Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  М.Р

Улсын яллагч Б.Д

Хохирогч Т.Х

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Э.Б-д холбогдох эрүүгийн 2120.0000.00012 тоот хэргийг 2021 оны 03 сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ... настай, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, энэр, хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Э.Б

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 02 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үүрээр 05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт Т.Х-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 02 сарын 10-ны өдөр 18 цагийн үед эхнэр Т.Х-н хамт цагаан сарын баярын эд зүйл бэлдэх гээд гадуур дэлгүүр худалдааны төвөөр явсан. Тэгээд 21 цагийн үед гэртээ ирчихээд бууз хийх гээд найзууд болох Ч түүний эхнэр Д нарыг гэрээс нь очиж аваад буцаад манай гэрт ирсэн. Бууз хийж байхдаа 0,75 л Э нэртэй архи задалсан. Мөн бидний дээр нэмэгдээд манай найзууд болох П, Б, А, М нарын хүмүүс ирсэн. Бид буузаа хийх явцдаа 2 шил 0,75 л Э нэртэй архи уусан. Эхлээд П, Б, А, М нар явсан. Манайд Ч болон түүний эхнэр Д хоёр үлдсэн. Бид сууж байгаад манай эхнэр Т.Х унтах гээд унтлагын өрөө рүү орсон. Би Ч, Д нартай юм яриад суугаад үлдсэн. Тэгээд цаашаа юу болсон эсэхийг нь мэдэхгүй. Нэг ухаан орсон чинь цагдаа хаалга нээгээд орж ирж байсан. Энэ үед Т.Х уйлчихсан байгаа харагдаж байсан. Асуудал болохоос өмнө Х-н биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, тухайн гэмтлүүдийг миний бие түүнд учруулсан гэжээ. /хх-ийн 38-40/

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэмж ярих зүйл байхгүй, яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл бүгд үнэн гэв.

Хохирогч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 сарын 09-ний өдөр би ажлаа тараад нөхөр Б хамт баярын хүнсээ цуглуулаад гэртээ орой 21 цагт ирсэн. Манай гэр бүлийн найзууд болох Ч, Д хоёрыг гэрээс нь очиж аваад манай гэрт бид 4 бууз хийсэн. Бууз хийж байхад манай гэр бүлийн найзууд болох А, М, П, Б нар гэрт ирсэн. Бид 8 бууз хийсэн. Цагаан сараар хэрэглэх гэж авсан байсан 750 гр 2 шил архийг бид нар хувааж уусан. 2021 оны 02 сарын 10-ны 00 цаг өнгөрч байхад А, П, Б нар явсан. 03 цагийн үед бууз хийж дуусаад би унтсан. Ч, Д, Б, М нар том өрөөнд юм яриад суугаад үлдсэн. 05 цагийн үед би жижиг өрөөндөө хүүтэйгээ унтаж байхад Б миний хажуугаар ирээд “цаашаа цаашаа” гээд байхаар нь би “чи нөгөө талаар унт” гэж хэлсэн. Тэгтэл миний үснээс үсдээд орон дээрээс унагаасан, би босоод “чи яаж байгаа юм” гэсэн чинь Б хамар руу 1 удаа цохиод үснээс үсдээд толгойгоор ханатай хавсарч 3 удаа толгойгоор хана мөргүүлсэн. Би “Ч, Д туслаарай” гэсэн чинь тэд сонсохгүй унтаад байсан. Би жижиг өрөөнөөс гараад том өрөөнд ороод Ч, Д хоёрыг сэрээсэн. Б намайг зодох гээд дайраад байхад нь Ч, Д хоёр салгаж болиулсан. 2021 оны 02 сарын 10-ны 06 цагийн үед би цагдаагийн хэлтсийн ... дугаарын утсанд “согтуу хүн агсам тавиад байна” гэж дуудлага өгсөн. Мөн би өөрийн ах Т, Б төрсөн эгч У нар руу залгаад юу болсон талаар хэлсэн. Ах эгч нар манай гэрт ирсэн. Эргүүлийн 2 цагдаа ирээд Б-г цагдаагийн хэлтэс рүү авч яваад эрүүлжүүлсэн. Б миний үснээс үсдээд орон дээрээс унагаасан мөн хамар руу 1 удаа цохиж, үсдээд толгойгоор ханатай хавсраад 3 удаа толгойгоор хана мөргүүлсэн. Манай нөхөр Б өмнө нь надад гар хүрч, цохиж, зодож байгаагүй анх удаа зодож байна. Сүүлийн 2 жил буюу 2019 оноос хойш манай нөхөр архи уухгүй байж байгаад нэг уухаараа муухай ааш, зан гаргах гээд байдаг болсон гэжээ. /хх-ийн 04-06/

Хохирогч Т.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Цагаан сарын бэлтгэл хийсэн. Найз нарыгаа гэртээ дуудаж бууз хийсэн. Гэрт цагаан сараар хэрэглэх 2 шил архи байсан түүнийгээ гаргаж уусан. Орой нь ядраад миний харшил хөдлөөд байсан учир би унтахаар явсан. Үүрээр 5 цагийн үед манай нөхөр Б өрөөнд орж ирээд цаашаа бол гэхээр нь би нойрондоо болоод нөгөө талаар унт гэж хэлтэл миний хамар луу цохиод түлхээд орон дээрээс унагаасан. Тэгээд хаалга руу толгойгоор мөргүүлсэн. Урьд нь ийм асуудал гаргаж байгаагүй. Хохиролд 600,000 төгрөг бэлнээр авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдол байхгүй гэв.

