Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Г.М

Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт П.Н-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Орхон аймгийн сум дундын шүүхийн ... оны ...-р сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн .:.. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх Г овогт П.Н

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Н нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг “З” нэртэй зоогийн газрын баруун урд талд Т.Ү-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний барьж аван газар унагааж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 11 сарын 08-ний өдөр би том машинаа Н-тай хамт засаж байсан чинь Ү ирсэн. Удалгүй манай эхнэр хүүхдүүдийн хамт ирээд өнөөдөр Х банк орж эдийн засагчтай уулзлаа банкнаас зээлийн мөнгө нэхэж байна гэж хэлээд төрсөн дүү Ү-тэй энэ талаар ярилцаад хоорондоо хэрүүл маргаан хийгээд муудалцаад Ү хэл амаар доромжлоод байхаар нь би “чи одоо битгий гудамжинд хэрүүл маргаан хийгээд бай, эндээс явж үз” гэж хэлэхэд чи намайг яв зайл гэдэг хэн юм бэ? гэж хэлээд миний өөдөөс салаавч гаргаад машины хажуу талд байсан төмөр бариад цохих гээд дайраад байхаар нь босож ирээд булааж хаяад өргөөд газар унагасан. Тэгээд Ү ээж рүүгээ залгаад ээжээ та хүрээд ир би босож чадахгүй миний түнх хугарчихлаа Н ах намайг зодоод байна гэж хэлсэн. Мөн цагдаа руу залгаад намайг хүн зодоод байна гэж хэлээд дуудлага өгсөн. Удалгүй манай эхнэрийн ээж нь ирэхэд Ү ээждээ хандан Н ах намайг зодоод гэж хэлээд босож ирээд лантуу бариад дайраад мөн хадам ээж над руу дайраад Ү-н барьж байсан лантууг булааж хаясан Тэгээд Ү миний өөдөөс цохиж нүдэж дайраад хадам ээж миний хойд талаас дайраад өөрийнхөө гар утсаар хэд хэдэн удаа цохьсон. Ийм л зүйл болсон” гэв.

Хохирогч Т.Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Өнөөдөр буюу 2020 оны 10-р сарын 07-нд манай хадам ах Н 17 цагийн орчим машин засаж байна, надаа түлхүүр олоод ир гэсэн. Тэгэхээр нь би түлхүүрийг нь хайж байгаад олоод ирсэн. Тэгээд хоорондоо эд хөрөнгийн маргаанаас болоод маргалдсан. Н ах намайг нэг удаа өшиглөсөн тэгэхээр нь зөрүүлээд өшиглөх гэсэн боловч миний хөл хүрээгүй. Тэгээд миний хүзүүн дээрээс гараараа боож байгаад газар унагасан. Намайг газар унах үед баруун ташаан тус газар чулуу таарч одоо миний баруун ташаа өвдөөд байна.  Би гомдолтой байна. Намайг удаа дараа зодож байгаа юм. тэгээд арай хийж босож ирээд хүргэн дээрээ очоод яаж байгаа юм гэж хэлээд очиход заамдаад авахаар нь би зөрүүлээд авахад хүргэний охин Н.Х машины бродок төмөр бариад намайг цохих гэж байхад нь манай ээж урдуур нь орж гараараа хаагаад гараа цохиулсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. П.Н бид хоёр дундаа авсан автомашины мөнгөнөөс болж маргалдсан юм. Миний хувьд толгойны өвчин намдаах эм авч уусан. Мөн 15 хоног толгой хөлөө бариулсан. Нийт 200 гаруй мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Хохирлын ямар нэгэн баримт байхгүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/

Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Манай хүү Ү намайг хүрээд ир гээд утсаар дуудахаар нь би яваад очтол манай хүргэн Х.Н нь манай хүү Ү-г аваад шидэж байсан. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад байсан. Хүргэн Н миний хүү Ү-н толгой руу 1 удаа цохиж байсан. Манай зээ охин Н.Э нь манай хүү рүү төмрөөр цохих гэж байхад нь би булааж авах гэж байгаад баруун гараа хальт цохиулсан. Дахиад цохих гэхэд нь манай бэр Э булаагаад авсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд салгаад аваад явсан ...би гэрээсээ гараад такси бариад Ү-н байгаа газар ирэхэд манай хүргэн манай төрсөн хүүхэд Ү 2 хоорондоо хэрүүл маргаан болчихсон, манай хүүхэд Ү-г хүргэн Н газар аваад шидчихсэн. Тэгээд би тэр хоёрын  дундуур ороод учрыг нь олох гээд байж байхад  манай зээ охин Н.Э манай хүүхэд Ү-н барьж байсан төмрөөрөө толгойн хэсэг рүү цохих гэж байхаар нь би дундуур нь орж хүүгээ хамгаалах гэсэн чинь миний баруун талын гар луу цохьсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад энэ талаар дуудлага мэдээлэл өгсөн. Н гэх хүн миний биед гэмтэл учруулаагүй. Харин зээ охин Э миний биед гэмтэл учруулсан”” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 54-55/

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…пивонуудыг хүнд хүргэж өгөөд буцаад ирэхэд Ү ах Н эгч хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байсан. Н ах Ү ахыг чи яв гэж хэлсэн чинь урдаас нь дайраад хэл амаар доромжлоод салаавч гаргаад машины хажуу талд газар байсан жижиг төмрийг Үнэнхүү ах барьж аваад Н ахыг цохих гээд дайрах үед Н ах төмрийг нь авч хаяад Ү ахыг өргөөд газар унагаасан. Ү ах газар унаад босож ирэхгүй миний сүүж хугарчихлаа  гэж хэлээд ээжийгээ дуудсан. Удалгүй Ү ахын ээж нь гарч ирээд Ү ах газраас босож ирээд тэр хоёр Н ах руу дайраад ганц нэг цохиж авсан.  Тэр үед нь Ү ахын барьж байгаад газар унагаасан төмрийг Э бариад зогсож байх үедээ Ү ахын ээж буюу эмээгээ салгах үед эмээ нь Э-г үсдээд цохиод Э барьж байсан төмөртэй гараараа эмээг цааш нь түлхэж би Э-г аваад холдсон. Тэгээд би эргээд харсан чинь Ү ах Н ахын гар утсыг бетон хашаа руу шидэж байсан. удалгүй цагдаагийн албан хаагч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

Насанд хүрээгүй гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…буцаад ирэхэд манай аавтай Ү ах хэрүүл маргаан хийгээд манай аав Н-г хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод мөн намайг хэл амаар доромжилж байхдаа Ү ах газраас төмөр бариад аав руу цохих гээд дайраад байхаар нь аав Ү ахыг тэвэрч аваад газар унагаасан. Ү ах газар унахдаа барьж байсан төмрөө хажуу талдаа унагаасан. Би тэр төмрийг нь очиж авч бариад зогсож байтал Ү ах эмээг дуудсан. Удалгүй эмээ ирээд Ү ах газар хэвтэж байснаа босож ирээд дахин аавтай хэрүүл маргаан хийгээд тэр хоёр хэрүүл маргаан хийж байхад би машины хажуу талд зогсож байхад эмээ миний үснээс зулгаагаад өшиглөөд байхаар нь нэг удаа түлхэхэд эмээ хойшоо болоод намайг хэл амаар доромжлоод аав Ү ах тэр хоёр дундуур орж салгаж эмээ цагдаад дуудлага өгч цагдаагийн албан хаагч нар ирээд аав, Ү ах хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би төрсөн дүү Ү-д хандан зээлийн хүү өндөр байна, зээлээ хурдан дарж дуусгах талаар хэлсэн. Миний барьж байгаа машин  эвдрээд явж болохгүй байна наад машин чинь зүгээр байгаа биз дээ гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр Ү-д хандаж чи дуугай бай гэж хэлэхэд Ү урдаас нь хэл амаар доромжилж тэр хоёр хоорондоо хэрэлдэж Үнэнхүү төмөр бариад манай нөхөр лүү дайраад байж байхад манай охин, найзын хамт ирсэн.  Тэгээд Ү манай нөхөр лүү дайраад байхаар нь манай нөхөр Ү-г тэвэрч аваад газар унагаасан.  Тэгсэн чинь Ү газар унаад ээжийн гар утас руу залгаж ээжийг дуудсан.  Удалгүй ээж ирээд газар хэвтэж байсан Ү босож ирээд дахин манай нөхөртэй муудалцаад тэрний хажуугаар бас манай ээж охиныг хэл амаар доромжлоод үснээс нь зулгаах үед манай охин ээжийг түлхсэн. Тэгсэн чинь Ү манай нөхөр хоёр хоорондоо зууралцаад ноцолдож байхад ээж тэр хоёрын дундуур орж салгаж Үнэнхүү манай нөхрийн гар утсыг аваад шидэж байсан. Манай ээж цагдаад дуудлага өгч цагдаагийн алба хаагч нар ирэх үед би яваад өгсөн. Манай нөхөр Ү-г тэврээд газар унагаасан. Цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

2020 оны 10-р сарын 07-ны өдрийн 1131 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13-18/

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 16-17/

2020 оны 10-р сарын 12-ны өдрийн 04/122 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны

-Т.Ү-н биед баруун түнхний үе орчмын зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Учирсан гэмтлүүд нь баруун түнхний үе орчмын зөөлөн эдийн гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба тархи доргилт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70, 74/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн тодорхойлолт /хх-ийн 66/

Шүүгдэгч П.Н-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 84/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч П.Н нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг “З” нэртэй зоогийн газрын баруун урд талд хохирогч Т.Ү-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг барьж аван газар унагааж эрүүл мэндэд нь баруун түнхний үе орчмын эдийн гэмтэл, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.

Шүүгдэгч П.Н-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч П.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... миний хүзүүн дээрээс гараараа боож байгаад газар унагасан. Намайг газар унах үед баруун ташаан тус газар чулуу таарч одоо миний баруун ташаа өвдөөд байна.  Би гомдолтой байна. Намайг удаа дараа зодож байгаа юмтэгээд арай хийж босож ирээд хүргэн дээрээ очоод яаж байгаа юм гэж хэлээд очиход заамдаад авахаар нь би зөрүүлээд авахад хүргэний охин Н.Х машины бродок төмөр бариад намайг цохих гэж байхад нь манай ээж урдуур нь орж гараараа хаагаад гараа цохиулсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. П.Н бид хоёр дундаа авсан автомашины мөнгөнөөс болж маргалдсан юм. Миний хувьд толгойны өвчин намдаах эм авч уусан. Мөн 15 хоног толгой хөлөө бариулсан. Нийт 200 гаруй мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Хохирлын ямар нэгэн баримт байхгүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 42-44/, гэрч Л.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Манай хүү Ү намайг хүрээд ир гээд утсаар дуудахаар нь би яваад очтол манай хүргэн П.Н нь манай хүү Ү-г аваад шидэж байсан. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад байсан. Хүргэн Н миний хүү Ү-н толгой руу 1 удаа цохиж байсан. Манай зээ охин Н.Э нь манай хүү рүү төмрөөр цохих гэж байхад нь би булааж авах гэж байгаад баруун гараа хальт цохиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 54-55/, гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Н ах Ү ахыг чи яв гэж хэлсэн чинь урдаас нь дайраад хэл амаар доромжлоод салаавч гаргаад машины хажуу талд газар байсан жижиг төмрийг Ү ах барьж аваад Н ахыг цохих гээд дайрах үед Н ах төмрийг нь авч хаяаад Ү ахыг өргөөд газар унагаасан. Ү ах газар унаад босож ирэхгүй миний сүүж хугарчихлаа  гэж хэлээд ээжийгээ дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,  насанд хүрээгүй гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…буцаад ирэхэд манай аавтай Ү ах хэрүүл маргаан хийгээд манай аав Н-г хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод мөн намайг хэл амаар доромжилж байхдаа Ү ах газраас төмөр бариад аав руу цохих гээд дайраад байхаар нь аав Ү ахыг тэвэрч аваад газар унагаасан. Ү ах газар унахдаа барьж байсан төмрөө хажуу талдаа унагаасан. Би тэр төмрийг нь очиж авч бариад зогсож байтал Ү ах эмээг дуудсан. Удалгүй эмээ ирээд Ү ах газар хэвтэж байснаа босож ирээд дахин аавтай хэрүүл маргаан хийгээд тэр хоёр хэрүүл маргаан хийж байхад би машины хажуу талд зогсож байхад эмээ миний үснээс зулгаагаад өшиглөөд байхаар нь нэг удаа түлхэхэд эмээ хойшоо болоод намайг хэл амаар доромжлоод аав Ү ах тэр хоёр дундуур орж салгаж эмээ цагдаад дуудлага өгч цагдаагийн албан хаагч нар ирээд аав, Ү ах хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,  гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Ү манай нөхөр лүү дайраад байхаар нь манай нөхөр Ү-г тэвэрч аваад газар унагаасан. Тэгсэн чинь Ү газар унаад ээжийн гар утас руу залгаж ээжийг дуудсан. Удалгүй ээж ирээд газар хэвтэж байсан Ү босож ирээд дахин манай нөхөртэй муудалцаад тэрний хажуугаар бас манай ээж охиныг хэл амаар доромжлоод үснээс нь зулгаах үед манай охин ээжийг түлхсэн. Тэгсэн чинь Ү манай нөхөр хоёр хоорондоо зууралцаад ноцолдож байхад ээж тэр хоёрын дундуур орж салгаж Ү манай нөхрийн гар утсыг аваад шидэж байсан. Манай ээж цагдаад дуудлага өгч цагдаагийн алба хаагч нар ирэх үед би яваад өгсөн. Манай нөхөр Ү-г тэврээд газар унагаасан. Цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/, 2020 оны 10-р сарын 07-ны өдрийн 1131 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13-18/,  2020 оны 10-р сарын 12-ны өдрийн 04/122 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч П.Н нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч П.Н нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Т.Ү нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “шүүгдэгч П.Н-с хохирлын талаар ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 44/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Н нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч П.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч Т.Ү хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул хохирол төлбөргүй гэж үзэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч П.Н-т ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас улс орон даяар өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн, иргэд аж ахуйн нэгжийн орлого буурсан зэрэг  нөхцөл байдлуудыг харгалзан торгуулийн ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                                    Д.Ц