Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 392

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: “ЭСДЭ” ХХК 

Хариуцагч: БОАЖЯ

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 сарын 02-ны А/174 дүгээр тушаалын “ЭСДЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ЭСДЭ” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  “ЭСДЭ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭСДЭ ХХК нь 2013 оны 7 сарын 25-нд үүсгэн байгуулагдаж хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2013-07-26-нд бүртгүүлсэн. Үүсгэн байгуулагчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 002 тоот тогтоолоор хоёр гишүүнтэй болж өөрчлөгдсөн. Компани аялал, жуулчлалын цогцолбор байгуулах төсөл боловсруулж хэрэгжүүлэхээр Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд хандсаны дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 тоот тушаалаар манай компанид Хан-Уул дүүрэг, Нүхтийн аманд 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон. 2014 оны 10 сарын 01-нд 2014/60 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон. Улмаар газар ашиглах тухай гурван талын гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай /ДЦГХЗ/ 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Бид 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төслийн ажлын хүрээнд хашаа барих хүсэлтээ Богд уулын хамгаалалтын захиргаанд гаргасан. Уг газраас 2018 оны 03 сарын 23-ны өдөр ирүүлсэн 278 дугаартай албан бичигт: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн А/174 тоот тушаалаар танай компанийн ашиглахаар авсан газрын 2.5 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Иймд одоо явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоож гэрчилгээгээ хамгаалалтын захиргаанд хураалгаж газрыг нөхөн сэргээж хүлээлгэн өгөхийг мэдэгдэж байна гээд А/174 тушаалын хуулбарыг хавсралтын хамт хавсаргажээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Хан-уул дүүргийн Засаг дарга хэн нь ч газар ашиглах эрх дуусгавар болгох гэж байгаа, эсхүл дуусгавар болгосон талаар манайд мэдэгдээгүй. Бид Богд уулын ДЦГХЗ-ны 2018-03-23-ны 278 дугаартай албан бичгээс сайдын А/174 тоот тушаалаар ашиглах эрхийн 2.5 га газартай холбоотой хэсгийг хүчингүй болгосон талаар олж мэдлээ. Тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 байх ба бичвэр хэсгийн 1 дэх заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэжээ.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан. Гэтэл “ЭСДЭ” ХХК нь 2014 оны газрын төлбөрт 1,485,000 төгрөг, 2015 оны газрын төлбөрийг урьдчилан 11,880,000 төгрөг төлж Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албатай 2015 оны 4 сарын 4-нд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Харин компанийн санхүүгийн боломж муу байсны улмаас 2016 оны эхний 2 улирлын газрын төлбөрийг төлж чадаагүй байсан боловч энэ нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болгох үндэслэл болохгүй гэж үзнэ. Газар ашиглах тухай гурвалсан гэрээний 2.4-ийн б/-д газрын төлбөр нэг жилд 11,880,000 төгрөг байна гэж заасан ба 4 дүгээр хэсгийн 2-т: “газрын төлбөрийг ... хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгйин 0,5 хувиар хоног тутам алданги төлөх” , 2 дугаар хэсгийн 5-д: “Гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх” гэж заасан. Гэрээний энэхүү заалтаас үзэхэд газрын төлбөр төлөлтийг жил бүр дүгнэж тооцоо нийлэх, хэрэв төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд гэрээнд заасан хэмжээгээр алданги тооцож төлүүлэх зохицуулалтыг тусгажээ. Эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлсний дараа газар ашиглах эрхийг дуусгавар болгох зохицуулалтыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх ёстой байжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Газар ашиглах гурвалсан гэрээг 2014 оны 12 дугаар сарын 30-нд байгуулсан тул хуулиар тогтоосон 2 жилийн хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 30-нд дуусах ёстой. Гэтэл А/174 дүгээр тушаал нь энэ хугацаа дуусахаас 6 сарын өмнө  гарсан. Эдгээр нөхцөл байдлыг  дүгнэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/174 дүгээр тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5,40.1.6-д заасантай нийцэхгүй юм. Мөн энэ үндэслэлээр эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд Засаг дарга нь захирамж гаргаж, эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэх, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ боломжоор мөн хангасангүй. 

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 сарын 02-ны А/174 дүгээр тушаалын “ЭСДЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ЭСДЭ” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэнэ үү.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар дээр үйл ажиллагаа явуулаагүй 2014.10.01 олгосон газрыг 2016.6.2 цуцалсан, 2018.03.12-ны өдөр хашаа барих хүсэлтээ ирүүлсэн нь үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийг хангасан. 2018 онд хүсэлтээ ирүүлэхдээ газар цуцлагдсанаа мэдээгүй юм бол Хан-Уул дүүргийн газрын албанд 2016 оноос 2018 он хүртэл газрын төлбөр төлөөгүй байгаа нь 2 жил газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлийг хангахгүй. 

Газар ашиглах гэрээ байгуулахдаа нөхөн сэргээх зардал төлсөн эсхүл нөхөн сэргээсэн тухай тайлан ирүүлсэн эсэх. Засаг дарга захирамж гарган урьдчилан мэдэгдээгүй гэх тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх олгосноор газар ашиглах эрх үүсэж, дуусгавар болно. Газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын шинэчилсэн бүрдэлд 2018.02 сард хамрагдсан. 

Нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, барилгын эскиз зураг батлагдсаны дараа газар ашиглах эрх олгосон сайдын тушаал гаргах ёстой байсныг биелүүлээгүй. Мэдэгдээгүй гэх үндэслэлээр хамгаалалтын захиргаанд хашаа  барих зөвшөөрөл хүсэн хөөн хэлэлцэх хугацааг ашигласан байж болзошгүй. Нөхөн сэргээлт хийлгэх талаар зөвшөөрөл авалгүй хууль бусаар газар ухан, газрын хэв байдал алдагдуулсан. 2 жил үйл ажиллагаа явуулаагүй явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарган цуцалсан нь дээрх нотлох баримтуудад тулгуурлан хангагдсан гэж үзэж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЭСДЭ” ХХК нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 сарын 02-ны А/174 дүгээр тушаалын “ЭСДЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ЭСДЭ” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 дугаар тушаалаар “ЭСДЭ” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нүхтийн задгайд 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгож, уг шийдвэрийг үндэслэж 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г байгуулж, гэрчилгээ олгосон байна. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр “ЭСДЭ” ХХК-ийн 2,5 га газар ашиглах эрхийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дуусгавар болсонд тооцож, газар ашиглах гуравласан гэрээг цуцалжээ.  

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд мөн хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан эзэмшиж ашиглаагүй гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-д  зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарлажээ. 

Бодит байдал дээр нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай Газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулсан байхад хуульд заасан дээрх хугацаанаас өмнө, гэрээг байгуулснаас 1 жил 6 сарын дараа маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар “ЭСДЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь дээрх газар ашиглах гэрээнд зааснаар газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний 25-ны дотор Хан-Уул дүүргийн Газрын албанд төлөх үүрэг хүлээж, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 13,365,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 16,500,000 төгрөг, нийт 29,865,000 төгрөгийг газрын төлбөрт төлж тооцоо нийлсэн акт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Газрын албанаас ирүүлсэн албан бичиг, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. 

Түүнчлэн гэрээний 4 дүгээр хэсгийн 2-д газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх гэж заасан байхад гэрээний уг заалтыг хэрэгжүүлэлгүйгээр газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй шалтгаанаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болсон нь үндэслэлгүй байна.

Мөн газар ашиглах эрх дуусгавар болсон асуудлаар захиргааны байгууллагын шийдвэрт нэхэмжлэгч нь гомдол гаргах эрхтэй, шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.5-д тодорхой заасан байтал захиргааны байгууллага нэхэмжлэгчид хуулиар олгосон эрхийг хангах боломж олгохгүйгээр нэг өдрийн дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар түүний ашиглаж байгаа газарт давхцуулан гуравдагч этгээд ГБ ХХК-д газар ашиглуулах шийдвэр гаргасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар цуцалсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иймд нэхэмжлэгчийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалын “ЭСДЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “ЭСДЭ” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч  “ЭСДЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 сарын 02-ны А/174 дүгээр тушаалын “ЭСДЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ЭСДЭ” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