Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0787

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б”.... ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 114/ШШ2022/0015 дугаар шийдвэрийг “Б”.... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э....ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн,

            Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал,

Хэргийн оролцогчид: 

            Нэхэмжлэгч “Б”.... ХХК,

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/163 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээлгэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 114/ШШ2022/0015 дугаар шийдвэр,

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О...

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г....,

Хэргийн индекс: 114/2022/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 114/ШШ2022/0015 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б”.... ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/163 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.  

2. Нэхэмжлэгч “Б”.... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э.... анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Л.Э.... миний бие нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасангүй гэж үзэж байна.

Учир нь анхан шатны шүүх, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгт бодитой дүгнэлт хийж чадаагүйгээр барахгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн зөв үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

“Б”.... ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж аваад 2018 онд барилгын зураг төсөл хийлгэсэн боловч энэ зураг төсөл нь шаардлага хангаагүйгээс дахин зураг төсөл гаргуулах шаардлага гарах үед цар тахал гарч ямар нэг үйл ажиллагаа явуулж, орон нутаг хооронд чөлөөтэй зорчих боломжгүй нөхцөл байдал удаа дараа бий болж байсан учир 2021 онд барилгын зураг төслөө дахин хийлгэсэн.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд дээрх бэрхшээл бүрэн арилаагүй байсан ч 2019, 2020, 2021 онуудад манай компанийн зүгээс багагүй хөрөнгө зарцуулж 20-иод нэр төрлийн судалгаа, шинжилгээний дүгнэлтийг гаргуулж ирсэн байдаг.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шууданд сонсох ажиллагааны мэдэгдэл хийж манай компанид илгээснийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бид хүлээн аваад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 26 хуудас бүхий /материал/ хариуг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн.

Бүгд найрамдах Хятад ард улсын хил гааль хаалттай, улс орон даяар барилгын материалын хомсдол үүсэж, олдоц муу байсан учир барилгын ажлыг эхлүүлж чадахгүй байсаар 2022 он гаргасан. Гэсэн хэдий ч бид 2022 оны 08 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байтал газар эзэмших эрхийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 01-А/163 дугаартай захирамжаар хүчингүй болгосон.

Төрийн аудитын шаардлага нь хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндөж байгаа учраас Захиргааны ерөнхий хуульд заасан процедурын ажиллагаа заавах хийгдэх ёстой байдаг.

Гэтэл төрийн аудитын газар нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай сонсох ажиллагаа хийж тэмдэглэл хөтөлсөн байгаа юм. “Б”.... ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа бол захиргааны байгууллага хоорондоо тухайн байгууллагыг оролцуулахгүйгээр шийдвэрлээд байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн үндсэн консевцтэй зөрчилдөж байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байх ёстой. Гэтэл мэдэгдэл шууданд хийсэн хугацаанаас хойш 7 хоногийн боломжит бус хугацаа тавьж өгчихөөд хугацаа хэтрүүлж хариу ирүүлсэн гэсэн тайлбар хариуцагчид гаргаад байгаа нь манай компанийн эрх ашгийг хөндөж хохироож байна.

Мөн сонсох ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдийг биечлэн оролцуулахгүйгээр зөвхөн аудитын газар нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраа хуралдаад шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулахгүйгээр манай компанийн эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            1. Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01-А/163 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг үндэслэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгч “Б”.... ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

2. Нэхэмжлэгч “Б”.... ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  “...2018 онд барилгын зураг төсөл хийлгэсэн боловч шаардлага хангаагүйн улмаас 2021 онд дахин хийлгэсэн,өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахал гарч, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан хэдий ч инженер геологийн дүгнэлт зэргийг гаргуулж, тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө зарцуулж 2019-2021 онуудад ихэнх ажлаа гүйцэтгэсэн. ... Газрын байршлын зураг, үйлчилгээний барилгын ерөнхий төлөвлөгөөний зургуудаар төлөвлөгдөж буй газарт бохир усны шугам хоолой, кабелийн шугам орсон, барилгажих талбай 70 хувь, ногоон байгууламж 30 хувь байхаар төлөвлөх байтал оршин суугчдын цонхон доор авто зогсоол төлөвлөсөн байх тул хариуцагчийг сонсох ажиллагааны мэдэгдлээр нэр төдий цаасаар халхалж хийж гүйцэтгэсэн ажлыг үнэгүйдүүлж хууль зөрчсөн” гэж  маргажээ.

            3. Анхан шатны шүүх хариуцагч нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа хуульд заасан үндэслэл, журмыг хэрэгжүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч “Б”.... ХХК нь анх 2017 онд газар эзэмших төсөл сонгон шалгаруулалтад оролцож маргаан бүхий газар эзэмших эрхийг авч, улмаар 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Дархан ус суваг” ХК-аар батлуулсан №71/2021 дугаар техникийн нөхцөл, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-аас олгосон №107/2021 дугаар Дулааны шугам сүлжээнд холбох техникийн нөхцөл, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн олгосон №31/321-2021-07 дугаар техникийн нөхцөл, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн 2021-В-26 дугаар техникийн нөхцөл, 2021 онд №21/086 дугаар геологийн судалгааны дүгнэлт, 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Феникс Лэйаут” ХХК-тай байгуулсан №07/2020 дугаар “Барилгын ажлын зураг төсөл хийх гэрээ”, 2020 онд барилгын ажлын эскиз зургийг аймгийн Ерөнхий архитектороор батлуулсан зэргээр тухайн газар дээр барилга барихад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж байсан, баримтууд хэрэгт авагджээ.

5. Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг гарахаас өмнө барилгын зураг төслийн ажлаа гүйцэтгэн холбогдох төрийн байгууллагуудаар батлуулж, барилга барих бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэн, холбогдох баримтуудыг хүргүүлж байсан, тухайн хугацаанд ковид цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй байсан зэргээс үзвэл “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэхээргүй байна.

6. Хариуцагч Засаг дарга нь эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоолгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40.2-д “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, ... мэдэгдэнэ” гэж  заасныг зөрчсөн, бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр болжээ.

7. Тэрээр хариуцагч нь “Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-41/14 албан шаардлагад “2 жил дараалан газраа ашиглаагүй” талаар ирүүлсэн ...сонсох ажиллагаа явуулсны дагуу 2021 оны 12 дугаар сард холбогдох баримтыг ирүүлснийг үзэхэд аудитын шийдвэрээс хойших хугацаанд эскиз зураг, техникийн нөхцөлүүдээ бүрдүүлж батлуулсан байсан. ... аудитын албан шаардлагыг хангуулж ажиллах чиглэлийн дагуу ... шийдвэрлэсэн” гэх тайлбар ирүүлсэн нь үндэслэлгүй.

8. Учир нь дээрх Газрын тухай хуулийн 40.2-д заасан шийдвэрийг гаргах бүрэн эрх Засаг даргад олгогдсон, уг шийдвэрээ гаргахаас өмнө 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл байгаа эсэхийг хариуцагч тогтоосны үндсэн дээр шийдвэрээ гаргах үүрэгтэй.

9. Гэтэл маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглахаар барилга барихад шаардлагатай техникийн нөхцөл, архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулах, техникийн нөхцөл авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан талаар баримтаа хүргүүлснийг хариуцагч харгалзан үзээгүй, дээрх хуулийг зөрчиж маргаан бүхий актыг гаргасан байхад анхан шатны шүүх эдгээр баримтыг үнэлж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан “нотлох баримтыг тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцээгүй байна.

10. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/163 дугаар захирамж хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

11. Тус захиргааны хэрэгт хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 4 этгээд томилогдсон байх тул нэг төлөөлөгч Д.Б-...ы “ээлжийн амралт дуустал шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй тул үргэлжлүүлэн явуулсан болохыг, мөн хариуцагчийн “нэхэмжлэгчийн газрын зэргэлдээх 5,6 дугаар байрны удирдах зөвлөл, оршин суугчдаас “..41 ширхэг нарс мод тариалж, зүлэгжүүлсэн, батлагдаж буй зургаар барилгын суурь ухах нь цахилгаан хангамжид саатал учруулах магадлалтай...” гэх гомдол, хүсэлт ирүүлсэн” гэх тайлбар нь маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй байх тул тус шүүх дүгнэлт өгөөгүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй холбоотой бусад этгээдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг тус тус тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 114/ШШ2022/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-д заасныг баримтлан “Б”.... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01-А/163 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