| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2021/0028/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.М |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Г.М
Хохирогч О.Т
Шүүгдэгч Ц.С, М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Ц.С, Ш овогт М.Э нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт Ц.С,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 4-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт М.Э
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ц.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 сарын 03-ны өдөр 19 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт байрны гадна хохирогч О.Т-н зүүн шанаа хэсэгт мөн зүүн нүд хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Э нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрны гадна хохирогч О.Т-г нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 02 сарын 03-ны өдөр найз охинтойгоо жаахан маргачихаад тайвширах санаатай согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд найз охинтойгоо эвлэрэх санаатай байрных нь гадаа очсон ба энэ үедээ О.Т болон түүний найзуудтай таарсан. Тэгээд жаахан үл ойлголцол болж маргасан. Энэ үед миний найз М.Э гэрээсээ гарч ирсэн. М.Э намайг өмөөрч О.Т-тэй маргасан ба ялихгүй зүйлээс болоод Э бид хоёр Т-г зодож биед нь гэмтэл учруулсан. Би урьд нь өгсөн мэдүүлгүүддээ энэ талаар тодорхой ярьсан байгаа ба миний мэдүүлгүүд өөрчдлөгдөхгүй. Би найз Э хамт Т-г зодож гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Ахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Энэ үйл явдлаас болж би их юм ойлгосон. Харамсаж байгаа. Тийм ч болохоор Э бид хоёр Т-с уучлалт гуйж нийт 2,050,000 төгрөгийг эмчилгээнд нь зориулан өгсөн. Цаашид эмчилгээнд нь туслахаа илэрхийлж байна гэжээ. /хх-ийн 100-101/
Шүүгдэгч Ц.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Найз охинтойгоо маргалдсан байсан. Сэтгэл санаагаа засах гээд 1 шил архи ганцаараа уусан. Найз охины найз болох Д-тай хамт байрны тэнд очсон. Тэнд Х-тэй муудаж зодолдсон. Мөн Т-г зодсон. Ямар нэг шалтгаан байхгүй зодоон эхлүүлсэн. Миний буруутай үйлдлийн улмаас Т-т гэмтэл учирсан. Т-н нүүр цус болсон байсан учир Э эмнэлэг дагуулж явсан. Би араас нь явсан.
Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 02 сарын 03-ны өдөр ... байранд гэртээ байхад найз Д миний гар утас руу залгаад “С гадаа хүнтэй муудаад байна, салгаж чадахгүй байна, гараад ирээч” гэсэн. Намайг гараад ирэхэд С согтууруулах ундаа хэрэглэчихсэн зүс таних О.Т-тэй маргаж байсан. Би очоод учрыг нь олох гэсэн боловч үл ойлголцоод С бид 2 Т-тэй зодолдсон. Үүнээс болоод Т нүүрэндээ хөнгөн гэмтэл авсан. Уг нь би Т-г зодох бодол байгаагүй, үл ойлголцол гараад л хэн хэн нь биеэ барилгүй зодолдчихсон. Би найз С-г өмөөрөөд биеэ барьж чадалгүй хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахин ийм болчимгүй үйлдэл гаргахгүй. Буруу зүйл хийсэнээ ухаарч С бид 2 Т-с уучлалт гуйсан. Эхний ээлжид эмчилгээндээ хэрэглэж байгаарай гээд нийт 2,050,000 төгрөгийг өгсөн. Ахиад эмчилгээнд нь мөнгө хэрэг болбол туслах болноо гэжээ. /хх-ийн 107/
Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг гэрт байхад Д утсаар ярьж “С хүнтэй зодолдоод байна салгаж дийлэхгүй байна гараад ир гэсэн”. Би гарч очоод салгах гэтэл Т намайг цохисон. Би эргүүлээд түүнийг цохисон. Тэгээд Т бид 2 хоорондоо зодолдох ёсгүй юм байна гээд гар бариад С, Х хоёрыг салгах гээд очсон. Тэгээд тэр хоёрыг салгах гэж байтал Т намайг дахин цохисон би эргүүлээд цохисон. С бид хоёрын цохилтоос болж Т-т гэмтэл учирсан нь үнэн. Бид хоёр Т-н нүүрэн тус газар цохисон. Нэг харсан чинь Т-н нүүр цус болсон байсан. Тэгээд дагуулаад эмнэлэг явсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирлоо төлөхөө илэрхийлж байна. 4 сарын 20-нд мөнгөтэй болно гэв.
Хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Замын-Үүд сумын 1-р багт байх байрны гадаа зүс таних Э, С нартай таарч үл ойлголцсоны улмаас зодуулсан. Тухайн үед С согтуу, Э, Х бид 3 эрүүл байсан. С намайг машиндаа сууж байхад ямар нэг шалтгаангүй нүүрний зүүн тал руу гараараа 1 удаа цохисон. Х болиулж С-тэй маргасан. Энэ үед Э ирээд тэр хоёрыг болиулах гээд зогсож байхад нь би бас болиулах санаатай очсон. Ингээд маргаж зогсож байхдаа би Э-г холдуулах гээд нударчихсан. Тэгтэл Э уурлаад над руу шууд зодолдоод дайрсан. Бид 2 гараараа бие биенийхээ нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би “за болъё болъё, чи бид 2 ер нь яахаараа муудалцдаг юм, нөгөө хоёрыг л зохицуулъя” гэж хэлээд Э бид хоёр гар бариад буцаад нөгөө 2 дээр очсон. Би салгах гээд С, Х хоёрын голоор ортол С миний зүүн нүд рүү 1 удаа цохисон. Миний нүд оч манараад ойчиход дээрээс Э нүүр, нуруу руу хэд хэд өшиглөсөн. Ингээд би ухаан санаа сонин болчихсон. С, Э хоёр намайг хэд цохиж зодож байгааг ч мэдэхгүй болсон. Нэг сэрсэн чинь Ц дэлгүүрийн замын эсрэг талд миний нүүрийг Э угааж байсан. “Яав, юу болов” гэсэн чинь Э “одоо хамт эмнэлэг явъя” гэсэн. Ингээд л эмнэлэг дээр очоод анхны тусламж үйлчилгээ авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна гэсэн. С, Э хоёр миний нүүр, нүдийг хоёулаа хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн болохоор гэмтлийг дээрх 2 учруулсан. Миний хохиролд 2,050,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Энэ мөнгийг эмчилгээндээ зарцуулсан. Дээр нь хувиасаа 1,012,000 төгрөг зарцуулсан. Үүнийг С, Э хоёроос нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 20/
Хохирогч О.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гагнуурын ажлаа дуусчихаад ... байранд найз Х-г хүргэж өгсөн. Тэгээд хөдлөх гэтэл машины урд талд С зогсож байсан. Эхлээд би согтуу гэдгийг нь мэдээгүй. Тэгээд зогсоод юм асуух гэж байгаа юм байх гэж бодож байтал хүрч ирээд намайг цохисон. Тэгтэл Х ч буцаад хүрээд ирсэн байсан. Тэгээд Х С-г салгатал Э ирсэн байсан би түүнийг нэг цохисон. Э эргүүлээд намайг бас цохисон. Тэгээд бид хоёр “чи бид хоёр яагаад зодолдоод байна аа нөгөө хоёроо салгая” гээд гар барьж эвлэрээд нөгөө 2 дээр очсон. Тэгээд салгах гэтэл С миний нүдэнд цохисон. Миний нүүрэнд оч манараад явчихсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй болсон. С, Э хоёр миний нүүр лүү цохисон. Намайг доошоо нүүрээ дараад суухад хэн нэгэн нь өшиглөж байсан. Энэ хоёрын цохилтоос надад хөнгөн гэмтэл учирсан. Зүүн нүд доошоо суусан байна гэсэн, одоо хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа. Эмчилгээний зардлаа энэ хоёроос нэхэмжилж байна. Шүүхэд хэрэг ирэхээс өмнө энэ хоёроос 2,050,000 төгрөг авсан. Шүүх хурлын өмнө 603,000 төгрөг С өгсөн. Нийт надад 3,257,390 төгрөгийн хохирол учирсан. Одоо үлдэх 603,000 төгрөгийн нэхэмжилж байна гэв.
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Найз Т-н хамт гагнуурын ажлаа тараад ... байранд байрлах өөрийн гэрт Т-н Приус-11 маркийн машинаар хүргүүлсэн. Тэгээд гэрлүүгээ орох гээд машинаас буугаад цааш явтал Т-н машины урд согтуу эрэгтэй хүн зогсоод танхайраад орилоод байгаа харагдсан. Намайг буцаад очиход С гэх зүс таних хүн байсан. С Т-г машинаас нь буухад нүүрэнд нь 1 удаа гараараа цохисон, бас Т-г машинд байхад цонхоор нь цохиж байсан, хаана нь цохисныг нь хараагүй. Би С-г “чи одоо болиоч” гэсэн чинь намайг заамдаж аваад толгойн зүүн хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохисон. Энэ үед Э, Т нар салгах оролдлого хийж байсан. Салгах гэж байгаад Т Э нар муудалцаж зодолдсон. Энэ үед би С-тэй зөрүүлж зодолдохгүйгээр тэсэж байгаад газарт өвдөглүүлээд дээрээс нь дарж болиулах оролдлого хийсэн. Тухайн үед нүүрэнд зүүсэн маскаа авсан чинь намайг “Т байна ш дээ” гэж таньсан. Намайг таньсан мөртлөө 1-2 удаа алгадсан. Тэгснээ С гэнэт эсэргүүцэхээ болиод гар сунгаад надтай гар барьж эвлэрсэн. Тэгээд Э, Т нарын зүгт харахад Э Т-г газарт унагаад 1 удаа өшиглөж байх шиг байсан. Яг хаашаа өшиглөснийг нь тодорхой харж чадаагүй. Ямар ч байсан нэг удаа өшиглөсөн. Энэ үед Э-г очиж болиулаад Т-г босгоод харахад түүний зүүн нүд нь хавдсан, уруул нь язарч хадсан, нүүр хэсэг нэлэнхийдээ цус болсон байдалтай байсан. Э, Т бид 3 Т-н машинаар эмнэлэг явж байх замдаа Т-н нүүрийг угааж цусыг нь арилгачхаад явсан. Оччихоод С-г дуудсан гэжээ. /хх-ийн 21-25/
Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: С 18 цаг 20 минутын үед гараад ирээ уулзъя гэхээр нь гарч уулзсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сум “SMILE CHICKEN” хоолны газрын ард хаягт байх эгчийнхээсээ гарч С-тэй уулзах үед өөрийн ... улсын дугаартай PRIUS-30 маркийн хар саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй гэрээс ирж авсан. Бид 2 уулзаад Ө дэлгүүр ороод С тамхи авахаар орсон. Удалгүй С нэг үл таних 21 орчим насны эрэгтэй хүүхэдтэй Ө дэлгүүрийн ард зодолдож байсан. Энэ үед дэлгүүрийн цаана зогсож байсан машинаас 2 эрэгтэй хүүхэд бууж ирээд С-тэй зодолдож байгаад тэр гурван хүүхэд цагдаа дууд машиных нь дугаараар гээд орилоод байхаар нь би дагуулаад Э-тэй уулзахаар явсан. Бид 2 орох гарцыг таглан зогсоод Э-г хүлээж байсан. Энэ үед би машинаас буугаад Э-н гэр лүү очоод С согтуу зодоон хийгээд байна хурдан гараад ирээч гэж хэлсэн. Э-г дуудчихаад ганцаараа гараад ирэх үед Х гэрлүүгээ орох гээд явж байхад нь С ардаас нь ирээд маргалдаж барьцалдсан. Удалгүй тэр хоёр маргалдахаа болиод Х зогсож байсан газраа үлдээд С Т-н машины урд очоод таглаад зогссон. Энэ үед Т машинаасаа бууж ирээд би байна ш дээ андаа гэхэд С барьж аваад зодоон болоод Э гарч ирээд Х-н хамт салгахаар очсон. Би энэ үед У, Б хоёрлуу залгаж хэлээд зодоон болох зүгт харахад Т, Э хоёр зодолдож байгаад Т за одоо болъё оо гэж байсан. С, Х хоёрыг би анзаараагүй. Тэгээд би сандраад гэр лүү явсан. Б-ны гэрлүү очиход зөрөөд гараад ирсэн. Бид хоёрыг гарч ирэхэд С машинаа унаад ганцаараа гэрийнх нь гадаа ирчихсэн байсан. Б С-н машинд суугаад үлдсэн. Би харин Э-г хайхаар зодоон болсон газарлуу явсан. Зодоон болсон газарт хэн ч байхгүй болохоор нь буцаад Б-ны гэрийн гадаа очиход У ирчихсэн Б, С нар байгаагүй. Би У-н машинд суугаад Э рүү залгахад эмнэлэг дээр байна гэхээр нь бид 2 эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод С, Б хоёрыг дуудсан өөр зүйл мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 30-32/
Шинжээчийн 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 04/37 дугаартай дүгнэлт: 1.О.Т-н биед гэмтэл тогтоогдлоо. 2.О.Т-н биед зүүн нүдний доод язарсан шарх, дээд уруулын дотор талд язарсан шарх, зүүн нүдний ухархайн дотор хана доод хэсгээр зөрүү бүхий хугарал, ухархайн доод хана доош хоншоор ясны хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод, дээд зовхи болох алимны склерт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 6.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 78-80/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Шүүгдэгч М.Э иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Замын-Үүд сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109-110, 112, 119/
Шүүгдэгч Ц.С-н иргэний цахим үнэмлэх, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртэлийн лавлагаа, Замын-Үүд сумын Сүлд багийн ажлын албаны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124, 128, 131, 143/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 147-152/
Эмчилгээний зардлын баримт /хх-ийн 157-163/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн шүүгдэгч нарын хүсэлт /хх-ийн 164-165/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/14 дугаартай тогтоол /хх-ийн 166-167/
Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 168-169/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ц.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч М.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн 2021 оны 02 сарын 03-ны өдөр 19 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ... байрны гадна хохирогч О.Т-г зодож зүүн нүдний доод язарсан шарх, дээд уруулын дотор талд язарсан шарх, зүүн нүдний ухархайн дотор хана доод хэсгээр зөрүү бүхий хугарал, ухархайн доод хана доош хоншоор ясны хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод, дээд зовхи болох алимны склерт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Х-н /хх-ийн 21-25/ мэдүүлэг, Шинжээчийн 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 04/37 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-80/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.С, М.Э нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хохирлын хувьд:
Хохирогч О.Т-г прокурорт гаргасан хүсэлтдээ /хх-ийн 155/ “Э, С нарын буруугаас О.Т миний бие нь эрүүл мэнд, хичээл сургууль, өдрийн орлогоороо хохирч нүдний хагалгаанд орж одоо дахин хамрын хагалгаанд орох болсон. Дээрх хүүхдүүд эмчилгээний зардал бүхий 3,257,390 төгрөгнөөс 2,050,000 төгрөг өгсөн, төлбөрийн зөрүү 1,208,000 төгрөгийг төлөөгүй. Миний бие нь ШУТИС-ийн төгсөх 4-р курсийн оюутан. Онлайнаар сурахын зэрэгцээ аавынхаа гагнуурын цехэд өдрийн орлого дунджаар 25,000 төгрөг, сард 750,000 төгрөгийн ажил хийж сургалтын зардал хийдэг байсан. Гэмтэл авсан 2021 оны 02 сарын 05-наас хойш хичээл сургууль, өдрийн орлогоороо хохирсон. Хагалгааны нүдний суулт 0,5 мм-ээр суулттай гоо сайхнаараа хохирсон гомдолтой байна” гэжээ. Хохирогч нь 3,257,390 төгрөгийн эмчилгээний зардал гарсан гэх боловч хэрэгт авагдсан эмчилгээний зардлын баримт /хх-ийн 157-163/-аас 150,475 төгрөгийн баримт нь хохирогчийн хувийн хэрэгцээндээ авсан хүнсний бүтээгдэхүүний баримт болох нь тогтоогдож, өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Ц.С нь хохиролд нийт 1,703,000 төгрөгийг, шүүгдэгч М.Э 950,000 төгрөгийг төлсөн нь О.Т-н прокурорын газарт бичсэн өргөдөл /хх-ийн 154-155/, Х банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 192/ зэргээр тогтоогдож байна, мөн шүүгдэгч М.Э үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж хүсэлт /хх-ийн 193/-ээ шүүхэд өгсөн байгааг дурдав. Иймд /3,257,390-150,475-1,703,000-950,000/ эмчилгээний зардалд нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 453,915 төгрөгийг шүүгдэгч М.Э-с гаргуулж хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эмчилгээний зардалд 2,050,000 төгрөгийг төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдалтай нийцэж байна гэж үзлээ. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзсан оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүхэд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Ц.С, Ш овогт М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.С, М.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, М.Э нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Э-с 453,915 төгрөгийг гаргуулж хохирогч О.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150,475 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.С, М.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нарын битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б