| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01150/и |
| Дугаар | 849 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 849
| 2017 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 182/ШШ2017/00849 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлттэй,
Гурван дукар овогт Дамчаагийн Давааням /РД:ШД69030374/-ыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн а/х С.Баярсайхан, оролцогч Д.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Д.Давааням нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 31 дүгээр гудамжны 406 тоотод оршин суудаг, байнга архидан согтуурдаг, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд уг хүнийг архины албадан эмчилгээнд явуулахаар материалыг бүрдүүлж хүргүүлэв” гэжээ.
Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн а/х С.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Давааням нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 31 дүгээр гудамжны 406 тоотод оршин суудаг бөгөөд Дэнжийн мянга орчмын гудамж, талбайд байнга архидан согтуурч, иргэдийн болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, өмнө нь архины албадан эмчилгээнд явж байсан боловч засраагүй ирээд архи уусан.
Шүүхээр орж захиргааны арга хэмжээ авахуулж байсан Д.Давааням нь архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү” гэв.
Оролцогч Д.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би архинаас гарахыг хүсдэг. Өмнө нь архины эмчилгээнд яваад 5 жил архинаас гарсан. Гэхдээ саяхан ажилд орсон учраас цалингаа аваад ээждээ сүү авч өгчихөөд л архи уусан. Архины эмчилгээнд явмааргүй байна” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь Д.Даваанямыг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Д.Давааням нь Дэнжийн мянга орчмын гудамж, талбайд байнга архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, өмнө нь архины албадан эмчилгээнд хамрагдаж, удаа дараа эрүүлжүүлэгдэж, захиргааны журмаар баривчлагдаж байсан болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 242 дугаартай шийтгэвэр, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн тухай Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн 570706216000123, 320707017000697, 320707017001745, 312006217000275, 320707017003082 дугаартай бүртгэлүүд, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой, өвчтэй эсэхийг тогтоосон” эмнэлгийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч С.Баярсайханы илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заасан.
Иймд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангаж Д.Даваанямыг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан түүнд албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Гурван дукар овогт Дамчаагийн Давааням /РД:ШД69030374/-ыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Д.Даваанямыг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА