Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 870

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 21 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00870

                  Улаанбаатар хот

 

  

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Худалдааны гудамж, Холбооны 2/20 дугаар байрны 16 тоотод оршин суух, Эрхэт овогт Дашдэндэвийн Энхбат /РД:СО73052219/-ын хүсэлттэй,

 

            Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Өлзийн Алтан-Очир /РД:ЕЙ70041214/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Энхбат шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ө.Алтан-Очирт 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөр төлөгдөөгүй байгаа.

Ө.Алтан-Очир нь зээл авах үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжны 297 тоот хаягт амьдарч байсан бөгөөд уг хаягаар нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан.

...Одоо Ө.Алтан-Очир хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

 

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Алтан-Очирын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар М.Баяраа шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Ө.Алтан-Очир нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжны 297 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШЗ2017/03752 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иймд Д.Энхбатын гаргасан хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Алтан-Очирын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч нь Ө.Алтан-Очирын оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримт байхгүй, оршин суух хаягийг мэдэхгүй, тогтоох боломжгүй гэсэн болохыг дурдлаа.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Өлзийн Алтан-Очир /РД:ЕЙ70041214/-ыг эрэн сурвалжилсугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ө.Алтан-Очирыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Д.Энхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА