| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0012/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.М |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.М
Шүүгдэгч Ч.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ч.П-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 03 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багт оршин суух, хувиараа хот хооронд ачаа тээвэр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, М овогт Ч.П,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.П нь 2021 оны 02-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт хамтран амьдрагч Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 02-р сарын 14-ны шөнө өөрийн хамтран амьдардаг Б.Б-н хамтаар найз Д гэх айлд сар шинээр золгох гэж очсон. Тэгээд тухайн айлдаа архи уусан. Тэгтэл манай эхнэр согтуу байсан. Би ч бас согтуу байсан. Тэгсэн чинь манай эхнэр утсаа оролдоод суугаад байхаар нь би “хэнтэй юу яриад байгаа юм” гээд уурласан. Тэгээд л юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь цагдаагийн эрүүлжүүлэх байранд сэрсэн. Маргааш өглөө нь би эхнэрийнхээ толгойг хагалсан гэж мэдсэн. Би өөр зүйл санахгүй байна. Би өөрийн хийсэн хэргийн талаар сайн санахгүй байна. Би согтуу байсан. Гэхдээ би эхнэртээ гар хүрч зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/
Шүүгдэгч Ч.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 02 сарын 13-наас 14-ний өдрийн шилжих шөнө болсон. Манай найз манайд ирээд 1 шил архи уугаад, найзын гэрт манайхаас гарч гэрт нь очоод 1 шил архи уугаад тасраад би унтсан байсан. Сэрээд бөөлжиж байсан чинь эхнэр утсаа над руу шидсэн. Нэг мэдсэн эхнэрээ үсдсэн зогсож байсан. Тэрийг л санаж байгаа. Би ер нь архи уудаггүй, баярын өдөр болохоор жаахан уусан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би нөхөр Ч.П-н хамт найз Д гэх айлд очиж сар шинийн архи хувааж уусан тэгээд архи дуусахаар нь би дуудлагаар архи зардаг хүнтэй утсаар ярьж байсан чинь манай нөхөр намайг буруугаар ойлгоод тухайн үед хардсан юм шиг байна лээ. Тэгээд манай нөхөр чи хэнтэй яриад байгаа юм бэ? гэхээр нь би өөрийнхөө утсыг шидсэн тэгсэн чинь миний утас тухайн айлын муу ус хийдэг хувинтай угаац руу орж нороод ярих боломжгүй болсон. Тэгсэн чинь манай нөхөр улам намайг хардаж бөөн юм болсон. Тэгээд би нөхөртөө зөвөөр тайлбарласан боловч намайг ойлгохгүй намайг шууд үснээс доошоо дарж юугаар цохисныг мэдэхгүй байна. Миний толгойноос нэг мэдсэн цус гарсан. Би сумын эмнэлэгт үзүүлсэн чинь миний толгой хагарсан байсан. Нөхөртөө зодуулсны дараа өөрийн төрсөн эгчийнхээ утсаар дуудсан чинь манай эгч ирээд цагдаа дуудсан байсан. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байсан. гомдол санал байхгүй. Нөхрөөсөө ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/
Шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч Б.Б-н биед тархи доргилт, толгой ар дагз хэсэгт хуйханд язарсан шарх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааарна. Хохирогч Б.Б-н биед учирсан бусад гэмтлүүд болох баруун гарын хажуу хэсэгт зулгаралт, зүүн мөрний хэсэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын гарын ар талд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
2021 оны 02-р сарын 17-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/47 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
-Б.Б-н биед тархи доргилт, толгой ар дагз хэсэгт хуйханд язарсан шарх, баруун гарын хажуу хэсэгт зулгаралт, зүүн мөрний хэсэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын ар талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
-Учирсан гэмтлүүдийн тархи доргилт болон хуйхан дахь язарсан шарх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-17/
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 18-20/
2021 оны 02-р сарын 14-ны өдрийн 139 дугаарай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-40/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 07/
Хохирогч Б.Б-г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар хүсэлт /хх-ийн 49/
Шүүгдэгч Ч.П-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Ч.П нь 2021 оны 02-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт хамтран амьдрагч Б.Б-н үснээс нь зулгааж, толгойн тус газар нь цохиж, зоджээ.
Шүүгдэгч Ч.П-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.П-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би нөхөртөө зөвөөр тайлбарласан боловч намайг ойлгохгүй намайг шууд үснээс доошоо дарж юугаар цохисонг мэдэхгүй байна. Миний толгойноос нэг мэдсэн цус гарсан. Би сумын эмнэлэгт үзүүлсэн чинь миний толгой хагарсан байсан. нөхөртөө зодуулсны дараа өөрийн төрсөн эгчийнгээ утсаар дуудсан чинь манай эгч ирээд цагдаа дуудсан байсан. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Б-н биед тархи доргилт, толгой ар дагз хэсэгт хуйханд язарсан шарх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааарна. Хохирогч Б.Б-н биед учирсан бусад гэмтлүүд болох баруун гарын хажуу хэсэгт зулгаралт, зүүн мөрний хэсэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын гарын ар талд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, 2021 оны 02-р сарын 14-ны өдрийн 139 дугаарай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22/, 2021 оны 02-р сарын 17-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/47 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ч.П нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ч.П нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол санал байхгүй. Нөхрөөсөө ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй” /хх-ийн 33-35/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.П нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ч.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч Б.Б хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул хохирол төлбөргүй гэж үзэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Ч.П-д ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ч.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.Ц