.Чойнзон ахтай малын бэлчээрээс болж маргалдсан. Чойнзон ах  та нараар нүүж суулгахаа заалгахгүй гээд уурлаад “чи намайг зодохгүй юу, нүдэхгүй юу” гээд дайраад байсан. Би мотоцикль дээрээ сууж байгаад уур хүрээд “чи намайг юу ч чадахгүй юм бодож байна уу” гээд очоод заамдаад авсан чинь миний өмнөөс заамдаад авсан. Би их уурласандаа 2-3 удаа газар ширвэж унагасан. Би уур хүрээд цохих гэсэн боловч хүндэлж явдаг учир цохиж чадаагүй гараа далайгаад л болиод байсан. П.Чойнзон ах газар уначихаар нь би мотоцикль дээрээ мордох гэтэл араас хүрч ирээд чи намайг заавал цохь, ал гээд байсан. Хэн хэнийгээ заамдаж байгаад хэн хэнийгээ ширвэж татаад л байсан. Би газар унаагүй. П.Чойнзон ах 2-3 удаа газар унасан. П.Чойнзон ах намайг цохьсон зүйл байхгүй. Миний хоолойг боосон. Надтай адил ширвэж татаад байсан. П.Чойнзон ах газар унах үедээ миний шилэн хүзүүнээс зүүгдэж унахдаа хумсаараа урчихсан байсан. Хоолой боогоод улайлгачихсан байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч Б.Тэгшжаргалын “...Тэр өдөр нөхөр П.Чойнзон бид хоёр үхэрээ усанд оруулчихаад гаргах гээд явж байсан чинь Б.Энхтүвшин мотоцикльтой ирээд П.Чойнзонтой уулзаж байгаа харагдсан. Тэгсэн удалгүй тэр ноцолдоод байгаа харагдсан. Би үхрийн нөгөө талд нилээн затай явж байсан. Тэгээд би очоод та 2 боль гэсэн чинь манай нөхөр П.Чойнзон намайг чи хойшоо байж бай гээд байсан. Тэгэхээр нь би Б.Энхтүвшиг П.Чойнзон ахыгаа босго. Чи яаж байгаа юм гэсэн чинь яадаг юм “ална шүү” гээд байсан. Б.Энхтүвшин П.Чойнзонг багалзуурдаад газарт унагаагаад цээжин дээр нь өвдөглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05,17 хуудас/,

Гэрч Д.Уранчимэгийн “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд би гэртээ байж байтал манайхаас хойш П.Чойнзон ах Б.Энхтүвшин 2 хоорондоо хэрэлдээд байсан.  Би хадам ээж Оюунчимэг, Б.Энхтайван нарын хамт машинтай очсон.  Бид нарыг очиход хэрэлдээд байсан.   Бид нарыг очсоноос хойш ямар нэгэн зодоон цохион болоогүй. П.Чойнзон ахын биед ямар бэртэл гэмтэл байсан талаар мэдээгүй. Харин Б.Энхтүвшингийн хүзүү нь улайчихсан, шилэн хүзүүгээ самардуулчихсан гүнзгий урчихсан байсан. Өвөлжөөний газар таглаж буулаа, малын бэлчээр хаачихлаа гэж л хэрүүл маргаан болсон бололтой байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Гэрч Б.Оюунчимэгийн “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд “Батширээтын уулзварын гол” гэх газар гэртээ байж байсан чинь манай бэр Уранчимэг хойд талд П.Чойнзон, Б.Энхтүвшин хоёр маргаад байх шиг байна очиж салгая гэсэн. Тэгээд манай бага хүү Б.Энхтайван, бэр Уранчимэг бид гурав очсон. Б.Энхтүвшин П.Чойнзонг цохих гээд далайгаад болиод байсан. Бид гурвыг очиход цохиж зодсон зүйл байгаагүй, хэл амаараа хоорондоо маргалдаж байсан. П.Чойнзонгийн биед ил харагдах шарх байгаагүй. Харин манай хүү Б.Энхтүвшингийн шилэн хүзүүн дээр нь улайгаад зулгарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 /,

Шүүгдэгч Б.Энхтүвшин, П.Чойнзон нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд. /хх-ийн 45-46, 52-53 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №274, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №253 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 31,35/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2026000000139 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1 / зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохи ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Энхтүвшин, П.Чойнзон нар  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №274, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №253 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Энхтүвшин, П.Чойнзон нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцож, тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Энхтүвшин, П.Чойнзон нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.Энхтүвшин, П.Чойнзон нарын шүүхийн хэлэлцүүлэгт “бид сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Энхтүвшинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч П.Чойнзонд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Б.Энхтүвшин, П.Чойнзон нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Энхтүвшин, П.Чойнзон нарт мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Энхтүвшин, П.Чойнзон нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Энхтүвшин, П.Чойнзон нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхтүвшин, П.Чойнзон нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Энхтүвшин, П.Чойнзон нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Зузаан ба харнууд овгийн Бямбасүрэнгийн Энхтүвшин, Галт овгийн Пүрэвдаваагийн Чойнзон нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зузаан ба харнууд овгийн Бямбасүрэнгийн Энхтүвшинг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Галт овгийн Пүрэвдаваагийн Чойнзонг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Энхтүвшин, П.Чойнзон нарт мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Энхтүвшин, П.Чойнзон нар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Энхтүвшин, П.Чойнзон нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхтүвшин, П.Чойнзон нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхтүвшин, П.Чойнзон нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.