| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2021/0033/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2021-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б аймгийн Т суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт иргэн Ж.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ... оны ... дугаар сарын ...-нд Б аймгийн Т суманд төрсөн. Айлын 2 дахь хүүхэд болж мэндэлсэн. Эхээс 6-уулаа төрсөн, дээрээ 1 эгчтэй, доороо 2 эрэгтэй, 2 эмэгтэй дүүтэй. Би бага насаа Б аймгийн Т сумын төв дээр эцэг эхийн гар дээр хүмүүжиж өнгөрүүлсөн. 1994 онд 8 настайдаа Б аймгийн Т сумын 8-н жилийн сургуульд элсэн орж 2002 онд 8-р ангиа төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 2003 онд Замын-Үүд суманд албан ёсоор шилжиж ирсэн. 2003-2005 онд Замын-Үүд Ачаа шилжүүлэн ачих ангид ажилласан. 2005-2015 онд улс хооронд том тэрэгний ээлжийн жолоочийн ажлыг хувиараа хийсэн. 2015-2017 онд Эрээн рүү жижиглэнгийн наймаа хийсэн. 2017 оноос хойш одоог хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Цэргийн албыг биечлэн хаагаагүй, 2008 онд мөнгөн дүнгээр дүйцүүлэн хаасан. 2008 онд би Сайншанд суманд “Батлан хамгаалах туслах нийгэмлэг". ийн жолоочийн курст суралцаж төгссөн. Эхнэр Ж.А-тай 2005 онд Замын-Үүд суманд танилцаж байсан ба 2006 онд нэг гэрт орсон. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Энэ хугацаанд бид 2 хүүтэй болсон. Том хүү Б.Б 2008 онд төрсөн, бага хүү Б.Б 2015 онд төрсөн. Эхнэр Ж.А одоогоор хийсэн ажилгүй гэртээ байгаа. Би тамхи татдаг, архи согтууруулах ундааг хааяа хааяа хэрэглэнэ. Согтуудаа элдэв ааш авир гаргадаггүй, ер нь шууд л унтдаг. Улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл байхгүй. Одоо миний бие эрүүл, ухаан саруул. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би таньдаг ахындаа архи уусан ба маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 27-ны өглөө шартаад хэцүү байсан. Тэгэхээр нь “Э” дэлгүүрийн тэнд танихгүй 2 хүнтэй нийлж 1 шил архи хувааж уугаад гэртээ харьсан. Тэр өдөр их салхитай, шуургатай онцгүй өдөр байсан. Гэртээ ирэхэд эхнэр А газар ганцаараа хэвтэж байсан ба гэр орон тохьгүй, хүйтэн байхаар нь би уурлаж А-г гал хөсөө түлсэнгүй гэж загнасан. Гэр орны ажлаас болоод бид 2 маргасан ба би сүүлдээ уурлаад А-н хажуугаар явахдаа гэдэс рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэр үед А газар хэвтэж байсан юм. Өөрөөр А-г зодож цохиогүй. Урьд нь гар хүрдэггүй байсан. Би согтуудаа уураа барьж дийлэлгүй эхнэрийнхээ биед халдаж гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хийсэн хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч байгаа. Би ахин ийм алдаа гаргахгүй байж чадна. Би эхнэрээсээ уучлалт гуйсан ба бид 2 урьдын адил эвтэй хэвийн амьдарцгааж байна. Эхнэр эмчийн бичиж өгсөн эмийг ууж дуусаад одоо бие нь зүгээр болсон. Хийсэн хэргийг минь хялбаршуулсан журмаар хөнгөн шийдэж өгөхийг хүсье. Би одоо хувиараа ачигчийн ажил, дэлгүүрт мах шулах, газар шорооны зэрэг ажлуудыг хийж байна. Сардаа 300000 /гурван зуун мянга орчим төгрөг олдог. Эхнэр группын мөнгө гэж сардаа 280000 /хоёр зуун наян мянган төгрөгийг авдаг. Бид 2-т ямар нэгэн зээл, лизинг байхгүй гэжээ. /хх-ийн 25-26/
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэртээ согтуу ирээд эхнэрийн биед хөнгөн гэмтэл учруулсан. Дахин ийм хэрэг үйлдэхгүй, гэмшиж байна. Ар гэрийн байдлаас болж бид хоёр маргасан юм гэв.
Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ... тоотод байх гэртээ байж байхад өдөр 13 цагийн үед манай нөхөр Б.Б шал согтуу орж ирсэн. Хаана хэнтэй архи уусныг нь мэдээгүй. Б урьд өдөр нь бас архи уусан юм. Нэг архи уучхаараа 2 хоног уудаг. Би түлээний модоо хагалж чадахгүй, бас салхи ихтэй өдөр байсан тул хамаагүй гал түлээд яахав гэж бодоод гэртээ гал түлээгүй байж байсан юм. Гэр жаахан зэврүүн байсан. Тэгсэн чинь Б гэртээ гал малаа түлэхэд яадаг юм, хүйтэн байна энэ тэр гээд элдвээр хараагаад агсарсан. Би тэгэхээр нь түлээний модоо хагалж чадахгүй байна, түлээгээ бэлдэж өгчхөөд архиа уухад яадаг юм гээд хэрэлдсэн. Би тэр үед газар хэвтэж байсан юм. Тэгээд жаахан хэрэлдээд байж байтал Б гэж ирснээ миний зүүн талын хэвлий хэсэг рүү 1 удаа хүчтэй өшиглөсөн. Бие өвдөөд би орилоод цагдаа дуудна гэсэн чинь Б гараад зугтчихсан. Тэр шөнөө ирж хоноогүй. Миний бие өвдөөд эмнэлэг явах гэсэн чинь такси олдохгүй, гадаа аймаар шуураад байсан. Тэгээд 16:30 цагийн үед эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Бие өвдөөд хэцүү байхад эргэж ирээд бие хаа асуухын оронд тэр чигтээ алга болчихоор нь би Б-д гомдоод өргөдөл гаргасан юм. Одоо бол нөхөр маань гэмшээд хамт эмнэлэг энэ тэр гээд хажууд гүйгээд л байна. Хажууд хүн байгаагүй. Хүүхдүүд эгчийнд байсан. Гэрт нөхөр бид 2 л байсан гэжээ. /хх-ийн 7-8/
Шинжээчийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 04/80 дугаартай дүгнэлт: 1.Ж.А-н биед хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэжээ. /хх-ийн 14-15/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хуудас, хохирогч Ж.А-н хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоо /хх-ийн 12-13/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2120000000040 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 22-23/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27-39/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 45-48/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 43-44/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/18 дугаартай тогтоол /хх-ийн 50/
Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 51/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт иргэн Ж.А-г зодож, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 04/80 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдалтай нийцэж байна гэж үзлээ. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суух газраасаа буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүхэд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг нэг сарын хугацаагаар хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б