Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  М.Р

Улсын яллагч Г.М

Гэрч Ж.М

Шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.О-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт А.О

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.О нь 2020 оны 12 сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Ж.М гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.А-н нүүрийг маажиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2020 оны 12 сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт М, Э болон хохирогч А-тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ зодоон болж нүүрийг нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.  /хх-ийн 100-101/

Шүүгдэгч А.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 сарын 27-ны өдөр гэртээ охины хамт байж байтал М 8-9 цагийн үед ведио кол хийж гэртээ хүрээд ир гэсэн. Би охиноо дагуулаад, тэдний 2 охинд нь бэлэг аваад гэрт нь очсон. А эгч намайг очиход муухай хараад “чи хэн бэ, юун хүн бэ” гэх мэтээр хэлээд байсан. Энэ хэрэг А-с өөрөөс нь эхэлсэн. Эхлээд над руу аяга шидсэн боловч тэр нь оноогүй, тэгээд дараа нь машинаас уначихлаа гээд гэрт орж ирээд сууж байхдаа над руу муухай хандаад байсан. Тэр үед хүүхэд ирж бэлгээ задлуулах гэхээр нь задлаж өгтөл нэг чихэр газар унасан. Би чихэрийг авч өгөх гээд доошоо тонгойтол миний үснээс зулгаагаад доошоо дарсан. Би салах гээд чадаагүй. Тэр үедээ нүүрийг нь самардсан байх. Би яг яаж самардсанаа сайн мэдэхгүй байна. Соривны тос авч өгч байсан. А-н нүүрийг ийм болгосон нь миний буруу, гэхдээ санаатай бол биш гэв.      

Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 сарын 27-ны өдөр 12 цагаас хойш Э, М нар ээлжлэн над руу залгаж байсан. Сайхан хоол хийгээд байж байгаач бид 2 яваад очъё, дүү нь хотоос ирчихсэн байна гэх мэтээр ярьж байсан. 15 цагийн үед М, Э, О нар манай гэрт архидан согтуурсан байдалтай 0,75 л 2 шил цэнхэр бичиглэлтэй архитай ирсэн. Түүний дараа манай таньдаг үсчин У орж ирээд уг 2 шил архийг бид 5 хувааж уусан. 16 цаг 40 минутын үед манай гэрээс гараад Э-н гэр лүү бид 5 явсан. Э-н гэрт очоод цэнхэр бичиглэлтэй нэг шил 0,75 л архийг хуваан ууж байхдаа урьд байсан мөнгөний асуудлын талаар Э, М надтай ярилцаад сууж байтал гаднаас О гэх эмэгтэй орж ирсэн. Орж ирчихээд М, О нар нийлж хэл амаар доромжилж эхэлсэн. Тухайн үед намайг доромжлоод байсан болохоор зөрүүлээд маргалдсан. Тэгээд М хамт гадаа нойлд бие засчихаад ороод иртэл О, Э-той орон дээр тэврэлдээд, үнсэлцээд хэвтэж байсан. Энэ үед М гараараа намайг цохиод толгойгоороо дохихоор нь “ямар аймар хүүхэн бэ” гэж хэлсэн. Тэгтэл М О-д “манай эгч та хоёрыг хардаад байна” гэхэд О “яадаг юм, чи юу юм хөгшин авгай минь бид нар гэр бүлийн найзууд” гэх мэтээр орилж эхэлсэн. Тэгээд чимээгүй болохоор нь орон дээр очоод сууж байтал О хажууд ирж суугаад “өөрт чинь хамаагүй шүү, авгай нь хардаагүй байхад та одоо юу вэ” гэх мэтээр надтай харилцан ярилцаж байгаад үснээс зулгаагаад арагш дарахаар нь зөрүүлээд үснээс нь зулгаан зууралдаж байсан. Энэ үед М ирээд том биеэрээ дээр ирж дарах үед О нүүр маажиж эхэлсэн. Ноцолдож байгаад газар унах үед М толгойн оройн хэсэг болон ар дагз руу нийт хоёр удаа өшиглөсөн. Э ирээд салгаад би гэрлүүгээ явсан. ...2020 оны 12 сарын 29-ний өдөр О болон М, Э гурав манай гэрт ирж М болон О нар "та“-ны нүүр ийм аймар болчихсон юм уу бид хоёрыг уучлаарай, ийм болгосноо мэдсэнгүй, согтчихсон байна” гэж хэлсэн. 2020 оны 12 сарын 29-ний өдөр О болон М нар кетонал гэдэг өвчин намдаах капсултай эм  болон сорвины тос авч өгсөн, өөр хохирол барагдуулсан зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 14-21/

Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 сарын 27-ны өдөр манай нөхөр Г.Э бид хоёр 3-ын хаалтан дээр О-той уулзах гээд очсон юм. Тухайн өдөр 12 цагийн үед Н.А эгч “манайд хүрээд ирэх үү” гээд залгаж байсан юм, тэгэхээр нь би “гадуур зав муутай яваад байна” гэсэн чинь “эгч нь хоол хийгээд байж байя, ирж хоол ид” гэж байсан. Тэгээд О-н машин хилээр гарах болоогүй 31-нээс наашгүй гэхлээр нь тэгвэл манай хашаанд машинаа тавьчих гээд манай нөхөр бид 3 манай хашаанд машинаа тавьчихаад “манай танил эгч дуудаад байна 3-уулаа явъя” гээд бид 3 А эгчийн гэр болох Х буудлын ар талд түрээсийн байшинд байдаг бөгөөд гэрт нь очихдоо бэлэг, Улаанбаатар хотоос нөхрийн авч ирсэн 2 шил 0,75 л В архи аваад тэднийд очсон юм. Н.А эгч хоол бэлдсэн байсан бид хоол ундаа идээд архиа задлаж байсан чинь У гээд үсчин эмэгтэй ороод ирсэн юм. Бид 5-уулаа болоод авч ирсэн архиа бүгд л жигд хувааж ууцгааж байсан чинь Н.А нь “Э танай руу явъя” гээд байхаар нь бид 19 цаг өнгөрч байхад манай гэр лүү таксигаар явж байхдаа би найз О руу видео чатаар залгаад “найз нь жаахан уусан байна, миний найз хүрээд ирэхгүй юу даа” гээд түүнийг дуудсан, тэгээд манайд ороод О ах “за ах нь унтлаа” гээд машинруугаа орсон. Тэгээд би, манай нөхөр, У, А бид 4 манай гэрт ороод би хоолны мах гаргаад Э нь бурханы авдар дээр байсан 0,75 л Ф нэртэй архиа задлаад ууцгааж хоол ундаа хийгээд байж байсан чинь О хүүхдүүдээ дагуулчихсан, манай хүүхдүүдэд бэлэг барчихсан орж ирсэн. Би найзыгаа тэврээд үнссэн, бид гэр бүлийн найзууд учир манай нөхөр Э О-г үнссэн чинь А эгч “энэ юун хүн бэ, яахаараа хүний нөхрийг үнсдэг юм бэ” гэхээр нь би “бид нар найзууд юм аа” гэсэн чинь намайг “тэнэг мал юм уу, эр нөхрөө алдана шүү дээ” гэхээр нь “зүгээрээ эгчээ бид нар найзууд юмаа” гэж хэлсэн. Тэгээд би архинаасаа нэг нэг татсан, тэгээд А эгч тамхи татна гээд гараад явчихсан, тэгсэн чинь О мөн “гарч тамхи татах уу” гэхээр нь би “чи гараад татчих, буцаж орж ирэхдээ эгчийг аваад ороод ирээрэй” гэж хэлээд гаргасан. Тэгсэн чинь О ганцаараа буцаж орж ирээд “хүүе нөгөө эгч чинь машин руу орно гээд орчихлоо” гэхээр нь би “яанаа” гэж хэлээд байж байтал О ахтай хамт машинд байсан Б ах дагуулаад ороод ирсэн. Тэгээд Б ах “ахын дүү энэ хүн машинаас уначихлаа” гээд ороод ирсэн. Би “за за та гарч бай” гээд Б гэх хүнийг гаргаад А эгч гаднаас ёолоод орж ирсэн. Тэгээд “яанаа эгчээ, миний эгч гэмтээгүй биз” гэсэн чинь “чи надад худлаа санаа тавидаг харагдлаа шүү” гээд байсан. тэгэхээр нь би “за миний эгч яах гэж тэгж байдаг юм бэ” гээд хоол өгсөн чинь хоол идэхгүй гээд байж байгаад О-тай маргалдах гээд “чи ичээч айлын эр нөхөртэй үнсэлцдэг” гээд дайраад байхаар нь би “тайвшир зүгээр эгчээ” гэсэн чинь О нь “эхнэр нь хардаагүй байх чинь юу яриад байгаа юм бэ, зөндөө олон хүүхдүүд байхад чинь” гэсэн чинь манай бага охин “бэлэг задлаад өг” гээд О дээр очиж байсан. би энэ үед гал тогооны өрөө рүү аяга таваг аваад орох хооронд хүүхдүүд бахиралдахаар нь “юу болов” гээд орсон чинь О, А 2 үсдэлцээд А нь О-н үсгийг гартаа ороогоод барьчихсан доороо хийгээд дарчихсан байсан. 2 эмэгтэй хүн зулгаацалдчихсан салгаж чадахгүй байж байтал манай нөхөр бид 2 хоёр талаас нь аргадаж байгаад салгасан. Тэгээд босоод ирсэн чинь А-н нүүр нь маажуулчихсан байсан. Би түүнд хандан “та яаж байгаа юм бэ, хүний ээж шиг хүн байж” гэсэн чинь хүүхдээ дагуулаад гараад явчихсан гэжээ.  /хх-ийн 29-30/

Гэрч Ж.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр манай нөхөр том тэрэгтэй хотоос ирсэн байсан юм. Тэгээд завгүй явж байтал А эгч утсаар яриад манайд хүрээд ир ирж хоол ид гээд дуудсан. Тэгээд би, манай нөхөр, бас том тэрэгний жолооч О ах бид 3 гэрт нь очсон. Тэгээд тэнд очоод байж байтал үсчин гээд нэг хүн орж ирсэн. Ингээд 5-уулаа нийлээд А эгчийнд 2 шил архи уусан. Тэгээд А эгч манай хүүхэд уйдаад байна танайд очье гээд байхаар нь бид хэд манайд ирсэн. Манайд нэг шил архины талыг уусан. Би найз О-аа дуудсан. О манай гэрт орж ирсэн цагаас л А эгч уурлаад байсан. Энэ хоёрыг зодолдох үед нь би хоол хийж байсан учир хараагүй. Хоол аягалах үед энэ асуудал болсон. Манайд очиход А эгч манай найзын үснээс зуураад дошоо дарсан байсан. Би салгах гээд чадахгүй байсан чинь манай нөхөр гаднаас орж ирээд хамт салгасан гэв. 

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Э гэдэг залуугийн гэрт өдөр 12-оос 13 цагийн хооронд очсон. Очоод О-н машинд ороод унтсан. Унтаж байгаад сэрээд харсан чинь гадаах орчин бүрэнхий болчихсон О ирээд доор ороод унтчихсан байсан. Тэгээд машиндаа сууж байтал үл таних эмэгтэй орж ирээд суугаад О-г дуудах шиг болсон. Энэ үед О сэрээгүй. Үл таних эмэгтэй буюу хохирогч нь машинаас буухдаа уначихсан. Унахдаа машины хамгийн дээд талын гишгүүрээс шууд доош газарт хөлөөрөө буугаад өвдгөн дээрээ сөхөрч, гараараа тулж унасан. Энэ үед би буугаад Э-н гэрлүү оруулж өгсөн. Намайг орох үед бүгдээрээ сэрүүн байж байсан. Би буцаж гараад машиндаа ороод унтсан гэжээ. /хх-ийн 34-36/

Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг гэртээ сууж байхад гаднаас Б хохирогч А-г зүүн суганаас нь өргөчихсөн ороод ирсэн. Тухайн үед би уурлаад Б-г явж амар гээд гаргачихсан. А эгч орж ирэхдээ нилээд согтчихсон, ил харагдах гэмтэл шархгүй, үсний хавчаар нь далийгаад унах дөхчихсөн байсан. Миний бие өөрөө уучихсан, хотоос ирээд нойр муутай байсан болохоор шороо тоос болсон үгүйг бол анзаараагүй. Ямар ч байсан А бэртэж гэмтсэн гэж харагдаагүй. Намайг сандал дээр сууж байхад А болон О нар зодолдож эхэлсэн. Энэ үед М ирээд салгасан. Миний хувьд оролцоогүй. А болон М нар нилээд согтчихсон байсан. Харин О сүүлд ирсэн тул бага зэргийн согтолттой байсан. Нийт 3 шил архи уусан гэжээ.  /хх-ийн 37-39/

Шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: А-н биед учирсан гэмтлүүдээс “Volvo” ачааны автомашины зауин хэсгээс хоёр хөл дээрээ унаж өвдөг, гараараа тулан унах үед зүүн өвдгөнд цус хуралт гэх гэмтэл үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь машинаас унах үед үүсэх боломжгүй. Өвдөгний гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Зодолдох явцад үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 43-44/

Шинжээчийн 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 04/006 дугаартай дүгнэлт: 1.Н.А-н биед зүүн хацарт зулгаралтууд, баруун нүдний дээд зовхины дотор буланд зулгаралт, эрүүний зүүн доод хэсэгт цус хуралт, хүзүүний зүүн хэсэгт зулгаралт, баруун хацар, хамрын үзүүр хэсэгт зулгаралт, цээжний зүүн дээд талд цус хуралт, баруун бугалганд цус хуралт, хэвлийн зүүн хажуу доод талд цус хуралт, зулгаралт, хэвлийн зүүн хажуу доод талд зулгаралт, баруун цавинд, баруун гуяны хажуу хэсгээр, зүүн өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн нүүрэнд үүссэн гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба биеийн бусад хэсэгт үүссэн гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн  зэрэгт хамаарахгүй болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 46-47/ 

Зөрчлийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-4/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66, 106/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 115/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч А.О нь 2020 оны 12 сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Ж.М гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.А-н нүүрийг маажиж зүүн хацарт зулгаралтууд, баруун нүдний дээд зовхины дотор буланд зулгаралт, эрүүний зүүн доод хэсэгт цус хуралт, хүзүүний зүүн хэсэгт зулгаралт, баруун хацар, хамрын үзүүр хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Н.А-н /хх-ийн 14-21/ мэдүүлэг, гэрч Ж.М /хх-ийн 29-30/, гэрч Г.Э-н /хх-ийн 37-39/ мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 04/006 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.О-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч А.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан торгох ял шийтгэл оногдуулав. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзсан оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Хохирлын хувьд хохирогч Н.А нь 3 сая төгрөгийг нэхэмжилж байгаа боловч холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй. Шүүхэд ирсэн баримтаас 41,300 төгрөгийн эмний зардал /хх-ийн 154-156, 159-160/-ыг шүүгдэгч А.О-с гаргуулах нь зүйтэй байна. Харин Улсын гуравдугаар төв эмнэлгийн баримтаар хохирогч нь 105,000 төгрөгийн үйлчилгээ авсан эсэх нь тодорхойгүй байна. Хх-ийн 157-158 дугаар хуудсан дахь баримт нь тухайн эмнэлгийн үйлчилгээний тариф болох нь тогтоогдож байна. Иймд хохирогч нь 2,958,700 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.О-с 41,300 төгрөгийг гаргуулж хохирогч Н.А-т олгож, хохирогч нь 2,958,700 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай..

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.Б