| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2022/0465/З |
| Дугаар | 221/МА2022/0794 |
| Огноо | 2022-12-14 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2022/0794
“Т...” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э
Нэхэмжлэгч: “Т...” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Б, улсын байцаагч О.О, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б, Б.Э, улсын байцаагч М.М
Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 тоот албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 711 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э
Хариуцагч О.О, Б.Э, М.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0465/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т...” ХХК-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч нарт холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 тоот албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8 дахь заалтад тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “Т...” ХХК-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Б, улсын байцаагч О.О, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б, Б.Э, улсын байцаагч М.М нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 тоот албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-р хуудаст 4 дэх хэсэгт хариуцагч улсын ахлах байцаагч нарын Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны тухай хууль /ийм нэртэй хууль Монгол Улсад байхгүй/, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Усны тухай хуульд заасан бүрэн эрхийг нэрлэн зааж үндэслэх хэсгийн 5-д “үүнтэй холбогдуулан шүүх нэхэмжлэгч “Т...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу батлагдсан хориглосон болон хязгаарласан талбайд компанийн тусгай зөвшөөрлийн талбай багтсаны улмаас ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан тайлан, төлөвлөгөөг гаргах болон нөхөн сэргээлт хийх шаардлагагүй, хог хаягдал болон газрын төлбөрийн асуудал үүсэхгүй байхад бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй шаардлага тавьсан гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч нарын “2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763” тooт албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй нь үндэслэлгүй гэж үзлээ” гэжээ.
3.2. Нэхэмжлэгч нь тус хариуцагч албан тушаалтнууд эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргаж нэхэмжлэгч компанид даалгавар өгөхдөө “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” зүйлийг шаардсан хэмээн маргасан. Энэ тохиолдолд эрх хэмжээтэй эсэхэд биш албан даалгаварт дурдаж буй зүйлс бодитой эсэх, хэрэгжүүлэх бодит боломжтой эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч албан шаардлагад дурдсан зүйл яагаад биелүүлэх боломжгүй талаар нэхэмжлэлд дэлгэрэнгүй дурдаж маргасан боловч шүүх тус үндэслэлүүдийн талаар нэг бүрчлэн дүгнэж шийдвэрлээгүй байна.
3.3. Тухайн тохиолдолд хариуцагч албан тушаалтнууд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан ажиллагааг хийгээгүйн улмаас бодит нөхцөл байдлаас өөр нөхцөл байдлыг тогтоож хэрэгжүүлэх боломжгүй үйл ажиллагааг нэхэмжлэгчээс шаарджээ. Үүнд:
2016, 2017 онд мөн түүнээс өмнө ч олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байхад 2016, 2017 оны уулын ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлээгүй гэж;
Нэгэнт тухайн жилүүдэд олборлолтын болон нэмэлт хайгуулын ажил явуулахаар төлөвлөөгүй тул тухайн жилийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх гэх ойлголт байхгүй атал тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг журмын дагуу гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх, нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон шаардлагыг цаг тухайд нь биелүүлэн ажиллах даалгавар өгсөн;
Дээрх дурдсаны дагуу үйл ажиллагаа явуулаагүй тул Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр батлах, түүний дагуу агаар, хөрс, уснаас шинжилгээ тогтмол хийлгэж, байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянаж, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах гэх ойлголт утга учир байхгүй зүйлийг шаардсан;
Олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүйн улмаас эвдрэлд орсон газар гэж байхгүй. Гэсэн атал олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газар болон нутгийн захиргааны байгууллагаас зааж өгсөн газарт техник, биологийн дүйцүүлэн нөхөн сэргээлт хийж нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа нь учир утга, логик байхгүй;
Газар эзэмших эрхийн гэрчилгээ авч гэрээ байгуулаагүй байхад Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүрэг болох Газрын төлөв улсын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, хянан баталгааны зөвлөмж, дүгнэлтийг хэрэгжүүлж ажиллахыг шаардсан;
Худаг гаргаж ус ашиглаагүй атал Эрх бүхий байгууллагад хандаж ус ашиглах дүгнэлт гаргуулах, гэрээ байгуулж, ус ашиглаж төлбөр төлөхийг шаардсан;
Газар эзэмших эрхийн гэрчилгээ холбогдох эрх бүхий этгээдээс олгоогүй байхад Газар эзэмшлийн гэрээ байгуулж газрын төлбөрийг төлөхийг шаардсан.
Үйл ажиллагаа явуулж тус үйл ажиллагаанаас хог хаягдал гаргаагүй байхад Эрх бүхий мэргэжлийн байгууллагатай хог хаягдлын гэрээ байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагыг тавьсан.
Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-р хуудаст “Тодруулбал 3ахиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” байх гэсэн шинж нь дүгнэлт хийх чадвартай хүн бүхний хувьд нийтийн болон хувийн эрх зүйн аль ч салбарт хамаарах асуудлаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй үүргийг ногдуулжээ хэмээн дүгнэхүйц байна гэсэн үг” гэжээ.
3.4 Маргаан бүхий захиргааны актаар шаардаж байгаа зүйлийг хэрэгжүүлэхийн тулд хийгээгүй уулын ажил /олборлолтын нэг хэсэг/-даа тайлан гаргаж, төлөвлөөгүй ажилдаа төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаа явуулаагүй атлаа үйл ажиллагааны улмаас үүсэх нөлөөллийг бууруулах менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж тайлагнаж, агаар, ус, хөрсний шинжилгээ хийх цаг тухайд нь биелүүлж ажиллах, олборлоогүй талбайн, эвдрэлд ороогүй газар дээрээ техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, эзэмших эрхийн гэрчилгээгүй газартаа төлөв байдлын үнэлгээ хийж газар эзэмших гэрээ байгуулж төлбөр төлж, гаргаагүй худагтаа зөвшөөрөл авч, улмаар тоолууржуулж, байхгүй хог хаягдлыг хаяулах талаар эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах болж байна. Энэ бол жинхэнээсээ дүгнэлт хийх чадвартай хүн бүхний хувьд аль ч салбарт бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зүйл юм.
3.5. Шүүх холбогдох нотлох баримтыг огт үнэлж дүгнэлт хийгээгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 34.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч нарын маргаан бүхий захиргааны актад дурдаж буй бодит үйл баримтуудыг үгүйсгэсэн хэд хэдэн баримтууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан. Тухайлбал:
Хавтаст хэргийн 24 болон 110-д тус тус авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02-02/1534 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр дараах нөхцөл тодорхой болсон.
Улсын байцаагчид “Т...” ХХК-ийг зөвшөөрөлгүй худаг 2 ширхэг гаргаж ашигласан гэх боловч тус худгуудыг 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Юра овогтой Эрдэнэчимэг фермерийн аж ахуй зориулалтаар гap apraap зөвшөөрөлгүйгээр 11м гүнтэй гаргаж улмаар 2013 онд бүртгүүлсэн, харин нөгөө худгийг иргэн Н.Отгонбаяр 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 35м гүнтэйгээр зөвшөөрөлгүйгээр гаргаж 2013 онд бүртгүүлсэн гэж дурдсан.
Улсын байцаагчид “Т...” ХХК-ийг 0,3га орчим газрыг талбайн хөрсийг хөндсөн гэж дурдах боловч тус газрыг ХУД-ийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн A/257 тоот захирамжаар “М...” ТББ-д жимс, жимсгэнийн усалгаатай тариалангийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 299977м.кв газар эзэмших эрх олгосон болох нь тогтоогдсон.
Мөн “М...” ТББ нь тус газартаа мод үрслэгээний тариалан хийдэг болох нь үзлэгээр тодорхой болсон бөгөөд тус байгууллагын эзэмших эрхтэй газартаа тариалан эрхлэх зорилгоор хөрс хөндсөнийг “Т...” ХХК-ийг олборлолтын зорилгоор газарт эвдрэл үүсгэсэн гэж дүгнэсэн болох нь тодорхой болсон. Шүүх хуралдаан дээр хариуцагч нар дээрх байдлаар дүгнэлт хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн.
Мөн “Т...” ХХК-г олборлолтын зорилгоор газарт эвдрэл үүсгэж овоолго бий болгосон гэж дүгнэсэн хэсэг нь тухайн талбайгаар дайран өнгөрч буй эрчим хүчний бетон шонг хүчитгэх зорилгоор тус хэсгээс хайрга авч дэргэдэх эрчим хүчний шонгийн суурийг тойруулан овоолсон болох нь үзлэгээр тодорхой болсон. Тус эрчим хүчний шугам хэн барьж байгуулсан нь тодорхойгүй байх боловч тус бүс нутгийн эрчим хүчний сүлжээний нэг хэсэг болох нь тодорхой байсан.
