| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2021/0002/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Р
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Т, Д.Э
Иргэний нэхэмжлэгч Г.А
Шүүгдэгч Д.Б, Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.С, мөн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Б нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Б.С
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Д.Б
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Б.С нь Д.Б-тэй бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Авто замын шалган нэвтрүүлэх боомт буюу Монгол улсын хилээр Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Эрдэнийн чулууны төрлийн хагас үнэт чулууны төрөлд багтсан, мөн Монгол улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Эрдэнэс”, мөн хуулийн 3.6 дахь хэсэгт заасан “Эрдэнийн чулуу”-ны ангилалд хамаарагдах 5 кг “Оюу” чулууг ... улсын дугаартай “Sinotruck-ZZ3257” маркийн тээврийн хэрэгслийн суудлын арын хэсэгт нууж, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдэлд татан оруулж, хөлсөлсөн,
Шүүгдэгч Д.Б нь Б.С-тэй бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Авто замын шалган нэвтрүүлэх боомт буюу Монгол улсын хилээр Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Эрдэнийн чулууны төрлийн хагас үнэт чулууны төрөлд багтсан, мөн Монгол улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Эрдэнэс”, мөн хуулийн 3.6 дахь хэсэгт заасан “Эрдэнийн чулуу”-ны ангилалд хамаарагдах 5 кг “Оюу” чулууг ... улсын дугаартай “Sinotruck-ZZ3257” маркийн тээврийн хэрэгслийн суудлын арын хэсэгт нууж, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: 2020 оны 06 сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт байрлах авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын Засгийн газрын 2010 оны 2841 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Эрдэний чулууны төрөлд багтах 5 кг Оюу чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн эд зүйлийг яг ямар чулуу гэдгийг нь мэдээгүй, танил Б.С нь надад дээжний чулуу гэж хэлж өгсөн. Би дотор нь юу байсан эсэхийг нээж үзээгүй, мэдээгүй. Б.С нь надад чулуу өгөхдөө 250 юань өгнө гэсэн гэхээр нь би за авах хүн л надад өгөх юм байна гэж ойлгосон. Мөн 250 юаньтай болох юм байна гэж бодоод уг чулууг авсан юм гэжээ. /хх-ийн 88-89/
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хийсэн хэрэг үнэн. Сайханчимэгийн хэлсэн дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Дахин ийм хэрэг үйлдэхгүй, маш их гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: Би тухайн үед Д.Б-г машинтайгаа хөдлөх гэж байхад нь ногоон өнгөтэй чулуугаа үлдээчихээ яршиг төвөг болно хэрэггүй гэсэн чинь Д.Б нь гайгүй байлгүй, зүгээр гээд аваад явчихсан. Тухайн үед Д.Б нь миний үгэнд ороод чулууг үлдээгээд явсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Тухайн чулууны талаар хууль, дүрэмд нь юу гэж заасан байдгийг нь мэдэхгүй, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог гэдгийг бол мэддэг байсан, тэгээд Д.Б-г чулуу авч явж хэрэггүй ээ гэж хэлсэн юм. Би Д.Б-н данс руу 100,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн, Д.Б нь торгоно гэж байна гээд хэлэхээр нь би шилжүүлсэн юм. Тухайн чулууг улсын хилээр гаргаад БНХАУ-д тосож авах хүн нь 250 юань өгөхөөр тохирч Д.Б нь авч явсан, Д.Б нь 250 юаньтай болох гэж бодсон байх. Тэгээд би больё гэж байхад за гайгүй дээ гээд үгнээс зөрөөд өөрөө аваад явчихсан юм. Түүнээс би Д.Б энэ чулууг заавал аваад яв гэх мэтээр албадсан зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 92-94/
Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2020 оны 06 сарын 14-ний орой хил хаахаас өмнө Б-т чулууг аваачиж өгсөн. Тэгээд хил гарах үед нь би чулууг хилээр гаргаад хэрэггүй гэж хэлсэн боловч Б аваад гарсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хилээр чулуу гаргаж болохгүй гэдгийг би мэдэж байсан. Надад ямар нэгэн ашиг байгаагүй, гаргаж чадах юм бол Б-т хэрэг болох байх л гэж бодсон. Энэ чулуу минийх биш эзэн нь Сайншандад байдаг юм. Тэр хүмүүс манай гэрт орхиод явсан юм. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд дэхь Байгаль орчин аялал жуучлал ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн ажилтай тул тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Миний бие дүгнэлтүүдтэй танилцлаа тухайн дүгнэлттэй санал нийлж байна. Уг Оюу нэртэй чулууг захиргааны зөвлөлөөр оруулж, улсын орлогод оруулах саналтай байна гэжээ. /хх-ийн 23-24/
Иргэний нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Оюу чулууг улсын орлого болгох саналтай байна. Оюу чулуу нь хагас үнэт чулуунд ордог эрдэнэс юм. Тусгай зөвшөөрөлтэй байж хилээр гарах эрхтэй болдог юм гэв.
Иргэний нэхэмжлэгч Л.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Хуулийн дагуу битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон баримт материалтай танилцсан хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг шийдвэрлэхдээ манай компанид ямар нэгэн хохирол учруулахгүйгээр шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ. /хх-ийн 182-183/
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрдэнэс гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл бүтээгдэхүүн, түүх соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ” гэж заасан байдаг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “Эрдэнийн чулуу гэж олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг хэлнэ” гэж заасан байдаг. Үүнээс харахад “Оюу” чулуу нь ямар хэлбэрт байгаагаас үл хамааран “Эрдэнэс” гэдэг ойлголтод хамаарагдана. Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно” гэж заасан, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлэнэ” гэж заасан байдаг. Иймд экспортод гаргаж байгаа хагас үнэт чулуу болох “Оюу”-г ашигт малтмалын тусгай зөвшөөрөлөөр олборлоод гарч ирсэн чулууг Монгол банкны шинжээчийн дүгнэлтийг үндэслэн экспортонд гаргаж болно гэж заасан байдаг үүнээс өөр зохицуулалт байхгүй байна гэжээ. /хх-ийн 42-43/
Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 сарын 14-ний өдөр авто замын шалган нэвтрүүлэх гарах талын гадаа хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байхад ногоон толгойтой “Норд” бенз маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гаалийн хяналтын талбайд шалгуулахаар орж ирэхээр нь уг машинд үзлэг хийхэд тухайн машины жолоочийн ар талын орны доод хэсэгт машины хучлагын дор цагаан өнгийн даавуунд уутанд ногоон өнгийн байгалын чулуу гэх эд зүйл байсан. Уг тээврийн хэрэгслийн жолоочийг талбайгаа чөлөөлж тухайн эд зүйлийг хураан авч дахин үзлэг хийхэд өөр зүйл илрээгүй. Тухайн байгалийн гаралтай чулууг уутнаас нь гаргаж үзэхэд олон тооны ногоон өнгийн чулуу байсан тухайн чулууг хэмжиж үзэхэд 5 кг жин бүхий байсан. Монгол улсын хилээр Монгол банкны дамжуулж тусгай зөвшөөрөлтэй, Монгол улсын хилээр гарч болно. Харин хувь хүн улсын хилээр гаргахыг хориглоно гэжээ. /хх-ийн 46-47/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагааны материал /хх-ийн 08-18/
Эд мөрийн баримтыг хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 20/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-34/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 35-38/
Стандарт, хэмжил зүйн газар улсын байцаагчийн 03 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн 5,0 килограмм жинтэй, цайвар ногоон болон саарал өнгөтэй, тунгалаг бус, байгалийн байдлаараа байгаа чулуунд нь байгалийн оюу чулуу болохыг тодорхойлов. 2.Оюу чулууг гоёл чимэглэлийн зориулалтаар түүхий эд болгон ашигладаг. 3.Оюу чулуу нь Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын Эрдэнийн чулууны төрлийн хагас үнэт чулууны ангилалд багтдаг болно. /хх-ийн 52/
Х ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-60/
А ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 66-69/
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96-100, 112-116/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 137-140, 188-191/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын 162 дугаартай иргэний нэхэмжлэгчээр Г.А-г томилсон албан тоот /хх-ийн 178/
И ХХК-ийн 10/29-01 дугаартай байгууллагыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Л.Л-г оролцуулах тухай итгэмжлэл олгосон албан тоот /хх-ийн 180/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Эрдэнийн чулууны төрлийн хагас үнэт чулууны төрөлд багтсан, мөн Монгол улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Эрдэнэс”, мөн хуулийн 3.6 дахь хэсэгт заасан “Эрдэнийн чулуу”-ны ангилалд хамаарагдах 5 кг “Оюу” чулууг шүүгдэгч Д.Б-т өгч түүнийг Монгол улсын хилээр хууль бусаар эрдэнэс нэвтрүүлэх үйлдэлд татан оруулж, хөлсөлсөн,
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Авто замын шалган нэвтрүүлэх боомт буюу Монгол улсын хилээр нэвтрэх үедээ шүүгдэгч Б.С-н өгсөн 5 кг жинтэй ногоон өнгийн байгалын чулууг ... улсын дугаартай “Sinotruck-ZZ3257” маркийн тээврийн хэрэгслийн суудлын арын хэсэгт нууж авч явсаныг гаалийн хяналт, шалгалтаар илрүүлсэн үйл баримт болсон байна.
