| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0016/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.М |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.М
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн Т овогт Д.С-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д аймаг Ч суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух хаягтай, урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын шүүхээр ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл Т овогт Д.С
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.С нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах З зочид буудлын гадна хохирогч Б.Э-г хавсарч унаган нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 01-р сарын 30-ны өдөр М гээд хүүхний төрсөн өдөр, хүрээд ир гээд манай эхнэрийг дуудсан. Замын-Үүдийн ресторанд бармен хийдэг юм байна лээ. Орой 18 цагийн үед эхнэр хүрээд ир гэхээр нь очсон. Очиход Э гээд залуу М-н машины араас буугаад З буудал руу ороод гарч ирэхдээ гурвуулаа гарч ирсэн. Тэгээд машиных нь баруун хойд хаалгаар нь манай эхнэр суусан. Э бууж ирээд шууд над дээр ирсэн, намайг танихгүй юм. Тэгээд маргалдаад 4-5 удаа алгадаж 1 өшиглөсөн. Н-н нөхөр гэж намайг мэдэхгүй байж худлаа яриад байгаа юм. Хойшоо тулах үйлдэл хийхэд нь би хойно нь байсан учир намайг холд гэж ирсэн гээд байгаа юм. Би дахиад хоцроод 10, 20 минутын дараа ирсэн бол манай эхнэрийг яах ч байсан юм, тухайн үед түргэдээд гар хүрсэн нь миний буруу. Э, М 2 согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон. Маргааш нь өргөдөл өгсөн байсан. Архиа гаргаад өгсөн юм байлгүй” гэв.
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой 18 цагийн орчимд Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг З зочид буудал руу орж захиалсан хоолоо аваад тус зочид буудалд зөөгч албан тушаал дээр ажилладаг М гэж дууддаг эмэгтэй хүн, найзтайгаа хамт ажлаас гарч ирэх үед би бас гарч ирж таараад бид нарыг хамт миний тээврийн хэрэгсэл зогсоогоод үлдээсэн газар луу явсан. Тэгээд би тээврийн хэрэгсэлдээ суухад миний хойд талд саарал өнгийн Альпард маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Альпард маркийн тээврийн хэрэгсэл рүү М-тэй хамт явж байсан эмэгтэй хүн суух шиг болсон. Тэгээд би тээврийн хэрэгслээ хойш нь ухрах үед нөгөө М-тэй хамт явж байсан эмэгтэй миний тээврийн хэрэгслийн зүүн талын хойд хаалгыг нээгээд суусан. Тэгэхээр нь би юун хүн бэ? гэж хэлээд би машинаасаа буугаад ард талд зогсож байсан альпард маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы хажуу талд очиж зогсоод чи энэ хүнээ аваач гэж хэлэхэд жолооч талын хаалгаа нээгээд нэг танихгүй эрэгтэй хүн бууж ирээд чи манай эхнэртэй явалдлаа гээд намайг толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод, хавсарч унагаагаад хөлөөрөө өшиглөөд, өвдөглөөд байх шиг байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Тэгээд намайг тэр залуугаас манай найз Б салгаж авах үед М тээврийн хэрэгслээ унаад явсан. М-н араас намайг зодсон залуу машинаа унаад явсан. Тэгээд би эмнэлэг орж биеэ үзүүлсэн. Миний биед доод шүд хөдөлсөн, доод уруул хавдсан, зүүн талын гуяа хөхөрсөн,толгой өвдөөд, шүд хөдлөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Би тухайн өдрөөс хойш 5 хоногийн хугацаанд ажилдаа очоогүй тул 5 хоногийн цалин хасаж бодсон. Ажлын хөлс болох 200,000 төгрөг нэхэмжилж байна. Шүүх гэм бурууг шийдэж өгөх байх. Өөр санал хүсэлт байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 10/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би найз Б.Э-той 15 цагийн орчимд уулзаад хамт явж байсан. Орой 18 цагийн орчимд манай найз Б.Э эхнэртэй З зочид буудлаас захиалсан хоолоо авах гээд буудлын гадна очиж зогссон. Манай найз машинаасаа буугаад З зочид буудал руу орсон. Хэсэг хугацааны дараа манай найз хоёр эмэгтэй хүний хамт гарч ирсэн. Манай найз машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь хойд талд альпард маркийн тээврийн хэрэгсэл ирээд зогссон байсан. Тэгээд хойшоо ухраад хөдлөх гэсэн чинь танихгүй эмэгтэй хүн манай найзын тээврийн хэрэгслийн зүүн талын хойд хаалгыг нээгээд суусан. Тэр үед манай найз машинаасаа буугаад хойд талд зогсож байсан альпард маркийн тээврийн хэрэгслийн хажуу талд зогсох үед жолооч нь бууж ирээд манай найзыг цохиж, зодоод байсан. Тэр үед мөн манай найзын машинд суусан нөгөө эмэгтэй буугаад өөр машинд суугаад яваад өгсөн. .... альпард маркийн тээврийн хэрэгслийн жолооч ирээд манай найзыг цохиж, зодоод байхаар нь би машинаасаа буугаад тэр хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би З зочид буудалд зөөгч ажил хийдэг. 2021 оны 01-р сарын 31-ний өдөр ажил дээр байж байхад манай найз Н 16 цагийн орчимд ирсэн. Би буудал руу буцаж ороод Н-тэй хамт гарах гээд үүдэнд явж байхад гаднаас Э орж ирээд бид гурав хамт гарч ирээд буудлын хойд талын зогсоол дээр байсан өөрийн машиндаа суугаад, Э машиндаа суусан. 1 минутын дараа С миний машины цонхыг тогшоод манай эхнэр яагаад хүний машинд суудаг юм бэ? гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад ирэхэд С Э-г цохиж зодоод байсан. Би Э-н машинаас найзыгаа аваад өөрийн машиндаа суулгаад найзынхаа гэр лүү явсан. Мөн удалгүй манай найзын нөхөр С ирсэн. ...манай найз согтуу байсан болохоор андуураад суусан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01-р сарын 31-ний өдөр З зочид буудалд зөөгч хийдэг манай найз М миний гар утас руу залгаад чиний төрсөн өдрөөр уулзаж чадаагүй гээд дарс авсан манай ажил дээр хүрээд ирэх үү гэж ярьсан. Би нөхрийн гар утас руу залгаад энэ талаар хэлээд намайг хүргээд өгөөч гэж хэлсэн. ...М-н ажил дээр удаагүй байхад тэрэнтэй хамт ажилладаг залуу болох Э орж ирээд бид хоёрт улаан дарс авч өгөөд буцаад гараад явсан. Тэгээд М ажлаа хүлээлгэж өгнө гээд зөндөө ажилтай байсан. Би улаан дарснаас уугаад М ганц, нэг уугаад ажлаа хийгээд байсан. Тэгээд би 18 цагийн орчимд нөхрийн гар утас руу залгаад намайг ирээд авах уу гэж хэлсэн. Би архи уудаггүй болохоор нилээн согтсон байсан. Тэгээд би М-н хамт буудлаас гарч байх шиг байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь гэртээ ирсэн байсан. ...манай найз улаан дарснаас ганц, нэг уусан. Би нилээн их уусан болохоор их согтсон. Мөн архи ууж чаддаггүй болохоор амархан муудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04/27 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
-Б.Э-н биед доод уруулын дотор талд язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл, үүдэн доод 1-р шүдний сулрал, зүүн гуяны гадна дунд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Б.Э-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
-Учирсан гэмтлүүдийн доод уруулын дотор талд язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл, үүдэн доод 1-р шүдний сулрал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоолгох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах бан энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 24-25/
2021 оны 01-р сарын 31-ний өдрийн 84 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27/
Шүүгдэгч Д.С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-48/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 52/
Хохирогч Б.Э-н хохирол төлбөрийн талаарх “Х” ХХК-ний тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 60-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т овогт Д.С нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах З зочид буудлын гадна хохирогч Б.Э-г хавсарч унаган нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ.
Шүүгдэгч Д.С-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.С-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь би юун хүн бэ? гэж хэлээд би машинаасаа буугаад ард талд зогсож байсан альпард маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы хажуу талд очиж зогсоод чи энэ хүнээ аваач гэж хэлэхэд жолооч талын хаалгаа нээгээд нэг танихгүй эрэгтэй хүн бууж ирээд чи манай эхнэртэй явалдлаа гээд намайг толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод, хавсарч унагаагаад хөлөөрөө өшиглөөд, өвдөглөөд байх шиг байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Миний биед доод шүд хөдөлсөн, доод уруул хавдсан, зүүн талын гуяа хөхөрсөн, толгой өвдөөд байгаа...миний шүд хөдлөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Би тухайн өдрөөс хойш 5 хоногийн хугацаанд ажилдаа очоогүй тул 5 хоногийн цалин хасаж бодсон. Ажлын хөлс болох 200,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үед манай найз машинаасаа буугаад хойд талд зогсож байсан альпард маркийн тээврийн хэрэгслийн хажуу талд зогсох үед жолооч нь бууж ирээд манай найзыг цохиж, зодоод байсан. Тэр үед мөн манай найзын машинд суусан нөгөө эмэгтэй буугаад өөр машинд суугаад яваад өгсөн. .... альпард маркийн тээврийн хэрэгслийн жолооч ирээд манай найзыг цохиж, зодоод байхаар нь би машинаасаа буугаад тэр хоёрыг салгасан” гэх мэдүүлэг, гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Нэг минутын дараа С миний машины цонхыг тогшоод манай эхнэр яагаад хүний машинд суудаг юм бэ? гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад ирэхэд С Э-г цохиж зодоод байсан. Би Э-н машинаас найзыгаа аваад өөрийн машиндаа суулгаад найзынхаа гэр лүү явсан. Мөн удалгүй манай найзын нөхөр С ирсэн. ...манай найз согтуу байсан болохоор андуураад суусан байх” гэх мэдүүлэг, гэрч Б.Н-н “... Тэгээд би М-н хамт буудлаас гарч байх шиг байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь гэртээ ирсэн байсан. ...манай найз улаан дарснаас ганц, нэг уусан. Би нилээн их уусан болохоор их согтсон. Мөн архи ууж чаддаггүй болохоор амархан муудсан” гэх мэдүүлэг, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04/27 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 01-р сарын 31-ний өдрийн 84 дугаартай яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.С нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.С нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь эхнэрээ бусдадтай хардсаны улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 200,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.С-с 200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.С-н хувийн зан төлөв, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой тул торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.С-с бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсаны төлбөрт 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц