Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч И.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт И.Т-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт И.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Т нь 2021 оны 02-р сарын 09-ны өдөр 09 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “B” гэх нэртэй автомашин угаалгын газрын үүднээс иргэн Д.Ч-н эзэмшлийн ... улсын дугаартай Hyundai excel маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Танил дүүгийндээ очсон. Уг нь дулаацах санаатай машинд нь суусан юм. Тэгээд миний утас цэнэггүй болоод цэнэглэгч авах гэж яваад, эргээд машиныг нь аваачиж өгөх гэж явж байгаад баригдсан” гэв.

Хохирогч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би ... улсын дугаартай Хьюндэй ексель маркийн  тээврийн хэрэгслийг 2000 оноос хойш 20 гаруй жил тасралтгүй унаж байна. Би өөрийн тээврийн хэрэгслийг олж авсан учир, миний тээврийн хэрэгсэл хулгайлсан хүнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би И.Т гэх хүнийг  танихгүй. Урьд нь харж байгаагүй. ...Би үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Тээврийн хэрэгслийг цагдаагийн байгууллагаас эдврэл гэмтэлгүй бүтэн олж өгсөн учир надад учирсан хохирол байхгүй” гэжээ. /хх-ийн 34-38/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн өглөө гэрт байсан тал 0,75 литрийн 1 шил Х архийг ганцаараа уугаад сууж байхад 10 цагийн орчимд гаднаас А гэрт орж ирээд, ардаас нь Т мөн орж ирсэн. Тэгээд бид 3 хоол хийж идэхээр хоолны материал үзээд байгаагүй учир А-с бууз авч ирж жигнэхээр болоод гурвуулаа манайхаас гарч явсан. Тэгээд Шинэ спорт цогцолборын зам дээр явж байгаад цагдаад саатуулагдсан. Тухайн үед жолоог Т барьж явсан. ...надад хэний машин болохыг хэлээгүй, би сонирхож ч асуугаагүй” гэжээ. /хх-ийн 11-14/

Гэрч Н.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...09 цагийн орчим эксель маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан талаар жижүүрээс зарлан мэдээлэл дамжуулсаны дагуу тухайн тээврийн хэрэгслийг эрэн хайж ажиллахад спортын ордны зам дээр явж байсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад Т, Э, А нар явж байсан. Т нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан, Э хажууд нь мөн согтуу явж байсан, А эрүүл байсан” гэжээ. /хх-ийн 42-43/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22/

... улсын дугаартай Hyundai excel маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 23/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2021 оны 02 сарын 22-ны өдрийн “... улсын дугаартай Hyundai excel маркийн тээврийн хэрэгслийг 800,000 төгрөгийн үнэтэй” гэсэн тайлан / хх-ийн 24-27/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 69-70/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-72/

Шүүгдэгч И.Т-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 75/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Х овогт И.Т нь 2021 оны 02-р сарын 09-ны өдөр 09 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “B” гэх нэртэй автомашин угаалгын газрын үүднээс хохирогч Д.Ч-н эзэмшлийн ... улсын дугаартай Hyundai excel маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явжээ.

Шүүгдэгч И.Т-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч И.Т-н автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би ... улсын дугаартай Хьюндэй ексель маркийн тээврийн хэрэгслийг 2000 оноос хойш 20 гаруй жил тасралтгүй унаж байна. Би өөрийн тээврийн хэрэгслийг олж авсан учир, миний тээврийн хэрэгсэл хулгайлсан хүнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би И.Т гэх хүнийг  танихгүй. Урьд нь харж байгаагүй. ...Би үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Тээврийн хэрэгслийг цагдаагийн байгууллагаас эдврэл гэмтэлгүй бүтэн олж өгсөн учир надад учирсан хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-38/, гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өглөө гэрт байсан тал 0,75 литрийн 1 шил хараа архийг ганцаараа уугаад сууж байхад 10 цагийн орчимд гаднаас А гэрт орж ирээд, ардаас нь Т мөн орж ирсэн. Тэгээд бид 3 хоол хийж идэхээр хоолны материал үзээд байгаагүй учир А-с бууз авч ирж жигнэхээр болоод гурвуулаа манайхаас гарч явсан. Тэгээд Шинэ спорт цогцолборын зам дээр явж байгаад цагдаад саатуулагдсан. Тухайн үед жолоог Т барьж явсан. ...надад хэний машин болохыг хэлээгүй, би сонирхож ч асуугаагүй” /хх-ийн 11-14/ гэх мэдүүлэг, гэрч Н.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...09 цагийн орчим эксель маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан талаар жижүүрээс зарлан мэдээлэл дамжуулсны дагуу тухайн тээврийн хэрэгслийг эрэн хайж ажиллахад спортын ордны зам дээр явж байсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад Т, Э, А нар явж байсан. Т нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан, Э хажууд нь мөн согтуу явж байсан, А эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19/,  хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22/,  Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2021 оны 02 сарын 22-ны өдрийн “... улсын дугаартай Hyundai excel маркийн тээврийн хэрэгслийг 800,000 төгрөгийн үнэтэй” гэсэн тайлан / хх-ийн 24-27/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 69-70/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч И.Т нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч И.Т нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Д.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад машинаа бүрэн бүтэн хүлээн авсан, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч И.Т нь бусдын авто машиныг завших, хулгайлах зэрэг ямар нэгэн субъектив санаа зорилгогүйгээр согтуурсан үедээ авч явж жолооодож явсан болх нь гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон болно.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч И.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч И.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч И.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч Д.Ч хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул хохирол төлбөргүй гэж үзэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч И.Т-д ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ. Прокуророос шүүгдэгч И.Т-д албадлагын арга хэмжээг хэрэглэхээр тохиролцоогүй ч шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэхээр шүүхээс шийдвэрлэв.

Д.Ч-н эзэмшлийн ... улсын дугаартай Hyundai excel маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгосныг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт И.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Т-г 1 /нэг/ сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х овогт И.Т-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч И.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эв мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                          Д.Ц