Стандарт, хэмжил зүйн газар улсын байцаагчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 5,0 килограмм жинтэй, цайвар ногоон болон саарал өнгөтэй, тунгалаг бус, байгалийн байдлаараа байгаа чулуунд нь байгалийн оюу чулуу болохыг тодорхойлсон. Оюу чулуу нь Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын Эрдэнийн чулууны төрлийн хагас үнэт чулууны ангилалд багтдаг болох нь тогтоогдсон байна /хх-ийн 52/.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг” ашигт малтмал гэж үзэхээр тодорхойлсон байна. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т “эрдэнэс” гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдал байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ, мөн зүйлийн 6-д “эрдэнийн чулуу” гэж олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг хэлнэ гэж заасан. Түүнчлэн “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын 6-д “Үнэт металл, эрдэнийн чулууны ангилал”, 6.2.2 “Хагас үнэт чулуу”-ны ангилалд “Оюу” чулуу нь хамаарагдсан байна. Мөн Шинжээчийн дүгнэлтээр оюу чулууг Эрдэнийн чулууны төрлийн хагас үнэт чулууны ангилалд багтдаг талаар дүгнэсэн байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д зааснаар эрдэнийн чулууг зөвхөн ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч нь Монгол банкаар дамжуулан экспортонд гаргах эрхтэй. Гэтэл шүүгдэгч нар нь ашигт малтмалын ямар нэг зөвшөөрөл эзэмшигч этгээд биш байна. Шүүгдэгч нарын Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн оюу чулуу нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар “эрдэнэс” юм.
Улсын яллагч шүүгдэгч нарыг 5 кг оюу чулуу буюу эрдэнэсийг “гаалийн хилээр” хууль бусаар нэвтрүүлсэн гэж дүгнэснийг өөрчилж “Монгол улсын хилээр” хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч нарын хууль зөрчсөн үйлдэл нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр болсон байдаг. Замын-Үүд суманд байрлах авто замын боомт нь байнгын үйл ажиллагаа явуулдаг боомт юм. Монгол улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “байнгын ажиллагаатай боомт” гэж Монгол Улсын олон улсын гэрээнд заасан цагийн хуваарийн дагуу байнга ажиллах боомтыг хэлжээ. Байнгын ажиллагаатай боомт дээр хийгдэж байгаа гаалийн хяналт шалгалт нь Монгол улсын хилээр нэвтрэх үеийн өмнөх ажиллагаа гэж ойлгож болно. Иймд шүүгдэгч нарыг хуулиар хориглосон эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Б, Б.С нар нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Л.С /хх-ийн 46-47/, гэрч Ц.Э /хх-ийн 42-43/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Стандарт, хэмжил зүйн газар улсын байцаагчийн 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон гэж үзэж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан гэх тайлбарыг өгсөн боловч уг оюу чулууг шүүгдэгч Д.Б-т С өөрөө өгсөн байдаг, хэрвээ гэмт хэрэг үйлдэхээсээ татгалзсан бол уг чулууг Б-с буцаагаад авах бүрэн боломж байсан. Гэтэл “...чулууг үлдээчих...” гэж хэлснээрээ гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн шүүгдэгч Б.С уг чулууг улсын хилээр нэвтрүүлж болохгүй гэдгийг ойлгож мэдэж байсан талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Б.С нь оюу чулууг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй болохыг ойлгож мэдэж байсан гэдэг нь тогтоогдож байна. Иймд түүнийг гэм буруугүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай “Sinotruck-ZZ3257” маркийн тээврийн хэрэгсэл нь И ХХК-ийн эзэмшлийнх, шүүгдэгч Д.Б нь уг тээврийн хэрэгсэлийг гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан болох нь иргэний нэхэмжлэгч Л.Л-н өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцлаж эзэмшигч И ХХК-нд олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Б, Б.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Торгох ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө орлого, цалин хөлс, нийгэмд үүссэн нөхцөл байдал зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 5 кг оюу чулууг гоёл чимэглэлийн зориулалтаар шууд болон түүхий эд болгон ашиглаж болох талаар дүгнэлт гарсан тул улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Д.Б, Б овогт Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нарыг тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.С нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.С нар нь 500,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1,750,000 төгрөгийн үнэ бүхий 5 кг оюу чулууг улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай “Sinotruck-ZZ3257” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч И ХХК-нд олгож, тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг шүүгдэгч Д.Б, Б.С нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Д.Б, Б.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б