| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0004/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч У.Г-н өмгөөлөгч Ж.Х
Шүүгдэгч Б.Б, У.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт У.Г нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ... ажилтай байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Б.Б,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 2, 14 насны хүүхдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын 1-р баг, Аман ус гэх нутагладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн ... оны ...-р сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, түнхний мултрал өвчний улмаас хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдалттай, Ш овогт У.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б овогт Б.Б нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Монгол улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.6, 7.1.7 дэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дахь заалт, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан хэсгийн төлөөлөгчийн албан тушаалтны тодорхойлолтын зорилтын 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээнүүдийг зөрчиж, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гvйцэлдүүлэх зорилгоор иргэн У.Г-с 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээд болох дүү Б.А-н “Х банк”–ны ... дугаарын дансаар шилжүүлэн авч, хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр хийх ёсгүй үйлдлийг хийж эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч У.Г нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын Төгрөгийн Ус гэх газраас иргэн Б.М-н 1 тооны үхрийг .. улсын дугаартай “Киа Бонго-3" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж, хохирлоо бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн” гэв.
Шүүгдэгч У.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Тухайн үед манай дүү над руу утсаар яриад сургуулийн төлбөр, байрны түрээс гээд 3,000,000 төгрөг олоод өгөөч гээд байхаар нь би иргэн У.Г-н бусдын малыг хулгайлсан үйлдлийг мэдээд торгуулийн мөнгө гээд 3,000,000 төгрөг авчихсан юм. Тэрнээс биш би У.Г-н ашиг сонирхлын үүднээс хахууль авсан зүйл байхгүй, харин гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд оруулаагүй давуу байдал олгосон зүйл бол байгаа. ...би угаасаа мөнгө авчихсан болохоор л тэгж мэдүүлэг өгсөн. У.Г-г хууль мэдэхгүй, дээрээс нь гэмт үйлдлийг нь би өөрөө илрүүлсэн болохоор ядарсан хүн юм даа, нэг удаадаа ингээд явуулчихдаг юм билүү гэж бодоод өөрт нь торгуулийн мөнгө гэж ойлгуулаад л авчихсан юм. Хэрвээ У.Г энэ мөнгийг надад хахуулийн мөнгө өгч байна гэж мэдсэн бол надад өгөхгүй байсан байх. Би албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан , хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэж өөрөөр хэлбэл дүүгийнхээ төлбөрийг олж өгөх гэж л У.Г-с мөнгө авсан. Энэ талаар хэрэгт гэрч болон У.Г нар нь өөрөө мэдүүлэг өгсөн юм. ...Би У.Г-с авсан 3,000,000 төгрөгийг бэлнээр өгч барагдуулсан байгаа. Энэ бол миний буруу, би үнэхээр гэмшиж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75, 2-р хх-ийн 30/
Шүүгдэгч У.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би өмнө найз Б идэшний үхэр аваарай гээд амалчихсан байсан. Тэгээд хотоос намайг гээд зориод ирэхлээр нь манайхаас 15 км-т өвөлжиж байсан айлын үхэр манай үхэртэй нийлээд 30-40 орчим тооны үхэр байхаар нь бэлчээр дээрээс нь явган хөөж Сайхандулаан сумаас отроор очиж өвөлжиж байсан Д гэх айлын гадаа аваачиж хашаанд нь хашиж байгаад улаан зүсмийн гунжин үнээ барьж аваад өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай хөх цэнхэр өнгийн "Бонго-3" маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авч яваад тухайн өдрийнхөө үдээс хойш 16 цагийн үед Өргөн сумын төв дээр аваачиж хогийн цэг дээр би өөрөө нядлаад махыг нь найз Б өгч явуулсан. ...Би Д гэх хүнд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Тухайн хүний данс руу 1,500,000 төгрөг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. .... Б миний бусдын малыг хулгайлсан үйлдлийг мэдээд намайг загнаад хохирол барагдуул, чамайг Зөрчлийн тухай хуулиар торгоно гээд надаас 3,000,000 төгрөгийг авсан. Тэрнээс би хэсгийн төлөөлөгч Б.Б-д гэмт хэргээ нуун далдлах гэж мөнгө өгсөн зүйл байхгүй. Би ойлгохдоо ингээд торгууль төлөөд, хохирлыг барагдуулаад л асуудал шийдэгдсэн юм байх гэж бодсон. Харин сүүлд нь Авлигатай тэмцэх газраас намайг хахууль өгсөн гэж байцаалт авсан. Би бол хахууль өгсөн зүйл байхгүй, харин мал хулгайлсан асуудал бол байгаа. Би Б.Б-с хохирол болох 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан, одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79, 234-236, 2-р хх-ийн 26/
Иргэний нэхэмжлэгч У.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....Би Б.Б-д өгсөн 3,000,000 төгрөгөө эргүүлэн авсан, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80/
Гэрч У.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэнэ суманд очиж хадам ах У.Г-тай уулзах үед хэсгийн төлөөлөгч нь Б гэдэг хүн цуг явж байсан бөгөөд У.Г ах надад хэлэхдээ цагдаагийн хэлсэн данс, энэ дансанд торгуулийн мөнгө хийх ёстой гэж хэлээд Х банкны ... дугаартай данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийнхөө Х банкны данснаас мобайл банкаар шилжүүлсэн. Энэ нь миний дансны хуулгаар нотлогдоно. ...би тухайн үед бэлэн мөнгө авч явсан аа өгсөн гэж санаад байсан. Банк дээр очоод өөрийнхөө Х банкны ... дансны хуулгыг авч үзэхэд 3 сая төгрөгийг өөрийн данснаас 1,5 төгрөгөөр 2 удаа буюу нийтдээ хоёр удаагийн гүйлгээгээр 3 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө андуурсан байна. Б.А гэж хүний нэртэй данс байсан. Г ах надаас 200,000 төгрөг бэлнээр авч үлдсэн. Би цагдаа Б-н Г ахад өгсөн банкны дансанд 3 сая төгрөг шилжүүлсэн. Хадам ах Г-т 200,000 төгрөг бэлнээр өгсөн. Урьд өгсөн мэдүүлэгтээ 2,8 сая төгрөг аваачиж өгсөн гэж андуурч мэдүүлсэн байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-11/
“...тухайн үед би Г-с ямар учиртай мөнгө дээрх данс руу шилжүүлж байгаа талаар асууж тодруулахад тэрээр торгуулийн мөнгө гэх шиг болсон. Мөн би энэ талаар Б цагдаагаас асуухад тэрээр арга хэмжээ авч байгаа юм гэж хэлж байсан ба би өөр зүйлийн талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/
Гэрч Д.Б мөрдөн шалган ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 сарын 20-ны өдөр Өргөн суманд гэртээ байж байтал тухайн өдрийн өглөө 09:00 цагийн үед У.Г нь Улаанбаатар хотод байдаг Б гэдэг залууг дагуулаад манай гэрт ирсэн. Г-н хөдөө гэрээс идэшний үхэр авах гэж байгаа юм та ирээд цуг үхэр төхөөрөөд өгөөч гэхээр нь би тухайн үед завтай байсан учраас зөвшөөрсөн. ... У.Г нь тууж явсан үхэрнүүдээ айлын гадаа байсан хашаанд хийсэн ба хашааны шон дээр өлгөөтэй байсан бугуйлаар тууж авч явсан үхэрнээсээ 1 тооны улаан зүстэй гунжин үхэр бугуйлдаж барьж авсан. Барьж авсан үхрээ Г-н машин дээр ачаад Өргөн сумын төв рүү авч яваад сумын төв дээр аваачиж нядалсан. Биднийг сумын төв дээр очоод үхэр нядлах үед 16:00 цаг болж байсан ба үхэр төхөөрч дуусаад махыг нь Б авсан. Би ч тэгээд гэрлүүгээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ах Б.Б нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг ба тухайн үед би 2020 оны 01-р сарын эхээр би өөрийн ах Б.Б-д сургалтын төлбөрийн мөнгө, байрны мөнгө олж өгөх талаар хэлэхэд тэрээр “Ах нь хүнээс асуугаад олоод өгье” гэж хэлсэн юм. Тэгээд манай ах Б 2020 оны 01-р сард надаас миний Х банкны дансны дугаарыг аваад над руу 3,000,000 төгрөг орж ирэхээр нь 1,700,000 төгрөгийг ээж Т-н данс руу шилжүүлж, үлдэгдэл 1,300,000 төгрөгийг нь Э дээд сургуулийнхаа сургалтын төлбөрт өгсөн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 12-р сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт отроор өвөлжиж байгаад нэг тооны нас гүйцсэн үнээгээ хулгайд алдсан тэгээд тухайн үед Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчид хандаад авсан хүнийг нь олж өгсөн. Миний хулгайд алдсан гэх үхэр нь нас гүйцсэн сувиа эм үхэр байсан юм. Би өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан. Тухайн үедээ 1,500,000 төгрөг бэлнээр авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би энэ хэргийн талаар шүүх хуралд оролцох боломжгүй байна, хөдөө гэртээ ганцаараа малаа харж байгаа болохоор өөр тийш явах боломж байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242-243/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 2, 185/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 52, 2-р хх-ийн 2-5/
Б.А Х банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 85/
У.А-н Х банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 96/
Б.М-н Х банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 115/
А ХХК-ний хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 202-203/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын газрын 2020 оны 10 сарын 18-ны өдрийн тогтоол /2-р хх-ийн 15-16/
А ХХК-ны Бонго-3 маркийн ... маркийн авто машиныг үнэлсэн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 7-9/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 18/зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б овогт Б.Б нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гvйцэлдүүлэх зорилгоор шүүгдэгч У.Г-н бусдын нэг тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан үйлдлийг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгахгүйгээр Зөрчлийн хуулиар торгоно гэж хэлээд 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээд болох дүү Б.А-н “Х банк”–ны ... дугаарын дансаар шилжүүлэн авч, хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр хийх ёсгүй үйлдлийг хийж эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч У.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б миний бусдын малыг хулгайлсан үйлдлийг мэдээд намайг загнаад хохирол барагдуул, чамайг Зөрчлийн тухай хуулиар торгоно гээд надаас 3,000,000 төгрөгийг авсан. Тэрнээс би хэсгийн төлөөлөгч Б.Б-д гэмт хэргээ нуун далдлах гэж мөнгө өгсөн зүйл байхгүй. Би ойлгохдоо ингээд торгууль төлөөд, хохирлыг барагдуулаад л асуудал шийдэгдсэн юм байх гэж бодсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79/, Иргэний нэхэмжлэгч У.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....Би Б.Б-д өгсөн 3,000,000 төгрөгөө эргүүлэн авсан, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80/, гэрч У.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэнэ суманд очиж хадам ах У.Г-тай уулзах үед хэсгийн төлөөлөгч нь Б гэдэг хүн цуг явж байсан бөгөөд У.Г ах надад хэлэхдээ цагдаагийн хэлсэн данс, энэ дансанд торгуулийн мөнгө хийх ёстой гэж хэлээд Х банкны ... дугаартай данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийнхөө Х банкны данснаас мобайл банкаар шилжүүлсэн. Энэ нь миний дансны хуулгаар нотлогдоно” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-11/, гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах Б.Б нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг ба тухайн үед би 2020 оны 01-р сарын эхээр би өөрийн ах Б.Б-д сургалтын төлбөрийн мөнгө, байрны мөнгө олж өгөх талаар хэлэхэд тэрээр “Ах нь хүнээс асуугаад олоод өгье” гэж хэлсэн юм. Тэгээд манай ах Б 2020 оны 01-р сард надаас миний Х банкны дансны дугаарыг аваад над руу 3,000,000 төгрөг орж ирэхээр нь 1,700,000 төгрөгийг ээж Т-н данс руу шилжүүлж, үлдэгдэл 1,300,000 төгрөгийг нь Э дээд сургуулийнхаа сургалтын төлбөрт өгсөн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/, Б.А Х банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 85/, У.А-н Х банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 96/,
Шүүгдэгч Ш овогт У.Г нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын Төгрөгийн Ус гэх газраас иргэн Б.М-н 1 тооны үхрийг өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай “Киа Бонго-3" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 12-р сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт отроор өвөлжиж байгаад нэг тооны нас гүйцсэн үнээгээ хулгайд алдсан тэгээд тухайн үед Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчид хандаад авсан хүнийг нь олж өгсөн. Би өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан. Тухайн үедээ 1,500,000 төгрөг бэлнээр авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242-243/, гэрч Д.Б-н мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “... У.Г нь тууж явсан үхэрнүүдээ айлын гадаа байсан хашаанд хийсэн ба хашааны шон дээр өлгөөтэй байсан бугуйлаар тууж авч явсан үхэрнээсээ 1 тооны улаан зүстэй гунжин үхэр бугуйлдаж барьж авсан. Барьж авсан үхрээ Г-н машин дээр ачаад Өргөн сумын төв рүү авч яваад сумын төв дээр аваачиж нядалсан. Биднийг сумын төв дээр очоод үхэр нядлах үед 16:00 цаг болж байсан ба үхэр төхөөрч дуусаад махыг нь Б авсан. Би ч тэгээд гэрлүүгээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16/, Б.М-н Х банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 115/, А ХХК-ний хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 202-203/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын газрын 2020 оны 10 сарын 18-ны өдрийн тогтоол /2-р хх-ийн 15-16/, А ХХК-ны Бонго-3 маркийн ... маркийн авто машиныг үнэлсэн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 7-9/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “иргэн У.Г-н бусдын малыг хулгайлсан үйлдлийг мэдээд торгуулийн мөнгө гээд 3,000,000 төгрөг авчихсан юм. Тэрнээс биш би У.Г-н ашиг сонирхлын үүднээс хахууль авсан зүйл байхгүй, харин гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд оруулаагүй давуу байдал олгосон зүйл бол байгаа” гэх мэдүүлэг, шүүгдэгч У.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б миний бусдын малыг хулгайлсан үйлдлийг мэдээд намайг загнаад хохирол барагдуул, чамайг Зөрчлийн тухай хуулиар торгоно гээд надаас 3,000,000 төгрөгийг авсан. Тэрнээс би хэсгийн төлөөлөгч Б.Б-д гэмт хэргээ нуун далдлах гэж мөнгө өгсөн зүйл байхгүй. Би ойлгохдоо ингээд торгууль төлөөд, хохирлыг барагдуулаад л асуудал шийдэгдсэн юм байх гэж бодсон” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Б.Б, У.Г нарын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл “Хахууль авах” 22.5 дугаар зүйл “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжүүдийг агуулаагүй байна. Шүүгдэгч Б.Б-н үйлдэлд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч У.Г-т холбогдох хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Г-г машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д “машин механизм ашиглаж” үйлдсэн гэх нэмэлт өөрчлөлт Эрүүгийн хуульд ороогүй байсан болно.
Шүүгдэгч Б.Б, У.Г нар нь уг үйлдлүүдийг санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн, шүүгдэгч Б.Б нь бусдад 3,000,000 төгрөгний, шүүгдэгч У.Г нь бусдад 1,200,000 төгрөгний хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Б.Б-н албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гvйцэлдүүлэх зорилгоор гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч У.Г-н тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын мал хулгайлсан гэмт хэргийн гэм буруу нь тус тус тогтоогдсон болно.
Шүүгдэгч Б.Б, У.Г нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 3,000,000 төгрөгний, шүүгдэгч У.Г нь бусдад учруулсан 1,200,000 төгрөгний хохирлоо тус тус төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Б.Б-г Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гvйцэлдүүлэх зорилгоор иргэн У.Г-с 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээд болох дүү Б.А-н “Х банк”–ны ... дугаарын дансаар шилжүүлэн авч, хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр хийх ёсгүй үйлдлийг хийж эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч У.Г-г 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын Төгрөгийн Ус гэх газраас иргэн Б.М-н 1 тооны үхрийг ... улсын дугаартай “Киа Бонго-3" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б, У.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Б.Б-н хувьд оногдох эд хөрөнгө нь битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.
Иймд шүүгдэгч У.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл Бонго-3 маркийн, ... улсын дугаартай авто машин нь шүүгдэгч У.Г-н өмчлөлийн машин мөн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 10/, шүүгдэгч У.Г-н өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох, мөн шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдэж олсон 3,000,000 төгрөгийг мөн хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Г нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох өөрийн эзэмшлийн Бонго-3 маркийн ... маркийн автомашиныг мөрдөн шалгах ажиллагааны явцад эзэмшигчид нь хадгалуулж битүүмжилсэн байдаг ба уг авто машиныг хөрөнгийн үнэлгээний А ХХК-иар үнэлгээ тогтоолгож, 12,000,000 төгрөгөөр үнэлүүлжээ.
Шүүгдэгч У.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Бонго-3 маркийн ... маркийн автомашиныг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилсэн 2020 оны 10 сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б, У.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хяналтын прокурортой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч У.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хяналтын прокурортой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авхуулах ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Б.Б, У.Г нарт ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш овогт У.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт У.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, У.Г нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-с гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг, шүүгдэгч У.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Бонго-3 маркийн, ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Б.Б, У.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б-н эд хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 8.8-т зааснаар шүүгдэгч У.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Бонго-4 маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 10 сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, У.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.Ц