| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2021/0030/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2021-04-15 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.Д
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д.Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д аймгийн Ч суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдөр ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, М овогт Д.Г
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 01 сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт иргэн Ц.Ч-г гараараа болон хуванцар сандалаар зодож, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 сард Замын-Үүд сумын 3-р баг Ц гэх айлд амьдарч байсан. 2021 оны 01 сарын 18-ны орой 20 цаг өнгөрч ажлаас тараад Ц-д ирээд өмд урагдчихаад өмдөө оёод Ц гуай бид 2 гэрт сууж байсан чинь түүний төрсөн хүү Ч-т нь гаднаас ганцаараа орж ирсэн. Би ложистикоос авчирсан ууттай 2 кг орчим алим байснаа аваад Ц-д “май энэ алим хүүхдүүддээ хуваагаад өгөөрэй чи” гээд хэлчихсэн юм. Ч нь би муу миний ээжийг чи гэж хэллээ, муу лалар чиний хоногийн чинь тоо гүйцсэн манайхаас зайлаарай, пизда минь” гэж хэлээд тортой алимаар миний нүүр лүү гуядчихсан. Би уурлаад түүний хөмсөгний дээд хэсэгт баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон чинь зүүн талын орон дээр ойчсон тэр үед гаднаас О орж ирээд дундуур орж байсан. Тэгээд би үргэлжлүүлээд дарах гэсэн чинь намайг заамдаад боогоод “амжих уу гөлөг минь” гэхлээр нь би гарт баригдсан хуванцар ногоон өнгийн сандлаар дахин дух хэсэгт нь нэг удаа цохисон чинь зүгээр болоод хуванцар сандлын голын холбоос хэсэг нь салсан. “Чи яагаад байгаа юм бэ, амжихгүй шүү гөлөг минь” гээд салаавч өгөөд дахиж бол зодолдоогүй. Ц.Ч-н хөмсөгнийх нь дээд талаас цус гарсан, тэгээд гэрээс гараад гадаа тамхи татчихаад эргээд орж ирээд суухаар нь би зөрж гараад тамхи татаад зогсож байсан чинь цагдаагийн хүмүүс хүрээд ирсэн. “Дуудлага өгсөн айл мөн үү” гэхээр нь “мөн байна” гэж хэлээд Ц.Ч, түүний эхнэр О, О бид хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би эмчилгээний зардал гээд 1,800,000 төгрөгийг өгсөн гэжээ. /хх-ийн 117-118/
Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 сарын 18-ны өдөр 20 цагийн орчим Ц гуайн гэрт баруун орон дээр өмдөө оёод сууж байсан. Тэгтэл гаднаас Ч орж ирсэн. Ц алим идэхээр нь “Ц гуай наад алимыг чинь хувааж өгөх гэж байгаа шүү” гэж хэлсэн. Ч миний “Ц гуай” гэж дуудсаныг “Ц чи” гэж сонссон юм шиг байсан. Тэгээд уурлаад “миний ээжийг чи гэж дуудлаа” гээд алим авч над руу шидсэн. Би уурлаад гараараа нүүр лүү нь цохитол бөгжтэй гар таарч хөмсгийг нь хагалсан байсан. Тэгээд Ч намайг хэл амаар доромжлоод миний өмссөн цамцны захаар хоолоо боосон. Би тэр үед хуванцар сандлаар дух рүү нь цохисон. Сандал хагараад унасан. Хохирогчийн дух улайсан байсан. Миний буруутай үйлдлээс болж хохирогчид хүнд хохирол учирсан. Цагдаад дээр байхдаа 1,800,000 төгрөг, шүүх дээр 300,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Үлдэх хохирлын төлөхөө илэрхийлж байна. Ажил хийж байгаад төлнө. Маш их харамсаж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн хэрэг болдог өдөр нөхөр Ч-той хамт байгаагүй болохоор яг юу болсон талаар мэдэхгүй байна. Манай нөхөр Ч нь дэлгүүрийн гадаа бид хоёр зогсож байхад хамаг бие нь суларч байгаа бололтой болоод хоёр өвдгөн дээрээ суугаад тэгээд тэр чигтээ урагшаагаа унаад тэрнээс хойш нэг ч удаа ухаан ороогүй. 2021 оны 01 сарын 18-ны өдөр үдээ хойш 14 цагийн орчимд манай нөхөр өөрийн төрсөн дүү болох О-с “ахдаа 200 гр архи аваад өгчих” гэж гуйж байгаад дүү О-р дэлгүүрээс 200 гр хэмжээтэй Х нэртэй архи авахуулж байсан. Манай нөхөр Ч нь өөрөөр архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй өдөржингөө гэрт надтай хамт байж байгаад 14 цагийн орчимд ээжийнх рүүгээ явна гээд бид хоёр хамт хадам ээжийн гэр лүү очсон. Хадам ээж байхгүй болохоор нь дүү О-н гэрт ороод сууж байгаад ээжийг ирэхээр манай нөхөр тамхи татна гэж гэрээс гараад ээжийнд ороод тийм зүйл болсон. Манай нөхөр Ч нь ээжийнхээ гэр лүү орохоосоо өмнө 200 гр архи уучихсан орсон гэжээ. /хх-ийн 33-35/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 сарын 18-нд нөхөр бид хоёр ээжийнд очсон. Ээж гэртээ байгаагүй. Тэгээд бид хоёр хажууд нь байдаг дүү О-нд орсон. Тэнд байж байтал ээж ирсэн. Ээжийнд ороод юм ярьж сууж байгаад эргээд О-нд орсон. Манай нөхөр дүүтэйгээ ойрд уулзаагүй гээд дүүгээрээ 200 гр архи авхуулж уусан. Тэгээд тамхи татна гээд дүүгийнхээс гарсан. Гаднаас 2 хүүхэд орж ирээд “Г ах Ч ахыг зодож байна” гэж хэлсэн О гэрээсээ гүйгээд гарсан. Тэднийд 2 жоохон хүүхэд үлдсэн учир би хүүхдүүдийг хараад гэрт нь үлдсэн. Гаднаас том охин нь ороод ирэхлээр нь ээжийнд орсон. Ороход Г, Ч хоёр зодолдсон байдалтай байсан. Намайг ороход цагдаа дуудсан байсан. Цагдаа дээр Ч, О, Г бид хэд очсон. Бид нарыг өргөдөл гаргаж өг гэж хэлсэн. О, Ч бид 3 цагдаагаас гараад дэлгүүр орсон. Дэлгүүрт О худалдан авалт хийсэн. Тэгтэл манай нөхөр сонин болоод явчихсан. Гуйваад явчихсан. Тэгэхээр нь О бид хоёр сандраад гадаа агаар амьсгалуулах гээд гарсан. Гадаа манай нөхөр сөхрөөд унасан. Тэгээд түргэн дуудаж эмнэлэг дээр ирсэн. Г нь цагдаад дээр байхдаа 1,800,000 төгрөг, шүүх дээр 300,000 төгрөг өгсөн. Эмчилгээний зардалд нийт 6,732,102 төгрөг гарсан үүнээс өгсөн 2,100,000 төгрөгийг хасаад үлдсэн 4,631,902 төгрөгийг Г-с нэхэмжилж байна. Манай нөхөр хэрэг болсон өдрөөс хойш хөл дээрээ босоогүй, ухаангүй байгаа. Хоол идэж чадахгүй байнгын эмчийн хяналтад миний асаргаанд байгаа. Гомдолтой байна гэв.
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Ч нь миний төрсөн ах юм. Миний ах архи уучихдаг хүн. Ойрын үед уухгүй байж байгаад 01 сарын 17-ны өдөр болон 18-ны өдөр уучихсан байсан. миний ах их тусархаг, зөөлөн зан ааштай, даруухан хүн. Харин Г бол хил дээр ногооны дээж авдаг хүн байгаа юм. Миний ах А жимс, ногооны машин барьж хил гардаг юм. Миний ах А ажлаа хийж яваад Г-тай танилцаж улмаар орон гэргүй, буудал тэнүүчилж явдаг гэдгийг нь мэдээд ээж Ц-д суулгасан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багт байх гэртээ сууж байхад зэрэгцээ байх миний ээжийн гэрт хүмүүс орлилдоод байсан. Ээж орилоод болохоо байхаар нь гэрлүү ороход зүүн талын орон дээр миний ах Ч-н дээр Г суучихсан зүүн гараараа хоолойг нь боогоод баруун гараараа цохиж байсан. Очоод салгах оролдлого хийх үед салахгүй дээрээс нь цохиод байхаар нь цагдаа дуудсан. Уг үйл явдал 5-10 минут үргэлжлээд тэр 2 салсан. Дуудлагаар ирсэн цагдаа нар Ч, түүний эхнэр О, Г болон намайг дагуулан цагдаагийн хэлтэст ирсэн. Цагдаагийн хэлтэст ирэх үед Ч-н биеийн байдал хэвийн тогтвортой байсан. Цагдаагийн хэлтсийн жижүүрээс өргөдөл бичээд ир гэхээр нь Ч, О бид гурав гарсан. Гараад Б супермаркет руу хүнсний эд зүйл худалдаж авахаар ороод 2 ширхэг зөв аарцны ундаа, печень, сүү, жижиг шилтэй сэрүүн гэдэг нэртэй 500 гр пиво 3 ширхгийг худалдаж аваад гарах гэж байхад ах Ч үүдэнд байх хогийн савыг түшчихсэн хүнд амьсгаадаад, нүд нь бүлтэлзээд байж байсан. Тэгэхээр нь О бид хоёр сандраад агаар амьсгалуулахаар түшээд хаалгаар гаргаад хаалганы хажууд зогсоогоод “бие чинь зүгээр үү” гэж асуухад “миний бие зүгээрээ санаа зоволтгүй” гэж хэлж байсан. Төд удалгүй хоёр хөл дээрээ сөхөрч унахаар нь эгч бид 2 сандраад мөрнөөс нь түшээд газарт суулгасан. Тэгээд 103-ын эмнэлгийн машин ирээд эмнэлэгт хүргэгдсэн. Унахдаа толгойгоороо цохиж газар унасан асуудал байхгүй гэжээ. /хх-ийн 36-38/
Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 сарын 18-ны өдөр Г бид хоёр гэрт байсан. Өдрийн хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна ямар ч байсан өдрийн цагаар гэртээ сууж байтал гаднаас Ч орж ирсэн. Энэ үед гэрийн баруун орон дээр Г юм оёод сууж байсан. Харин Ч гэрт орж ирээд зуухны дэргэд суухаар нь би босож цай хийж өгсөн. Цай хийж өгчихөөд гэрийн зүүн орон дээр сууж байгаад Г-н авч ирсэн ууттай алимнаас нэг ширхэгийг аваад идэх гэж байтал Г “хөөе Ц наад алимыг чинь хувааж өгөх гэж байгаа шүү” гэж хэлэхээр нь алимыг буцаан тавьсан. Энэ үед Ч “чи ээжийг Ц гэж дууддаг хэн бэ” гээд ууттай алимнаас нэгийг аваад Г-н толгой руу шидэхэд Г зөрүүлээд ногоон өнгийн жижиг сандлаар Ч-н толгойн тус газар цохиод хоорондоо зууралдаад авсан. Зууралдаад Г Ч-г багалзуурдаад толгойн тус газар нь гараараа нэг цохиод газар хивсэн дээр унагаасан. Энэ үед хажуу гэрт амьдардаг О охин, Ч-н эхнэр О нарыг дуудахаар гарсан. О, О хоёрыг дагуулаад орж ирэх үед гэрийн зүүн орон дээр Г Ч-г багалзуурдаад, дээрээс нь цээжин хэсэгт нь өвдөглөчихсөн, баруун гараараа толгой орчим руу нь цохиж байсан. О, О хоёр салгах гээд дийлэхгүй нилээд удаж байж салгасан. Төд удалгүй цагдаа ирээд аваад явцгаасан гэжээ. /хх-ийн 44-48/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Иргэн Ч-н биед ямар ямар гэмтэл үүссэн байсан талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан Ч-н нүүрэн тус газар нь зулгарсан шархтай байсан. Яг хаана нь байсан гэдгийг одоо сайн санахгүй байна. Ч-н цээжин хэсэгт хөхөрч няцарсан оромтой байсан. Ч-н биед гавал толгойны битүү гэмтэл, гавлын хөндий дэх хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, глазго 5,6 баал гэсэн оноштойгоор иргэн Ч-н биед гавлын хөндийг нээж цусан хурааг авч, тархи дарагдлыг чөлөөлж амь насыг аврах зорилгоор мэс засал хийсэн гэжээ. /хх-ийн 56-57/
Шинжээч эмч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөгчийн шинжээч томилох, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу иргэн Ц.Ч-н биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтийг 2021 оны 01 сарын 19-ний Дорноговь нэгдсэн эмнэлгийн 291 дугаартай өвчний түүхийг үндэслэн гаргасан. Өвчний түүхийг шинжлэн судлахад тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, нүдний ухархайн ханын хугарал, зүүн хөмсөг, дух, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдсон. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой. Тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэлд архаг хууч өвчин хамааралгүй. Энэ нь хатуу, мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэв өмнө нь тархиндаа гэмтэл авч эдгэрч байсан бол тэр нь одоогийн энэ гэмтэлд нөлөөлөх боломжгүй. Учир нь өмнөх гэмтлийн улмаас тархинд дахин гэмтэл үүсэхгүй гэжээ. /хх-ийн 61-62/
Шинжээч эмч Э.А 2021 оны 03 сарын 23-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгт: Ц.Ч-н биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтийг гаргахдаа эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн гаргасан. Эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, нүдний ухархайн ханын хугарал, зүүн хөмсөг, дух, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь бүгд хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр эдгээр олон гэмтлийг үүсгэх боломжгүй. Тиймээс хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүнэлтэнд тодорхой тусгасан байгаа. Хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл хамгийн элбэг гэмтэл. Хатуу, мохоо зүйл гэдэг нь зөвхөн өөрийн гадаргуугаар гэмтэл учруулдаг эд зүйлийг хэлнэ. Хатуу, мохоо эд зүйлсийн үйлчлэл буюу цохилт, доргилт, шахалт, сунгалт, үрэлт зэрэг үед зөөлөн эдийн, судасны, ясны, дотоод эрхтнүүдийн гэмтэл үүсч болно. Энэ нь өөрөөр тайлбарлавал хүний биеийн арьс салстыг ир, үзүүртэй зүйл шиг зүсэж нэвтэлж орох боломжгүй. Зөвхөн өөрийнхөө гадаргуугаар тухайн хүнд гэмтэл учруулах боломжтой зүйлийг хэлнэ. Шинжээч эмч тухайн гэмтлийн гэмтээж буй хүчин зүйлийг ялгаж тогтоох боломжтой. Тэрнээс биш тухайн гэмтэл ямар эд зүйлээр цохих үед үүсэх вэ гэдгийг ялгах боломжгүй. Дээрх дурдсан хатуу, мохоо зүйл гэж хүний биеийн арьс салстыг ир, үзүүртэй зүйл шиг нэвтэлж орох боломжгүй, зөвхөн өөрийнхөө гадаргуугаар тухайн хүнд гэмтэл учруулах боломжтой зүйлийг хэлнэ гэж. Энэ нь мод, чулуу, төмөр, хүний гар, хөл, гутал гэх мэт юуч байж болно. Олон төрлийн хатуу, мохоо зүйлийн аль нь гэдгийг ялган хэлэх боломжгүй. Хуванцар гэдэг нь бас олон төрөл байдаг байх. Хэрэв нимгэн хуванцар бол тухайн тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, нүдний ухархайн ханын хугарал гэмтэл үүсэх боломжгүй. Харин зүүн хөмсөг, дух, баруун хацрын зулгаралт гэмтэл учрах боломжтой. Зузаан хуванцар байсан бол тухайн гэмтлүүд бүгд үүсэх боломжтой байх. Шинжээчийн дүгнэлт гаргахад учирсан гэмтэл нь тухайн хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлтэй таарах албагүй хатуу, мохоо зүйл гэдэг бол ерөнхий гэмтэл үүсгэгч зүйл. Энэ нь дотроо юу ч байх боломжтой. Нэг удаагийн цохилтоор дээрх гэмтлүүд бүгд үүсэх боломжгүй гэж дээр хэлсэн байгаа. Хатуу, мохоо зүйл буюу гараар олон удаа цохих үед Ц.Ч-н биед учирсан гэмтлүүд бүгд үүсэх боломжтой. Хүн гараараа хүний толгойн аль ч хэсэгт хүчтэй цохих, эсхүл өшиглөх үед тархины судас хагарах боломжтой энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарна гэжээ. /хх-ийн 109-110/
Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 02/079 дугаартай дүгнэлт: 1.Ц.Ч-н биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, нүдний ухархайн ханын хугарал, зүүн хөмсөг, дух, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4.Учирсан нүдний ухархайн ханын хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөмсөг, дух, баруун хацрын зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-ийн 65-66/
Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Ц.Ч гэх иргэн нь 2021 оны 03 сарын 03-ны өдөр Замын-Үүд сум Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгаас өрхийн эмнэлгийн хяналтанд ирсэн. Тухайн хүний биеийн ерөнхий байдал хүндэвтэр зэрэг, ухаангүй, орчиндоо харьцаагүй, цочролт хариу урвалгүй, глазго 7-8 балл, арьс хуурайвтар, холголт цооролттой /биеийн баруун талын далны доор, хоёр талын хонгоны орчим, ташаа зэрэг газруудад/, зүрхний авиа тод, хэм жигд, артерийн даралт 120-80 мм. Муб, пульс 86 удаа, сатураци 96 хувь, уушиг хоёр талд цулцангийн амьсгалтай, хэвийн тайван, шээс катетороор гарна, өтгөн 2-3 хоногт гарна, /зоондоор 3 цаг тутам хооллодог/ байнга цагаар эм ууж байгаа. Мөн 14 хоног тутам зоонд болон 7 хоног тутам катетрыг сольж байгаа. 10 хоног тутам биеийн байдлыг үнэлэх зорилгоор шинжилгээ авч байгаа гэжээ. /хх-ийн 127/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-14/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-18/
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-22/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23-26/
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 26-27/
Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын 2021 оны 01 сарын 19-ны өдрийн 5/01 дугаартай зөвшөөрөл /хх-ийн 29/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын Д.Г-н оршин суух хаягийн тодорхойлолт, шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-132, 140/
... оны ... сарын ...-ний өдөр ... дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 142-147/
Хохирогчид 2,100,200 төгрөг шилжүүлсэн Х банкны шилжүүлэг /хх-ийн 153-155, 215/
Хохирлын баримтууд /хх-ийн 168-178, 213/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 181-184/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Д.Г 2021 оны 01 сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт иргэн Ц.Ч-г гараараа болон хуванцар сандлаар зодож тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, нүдний ухархайн ханын хугарал, зүүн хөмсөг, дух, баруун хацрын зулгаралт бүхий хохирол учруулснаас тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий гэмтэл нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...Г зөрүүлээд ногоон өнгийн жижиг сандлаар Ч-н толгойн тус газар цохиод хоорондоо зууралдаад авсан. Зууралдаад Г Ч-г багалзуурдаад толгойн тус газар нь гараараа нэг цохиод газар хивсэн дээр унагаасан. Энэ үед хажуу гэрт амьдардаг О охин, Ч-н эхнэр О нарыг дуудахаар гарсан. О, О хоёрыг дагуулаад орж ирэх үед гэрийн зүүн орон дээр Г Ч-г багалзуурдаад, дээрээс нь цээжийн хэсэгт нь өвдөглөчихсөн, баруун гараараа толгой орчим руу нь цохиж байсан” /хх-ийн 44-48/, гэрч Д.О-н “...Ээж орилоод болохоо байхаар нь гэрлүү ороход зүүн талын орон дээр миний ах Ч-н дээр Г суучихсан зүүн гараараа хоолойг нь боогоод баруун гараараа цохиж байсан. Очоод салгах оролдлого хийх үед салахгүй дээрээс нь цохиод байхаар нь цагдаа дуудсан.” /хх-ийн 36-38/, Шинжээч эмч Э.А /хх-ийн 109-110/, Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 02/079 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-66/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Г-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нь нийт гарсан зардал болох 6,732,102 төгрөгөөс шүүгдэгчийн өгсөн 2,100,000 төгрөгийг хасч үлдсэн 4,631,902 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 2,100,000 төгрөгийг хохиролд авсан гэх боловч Хаан банкны шилжүүлэг /хх-ийн 153-155, 215/-дээр 2,100,200 төгрөг авсан нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өөрийнх нь хэрэглэсэн хүнсний хэрэглээний зардал болох 300,892 төгрөгийг шүүгдэгч Д.Г хариуцах үндэслэлгүй гэж шүүх үзсэн. Учир нь хх-ийн 170,174,175,176,177 дугаар хуудсан дахь зарим баримт нь хохирогч Ц.Ч-т хамааралтай эсэх нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 01 сарын 18-ны өдрөөс хойш буюу хэрэг гарсан өдрөөс хойш хохирогч нь ухаангүй байнгын бусдын асаргаанд байгаа мөн өөрөө хоол идэх боломжгүй зоондоор 3 цаг тутам хооллодог болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар болон гэрч С.Э-н /хх-ийн 127/ мэдүүлгээр батлагддаг. Иймд ухаангүй байгаа хүн дээрх хүнсний эд зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн.
Иймд /6,732,102-2,100,200-300,893/ шүүгдэгч Д.Г-с 4,331,009 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,893 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн хохирогч Ц.Ч нь цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа тул цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэх иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, 2,100,200 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн, цаашид эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, хийсэн хэрэгтээ гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хэргийн хамт шүүхэд ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД дискийг хэрэгт хадгалж, 3 хэсэг болж хагарсан ногоон өнгийн хуванцар сандал 1 ширхэг, цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Д.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-с 4,331,009 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,893 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди дискийг хэрэгт хавсаргаж, 3 хэсэг болж хагарсан ногоон өнгийн хуванцар сандал 1 ширхэг, цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б