Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 438

 

Ж.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Энхмэнд,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 102 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхмэндийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр Ж.Бд холбогдох эрүүгийн 1707002610008 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж.Б Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Ж.Б нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан оршихуй групп” ХХК-иас 12690 тонн монгол эко дизель түлшийг литр тутмыг нь 1250 төгрөгөөр худалдан авах гэрээ хийж, нийт 15.862.500 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас: Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагчийн өмгөөлөгч “Яллах дүгнэлтэд 2018 оны 2 дугаар  сарын 3-ны өдөр гэж бичиж, он, сар дээр техникийн алдаа гаргасан тул засуулах, хэрэгт гадаад иргэний өмчлөх гэрчилгээг эх хувиар нь хавсаргасан байна. Хуульд заасан үндэслэл журмаар нотлох баримтыг цуглуулах, хадгалах журам зөрчигдсөн байна. Хэдий гадаад улсын иргэн боловч гэрчилгээг эх хувиар хэрэгт хавсаргасан нь хүний өмчлөх эрхэнд халдаж байгаа асуудал юм. Өмчлөх эрх болон гадаад иргэний эрхтэй холбоотой нотлох ажиллагааг явуулаагүй. Мөн яллах дүгнэлтийн агуулгад хуурамч нотлох баримт гэсэн утга бичигдсэн. Яллагдагчид оногдуулах зүйлчлэлийг хүндрүүлсэн. Гэрчилгээг эх хувиар нь барьцаалсан асуудлаас Отгонбат, яллагдагч нарын хооронд гэрээний маргаан үүсч байна. Гэрчилгээг эх хувиар биш нотариатаар батлуулж хуулбарыг хэрэгт өгөх ёстой. Мөн гэрлэлтийн баталгааны хуулбар авагдаагүй. Иймд дээрх асуудлыг хангаж, нотолбол зохих асуудлыг нотлох шаардлагатай байна. Отгонбат нь хамтран оролцогч мөн эсэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ямар замаар хэрэгт авагдсан эсэх тодорхойгүй байна. Өмчлөгч нь гэрчилгээг барьцаанд орсон талаар мэдээгүй байгаа. Иймд тухайн асуудлыг заавал шалгах хэрэгтэй” гэжээ. Яллагдагчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан дээрх хүсэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4, 6.13 дахь заалтад заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа ба яллагдагч Ж.Бд холбогдох эрүүгийн 1707002610008 дугаартай хэрэгт авагдсан 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Ж.Б сэжигтнээр “надтай хамтарч ажилладаг Отгонбат энэ гэрчилгээг надад өгч барьцаанд тавигдсан байгаа, мөнгө олж ир гэж өгсөн. Би тодорхой оршин суух хаяггүй ганцаараа амьдарч байгаа”, гэрч Ю.Отгонбат “2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “гэрчилгээг би 2017 оны үед Ж.Бын эхнэр Болормаад өгөөд энэ Эрдэнэпүрэв гэх хүн төмөр замын тэнд байшин барьж байгаа очоод мөнгө аваад ир гэж явуулсан, гэрч Ж.Болормаагийн “Отгонбат гэх залуу манай нөхөртэй хамтран ажиллаж байгаад энэ байрны гэрчилгээг манай нөхөрт мөнгөний тооцооны оронд өгч мөнгийг нь олж ав гэсэн юм байна лээ”, гэрч Д.Эрдэнэпүрэвийн “2016 оны 6 дугаар сарын үед Жанжин бойлуур ХХК-иас 3.000.000 төгрөгийн бараа авч барьцаанд тавьсан” гэх мэдүүлгүүдээс үзэхэд гэрч Ю.Отгонбат, Болормаа нар энэ хэрэгт хамааралтай эсэх зэрэг нотлогдвол зохих асуудал бүрэн тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох хэргийг Багахангай, Налайх дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэжээ.

 

            Прокурор Б.Энхмэнд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлтийг хэлэлцэх үед яллах дүгнэлтэд хохирогч Д.Ариунмөрөнгийн мэдүүлгийн хэсэгт “...2018.02.03 өдөр” гэж огноо буруу бичигдсэнийг засах шаардлагатай алдаанд хамаарагдахгүй, хэрэгт Д.Ариунмөрөнгийн мэдүүлэгт 2017.02.03-ны өдөр гэж тодорхой мэдүүлсэн байгаа ба яллах дүгнэлтийн тогтоох, гэмт хэргийн товч утга хэсгүүдэд үг, үсэг, техникийн шинжтэй алдаа байхгүй, дээрх огноог хэргийг прокурорт буцааж засуулах шаардлагагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг хэрхэн яаж хэрэгт авагдсан талаар тодорхойгүй гэж үзэж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Монгол Эко түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хүсэлт, 000021476 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ /хавтаст хэргийн 6-16 дугаар хуудас/ зэргийг хохирогч талаас Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргахдаа хамт ирүүлж хэрэгт авагдсан ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан заалтыг зөрчөөгүй байна. Мөн шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа “мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн” гэж дүгнэлт хийгээгүй байна. Гэрч Ю.Отгонбат, Ж.Болормаа нарыг Ж.Бд холбогдох хэрэгт хамааралтай эсэхийг нотлоогүй байна гэсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоо байхгүй болох нь гэрч Д.Отгонпүрэвийн “...Конфалонер Сержа Карло нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2 хүүхэдтэй. Гэр бүл болоод 7 жил болж байна. Манай нөхөр Монгол хэл мэдэхгүй. Одоо Монголд байхгүй, Итали улс явсан. 5 сард ирнэ. Энэ байрны гэрчилгээ нь манай нөхрийн нэр дээр байдаг. Миний төрсөн ах Эрдэнэпүрэвт байрны гэрчилгээг итгэмжлэлээр шилжүүлж өгсөн. Гэрчилгээг одоо хаана байгааг манай ах мэднэ” гэх мэдүүлэг. Гэрч Д.Эрдэнэпүрэвийн “...би 2016 оны 4 сард өөрийн хүргэн Конфалонер Сержа Карлогоос итгэмжлэл хийлгэж нотариатаар батлуулж байрны гэрчилгээг авсан. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын үед Ханжин бойлуур ХХК-иас 3.000.000 төгрөгийн бараа авч барьцаанд тавьсан байгаа. Одоо тэр Ханжин бойлуур ХХК-нд миний гэрчилгээ байгаа. Надад худалдах, худалдан авах гэрээ байгаа. Итгэмжлэл нь байхгүй болсон. Би барилгын ажлын мөнгө орж ирээгүй, одоо болтол мөнгө авч чадаагүй учир байрны гэрчилгээг тухайн газраас авч чадахгүй байгаа юм” гэх мэдүүлэг, гэрч Ю.Отгонбатын “...энэ байрны гэрчилгээг Эрдэнэпүрэв гэх хүн 2016 оны үед сарыг нь сайн санахгүй байна, 3.800.000 төгрөгийн барьцаанд тавьж байсан юм. Тэгээд тэр гэрчилгээг би 2017 оны үед Ж.Бын эхнэр Болормаад өгөөд энэ Эрдэнэпүрэв гэх хүн төмөр замын тэнд байшин барьж байгаа, очоод мөнгө аваад ир гэж хэлээд өгөөд явуулсан. Тэр үедээ энэ Итали хүн Эрдэнэпүрэвийн дүүгийн нөхөр гэсэн, очоод уулзаарай гээд явуулсан. Тэгээд Ж.Б, Болормаа нар ч байхгүй, гэрчилгээ ч байхгүй болсон. Би Ж.Б, Болормаа нарыг мөнгийг нь авч дээ гэж бодсон. Энэ гэрчилгээ Ж.Бд байх ёстой. Би утсаар хэд хэдэн удаа “гэрчилгээ хаана байна, юу болов” гэж асуусан. “Тэр хүн чинь олдохгүй байна” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. Шүүх Ж.Бд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчиж, хэргийг буцаасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би “Очир тунамал хайрхан” компанийн захирал хийдэг. “Алтан оршихуй групп” ХХК-тай харилцан түлш нийлүүлж авдаг байсан. Үүнээс болж би компанийн хариуцлага хүлээж байсан удаа байгаа. “Алтан оршихуй групп” ХХК намайг яагаад ингэж хэрэгт холбосныг би ойлгохгүй байна. Ихэнх хугацаанд түлшийг зээлээр авч, буцааж төлдөг байсан” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Налайх дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн бүрдэл хангагдаагүй, нотолвол зохих байдлыг тогтоогоогүй. Хуурамч бичиг баримт гэсэн байгаа гэтэл хуурамч бичиг баримт биш үндсэн гэрчилгээ. Түүнийг хуурамчаар үйлдээгүй. Гадаад улсын иргэний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ. Түүнийг хэрхэн, ямар замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хураан авах ажиллагаа, журмыг яаж хэрэглэж хавтаст хэргийн материалд орсон бэ гэдгийг гайхаж байна. Мөн яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Сая прокурор хавтаст хэрэгт ийм ийм мэдүүлгүүд байгаа, гэрч Отгонбат, Болормаа, Ж.Бын мэдүүлэг байгаа гэж байна. Гэхдээ яллах дүгнэлт хууль ёсны, ойлгомжтой байх ёстой. Хэрэгт залилсан гэж байгаа, гэтэл бодит байдалд шүүгдэгч Ж.Б, Отгонбат хоёрын дунд бизнесийн түншийн болон хамтран ажиллах гэрээ, мөн мөнгөний өглөг, авлагын асуудал байхад үүнийг залилангийн гэмт хэрэг болгож оруулж ирж байна. Үүнийг нэг мөр нарийвчилж шалгах хэрэгтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэргийг прокурорт буцааж дахин шалгаж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Ж.Бд холбогдох хэргийг прокурор Б.Энхмэндийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ж.Бд холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй нөхцөл байдал байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4, 6.13 дахь заалтад заасан хуулийн шаардлагын хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгч санал, хүсэлт гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар уг асуудлыг анхан шатны шүүх хуралдааны үед шийдвэрлэж болохоор зохицуулсан байх тул захирамжид заасан үндэслэлийг буруутгах боломжгүй байна.

 

“Очирт тунамал хайрхан” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ Ж.Б нь уг компаний захирал болох нь тогтоогдож байх бөгөөд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 4/115 тоот албан бичиг, татвар төлөгчийн карт, татварын тооцооллын жагсаалт /хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд “Очирт тунамал хайрхан” ХХК нь татвар байнга төлж, үйл ажиллагаа явуулдаг нөхцөл байдал байна.

 

Иймд “Очирт тунамал хайрхан” ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг, төлбөрийн чадвартай эсэхийг шалгаж тодруулах.

 

Мөн Ж.Б нь “Алтан оршихуй групп” ХХК-иас монгол эко дизель түлш зээлээр авахдаа хууран мэхлэх санаа зорилготой байсан эсэх буюу тухайн үед ямар үйл ажиллагаа эрхэлж байсан, төлбөрийн чадвартай байсан зэрэг нөхцөл байдлыг шалгах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг мөрдөн байцаалтын явцад шалгаж тодруулаагүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг нэг бүрчлэн хянаагүй гэж үзэхээр байна.

 

Прокурор эсэргүүцэлдээ “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчиж, хэргийг буцаасан гэж үзэж байна. ...” гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Ж.Бд холбогдох хэргийн хувьд, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгах ажиллагаа хийгдээгүй байхад түүний үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх нь шүүхийн шийдвэр хууль дээдлэх, шударга ёсны зэрэг эрүүгийн эрх зүйн олон зарчмыг зөрчихөд хүргэхээр байна.

 

Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаагүй байхад шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх зарчмыг баримталж хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Гэрч Д.Отгонпүрэвийн “...Конфалонер Сержа Карло нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2 хүүхэдтэй. Гэр бүл болоод 7 жил болж байна. Манай нөхөр Монгол хэл мэдэхгүй. Одоо Монголд байхгүй, Итали улс явсан. 5 сард ирнэ. ...Энэ байрны гэрчилгээ нь манай нөхрийн нэр дээр байдаг. Миний төрсөн ах Д.Эрдэнэпүрэвт байрны гэрчилгээг итгэмжлэлээр шилжүүлж өгсөн. Гэрчилгээг одоо хаана байгааг манай ах мэднэ. ...” /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

гэрч Д.Эрдэнэпүрэвийн “...Байрны гэрчилгээг би 2016 оны 4 сард өөрийн хүргэн, Итали улсын иргэн Конфалонер Сержа Карлогоос итгэмжлэл хийлгэж нотариатаар батлуулж авсан. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын үед “Ханжин бойлуур” ХХК-иас 3.000.000 төгрөгийн бараа авч барьцаанд тавьсан байгаа. Одоо тэр “Ханжин бойлуур” ХХК-нд миний гэрчилгээ байгаа. Надад худалдах, худалдан авах гэрээ байгаа. Итгэмжлэл нь байхгүй болсон. Би барилгын ажлын мөнгө орж ирээгүй, одоо болтол мөнгө авч чадаагүй учир барны гэрчилгээг тухайн газраас авч чадахгүй байгаа юм. ...” /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

