Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

           Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч В.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт В-ийн Х-т холбогдох 2012003510035 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч В.Х нь Архангай аймгийн Тариат сумын Рашаан сувиллын газраас 2020 оны 08 дугаар сард 355403106199091 имэй кодтой Самсунг А-60 маркийн гар утас олж тухайн гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч завшиж, бусдад 500.000 төгрөгөөр зарж, хохирогч Ч.Д 498.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч В.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Архангай аймагт рашаан дээр амарч яваад тухайн утсыг олсон. Тухайн утсыг олоход утас цэнэггүй байсан. Замдаа явж байгаад Завхан аймагт гар утас засварт өгөөд асаалгасан. Тэгээд байж байгаад намар ажлын газрын Н утас авна гэхээр нь надад ийм утас байгаа гэж хэлээд тэр утсыг өгсөн байсан. Тэгээд цагдаагаас хаясан утас байна гэж хэлээд ярихаар нь утсаа буцааж авсан. Тэр хүнд хохирол барагдуулаад 800.000 төгрөгийг нь өгсөн. Хохирлыг барагдуулсан байгаа гэв. Юнител үүрэн телефоны газраас ирүүлсэн албан бичиг, лавлагаа /хх-17-31-рт/,

Самсунг маркийн гар утсыг эд мөрийн баримтаар хураан авах тухай тэмдэглэл /хх-ийн 39-рт/ Самсунг маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 67-рт/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.Хийг тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 57-рт/

Есөнбулаг сумын Оргил багийн засаг дарга С.Саруулсайханы тодорхойлолт/ххийн 106-рт/

В.Х-ын Иргэний үнэмлэхийн лавлаагаа /хх-ийн 112-рт/

В.Х-ын Цагдаагийн газарт гаргасан “...цаашид миний бие эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авахгүйгээр өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтэй байна...” гэх хүсэлт, хүсэлтийг бүрэн хангасан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 128-рт/

В.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-рт/

Насанд хүрээгүй хохирогч Ч.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн “...би 2020 оны 07 дугаар сарын дундуур Архангай аймгийн Хадатын рашаан гэх газарт ээж Г.Х-ийн хамт амарч яваад өөрийн эзэмшлийн хар гэртэй цэнхэр өнгийн А-60 маркийн гар утсаа гээгдүүлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан.., миний хохирол барагдуулсан тул надад гомдол санал байхгүй...би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-рт/

Гэрч Г.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд манай хүү Ч.Д нь Архангай аймгийн Тариат сумын Хадатын Рашаан гэдэг газарт амарч байхдаа өөрийн Самсунг А-60 маркийн гар утсаа гээгдүүлсэн болно. Амралын газрын байшин буюу шовгор гэдэг байр нь 50 номерт байсан гэсэн. Орных нь хүмүүс ирлээ та нар гар гээд гарах үедээ утсаа гээсэн байна. Тэгээд утсаа хайгаад олоогүй болно. Миний хүүгийн алдсан гар утасны имэй код нь 355403106199091/03 гэж байгаа...2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай хүү Д нь одоо 13 настай. Утасны дугаар нь 94693669...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-рт/

Гэрч Г.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Танина В.Х нь нэгдсэн эмнэлэгт хамт ажилладаг...би утас авна гээд фейсбүүк дээр зар тавьсан байсан, тэгсэн чинь манай ажлын В.Х надад ийм утас байгаа сонирхох уу гээд хөх өнгийн гэртэй ногоон цэнхэр өнгийн А-60 маркийн гар утас үзүүлсэн. Тэгээд би худалдаж авсан... 2020 оны 08 дугаар сарын үеэр худалдаж авсан санаж байна. А60 маркийн хар өнгийн гэртэй, ногоон цэнхэр өнгийн гар утсыг 500.000 төгрөгөөр бодож сар сардаа 100.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр худалдаж авсан. Тухайн үедээ авсан даруйдаа 100.000 төгрөгийг бэлэн өгөөд авсан. Тэгээд авсан утсаа барьж байсан чинь цагдаагаас ярьсан. Тэгэхээр нь утсаа В.Х-т буцааж өгөөд 100.000 төгрөгөө буцаагаад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-рт/

В.Х-ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хадатын рашаан гэх газарт эхнэр хүүхдийн хамт амрахаар очсон, очоод 2 хоног амарч байгаад рашаан руу явах замаар явж байсан чинь замын хажуу талд нэг утас байж байсан. Тэгээд би тэр утсыг аваад явсан. Тухайн үед уг олсон утас нь цэнэггүй, асахгүй байсан. Тэгээд тэнд 7 хоног амраад Говь-Алтай руу буцсан. Буцах замдаа Завхан аймаг дээр уг утсаа засварын газарт очоод асаалгаад кодыг нь тайлуулсан. Тэгээд нөгөө утсаа унтраагаад явж яваад Говь-Алтай аймагт гэртээ ирсэн. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын эхээр байсан санагдаж байна ажлын газрынхаа Нандин-Эрдэнэ утас авна гэхээр нь нөгөө олсон утсаа зарсан. Зарахдаа нийт 500.000 төгрөгөөр бодож сар бүр 100.000 төгрөг төлөх нөхцөлөөр зарсан. Зарсан даруйдаа 100.000 төгрөгийг бэлэн авсан. Тэгээд байж байтал цагдаагаас яриад тэгээд би Н-ээс зарсан утсаа буцааж аваад уг утасны хаясан эзэнд нь 800.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Уг утсаа цагдаад хүлээлгэж өгсөн...хар өнгийн гэртэй, цэнхэр өнгийн А-60 маркийн гар утас байсан...тухайн гар утсыг би ашиглаагүй нэг удаа сим картаа хийж ажиллаж байгаа эсэхийг нь шалгасан. Тэгээд шалгаад буцаагаад унтраасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 86-87-рт/,

“Ашид билгүүн” ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн 2021 оны 03 дугаар сарын 23- ны өдрийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч В.Х нь Архангай аймгийн Тариат сумын Рашаан сувиллын газраас 2020 оны 08 дугаар сард 355403106199091 имэй кодтой Самсунг А-60 маркийн гар утас олж тухайн гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч завшиж, бусдад 500.000 төгрөгөөр зарж, хохирогч Ч.Д-д 498.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо. Дээрх үйл баримт нь бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэнэ.

Уг гэмт хэргийг шүүгдэгч В.Х үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан “Юнител үүрэн телефоны газраас ирүүлсэн албан бичиг, лавлагаа, Самсунг маркийн гар утсыг эд мөрийн баримтаар хураан авах тухай тэмдэглэл, Самсунг маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Насанд хүрээгүй хохирогч Ч.Дын мэдүүлэг, гэрч Г.Х, Г.Н нарын мэдүүлэг, шүүгдэгч В.Х-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч В.Хыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч В.Х нь хохирогчид 498.400 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 800.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн байна.

Иймд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч В.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулахаар заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар “шүүгдэгч В.Хт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” санал гаргаж байна гэх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч В.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс, хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч В.Х-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ч.Д-н өмчлөлийн 498,400 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-60 маркийн гар утсыг хохирогч буцааж авахгүй гэсэн бөгөөд шүүгдэгч нь 800.000 төгрөгийг хохиролд төлсөн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч В.Х-т буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, В.Х нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Вийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч В.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч В.Хт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг А-60 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч В.Хт буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 800.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА