Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 436

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЮК ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: ЮК ХХK-ийн өмчлөлийн Ногоон байр болон Сэрүүн асар тэдгээрийн орчмын 6185 м.кв газрыг ЮК ХХК-д эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус байршилд ЮК ХХК-д 6185 мкв газар эзэмших эрх олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЮК, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ЮК ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Юнайтад колорс ХХК нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшлийн Ногоон байр-д хими цэвэрлэгээний үйл ажиллагаа, тус байрны ард байрлах Сэрүүн асар-т асрын үйл ажиллагаа эрхэлж байгаа болно.

Тус компани нь 2000 оноос хими цэвэрлэгээ болон асрын үйл ажиллагаа явуулж байсан компаниас тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль болоод журмын дагуу хийгдсэн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан бөгөөд дээрх газарт 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газар болон тус газрын ойр орчмын бүхий л газрыг арчлан хамгаалж, цэвэрлэгээ, тохижилтыг гүйцэтгэсээр ирсэн.

Нийслэлийн С дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшлийн Ногоон байр-д хими цэвэрлэгээний үйл ажиллагаа, тус байрны ард байрлах Сэрүүн асар-т үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан өмчлөх эрхээ баталгаажуулах боломжгүй болоод байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгөөр шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй... гэж заасны дагуу манай компани үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан шударга өмчлөгчийн хувьд өмчлөх эрхээ баталгаажуулах шаардлагатай байгаа болно.

Цаашид компани өөрийн өмчлөлийн байр болон асрын орчмын 6185 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшин, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа тул газар эзэмших хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан.

Захиргааны ерөнхий хууль болоод Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэн хариу өгөх ёстой боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасны дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. ЮК ХХК нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа ба компанийн эзэмшихийг хүсч буй дээрх газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүйн зэргэцээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар тус газарт газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргаас олгохоор зохицуулсан ба манай компани нь тус газарт газрын дуудлага худалдааны анхны үнэ болоод холбогдох зардлыг төлөх бүрэн боломжтой бөгөөд төлөхөд бэлэн байгаа болно.

Иймд ЮК ХХК-ийн өмчлөлийн Ногоон байр болон Сэрүүн асар тэдгээрийн орчмын 6185 м.кв газрыг ЮК ХХК-д эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус байршилд ЮК ХХК-д 6185 м.кв газар эзэмших эрх олгохыг даалган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хоёр. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн газрын албаны даргаас шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ОХУ-ын талаас 1999 онд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт Ленин клубын барилгаа бүртгүүлж, үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж байсан ба Цагаан шонхор ХХК тухайн байрыг түрээсэлж байсан байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны шийдвэрээр дээрх 1999 оны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тухайн барилга нь өнөөдрийн байдлаар хэний өмчлөлд байгаа талаар лавлагаа хүссэн албан бичгийг, тус албанаас хүргүүлсэн боловч тодорхой хариу ирүүлээгүй болно.

1981 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНМАУ-ын Гадаад хэргийн яамнаас ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлсэн А-81/******* дугаартай албан бичигт 1927 онд ЗСБНХУ-ын иргэдийн клубын барилгад зориулж 1.05 га газрыг 3 жилийн хугацаатай Монголын талаас олгож, 1929 оны 04 дүгээр сарын 11-нд одоогийн Ленин клуб албан ёсоор нээгдсэн. 1930 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дээрх газрын эзэмших хугацааг 30 жилээр сунгасан гэдэг нь тэр үеийн архивын бичиг баримтаар нотлогдож байна.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1981 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 262 дугаар тогтоолоор Ленин клуб байрлаж байгаа 1.05 га газрыг Монгол улсад суугаа ЗСБНХУ-аас Элчин сайдын яаманд хугацаагүйгээр, төлбөргүйгээр, татваргүйгээр, ашиглалтын хураамжгүйгээр шилжүүлсэн байдаг.

Монгол улсын засгийн газрын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор дээрх клубын эзэмшилд олгосон 1.05 га газрын эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй гээд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1981 оны 262 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

Ленин клубын барилгын өмчлөлийн маргаантай асуудал эцэслэн шийдэгдэж, хууль ёсны өмчлөгч тогтоогдсоны дараа Нийслэлийн Засаг дарга газрын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх болно.

Нэхэмжлэгч ЮК ХХК-ний нэхэмжлэлд дурдсан Ногоон байр болон Сэрүүн асар нь тус компанийн хууль ёсны өмч эсэх нь тодорхойгүй мөн барилгууд нь зохих зөвшөөрлийн үндсэн дээр барьсан эсэх нь ойлгомжгүй байх тул тус компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч ЮК ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ЮК ХХК-д эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанид 6185 мкв газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

Анх ЮК ХХК нь 2000 онд Нийслэлийн С дүүргийн 1 дүгээр хороонд нийт 6185 м.кв газарт байрлах Ногоон байр-д хими цэвэрлэгээний үйл ажиллагаа, тус байрны ард байрлах Сэрүүн асар-т асрын үйл ажиллагаа эрхэлж байсан компаниас дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч улмаар 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн гэх нэхэмжлэгчийн тайлбартай хариуцагч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

ЮК ХХК болон Цагаан шонхор холдинг ХХК ний хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга худалдах, худалдан авах гэрээ-г байгуулснаар 6185 м.кв талбай бүхий газарт байрлах Сэрүүн асар,Ногоон байр-ыг тус тус худалдан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Цагаан шонхор ХХК-ийн 01/666 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байна.

Түүнчлэн дээрх газар нь бусдын эзэмшлийн газартай давхцаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон шүүхээс хийсэн үзлэгээр нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д хөдлөх ,үл хөдлөх хөрөнгөөр шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй... гэж, заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь шударгаар олж авсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх гэж заасны дагуу ЮК ХХК нь дээрх 6185 м.кв газрыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргаас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч компанийн хүсэлтийг шийдвэрлэсэн талаар ямар нэгэн хариу өгөөгүй болох нь хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд Захиргааны ерөнхий хууль болон Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөөгүй нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэсэн үндсэн зарчмыг зөрчиж, газрын харилцаанд тэгш байдлыг хангалгүй,алдагдуулж нэхэмжлэгчид тэгш бус байдлыг бий болгожээ.

Нэхэмжлэгч ЮК ХХК нь бид газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ЮК ХХК-д газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 6185 м.кв газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл, 31 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч ЮК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ЮК ХХK-ийн өмчлөлийн Ногоон байр болон Сэрүүн асар тэдгээрийн орчмын 6185 м.кв газрыг ЮК ХХК-д эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус байршилд ЮК ХХК-д 6185 мкв газар эзэмших эрх олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