гэрч Ю.Отгонбатын “...Энэ гэрчилгээг Эрдэнэпүрэв гэх хүн 2016 оны үед сарыг нь сайн санахгүй байна, 3.800.000 төгрөгийн барьцаанд тавьж байсан юм. Тэгээд тэр гэрчилгээг би 2017 оны үед Ж.Бын эхнэр Болормаад өгөөд “энэ Эрдэнэпүрэв гэх хүн төмөр замын тэнд байшин барьж байгаа, очоод мөнгө аваад ир” гэж хэлээд явуулсан. Тэр үедээ “энэ Итали хүн Эрдэнэпүрэвийн дүүгийн нөхөр гэсэн очоод уулзаарай” гээд явуулсан. Тэгээд Ж.Б, Болормаа нар ч байхгүй, гэрчилгээ ч байхгүй болсон. Би Ж.Б, Болормаа нарыг мөнгийг нь авч дээ гэж бодсон. Энэ гэрчилгээ Ж.Бд байх ёстой. Би утсаар хэд хэдэн удаа “гэрчилгээ хаана байна, юу болов” гэж асуусан. “Тэр хүн чинь олдохгүй байна” гэж хэлж байсан. ...” /хавтаст хэргийн 96 дугаар хуудас/,

гэрч Ж.Болормаагийн “...Болсон хэргийн талаар би мэдэхгүй. ...Энэ гэрчилгээний талаар мэднэ. Отгонбат гэх залуутай манай нөхөр хамтран ажиллаж байгаад энэ байрны гэрчилгээг мнай нөхөрт мөнгөний тооцооны оронд өгч мөнгийг олж ав гэсэн юм байна лээ. Манай хөөсний үйлдвэрийг ашиглаж энэ байрны эзэнтэй Отгонбат гэрээ хийж, манай үйлдвэрийн хөөсийг зарсан юм байна лээ. Тэгээд энэ байрны гэрчилгээ манай гэрт 2016 оны 8 дугаар сарын үед ирсэн. ...” /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,

Ж.Бын сэжигтнээр өгсөн “...Энэ гэрчилгээ нь 2016 онд миний ажиллаж байсан “Ханжин бойлуур” ХХК-иас 3.800.000 төгрөгийн барьцаанд авагдсан байр байсан юм. Надтай хамтарч ажилладаг Отгонбат энэ гэрчилгээг надад өгч барьцаанд тавигдсан байгаа, мөнгө олж ир гэсэн. Барьцаанд тавьсан хүмүүс нь утсаа авахгүй алга болчихлоо гэсэн. Тэгээд би тэр хүмүүсийн хаягаар нь 4 удаа очсон. Байхгүй байсан. Энэ гэрчилгээ манай гэрт их удсан. Тэгээд би “Алтан оршихуй” ХХК-ийн түлшний барьцаанд тавьсан юм. ...” /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

“Ханжин бойлуур” ХХК, Д.Эрдэнэпүрэв нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

 

“Алтан оршихуй групп” ХХК, “Очирттунамал хайрхан” ХХК-ийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Эрдэнэпүрэв нь 000081476 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг  Ю.Отгонбатаас зээлсэн мөнгөний барьцаанд өгсөн боловч зээлээ төлөхгүй удсан тул Ю.Отгонбат нь Д.Эрдэнэпүрэвийн зээлсэн мөнгийг олж ирүүлэх зорилгоор барьцаанд тавьсан байрны гэрчилгээг Ж.Болормаагаар дамжуулан Ж.Бд өгөхөд Ж.Б нь “Алтан оршихуй групп” ХХК-иас 12,690 тонн монгол эко дизель түлш зээлээр авч, барьцаанд нь уг байрны гэрчилгээг тавьсан үйл баримт тогтоогдож байна.

 

Ю.Отгонбат, Ж.Болормаа нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгчийн захирамжид заасан “...гэрч Ю.Отгонбат, Ж.Болормаа нар энэ хэрэгт хамааралтай эсэх зэрэг нотлогдвол зохих асуудал бүрэн тогтоогдоогүй. ...” гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Прокурор Б.Энхмэндийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлийн “...Гэрч Ю.Отгонбат, Ж.Болормаа нарыг Ж.Бд холбогдох хэрэгт хамааралтай эсэхийг нотлоогүй байна гэсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоо байхгүй...” гэх үндэслэлийг хүлээн авсныг дурдаж байна.

 

Харин Ж.Бд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 102 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.