| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2021/0009/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.М |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Г.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж, Э.Т
Шүүгдэгч Н.М, Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Н.М, Х овогт Э.Б нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 4-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Н.М,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-нд Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Э.Б
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.М нь Э.Б-тай бүлэглэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Приус авто засварын газарт 2020 оны 02 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд иргэн О.Э-н өмчлөлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг, мөн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.М-н өмчлөлийн ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Шүүгдэгч Э.Б нь Н.М-тай бүлэглэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Приус авто засварын газарт 2020 оны 02 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд иргэн О.Э-н өмчлөлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг, мөн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.М-н өмчлөлийн ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Б бид хоёр найзууд би Б-тай хамт хүний машинаас зөвшөөрөлгүй эд зүйл авч байгаагүй харин би найз Б-н унаж ирсэн машинаас Б-т хэлэлгүй авсан үйлдэл нь миний буруу. Би ... дугаарын тээврийн хэрэгслийн утааны нүүрсэн янданг авахад Б-тай хамт байгаагүй. Найз Б машинаа үлдээчихээд юманд явсан хойгуур нь би хэлэлгүй авсан юм. Би ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс зөвшөөрөлгүй авсан утааны нүрсэн янданг тухайн өдрөө зараагүй салгаж авсан өдрөөс хойш 5-6 хоногийн дараа зарсан. Би өөрийн засвар хийдэг авто гражид байхдаа Б-т зарсан. Би ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Тухайн нүүрсэн янданг салгахдаа өөрийн өдөр тутмын засвар үйлчилгээний үйл ажиллагаандаа хэрэглэдэг багажаараа салгаж авсан. Өөр надад ямар нэгэн санаа сэдэл байгаагүй. Би автозасварын үйл ажиллагаа эрхлээд 2013 оноос хойш машин засвар хийж байгаа. Миний багаж хэрэгсэлүүд нь өдөр тутам байнга хэрэглэдэг багаж байгаа юм. Би ... улсын дугаартай тээврийн хэрэгслээс залгаж авсан мөн зарсан мөнгөө хэнтэй ч хуваагаагүй өөрийн хэрэглээндээ хэрэглэсэн юм гэжээ. /1-р хх-ийн 202-205/
Шүүгдэгч Н.М 2021 оны 01 сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би прокурорын тогтоолтой танилцлаа, санал нийлж байна өөрийн гэм буруугаа ойлгож байна гэжээ /2-р хх-ийн 100-101/
Шүүгдэгч Н.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Давтан мэдүүлээд байх шаардлагагүй. Гэхдээ манай найз Н.М нь намайг Б-тай хамт манай ажлын М, О.Э нарын машины нүүрсэн янданг хамт явж зарсан мэтээр мэдүүлсэн байна би маш их гайхаж байна. Би Б, М хоёртой хамт машины яндан зарсан зүйл байхгүй харин миний унаж очсон машины янданг надад хэлэлгүй авсан байсан гэжээ. /1-р хх-ийн 214-216/
Шүүгдэгч Э.Б 2021 оны 01 сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Прокурорын тогтоолтой танилцлаа, санал байхгүй өөрийн гэм буруугаа ойлгож байгаа учир маргаан байхгүй гэжээ. /2-р хх-ийн 96-67/
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэмж ярих зүйл байхгүй, мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байхад цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч ажилтай Б ... дугаарын гар утаснаас миний ... дугаарын гар утас руу залгаж “Сайншанд сум руу эмээгээ эмнэлэгт үзүүлээд ирье машинаа өгөөд явуулчихаач” гэхээр нь би “чиний машин яасан юм” гэсэн чинь “бензин идээд байна” гэхээр нь “за тэгвэл аваад явахгүй юу даа” гэж хэлсэн. Б 14 цагийн үед ирээд миний ... улсын дугаартай тоёото Приус-20 маркийн автомашиныг аваад явсан. Тэгээд оройдоо ирчихээд ярих юм болов уу гэж бодсон чинь ярихгүй байхаар нь би гэртээ харьж амарсан. 2020 оны 03 сарын 08-ны өглөө 10 цагийн үед ажил дээрээ ирсэн чинь миний ... улсын дугаартай тоёота Приус-20 маркийн автомашин ажлын гадаа байсан. Ажил руу орж Б-с түлхүүрийг нь аваад машинаа унаад гэртээ харьсан. Тухайн үед машинаа унахад мотор ч юм уу, яндангийн дуу маш хүчтэй ёнгинож дуугараад байхаар нь хол замд яваад мотор нь онгойсон юм байлгүй гэж бодсон. Тэгээд өдөр нь дэлгүүр гарахаар эхнэртэйгээ хамт гараад машинаа асаасан чинь чекны шар гэрэл асахаар нь унтрах байлгүй гэж бодоод яваад байсан чинь нэг хоногийн дараа унтарчихсан. Хэд хоногийн дараа Улаанбаатар хот руу хувийн ажлаар явахаар болж машинтайгаа явсан. Тухайн үед чекны гэрэл мөн асаад мотор хүчтэй дугараад байгаа хэрнээ хурд нь нэмэгдэхгүй байхаар нь Улаанбаатар хотод очоод приус засварын газар үзүүлсэн чинь хоёр талын нүүрсэн яндан /катализатор/-ыг нь хулгайлаад авчихсан байна гэсэн. Би 2015 оны 08 сард Улаанбаатар хотоос төмөр замын вокзалын хажууд байдаг 1000 машины зах гэдэг газраас орж ирсэн 2008 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй тоёота приус-20 маркийн автомашиныг худалдан авч, ... улсын дугаарыг автотээврийн газраас авч зүүсэн. Би Б-с өөр хүмүүст огт өгч байгаагүй. Миний машин Б-т өгч явуулсны дараа чекны шар гэрэл асч, мотор яндан хүчтэй дуугарч байсан. Би 2020 оны 03 сарын 07-ны өдөр Б-т машинаа өгсөн. Тэгэхэд миний ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл тухайн өдөр автозамын хяналтын пүүгээр гараагүй, бүртгэлд огт авагдаагүй байсан нь Сайншанд руу миний автомашин гараагүй гэсэн үг. Мөн Б өөрөө машинтай байж миний автомашиныг гуйж авч явсан нь их сонин санагдаж байна. Миний хувьд эмээгийн бие муудаад эмнэлэгт үзүүлээд ирье гэхээр нь сайн санаж машинаа өгч явуулсан. Б нь миний автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг хулгайлж авсанд гомдолтой байна. Замын-Үүд сумын 2-р баг гаалийн гудамжинд приус засварын газар ажиллуулдаг Н.М гэдэг залуу миний ... улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг шинээр авч өгч хийсэн. Одоо санал, хүсэлт байхгүй гэжээ. /1-р хх-ийн 44-46/
Хохирогч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 02 сарын 10-ны үеэр би Замын-Үүд суманд ажлаа хийгээд байж байхад хамт ажилладаг Замын цагдаагийн ахлах цагдаагийн ахмад Л.Н миний эзэмшлийн ... дугаартай Тоёота приус-20 маркийн сувдан цагаан өнгийн машиныг гуйгаад “чи өнөөдөр ажилтай юм чинь би гадуур ажил амжуулаад ирье” гэж хэлээд миний машиныг аваад явсан. Би тэр өдрөө постонд хонож үүрэг гүйцэтгэчихээд маргааш өглөө Н-с машинаа аваад гэр лүүгээ явсан. Тэгсэн машин дүнгэнээд байхаар нь гайгүй байх гэж орхьчихсон байсан. Тэгсэн 20-иод хоногийн дараа бүр дууна ихдээд байхаар нь засварын газар очсон. Тэгсэн засварын Б гэдэг хүн үзээд “яндан чинь доороосоо цохигдод хонхойчихсон байна, тэгээд дээд рамандаа тулаад дуугараад байгаа юм байна” гэсэн. Тэгэхээр нь би “наадах чинь нүүрсэн яндантай гэсэн үзээд өгөөч” гэсэн тэгсэн засварын хүн үзээд “нүүрсэн яндан чинь байхгүй байна” гэсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд Б-н засварын яаман дээр гарч машиныхаа доогуур харсан чинь яндангийн боолт нь элэгдсэн тайлсан янзтай байсан. Тухайн үед би миний яндан сольчихсон байх гэж бодсон. Тэгээд би Н ахлахтай өөрийн ... гэсэн дугаараас түүний ... гэсэн дугаар луу залгаад “таньд өгснөөс хойш муухай дуугараад байна яндан солигдсон юм шиг байна” гэсэн тэгсэн Н ахлах надад хандаж “би чамаас машиныг чинь авсан өдөр Б гуйгаад чиний машинаар ойрхон ажил амжуулаад ирье гэж хэлээд аваад явсан 1 цаг гаран болоод машиныг чинь авчирч өгсөн” гэж хэлсэн. Миний машин 2009 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Монголд 2017 оны 08 сард орж ирсэн. Хувь хүнээс зах дээрээс авсан. Намайг авахад улсын дугаар аваагүй байсан. Н ахлах л 3-4 удаа гуйж унадаг байсан өөр хүнд өгч байгаагүй. Н ахлах гуйж унахдаа доод тал нь 1 хоног, дээд тал нь 3 хоногоор авч явж байсан. Машинаа авснаас хойш засварын газар өгч байгаагүй. Яндангаа сураглаагүй. Н ахлахаас миний машиныг гуйж авсан Б-тай нүүр тулж уулзаагүй. Яндангийн талаар ерөөсөө хэлээгүй. Б-г таньдаг Э гэдэг залуу тухайн үед миний машин муухай дуугараад байсан тэгэхэд надтай хамт засварын газар очиж байсан тэрнээс хойш 5-6 хоногийн дараа Э надад хандан миний гар утас руу залгаад “Э ахаа таны янданг Б авсан байх Б наад 2 сарын эхээр уулзаад 2-уулаа приусны яндан зохицуулах уу гэж хэлж байсан” гэсэн. Би хятадаас 850 юаниаар авсан. Монгол мөнгөнд шилжүүлэхээр 334,000 төгрөгөөр авсан. Яг өөрийнх нь оргинал яндан нь 1,500,000-2,000,000 төгрөгийн хооронд байдаг гэсэн. Ерөөсөө хайгаад олдохгүй байгаа юм. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, яндангаа төлүүлж авна бас 334,000 төгрөгөөр авсан яндангийн мөнгөө гаргуулж авна гэжээ. /1-р хх-ийн 47-50/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг 2020 оны 02 сарын эхээр Замын-Үүд сумын 3 дугаар багт ээж дээрээ 20 цагийн үед ээж дээрээ оччихоод гэр рүүгээ өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай автомашинтай бага сургуулийн 4-н замын уулзварын зүүн талд байрлах хуучин Д буудлын хажуу талын засмал зам дээр явж байсан чинь Б цагаан кровн маркийн автомашинаа буудал руу ухрааж байхаар нь мэнд мэдэхээр хажууд нь очоод зогссон. Тэгсэн чинь Б миний автомашинд орж суугаад тамхи татаж байснаа над руу хандаж “приус-20-н яндан хотод их үнэтэй юм байна, надад хоёр гурван он залуу приус-20-иуд байна, нүүрсэн янданг хотод үнэтэй авдаг юм байна, хоёулаа хусая, хамтарч ажиллая” гэхээр нь би “цагдааг яаж аргалах юм бэ” гэсэн чинь Б “асуудалгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгээд би за ч гээгүй, үгүй ч гээгүй явсан. Тэгээд 3-4 хоногийн дараа Б миний дугаар луу залгаж “Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах ... автозасварын газар ажиллуулдаг Б гэх залуугийнд хүрч ирээд ямаа янзлаадах” гэхээр нь би удалгүй явж очсон чинь Б, Б болох хоёр найзтайгаа хамт архи уугаад байж байсан. Тэгээд би ямааг нь янзалж дууссан чинь Б өөрийн автомашинаараа намайг хүргэж өгөхөөр явж байхдаа нилээд уурласан байдалтай, над руу уурлаад “чи хэд хоногийн өмнө Д буудлын гадаа чамтай уулзахад ярьсан приусны яндан зарна гэснийг хүн амьтанд хэлээгүй биз дээ хэлж болохгүй шүү” гэхээр нь би “хэлээгүй” гэж хэлсэн чинь хэсэг дуугуй байж байснаа Б “намайг манай ажлын газрын цагдаа Э-н ... дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн автомашиныг замын цагдаагийн ахлах Н-с авч унасан гээд байхын, би огт тэр машиныг нь гуйж унасанаа санахгүй байна” гэж хэлээд нилээд уурлаж бухимдсан байдалтай намайг гэрийн үүдэнд буулгаад буцаад яваад өгсөн. Түүнээс хойш би Б-тай олон удаа таарсан боловч надтай дахиж дуугарахгүй байсан. Намайг 2020 оны 03 сарын дундуур санагдаж байна ... гудамжинд байрлах Б-н засвар дээр очсон чинь гараж дотор саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн моторыг янзалж байгаа бололтой хамрыг нь сөхөөд дээд ангийг нь салгачихсан, хажуу талд приус-20-н салгаад тавьчихсан бүтэн яндан байсныг би харсан. Яагаад приус-20-н яндан байсан гэдгийг сайн мэдэж байна гэхээр би өөрөө машин сайн мэддэг, засвар хийдэг болохоор хараад шууд мэдсэн. Энэ зүйлийг яагаад ярьж байна гэхээр хоёр хоногийн дараа Б-н гараж дээр дахин очиход нөгөө яндан алга байхаар нь Б-с хаачсан талаар асуусан чинь Соната-6-д тавиад явуулчихсан гэж хэлсэн. Тэгэхэд би Б-г худлаа ярьж байна гэж ойлгосон. Учир нь приус-20-н яндан Соната-6-д хэзээч таарахгүй гэжээ. /1-р хх-ийн 12-14/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 сараас хил хааснаас хойш гэртээ байж байгаад манай ээжийн төрсөн дүү Б ахтай уулзаад “катализатор /нүүрсэн яндан/ худалдаж авъя та борлуулаад өг” гэж санал тавьхад Б зөвшөөрч намайг “хулгайн катализатор авч болохгүй шүү, машины эзнээс өөрсдөөс нь харж авч байгаарай” гэж анхааруулж сануулж байсан. 2020 оны 01 сарын 21-ний өдрөөс Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг Н төв ороод гарч ирсэн чинь нэг саарал Тоёота приус-20 маркийн автомашинтай хүн зогсож байхаар нь би тэр машины жолоочтой уулзаад машиныхаа каталикатор /нүүрсэн яндан/-ыг зарах уу гэж асуухад тэр жолооч зөвшөөрч завтай болохоороо над руу залгая гэж хэлээд миний ... гар утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан. 18 цагийн орчим миний гар утас руу ... дугаарын гар утаснаас залгаад “өдөр уулзсан машины жолооч байна, гэрт хүрээд ир би завтай болчихлоо” гэж хэлээд надад гэрээ зааж өгсөн. Би гэрт нь очиж ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинуудын катализатор /нүүрсэн яндан/-ыг надад нэг ширхэгийг 100,000 төгрөгөөр зарсан. ... улсын дугааруудтай автомашины жолооч нараас нүүрсэн янданг өөрсдөөс нь худалдан авч байсан. 2020 оны 02 сарын 06-ны өдөр ... дугаарын гар утстай хүнээс Тоёота приус-20 маркийн автомашины катализатор /нүүрсэн яндан/ худалдан авахаар төмөр замын гарамны хажууд байдаг засварын газар очиход Б гэдэг хүн 2 ширхэг Тоёота приус-20 маркийн автомашины катализатор /нүүрсэн яндан/-ыг нэг ширхэгийг нь 100,000 төгрөгөөр зарсан, энэ үед цагаан өнгийн тоёота кроун маркийн автомашинтай хүн орж ирээд би катализатор авдаг гэж хэлээд гарсан. Одоо бодоод байхад тэр хүн Н.М байсан байна. Тухайн үед Б өөрийгөө хуучин машин худалдан авч борлуулдаг гэж хэлээд дахиад автомашины катализатор /нүүрсэн яндан/ зарахаар бол утсаар ярья гэж хэлээд миний гар утасны дугаарыг авч үлдсэн. 2020 оны 02 сарын 12-ны өдөр ... дугаарын гар утаснаас миний дугаар луу залгаад төмөр замын гармын хажууд байдаг засварын газар автомашины катализатор /нүүрсэн яндан/ авч байхад очиж байсан хүн байна, би “тоёота кроун D-4 маркийн автомашины катализатор /нүүрсэн яндан/ авах уу” гэж асуухаар нь би “авна” гэж хэлээд 350,000 төгрөгөөр худалдаж авсан. 2020 оны 02 сарын 13-ны өдөр ... дугаарын гар утаснаас миний дугаарлуу залгаад “он залуу Тоёота приус-20 маркийн автомашины катализатор /нүүрсэн яндан/ өгье, хаана байна” гэж асуухад нь би Замын-Үүд сумын Мандах наран хороололын хажууд байдаг С шатахуун түгээх станц дээр ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинтай зогсож байхад цагаан өнгийн тоёота корун маркийн автомашин, миний машины ард ирж зогссон. Би М-н ... дугаар луу залгаад “энэ ард ирж зогссон цагаан кроун мөн үү” гэж асуухад “мөн мөн, хажууд цагдаа сууж байгаа шүү, манай найз байгаа юм ороод ир” гэхээр нь бууж очоод арын суудал дээр нь зүүн талаас нь суухад жолоочийн хажуугийн суудал дээр цагдаа хувцастай хүн, арын суудал дээр Б суусан, М жолооны ард сууж байсан. Тухайн үед надад автомашины катализатор /нүүрсэн яндан/ зарж байсан Б-г хараад энэ миний гар утасны дугаарыг өгсөн юм байна гэж бодсон. Тэгээд М-с он залуу буюу 2007 оноос хойш үйлдвэрлэгдсэн Тоёота приус-20 маркийн автомашины 1 ширхэг катализатор /нүүрсэн яндан/-ыг 800,000 худалдаж аваад Н.М-н Х банкны данс руу өөрийнхөө ... дугаарын Х банкны данснаас 800,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 02 сарын 14, 15-ны өдрүүдэд Н.М Замын-Үүд сумын Сүлд багт түрээслэн амьдардаг манай гэрийн гадаа ирж надад Тоёота приус-20 маркийн автомашины катализатор /нүүрсэн яндан/-ын нэг, нэг ширхэгийг 800,000 төгрөгөөр зарсан. 2020 оны 02 сарын 16-ны өдөр Н.М миний түрээслэн амьдардаг байрны гадаа ирж он залуу Тоёота приус-20 маркийн автомашины 1 ширхэг катализатор /нүүрсэн яндан/-ыг 800,000 төгрөгөөр зарсан. 2020 оны 02 сарын 16-ны өдөр нь Н.М миний утас руу залгаад өөрийнхөө засварын газар ирээд 1 ширхэг Тоёота приус-10 маркийн автомашины катализатор /нүүрсэн яндан/, 2 ширхэг 2007 оноос өмнөх буюу он хөгшин Тоёота приус-20 маркийн автомашины катализатор /нүүрсэн яндан/-ыг өөрөө ирээд тайлаад авчих гэж хэлэхээр нь би зөвшөөрч засварын газар нь очиход засварынх нь хашаанд эвдэрхий Тоёота приус-10 маркийн автомашин байсан. Гаднаас ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинууд орж ирсэн ба энэ 3 машины катализатор /нүүрсэн яндан/-ыг нийлүүлээд 360,000 төгрөгөөр худалдан авч Н.М-н данс руу шилжүүлсэн. Н.М-н ажиллуулдаг засварынх нь хашаанд байсан эвдэрхий Тоёота приус-10 маркийн автомашин, гаднаас ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинуудын катализатор /нүүрсэн яндан/-ыг тайлуулж байхад Н.М-н найз гэж нэг цагдаа, цагдаагийн албаны дугаарыг мэдэхгүй байна, Тоёота приус-20 маркийн автомашинтай 2, 3 удаа орж гарсан. 2020 оны 03 сарын 07-ны орой Н.М өөрийнхөө утаснаас миний дугаар луу залгаад “2 ширхэг катализатор /нүүрсэн яндан/ өгье хаана байна” гэж надаас асуухаар нь би “сумандаа байна, гэрт эгч байгаа очоод өгчих” гэж хэлээд Замын-Үүд сумын Сүлд багт хамт түрээслэн амьдардаг манай ээжийн дүү Э эгчийн ... дугаарын гар утас руу залгаад “одоо нэг хүн юм аваад очно, та аваад далд хийчих” гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн ... дугаарын Х банкнаас Н.М-н Х банкны данс руу 400,000 төгрөгийг шилжүүлж, 2020 оны 03 сарын 08-ны өдөр 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би сая Э, Б гэх хүний зургийг харлаа. Б гэдэг нэрийг нь бол мэдэхгүй. Харин М над дээр приус-20-н зөөлөн яндан зарахаар урьд өмнө ирэхдээ машин дотор нь цагдаа хувцастай сууж байсан. Б гэх энэ залуу хааяа цагдаа хувцастай хааяа энгийн хувцастай яндан зарах үеэр ирдэг байсан. 2020 оны 02 сарын 13-ны өдөр намайг С шатахуун түгээх станц дээр байж байхад М, Б, Б нар цагаан өнгийн кроун маркийн машинтай хүрч ирээд он залуу приус-20-ын зөөлөн яндан гаргаж ирээд би үзэж байгаад 800,000 төгрөгөөр авсан. Тухайн үед жолоочийн эсрэг талын суудал дээр нэг цагдаа хувцастай /сая зургийг харахад Б/ байсан байна. Би М надад ойр ойрхон автомашины катализатор /нүүрсэн яндан/ авч ирж зараад байхаар нь би хулгайн эд зүйл биш байгаа гэж бодоод нэг удаа Н.М-с “чи эд нарыг хаанаас аваад байгаа юм” гэж асуухад надад “нэг ширхэгийг нь 400,000 төгрөгөөр хүмүүсээс нь худалдаж авдаг” гэж хэлж байсан. Н.М-г өөрөө авто засварын газар ажиллуулдаг болохоор нь машинаа засуулах гэж очсон хүмүүсээс катализатор /нүүрсэн яндан/-ыг нь авдаг, мөн цагдаа найзтайгаа явдаг болохоор нь хулгайн эд зүйл гэж бодсонгүй. Би 2020 оны 01 сараас эхлэж автомашны катализатор /нүүрсэн яндан/ худалдаж авахдаа тэмдэглэл хөтөлж байсан гэжээ. /1-р хх-ийн 24-28/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Н.М-г нэг удаа Замын-Үүд сумын баруун талд байдаг МТ шатахуун түгээх станцын хажууд катализатор /нүүрсэн яндан/ зарах гэж явахад нь Н.М-н цагаан өнгийн тоёота кроун маркийн автомаштай Н.М, Э.Б бид гурав хамт явсан. Тухайн үед Н.М машинаа жолоодож, Э.Б жолоочийн хажуу талын суудал дээр, би арын суудал дээр сууж байсан. Өөр би Н.М, Э.Б нартай хамт катализатор /нүүрсэн яндан/ зарж байсан удаа байхгүй. Би ... дугаартай тоёота приус-20 маркийн автомашины катализатор /нүүрсэн яндан/-г авсан, үгүйг мэдэхгүй байна. МТ шатахуун түгээх станц дээр Э.Б гэдэг залууд зарсан катализатор /нүүрсэн яндан/-г хаанаас, хэнээс яаж авсныг мэдэхгүй, гялгар торон дотор хийсэн, бэлдчихсэн аваад явж байсан гэжээ. /1-р хх-ийн 32-34/
Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Э-н эзэмшлийн ... улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашиныг өөрийн машиныг Улаанбаатар хотод байх хугацаанд гуйж авч унаж байсан. Яг хэзээг нь санахгүй байна 7, 8 удаа авч унаж байсан. Яг хэдний өдрийг санахгүй байна харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Э-н эзэмшлийн ... улсын дугаартай тоёото приус-20 маркийн автомашиныг унаад ажил дээрээ ирэхэд ажлын гадаа цагдаа жолооч Б надтай таараад “надад машинаа өгч байгаач удахгүй ойрхон явчихаад ирье” гэж хэлэхээр нь “хүний машин авч явж яах гэж байгаа юм бэ” гэхэд Б нь “хүнтэй уулзаад юм өгөх гэсэн юм” гэх хэлэхээр нь “хэр удах юм” гэж асуухад Б “удахгүй” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед машиныг өгөлгүй ажилруугаа ороод өглөөний рапортонд суусан. Рапорт дууссаны дараа буюу ойролцоогоор 10.00-11.00 цагийн үед өрөөндөө байж байхад цагдаа жолооч Б өрөөнд орж ирээд ойрхон явчихаал ирье гэж хэлээд би өөрийн унаж явсан тус хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах, ахлагч О.Э-н эзэмшлийн ... улсын дугаартай тоёота приус-20 маркийн машиныг өгсөн. Тухайн үед ажилаа хийгээд хэр удсаныг мэдэхгүй ойролцоогоор 1 цаг орчимын дараа Б орж ирээд “болчихлоо” гэж хэлээд авч явсан ... улсын дугаартай тоёота приус-20 маркийн машины түлхүүрийг надад өгсөн. Тэр өдөр харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Э нь постноос бууж ирээд өөрийнхөө ... улсын дугаартай тоёота приус-20 маркийн машинаа аваад явсан. 2 билүү 3 хоногийн дараа харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Э нь “та миний машиныг унаж явахдаа өөр хүнд өгч явуулсан уу, таниас авснаас хойш миний машины арын багажны доод талд дүнгэнэсэн дуу гараад байна” гэж хэлсэн. Би тэр үед “яасан юм бол оношлогоонд үзүүлээч” гэж хэлээд уг машинд сууж үзэхэд уг машины арын багажны доод хэсэгт хүнгэнэсэн дуу байсан юм. Тэр үед би Б-т өгсөн талаар хэлэхэд О.Э нь “Б нь надаас машинаа өгөөч гээд хэд хоног гуйгаад байсан ш дээ” гэж хэлэхээр нь “өө тийм үү” гэж хэлээд салаад явсан юм. О.Э надтай 2, 3 хоногийн дараа уулзаад “өөрийнхөө машиныг үзүүллээ, миний машины янданг сольсон байна” гэж хэлсэн. Тэгээд би “энэ асуудлын учир олдох байлгүй дээ” гэж хэлээд салсан юм. Би О.Э-н эзэмшлийн ... улсын дугаартай тоёота приус-20 маркийн машиныг Э.Б-г авч яваад авч ирсэний дараа унаагүй юм. Шууд эзэмшигч болох О.Э аваад явсан. Харин О.Э машинаа авч явсны дараа 2 билүү 3 хоногийн дараа ирээд машины арын багажны доод хэсэгт дуугараад байна гэж хэлж байсан. Намайг уг машинд сууж үзэхэд машины арын багажны доод хэсэгт хүнгэнэсэн дуу байсан гэжээ /1-р хх-ийн 163-164/
Шинжээч Ж.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Шинжилгээнд ирүүлсэн нүүрсэн яндан гэх зүйлийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгүүр болон доод эд ангийн үндсэн гадаргуутай холбох, бэхлэх боолт зэргийг хүний гарын тусламжтайгаар адил хэмжээтэй зориулалтын түлхүүр эсхүл багаж хэрэгсэл ашиглахгүйгээр нүцгэн гараар янданг тээврийн хэрэгслээс тайлах боломжгүй. Харин дарааллыг тогтоох боломжгүй гэжээ. /1-р хх-ийн 226-227/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 2/
Шинжээчийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 023 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 53-56/
Автотээвэрийн үндэсний төв Төрийн өмчит үйлчилгээний газрын Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 2020/27, 2020/26 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 65-70, 78-84/
А ХХК-ийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 485, 484 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 92-93/
... улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 99-102/
... улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 103-105/
Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 110, 112/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 232/
Шүүгдэгч Н.М-н хувийн мэдээлэл /1-р хх-ийн 233-246/
Шүүгдэгч Э.Б-н хувийн мэдээлэл /1-р хх-ийн 247-252/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 17-19, 102-105/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Н.М, Э.Б нар нь бүлэглэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Приус авто засварын газарт 2020 оны 02 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд иргэн О.Э-н өмчлөлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг, мөн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.М-н өмчлөлийн ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Э, Б.М нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүүлэг /1-р хх-ийн 44-46, 47-50/, гэрч Б.Э /1-р хх-ийн 12-14/ өгсөн мэдүүлэг, гэрч Л.Н-н /1-р хх-ийн 163-164/ мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 023 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 53-56/, Автотээвэрийн үндэсний төв Төрийн өмчит үйлчилгээний газрын Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 2020/27, 2020/26 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 65-70, 78-84/, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 485, 484 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 92-93/, ... улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 99-102/, ... улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 103-105/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Н.М, Э.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзнэ. Шүүгдэгч нар нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Э.Т нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хулгайн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан гэрч Б.Э, Л.Н, хохирогч Б.М нарын мэдүүлэгээр шүүгдэгч Э.Б-н үйлдэл тогтоогдсон. Хохирогч нарын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.М-н засварын газарт аваачиж өгч байгаа үйлдэл нь уг тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданг авах зорилгоор гэдэг нь нотлогдож байгаа. Хэрэгт авагдсан баримтуудад хохирогч Б.М, О.Э нарын тээврийн хэрэгслийг засварын газарт өгөх шаардлага байгаагүй, хохирогч Б.М-н ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг “овоолсон шороо мөргөсөн учир засварын газарт очсон” гэж шүүгдэгч Э.Б шүүх хуралдаан дээр мэдүүлж байгаа нь хэрэгт нотлогдоогүй юм. Хохирогч нарын тээврийн хэрэгслүүдээс нүүрсэн янданг авах зорилгоор шүүгдэгч Э.Б нь ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслүүдийг Н.М-н засварын газарт аваачин өгч хулгайн үйлдлээ шүүгдэгч нар нь хэрэгжүүлсэн гэж шүүх үзсэн. Шүүгдэгч Э.Б, Н.М нарыг үйлдлийн улмаас хохирогч нарын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байдаг. Иймд шүүгдэгч Э.Б-н үйлдлийг хэлбэрийн төдий гэж үзсэн өмгөөлөгчийн саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Э.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Шүүгдэгч нар нь хулгайлсан эд зүйлийн үнийг төлж хохирогч нарыг гомдолгүй болгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл болгон үзлээ.
Шүүгдэгч Н.М, Э.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг хар улаан өнгийн төмөр тастагч, 1 ширхэг тахир иштэй түлхүүр зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогч устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Н.М, Х овогт Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Э.Б нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.М, Э.Б нарыг 1 жил, 6 сарын хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Э.Б нар нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг хар улаан өнгийн төмөр тастагч, 1 ширхэг тахир иштэй түлхүүр зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогч устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Н.М, Э.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нарын битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б