| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0012/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Прокурор Б.Д
Шинжээч Г.Д
Хохирогч Ч.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Г-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б аймгийн Б сумын харъяат, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, ... ажилтай, урьд нь Булган аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Булган аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар 960,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Ч.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 05 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 2 дугаар цэцэрлэгийн хойд талд байрлах иргэн Ч.Э-н хашаанаас 1 тонны багтаамжтай, цагаан өнгийн усны хуванцар савыг ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2012 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. Би эхнэрийн хамт 2012 оноос хойш “Х” нэртэй цэвэр усны газрыг тус суманд ажиллуулж байна. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өглөө 07 цагийн орчимд танил Ч гэх залуу өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хэд хоногийн өмнө надаар янзлуулж засуулах гээд авчирсан байсан машиныг ганцаараа унаж хашаанаас гаргаад Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг “Х банкны ажилчдын байрны гадна талбайд ургаж байгаа модийг услаж дуусаад цаашаа явж байсан чинь хуучин каргоны ар талын хашаанд 2 ширхэг, цагаан өнгийн төмрөн хаалттай 1 тоонны хуванцар сав байхаар нь машинтайгаа ойртож зогсож байгаад харсан чинь нэг хуванцар сав нь устай нөгөө нэг хуванцар сав нь хоосон байхаар нь машинаа ойртуулж байгаад ганцаараа өргөөд машин дээр ачаад өөрийн ажлуулдаг “Х” цэвэр усны газар ирээд хаягдал усны нөөцийн савнаас ус дүүрэг гэсэн чинь нөгөө ачиж авсан савны доод талын крант нь эвдэрсэн байсан тул ус хийж болохгүй болохоор нь өөрийн хашаандаа буулгаж тавьсан. Тэгээд 2,3 хоногийн дараа Э гэх Замын-Үүд сумын А намын дарга манай гэрт орж ирээд манай хуванцар сав танай хашаанд байна гэхээр нь би Э-д авчихсан гэдгээ хэлж чадахгүй санаа зовоод манайд ажилладаг А гэх залуу надад 20,000 төгрөгөөр зарсан гэж худлаа ярьсан. Тэгээд би тэр өдөртөө савыг нь Э-д бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. ...би мод услах усны сав муутай байсан тул тухайн савыг ашиглаад мод услаж байгаад буцаагаад өгөх санаатай байсан. ...Э-н савыг хулгай хийхээс 7 хоногийн өмнө Э миний гар утас руу залгаад миний хоёр усны саванд ус хийгээд өгөөч гэж ярьж байсан. Тэгээд би Э-н усны саванд ус хийх санаатай очсон чинь нэг сав нь устай байхаар нь усгүй савыг хэлэхгүй машиндаа ачаад аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67/
Хохирогч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 05-р сарын 10-ны өдөр 10:00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг 12-р хэсэгт байрлах хашаан дотроо 2 ширхэг хуванцар сав машинаар авчирч буулгасан. Учир нь би энэ хашаандаа хүнсний ногоо, мод тарьж байгаа учир усалгааны зориулалтаар ашиглаж байсан. Тэгээд 10 гаран хоногийн дараа буюу 2019 оны 05-р сарын 17-ны орой хоёр саваа үлдээгээд маргааш өглөө нь ирсэн чинь нэг усгүй сав нь алга болчихсон байхаар нь цагдаад өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед манай алдагдсан хуванцар савыг автомашинаар зөөвөрлөсөн шинжтэй дугуйны мөр байсан. Тэгээд 2019 оны 06-р сарын эхээр Замын-Үүд сумын 3-р баг Амарын гудамжинд явж байтал миний алдсан усны савтай адилхан сав айлын хашаанд байхаар нь орж үзэхэд мөн байсан. Би гэрт нь ороод Г саваа авъя гэхэд Г юун сав бэ гэхээр нь би танай хашаанд байгаа савыг алдсан юм. Гэтэл танай хашаанд байж байх юм гэхэд. Г өө тийм үү, наад савыг чинь хүнээс 30,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Би цагдаад бүртгүүлчихсэн байгаа шүү надад эзнийг нь олж өгөөрэй гэхэд би авчирж өгсөн хүнийг зүс танина, савыг чинь аваачиж өгнө гэж хэлээд үлдсэн. Надад гомдол санал байхгүй. Би алдсан усны саваа бүрэн бүтэн олж авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх 56-58/
Иргэний нэхэмжлэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Ч.Г нь манай төрсөн ээжийн найз. Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би Дархан-Уул аймгийн иргэн байх шаардлагатай байсан тул манай төрсөн ээжийн эгчийнх нь хүүхэд Д.Г гэх хүний нэр дээр улсын дугаар авсан. Машинаа 3,500,000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний санаж байгаагаар 2016 оны намар нагац эгч Э-н нөхөр Б нь Дорноговь аймгийн улсын дугаартай болохоор Дархан-Уул аймагт замын хөдөлгөөнд оролцоход бэрхшээлтэй байна, тиймээс Дархан-Уул аймаг шилжиж ирэх хүртлээ чиний нэр дээр тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлье гэж надаас гуйсан юм. Тэгээд 2016 оныхоо намар нь Э-н бага хүү Д-н нэр дээр эзэмшилтэй байсан Портер машиныг миний нэр дээр шилжүүлээд машинаа өөрсдөө аваад явсан. Уг тээврийн хэрэгслийг би нэг удаа ч эзэмшиж ашиглаж үзээгүй. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч нагац эгч Э-н бага хүү Д-н машин юм. Тухайн үед татвар төлөхгүй гээд ямар гэрээ билээ дээ гэрээний гарчигийг нь санахгүй байна нэг гэрээ байгуулаад миний нэр дээр шилжүүлээд ... улсын дугаартай болгоод Э-н хүү Д нь өөрөө машинаа аваад явсан. Дархан-Уул аймаг Төмсний бригад гэх газар Э-н хүү Ч-н фермийн хашаанд байгаа байх гэж бодож байна. Энэ машиныг 2016 оны намар миний нэр дээр шилжүүлээд Э-н нөхөр Б хүү Д нар аваад явсанаас хойш би хаана юу хийж юунд ашигласан талаар мэдэхгүй миний нэр дээр л бүртгэлтэй байгаа болохоос Э-н хүү Д-н машин юм” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 77-78/
Гомдол мэдээлэл авсан хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9/
С ХХК-ний 2020 оны 03 сарын 02-ны өдрийн “ Ч.Э өөрийн ашигладаг ... дугаарын ярианы дэлгэрэнгүй билл авах хүсэлт гаргасан боловч техникийн байдлаас шалтгаалан 2019 оны 04 сарын ярианы дэлгэрэнгүй билл гаргах боломжгүй болохыг тодорхойлов” гэсэн албан тоот /1-р хх-ийн 61/
Нэг тонны багтаамжтай, цагаан өнгийн усны хуванцар саванд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 73-74/
Өмчлөгч Д.Г гэсэн тэмдэглэгээ бүхий ... улсын дугаартай портер машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 87/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2020 оны 02 сарын 28-ны өдрийн “... улсын дугаартай портер машин 3,500,000 төгрөгийн үнэтэй“ гэсэн тайлан /1-р хх-ийн 90-92/
Шүүгдэгч Ч.Г нь урьд ял шийтгүүлж байсан гэсэн ял шалгах хуудас, түүний шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 103, 105-109, 112-123/
2020 оны 03-р сарын 09-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/11 дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 124-125/
2020 оны 10-р сарын 16-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 30/
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Х үнэлгээ ХХК-ны 2020 оны 10 сарын 18-ны өдрийн “1 тонны усны сав 100,000 төгрөг “ гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 05 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 2 дугаар цэцэрлэгчийн хойд талд байрлах иргэн Ч.Э-н хашаанаас 1 тонны багтаамжтай, цагаан өнгийн усны хуванцар савыг ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 05-р сарын 17-ны орой хоёр саваа үлдээгээд маргааш өглөө нь ирсэн чинь нэг усгүй сав нь алга болчихсон байхаар нь цагдаад өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед манай алдагдсан хуванцар савыг автомашинаар зөөвөрлөсөн шинжтэй дугуйны мөр байсан. Тэгээд 2019 оны 06-р сарын эхээр Замын-Үүд сумын 3-р баг Амарын гудамжинд явж байтал миний алдсан усны савтай адилхан сав айлын хашаанд байхаар нь орж үзэхэд мөн байсан. Би гэрт нь ороод Г саваа авъя гэхэд Г юун сав бэ гэхээр нь би танай хашаанд байгаа савыг алдсан юм. Гэтэл танай хашаанд байж байх юм гэхэд. Г өө тийм үү, наад савыг чинь хүнээс 30,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Би цагдаад бүртгүүлчихсэн байгаа шүү надад эзнийг нь олж өгөөрэй гэхэд би авчирж өгсөн хүнийг зүс танина, савыг чинь аваачиж өгнө гэж хэлээд үлдсэн. Надад гомдол санал байхгүй. Би алдсан усны саваа бүрэн бүтэн олж авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/, гомдол мэдээлэл авсан хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/, Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Х үнэлгээ ХХК-ны 2020 оны 10 сарын 18-ны өдрийн “1 тонны усны сав 100,000 төгрөг “ гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Г-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан ...машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзнэ. Шүүгдэгч нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, тээврийн хэрэгсэл ашиглаж нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 100,000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Ч.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад гомдол санал байхгүй. Би алдсан усны саваа бүрэн бүтэн олж авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн учир шүүгдэгч Ч.Г-г бусдад төлөх төлбөргүй” гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Г.М-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй ба хэрэгт шүүгдэгч Ч.Г-н гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан иргэн Г.Д-н эзэмшлийн ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь битүүмжлэгдсэн болохыг дурдав.
Шүүгдэгч Ч.Г нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо барагдуулсан, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Г-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт нь хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар энэ хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ... улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Г.Д-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүгдэгч Ч.Г-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай, Портер маркийн автомашины үнэ 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.Ц