3.6. Эдгээр баримтуудаар хариуцагч албан тушаалтнууд нэхэмжлэгчийг өөрийнх нь явуулсан олборлолтын үйл ажиллагааны улмаас үүссэн газарт нөхөн сэргээлт явуулах бус харин тус тусгай зөвшөөрөл бүхий талбайтай бүхэлд нь давхцуулан ХУД-ийн Заcar даргаас усалгаатай газар тариалан зориулалтаар эзэмшүүлсэн “М...” ТББ-ын газар тариалангийн эзэмших эрхтэй газартаа явуулсан газар тариалангийн талбайд болон тус талбайгаар дайран өнгөрч буй эрчим хүчний шугам барьсан этгээдийн шугам барихад шонгоо хүчитгэх зорилгоор газар дээрээс авч ашигласан хэсэгт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгөх, түүнээс үүсэх нөлөөллийг бууруулах төлөвлөгөө баталж хэрэгжүүлж, хэмжилт хийж тайлагнах үүргийг оногдуулсан болох нь тодорхой болсон. Mөн 2013 оноос хойш бүртгэлтэй байсан 2 иргэний гаргасан худагт зөвшөөрөл авч, тоолууржуулж ашиглах даалгавар өгсөн нь ч тодорхой болсон.
3.7. Гэтэл шүүх дээрх нотлох баримтуудын талаар огт дурдсангүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх тогтоох хэсэгт үнэлж дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д заасан нотлох баримтыг үнэлэх болон мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчжээ. Үүнээс шалтгаалан
шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй.
3.8. Дээрх хууль хэрэглээний болон нотлох баримт үнэлэх, дүгнэх талаар хуульд заасан процессыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан үндсэн шаардлагыг хангаж чадаагүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0711 шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “Т...” ХХК нь “...Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан хориглосон, хязгаарласан талбайд багтсан байсан тул компани үйл ажиллагаа явуулаагүй ... Хуулиар үйл ажиллагаа явуулахыг хориглож, хязгаарласан байхад дээрх албан шаардлагыг тавьсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт гэж тайлбарлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 тоот албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гарган маргасан байна.
2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн Байгаль орчны дарга болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хамтран баталсан 2017/16 дугаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамжийн дагуу хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Б, улсын байцаагч О.О, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б, Б.Э, улсын байцаагч М.М нар 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Бөхөгийн голын адаг-1 нэртэй 104.45 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын MV-011893 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Т...” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн байна.
2.3. Дээрх хяналт шалгалтаар “Т...” ХХК-д “уурхай дээр зайлшгүй байх ёстой баримт бичгийн бүрдүүлбэр дутуу”, “2016 оны Уулын ажлын тайлан”, “2017 оны Уулын ажлын төлөвлөгөөг батлуулаагүй”, “өмнөх оны байгаль орчны төлөвлөгөөний менежментийг гаргаж тайлагнаагүй”, “Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, уснаас шинжилгээ тогтмол хийлгэж, хэмжилтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч ажиллаагүй”, “олборлолтын болон үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөөгүй”, “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгээгүй”, “Гүний худгийн зөвшөөрөл, дүгнэлтгүй”, “ус авах цэгт тоолуур тавиагүй”, “газар эзэмших гэрээ байгуулаагүй”, “хог хаягдлын гэрээ байгуулаагүй” зэрэг зөрчил илэрсэн тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0105557 дугаар шийтгэврийн хуудсаар торгох шийтгэл ногдуулжээ.
2.4. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 тоот албан шаардлагаар хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар тодорхой ажил зохион байгуулж биелэлтийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дотор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт албан бичгээр ирүүлэхийг мэдэгдэж, тус албан шаардлагыг эс зөвшөөрвөл Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсэн байна.
2.5. Иймд нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” бол захиргааны акт илт хууль бус байх бөгөөд энэ тохиолдолд үйл ажиллагаа явуулаагүй тул улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан тайлан, төлөвлөгөөг гаргах болон нөхөн сэргээлт хийх шаардлагагүй, хог хаягдал болон газрын төлбөрийн асуудал үүсэхгүй байхад бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй шаардлага тавьсан гэх үндэслэлээр маргасанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 тоот албан шаардлагыг “илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий байна.
2.5. Хариуцагч нар нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу шалгалт хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд эрх бүхий албан тушаалтан шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гараагүй байх тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 тоот албан шаардлагыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан ажиллагааг хийгээгүйн улмаас бодит нөхцөл байдлаас өөр нөхцөл байдлыг тогтоож хэрэгжүүлэх боломжгүй үйл ажиллагааг нэхэмжлэгчээс шаардсан, шүүх холбогдох баримтыг үнэлж, дүгнэлт хийгээгүй гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй юм.
2.6. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 тоот албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д захиргааны актын “бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй” байх гэсэн шинжийг агуулаагүй, илт хууль бус байх бодит нөхцөл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх түүнийг хангах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т...” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА