| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2021/0025/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, шүүгч Б.Н, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.Д
Иргэдийн төлөөлөгч Х.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Н.Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 03 сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багт оршин суух, ... оны ... сарын ...-ны өдөр ... дугаартай шийтгэх тогтоолоор Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж өршөөлд хамрагдаж байсан, И овогт Н.Г,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Г нь 2021 оны 02 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 3 дугаар багийн нутаг Аргалын-Уул гэх газарт нутаглах иргэн Х.М-н гэрт зэвсгийн чанартай зүйл болох хайчаар нөхөр У.Б-н зүүн гарын бугалагад 1 удаа зүсэж, гэдсэн тус газарт 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 02 сарын 01-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө маш тодорхой мэдүүлсэн байгаа би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа миний буруу, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэжээ. /хх-ийн 59-62/
Шүүгдэгч Н.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Яллах дүгнэлтэд миний үйлдсэн хэрэг үнэн зөв бичигдсэн байх тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие нь Дорноговь аймгийн Өргөн сумын 3-р баг Аргалын уул гэх газарт тус сумын иргэн Х.М-н гэрт эхнэр Г-н хамт 2019 оны өвөл 2 сард туслах малчнаар ирсэн бөгөөд тэр цагаас хойш Өргөн суманд амьдарч байна. 2021 оны 02 сарын 01-ний шөнө 02 цагийн үед айлын хүн болох Х.М-н хамт 0,5 л Ц нэртэй архи, 0,75 л С нэртэй хоёр шил архи хувааж уусан. Тухайн үед манай эхнэр Г зурагт үзээд сууж байсан. Тэгээд бид хоёр архиа хувааж ууж дуусаад эхнэр бид хоёр амрахаар гэртээ орцгоосон. Тэгээд байж байтал манай эхнэр охин бид хоёрыг орхиод М-н гэрт орсон байсан. Би эхнэрээ гэрлүүгээ авч явах санаатай М-н гэрт ортол манай эхнэр “чи хүүхэд загнаж архи нэхлээ” гээд уурласан. Би бас эхнэрийнхээ өөдөөс уурлаад бид хоёр айлын гэрт маргалдсан. Тухайн үед би их архи уусан байсан учраас зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд манай эхнэр гартаа хайч барьчихсан миний гэдэсний хэсэгт хайч шаачихсан зогсож байсан. би тэр дороо сөхөрч суугаад гэдсээ барьтал миний гэдэснээс цус гарч байсан бөгөөд би хэсэг хугацаанд гараараа бариад сууж байгаад хартал цус гоожихоо больчихсон байсан. Тэгээд би хэсэг байж байгаад гэртээ ороод унтаж байгаа охиноо сэрээгээд сумын түргэн дуудуулсан. Манай эхнэр Г хайчаар миний зүүн бугалаганы хэсэгт нэг удаа зүссэн мөн гэдсэн тус газарт хайчаар нэг удаа шаасан өөр миний хувьд бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Би эмнэлгийн байгууллагад хандсан тухайн өдрөө аймгаас эмч нар ирж Өргөн сумын эрүүл мэндийн төвд нарийн гэдэсний хагалгаанд орсон. Эмч нар хэлэхдээ хайч миний хэвлий хэсэгт 7 см гүн орсон байна гэж хэлж байсан. Миний хувьд эхнэр Г-д ямар нэгэн гомдол санал байхгүй, эхнэрийг минь уучилна уу гэжээ. /хх-ийн 32-34/
Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 сарын 01-ний өдөр манай туслах малчин Б манай гэрт 02 цагийн үед архи барьж орж ирсэн. Бид хоёр тэр архийг хувааж уусан тухайн үед Б-н эхнэр Г манай гэрт зурагт үзээд сууж байсан. тэгээд тэр архиа ууж дуусгаад тэр хоёр гэртээ орж амрахаар явсан бөгөөд удалгүй Г манай гэрт орж ирээд сууж байтал араас нь нөхөр Б гэрт орж ирээд хоорондоо маргалдаж Б эхнэр Г-г гэрийн үүдэнд боож унгасан. Би тэр хоёрыг очиж салгатал Г газраас босож ирэхдээ гэрийн хананд байсан хайчийг аваад Б-н зүүн мөрний хэсэгт нэг удаа зүссэн бөгөөд би Г-г барьж аваад салгатал намайг тойрч гараад гэрийн хойно байсан хайчийг дахин авч нөхөр Б-н гэдэс нь тус газарт хэд хэдэн зүссэн тэгэхэд нь би дахин салгасан. Тэгээд Б-г хартал гэдэсний хэсгээс нь цус гоожиж байгаа харагдсан. Тэгээд би даавуугаар гэдсийг нь боож өгөөд байж байтал тэр хоёрын охин болох С гэрт орж ирээд ээж аав хоёрыгоо аваад гэрлүүгээ авцгаасан. Тэгээд би унтаад өгсөн бөгөөд нэг сэрэхэд сумын эмнэлэг цагдаа нар ирсэн байсан гэжээ. /хх-ийн 20-22/
Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 сарын 01-ний өдөр байсан тухайн үед аав, ээж хоёрыг муудалцах үед байгаагүй би өөр гэрт байсан. Тэгээд маргааш өглөө нь “аавын чинь бие өвдөөд байна түргэн дууд” гэхээр нь би ээжээс “юу болсон юм бэ” гэсэн чинь манай ээж “аав чинь намайг боогоод байхаар нь ээж нь уурандаа хайчаар дүрсэн” гэхээр нь би “та яаж байгаан бэ” гээд маш хурдан сумын түргэн тусламж дуудсан. Тэгээд түргэн, цагдаа хоёр хамт ирж ээж, аав бид гурав хамт сумын эмнэлэгт ирж хэвтүүлээд тухайн өдрийн оройны 22 цагт манай хойд аав хагалгаанд орсон. Хойд аав У.Б нь Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 02 сарын 09-ний өдөр эмнэлгээс гарсан одоо биеийн байдал сайжирсан байгаа гэжээ. /хх-ийн 65-66/
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтэд: Н.Г нь өөрөө хэргээ хүлээсэн. Гэм буруугүй гэж үзэж байна гэжээ.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-10/
Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 5/07 дугаартай зөвшөөрөл /хх-ийн 12/
Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 04/36 дугаартай дүгнэлт: 1.У.Б-н биед хэвлийн хөндий нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн хутгалагдсан шарх, хэвлийн ар хананы цусан хураа гэсэн гэмтэл тогтоогдлоо. 2.У.Б-н биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болох хугацаанд үүссэн байна. 3.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно. 5.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна. /хх-ийн 46-47/
Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 02/081 дугаартай дүгнэлт: 1.Н.Г-н биед цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. 4.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаархагүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 51/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Сайншанд сумын 7 дугаар багийн ажлын албаны Н.Г-н оршин суух хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн Г-90 дугаартай гэрчилгээ, шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-81/
2010 оны 04 сарын 13-ний өдөр 29 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 83-95/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 122-124/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн хувьд:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Г-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн болно.
Шүүгдэгч Н.Г-н шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэг, гэрч Х.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт хохирогч У.Б нь шүүгдэгч Н.Г-г гэрч Х.М-н гэрт боож унгаасан үйл баримт тогтоогддог. Мөн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 02/081 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Н.Г-н биед цээжний цус хуралт гэмтэл тогтоогдсон байдаг. Шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгт “М ахынд зурагт үзээд сууж байтал манай нөхөр Б араас орж ирээд үснээс татаад газар унгаад шууд боосон. Цээжин дээр өвдөглөөд 2 гараараа хоолоо боосон. Би ухаан балартаад гараараа газар тэмтэртэл гарт хайч таарсан аваад шууд баруун гарын буглагыг нь зүссэн, тэгээд цаашаа юу болсныг би мэдээгүй. Их айсан, миний ухаан санаа баларсан байсан. Нэг мэдсэн чинь нөхрийнхөө гэдсэнд хайчаар хатгасан байсан.” гэжээ. Шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр Н.Г нь хохирогч У.Б-н хууль бус үйлдлийн улмаас гэнэтийн цочиролд орж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч У.Б-н хэвлийн тус газар нь хайчаар хатгах үйлдэл хормын төдий болсон нь мөн гэрч Х.М мэдүүлгээр тогтоогддог. Түүнчлэн хохирогч У.Б нь шүүгдэгч Н.Г-г зоддог байсан болох нь Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... тоот шийтгэх тогтоол болон шүүгдэгчийн мэдүүлэгт “...Б нь өмнө намайг удаа дараа зодож байсан. Согтуу үедээ ихэвчлэн зоддог. Миний гарыг хүртэл хугалж байсан. Одоо миний гарт төмөр байдаг. Энэ бүхнийг би ар гэр болон хуулийн байгууллагаас нууж ирсэн. Би өөрөө өнчин өссөн учир хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэх үүднээс хуулийн байгууллагад хандаж байгаагүй.” гэх мэдүүлэг зэргээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүй бус үйлдлээс шүүгдэгч Н.Г нь гэнэтийн цочролд орсон гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Н.Г-г 2021 оны 02 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 3 дугаар багийн нутаг Аргалын-Уул гэх газарт нутаглах иргэн Х.М-н гэрт хохирогч У.Б-д боолгуулсаны улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж зэвсгийн чанартай зүйл болох хайчаар нөхөр У.Б-н зүүн гарын бугалагад 1 удаа зүсэж, гэдсэн тус газарт 1 удаа хатгаж, хэвлийн хөндий нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн хутгалагдсан шарх, хэвлийн ар хананы цусан хураа бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч У.Б-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Х.М /хх-ийн 20-22/, гэрч Г.С /хх-ийн 65-66/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04/36 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-10/, эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 5/07 дугаартай зөвшөөрөл /хх-ийн 12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд “шүүгдэгч гэм буруугаа өөрөө хүлээсэн учир гэм буруугүй” гэж дүгнэлтээ гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хэрэгт цугласан дээрх баримтуудаар няцаагдаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулсан болно. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлогогүй, хөдөө айлын мал маллаж амьдардаг учир түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох болон тодорхой хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах боломжгүй гэж үзсэн. Хохирогчид учирсан гэмтлийн байдал, өмнө нь бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж байсан байдлыг харгалзан хорих ялыг оногдуулсан болно.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч И овогт Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрт нь хүч хэрэглэсэн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.9 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар ирсэн 2 ширхэг хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б
ШҮҮГЧИД Д.Ц
Б.Н