| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 102/2017/03051/И |
| Дугаар | 001/ХТ2018/01448 |
| Огноо | 2018-10-19 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2018/01448
Б.Ц-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/00548 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1066 дугаар магадлалтай,
Б.Ц-ын нэхэмжлэлтэй,
Ц.Б-д холбогдох,
Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Р.Оюунчимэгийн гүйцэтгэвэл зохих үүрэг 20.942.000 төгрөгийг, эд хөрөнгө өвлөн авсан Ц.Б-өөс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэрэлцэцэг, өмгөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Б-ийн төрсөн эх Р.Оюунчимэгтэй орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулаад Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 5 давхар орон сууцны 1 орц, 4 давхрын 5 тоот 39.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалсан. Барилгын ажил эхлэх үед 2013 оны 09 дүгээр сард Р.Оюунчимэг мөнгөний шаардлага байна гэсний дагуу 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 8.000.000 төгрөгийг банкаар шилжүүлсэн. Барилгын явцтай танилцаад, 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрээг бичгээр байгуулаад, мөн өдрөө бэлнээр 6.000.000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш Булган аймгийн Бүрэгхангай суманд байх хугацаанд Р.Оюунчимэг мөнгөний хэрэгтэй байна гээд яриад н.Батсүрэн гэх хүнийг явуулъя гэж тохироод гэрт ирж 4.500.000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд нийтдээ байрны урьдчилгаанд 18.500.000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг цуцалсан. Гэрээгээр захиалга өгсөн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд орон сууцыг орон сууцны зориулалттай баригдаж байсан орон сууцыг өвлөгч Ц.Б- хүлээн авсан. Уг орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй. Орон сууц захиалгаар бариулж авах гэрээ хуулийн хүчин төгөлдөр учраас алданги тооцож, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 3 жил 8 сарын хугацааны алдангийг 0,01 хувиар тооцон 2.442.000 төгрөг, нийт 20.942.000 төгрөгийг нэхэмжилж байна. Р.Оюунчимэг нас барсан учраас түүний эд хөрөнгийг өвлөн авсан хүү Ц.Б-өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний эх Р.Оюунчимэг 2014 оны 9 дүгээр сард зуурдаар нас барсан. Ээжийн минь бариулж байсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших дуусаагүй барилга нь Монгол Улсын иргэний хууль тогтоомжийн дагуу надад өвлөгдөн ирсэн. Миний бие энэхүү барилгыг зөвшөөрлийн хамт худалдан борлуулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хандаж байсан боловч, худалдан авах, үргэлжлүүлэн барих этгээдийг олжI чадаагүй байгаа болно. Б.Ц-ын зүгээс надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул энэхүү барилгыг худалдан борлуулж, түүнд өгөх ёстой зүйлийг албан ёсны баримт, нотолгоог үндэслэн барагдуулахыг хичээж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Батзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: ээж маань 2014 оны 09 дүгээр сард зуурдаар нас барсан. Ээж минь тодорхой зөвшөөрлийн дагуу бариулж байсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших дуусаагүй барилга нь дүү Ц.Б-д өвлөгдсөн. Миний дүү уг барилгыг зөвшөөрлийн хамт худалдан борлуулах буюу үргэлжлүүлэн барих этгээдийг олж чадаагүй байгаа. Б.Ц-ын зүгээс гаргасан дарамт, заналхийллээс болж 2016 оны 06 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарыг дуустал нийт 6.700.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж орон сууцаар хангаж байсан. Тухайн үед Цогтод ээжийн авсан мөнгийг суутгаж 3 удаа орон сууц санал болгож байсан боловч байруудыг аваагүй. Тухай бүр бэлэн мөнгө авахыг шаардаж байсан. Нэхэмжлэгч надаас гарсан мөнгийг яагаад хасахгүй байгааг ойлгохгүй байна. Ээж маань амьд сэрүүн байхад хийсэн гэрээг бариад алдангийг нэхэж байгаад гомдолтой байна гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/00548 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1, 536 дугаар зүйлийн 536.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ын хариуцагч Ц.Б-д холбогдуулан 20.942.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262.660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1066 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/00548 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-өөс 14.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.942.000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ц.Б-өөс 227.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-од олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваанийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, гуравдагч этгээд Ц.Батзаяа нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1066 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг нягтлан үзэж харьцуулан шинжин дүгнэх учиртай байтал зөвхөн нэг талын нотлох баримтыг үндэслэх учиргүй. МУ-ын Иргэний хуулийн 536.1, 536.2 дугаар зүйлд дурдсан заалт нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаар шаардлага гаргах эрх бүхий этгээдэд эрх олгосон хууль зүйн зохицуулалт юм. Хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх эсэх нь тухайн эрх зүйн этгээдийн хүсэл зориг, дур хүслийн асуудал бөгөөд энэ асуудлаар шийдвэр гаргах эсэх зөвхөн өөрт хадгалагддаг Ийм байтал хууль зөрчин хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1066 дугаартай магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 1066 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
2014 оны 04 сарын 17-ны өдрийн хаан банкны 5025208777 тоот дансанд Н.Батсүрэнгээр дамжуулан Р.Оюунчимэгт шилжүүлсэн мөнгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Р.Оюунчимэгийн өгсөн даалгаврын дагуу 2014 оны хавар Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах Батмөнхийн Цогтын гэрт очиж 4.5 сая төгрөгийг бэлнээр авч Р.Оюунчимэгийн хааны банкны данс руу 4.5 сая төгрөгийн шилжүүлж тусалж байсан нь үнэн болно гэх Н.Батсүрэнгийн бичиж өгсөн тодорхойлолт болон гэрч Чанцалдуламын мэдүүлгээр Н.Батсүрэнгийн шилжүүлсэн 4.500.000 төгрөг нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Б.Ц-ын шилжүүлсэн мөнгө болох нь эргэлзээгүй тогтоогдсон.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 1066 тоот магадлалд өөрчлөлт оруулж 4.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч Ц.Б-өөс орон сууцны үнэд төлсөн 18.500.000 төгрөг, алданги 2.442.000 төгрөг нийт 20.942.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...Р.Оюунчимэгийн үүргийг өвлөн авсан” гэж тодорхойлжээ. Хариуцагч, нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.
Б.Ц- болон Р.Оюунчимэг нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 6-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулж авах гэрээгээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй 138 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт 39.5 м.кв талбай бүхий байрыг 59.250.000 төгрөгөөр захиалах, гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулахаар харилцан тохирчээ. Тэрээр гэрээ байгуулахаас өмнө 8.000.000 төгрөгийг дансаар, харин гэрээ байгуулсан өдөр 6.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн тул ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.
Гэвч ажил гүйцэтгэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр нас барсан тул ажлын үр дүнг хугацаанд нь хүлээлгэн өгөх боломжгүй болжээ.
Хариуцагч Ц.Б-, гуравдагч этгээд Ц.Батзаяа нар нь талийгаач Р.Оюунчимэгийн төрсөн хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар хариуцагч нь Р.Оюунчимэгийн хууль ёсны өвлөгч бөгөөд энэ талаар маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч нь Р.Оюунчимэгт хэдэн төгрөг өгсөн, хариуцагч өвлүүлэгчийн үүргийг хариуцах эсэх, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1.-д зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх ба хариуцагч Ц.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 32-11 тоотод байрлах 847 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, хүнсний дэлгүүр, мөн дүүргийн 21 дүгээр хороололд байрлах 138 дугаар байр, 729 м.кв талбай бүхий 40 хувийн гүйцэтгэлтэй оро сууц үйлчилгээний барилгыг өвлөн авчээ.
Нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөө өвлүүлэгчийн хөрөнгийг өвлөн авсан хууль ёсны өвлөгчөөс шаардаж нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх үүрэг гүйцэтгүүлэгчид гомдлын шаардлага гаргасан эсэх нь тогтоогдохгүй, хугацааг сэргээх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-т зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.
Нэхэмжлэгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэгтэй холбоотой шаардлагаа хариуцагчид гаргаж байсан ба тэрээр үүргийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн охин Ц.Гэрэлтуяа, Ц.Гэрэлцэцэг нарыг 2017 оны 8 дугаар сар дуустал орон сууцаар хангаж, түрээсийн төлбөрийг төлж байсан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.
Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар болон нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлээс 4.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдээгүй байна.
Нэхэмжлэгч нь “...Р.Оюунчимэг мөнгө хэрэгтэй байна гэхээр түүний дүү Н.Батсүрэнд 4.500.000 төгрөг бэлнээр өгсөн, тэрээр 2014 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр Р.Оюунчимэгийн ХААН банкны 5025208777 тоот дансанд шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргаж, дансны хуулгыг ирүүлсэн байх ба хариуцагч уг тайлбар, баримтыг үгүйсгэж чадаагүй байна.
Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд алданги шаардах эрхгүй.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлээс 18.500.000 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1066 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...14000000” гэснийг “...18.500.000” гэж, “6942000” гэснийг “2.442.000” гэж, “227950” гэснийг “250.450” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, гуравдагч этгээд Ц.Батзаяа нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 87.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч, гуравдагч этгээдээс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 229.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