Гэрч Э.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 20:40 миунтын үед Б над руу залгаад “манайд хамт бууз хийгээд өг” гэсэн. Д бид 2 Б гэрт очиж хамт бууз хийсэн. Манай найз нар болох А, М, П, Б нар ирсэн бид нар Б гэрт 750 гр 2 шил архи хувааж уусан. 2021 оны 02 сарын 10-ны 00 цаг өнгөрч байхад А, М, П, Б нар явцгаасан. Би өмнө өдөр нь буюу 2021 оны 02 сарын 09-ний өдөр жижүүрээс буусан байсан учраас нойр хүрээд 03 цагийн үед Б гэрт унтсан. 04 цаг өнгөрч байхад манай эхнэр Д намайг сэрээгээд бид 2 бостол Б, Х 2 хэрэлдэж байсан. Би Б-г аваад гэрээс нь гарсан. Удаагүй байхад цагдаа нар, Х-н ах, эгч, Б-н эгч нар ирсэн. Би Б-г Х-г зодож байхыг хараагүй. Том өрөөнд нь байсан гэжээ. /хх-ийн 27-28/

Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 20:40 минутын үед манай нөхөр Ч бид хоёр Б гэрт бууз хийхээр очсон. Б, Х, Ч бид 4 бууз хийж байхад А, М, П, Б нар ирсэн. Бид нар Б гэрт 7500 шр 2 шил архи хувааж уусан. 2021 оны 02 сарын 10-ны 00 өнгөрч байхад бууз хийж дуусаад А, М, П, Б нар явсан. Чимэд бид 2 унаа, машингүй байсан учраас Б гэрт хоносон. Х 01 цагийн үед унтлаа гээд жижиг өрөөндөө орсон. Ч, Б бид 3 том өрөөнд нь юм яриад сууж байгаад 03 цагийн үед амарцгаасан. Үүрээр 04:30 минутын үед байхаа Б, Х өрөөндөө хэрэлдээд, маргалдаад байх шиг байсан. Би нөхөрөө дуудаад бид 2 бостол Х жижиг өрөөнөөсөө уйлаад гараад ирсэн. Б-г Ч аваад гэрээс гарсан. Х цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн тэгээд цагдаа ирээд Б-г аваад явсан. Б Х-г зодож байхыг хараагүй. Х жижиг өрөөндөө намайг дуудаад байсан. Би сэрээд бостол Х жижиг өрөөнөөсөө “Б намайг зодчихлоо” гээд гараад ирсэн гэжээ. /хх-ийн 30-31/

Шинжээчийн 2021 оны 02 сарын 16-ны өдрийн 04/41 дугаартай дүгнэлт: 1.Т.Х-н биед гэмтэл тогтоогдлоо. 2.Т.Х-н биед хүзүүний урд хэсэгт зулгаралт, зүүн гарын ар талд цус хуралт, духны баруун талд цус хуралтууд, баруун гарын шууны гадна дунд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 11-15/ 

Зөрчлийн нээх тухай тогтоол /хх-ийн 01/

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар төтөх тухай 2120000000012 дугаартай тогтоол /хх-ийн 35-36/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 48-49/

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53, 65/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 63-64/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 67-68/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/04 дугаартай тогтоол /хх-ийн 70-71/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 72/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 02 сарын 10-нд үүрээр 05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт Т.Х-г зодож хүзүүний урд хэсэгт зулгаралт, зүүн гарын ар талд цус хуралт, духны баруун талд цус хуралтууд, баруун гарын шууны гадна дунд талд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, гэрч Э.Ч /хх-ийн 27-28/, гэрч Э.Долгормаа /хх-ийн 30-31/ мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 02 сарын 16-ны өдрийн 04/41 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-15/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б үйлдэл нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн боловч гэр бүлийн хамаарал бүхий хүнд гэр бүлийн хүчирхийлэлийн шинжийг агуулаагүй байна. Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл удаа дараагийн шинж агуулаагүй байна. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Б үйлдсэн гэх хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдалтай нийцэж байна гэж үзлээ. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд прокурорын санал болгосон торгуулийн ялыг оногдуулав.

Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага байхгүй байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.Б