Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 0995

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/0995

                  Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,   

 

Нэхэмжлэгч: “Мон масло” ХХК-ийн /Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо 1-1 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011107146, РД:2709155/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Жинтуул” ХХК-д /Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо иргэний бүртгэл мэдээллийн төвийн дэргэд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011595139, РД: 2095769/  холбогдох,

 

93.861.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэхэмжлэгч “Монмасло” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- "Монмасло" ХХК нь “Жинтуул” ХХК-тай 2015 оны 01 сарын 01 өдөр "Худалдааны хамтран ажиллах" гэрээг байгуулж, уг гэрээний дагуу зээлээр хүнсний бүтээгдэхүүн болох хуурай сүү, масло, тос зэргийг зээлээр худалдан авсан. Мөн 2016 оны 02 сарын 07 өдөр "Монмасло" ХХК болон "Жинтуул" ХХК-ний нягтлан бодогч нар тооцоо нийлсэн акт үйлдэж "Жин туул" ХХК нь 62.574.000 төгрөгийн өртэй гарсан. “Жинтуул" ХХК нь "Монмасло" ХХК-тай 2015 оны 01 сарын 01 өдөр байгуулсан " Худалдааны хамтран ажиллах" гэрээний 5.4-т заасан “Төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд борлуулагч тал нь барааны үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно" гэсний дагуу 31.287.000 төгрөг нийт 93.861.000  төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд "Жинтуул" ХХК-наас “Худалдааны хамтран ажиллах” гэрээний үүргийн биелэлт болох 93.861.000  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Монмасло” ХХК, хариуцагч “Жинтуул” ХХК-д холбогдуулан 93.861.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид  2017 оны 04 дүгээр сарын 03 өдөр дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд:

Нэхэмжлэгч “Монмасло” ХХК нь хариуцагч “Жинтуул” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 53.688.500 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 40.172.500 төгрөг болгон багасгаж, хариуцагч “Жинтуул” ХХК нь 40.172.500 төгрөгийг “Мон масло” ХХК-д 2017.04.30 өдөр 20.086.250 төгрөг, 2017.05.30 өдөр 20.086.250 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Мон масло” ХХК 93.861.000 төгрөгийн 53.688.500 төгрөгт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж,  хариуцагч “Жинтуул” ХХК нь 2017.04.30 өдөр 20.086.250 төгрөг, 2017.05.30 өдөр 20.086.250 төгрөг нийт 40.172.500 төгрөгийг нэхэмжлэгч “Мон масло” ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627.255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Жин туул” ХХК-иас  258.812 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Мон масло” ХХК-д олгосугай

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                                                                           

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.СОЛОНГО