| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0022/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.М |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.М
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Э-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Ц.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02-р сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р багт М.З-н шилэн хүзүүний ар талд, зүүн гуяны гадна дээд хэсэгт, нуруун тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 02 сарын 18-ны өдөр Э ахынд очиход Б, З нар архи уугаад сууж байсан. Тэгээд З-тай муудсан. 17, 18 цагийн үед муудсан. Тэр үед би их согтуу байсан, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Хохирогч М.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “… Тэгээд Б бид хоёр гадаа байсан мотоциклийг унаад сумын баруун хойд байрны архины дэлгүүр орж нэг шил Е нэртэй 0,75 грамм архи аваад буцаад Э-н гэрт иртэл Э, Э нар байсан. Тэгээд бид дерев авч ирсэн архиа хувааж уусан бөгөөд би тэр архийг ууж байгаад нилээн согтоод тасарчихсан байсан. Нэг ухаан ороод сэрээд хартал Б миний хажууд сууж байсан тэгээд би шээх санаатай байшингаас гартал өөдөөс нэг хүн дайрах шиг болсон тэгээд би тэр хүний өөдөөс түлхээд шууд буцаад байшинд ортол Б сууж байсан. Тэгээд би Б-д ахыг нь нэг хүн хоёр гурав хутгалчихлаа ах нь явлаа гэж хэлээд куртик аваад гэр лүүгээ явж байтал миний хөл хүндрээд явж чадахгүй болсон тэгээд би гудамжинд айлын хашааны гадаа сууж байхад нэг эмэгтэй ирээд босгож өгөөд би гэр лүүгээ явсан тэгээд гэрийн гадаа иртэл цагдаа ирсэн байсан. Тэгээд намайг шууд сумын эмнэлэгт хүргэсэн. ... Миний биеийн зүүн хөлийн дотор хэсэгт нэг удаа хутгалуулсан мөн хүзүүний ар хэсэгт нэг удаа хутгалуулсан, нурууны хэсэгт бас нэг удаа хутгалуулсан/хх-ийн 23-28/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Дорноговь аймаг Өргөн суманд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр З ахын хамт Э буюу Э ахын гэрт очсон бөгөөд бид гурав 0.75 литрийн архи хувааж уугаад байж байтал Э гаднаас нилээн согтуу орж ирсэн. Тэгээд З ах Э хоорондоо үг сөрөөд маргалдаж эхэлсэн, тэгээд тэр хоёр гадаа гарсан бөгөөд гэрийн гадна маргалдах зодолдсон. Тэгээд би З ахыг аваад сумын баруун байрны архины дэлгүүрээс 0,75 литр архи аваад буцаад Э ахын гэрт ирээд бид дерев архи ууж байтал Э ах гараад явсан. Тэгээд З, Э бид гурав сууж байтал тэр хоёр дахин муудалцаж маргалдаж эхэлсэн бөгөөд гадаа гарч учраа олно гэж хэлээд Э түрүүлж гараад араас нь З ах гарсан. Тэгээд би гэр дотор сууж байтал З ах цус болчихсон орж ирээд ахыг хоёр шаачихлаа шүү дээ гээд куртикээ аваад гараад явсан. Тэгээд байж байтал Э гаднаас орж ирээд би З-г шаачихлаа шүү дээ гэж хэлээд сууж байтал манай ээж Г, найз Э хоёр орж ирээд юу болсон талаар асуугаад З-г хутгалчихсан байна шүүдээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Э би шаачихсан юмаа гэж хэлээд ороод гараад явсан тэгээд удалгүй байж байтал сумын цагдаа орж ирсэн. Э, З-г чи Солонгос явж ирээд баяжсан юм уу гээд үгээр хатгаад тэр хоёр маргалдаж эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02-р сарын 18-ны өдөр гэртээ байж байтал З, Б нар нэг шил 0,75 литр архи авч орж ирсэн бөгөөд тэр архийг бид гурав хувааж уугаад сууж байтал гаднаас Э нилээн согтчихсон орж ирсэн. Тэгээд бид дөрөв тэр архийг хувааж уугаад сууж байтал Э, З нар маргалдаж эхэлсэн бөгөөд тэр хоёр гэрийн гадна гарч ноцолдож зодолдсон. Тэгээд би очиж салгаад байж байтал З, Б нар дахин нэг шил архинд явсан тухайн үед би архи ууж байгаад гадаа гарч ирээд салхинд цохиулсан юм шиг байна лээ, тасарчихсан байсан. Нэг мэдэхэд манай гэрт бид дөрөв дахиад нэг шил архи уугаад сууж байсан. Би согтоод болохгүй болохоор нь эгчийнхээ гэрт очиж амархаар гэрээс гартал бөөлжис цутгаад болохгүй болохоор нь гэрийн гадаа бөөлжөөд гадуур куртик тайлж гадаа хаяаад шууд эгч Г-н гэрт очсон. З, Э-г чи яасан зэвүүн бацаан бэ гээд үгээр өдөөд байсан тэгээд тэр хоёр маргалдах болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрийн дүү болох Э-н Өргөн сумын 4 дүгээр багт очтол тэдний гэрийн гадаа Э, З хоёр хоорондоо зодолдчихсон Б, Э нар хажууд нь зогсож байсан. Тэгээд би цагдаа дуудах гэсэн боловч надад цагдаагийн дугаар нь байгаагүй бөгөөд би урд айлаас орж сумын цагдаагийн дугаарыг олоод буцаад Э-н гэрт иртэл тэнд хэн ч байгаагүй бүгдээрээ яваад орсон байсан. Тэгээд би цагдаа дуудаагүй гэртээ хариад байж байтал орой 19 цагийн 30 минутын орчим манай бэр болох З миний гар утас руу залгаад ээжээ Э ахын хашаанд зодоон болоод байна гэж хэлсэн. Тэгээд би шууд сумын цагдаад дуудлага өгчихөөд Э-н гэрт очтол тэдний гэрт Э, Б нар сууж байсан Тэгээд намайг дөнгөж орж ирээд байж байтал миний араас тухайн хашаанд амьдардаг Э орж ирсэн тэгээд би Б, Э хоёроос яагаад зодоон хийгээд байгаа юм бэ юу болоод байгаа юм гээд асуутал Э би З-г хугалчихлаа гэж хэлээд миний хажуугаар ороод гараад явсан. Тэгээд би Б-г загнаад байж байтал сумын цагдаа орж ирсэн. Тухайн үед тийм айхтар зодоон болоогүй тэр хоёр бие биеийгээ заамдаж аваад газарт унаад дээр ороод өнхөрч байсан. Аль аль нь гартаа ямар нэг хутга мэсний зүйл бариагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
2021 оны 02-р сарын 19-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-11/
2021 оны 02-р сарын 18-ны хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16/
2021 оны 02-р сарын 18-ны өдрийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 18/
2021 оны 02-р сарын 22-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 53-54, 61-68/
2021 оны 02-р сарын 18-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 55-56/
2021 оны 02-р сарын 23-ны өдрийн 04/51 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны
-М.З-н биед хүзүүний шилэн хүзүүний ар талд, зүүн гуяны гадна дээд хэсэгт, нуруунд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо.
-М.З-н биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болох хугацаанд үүссэн байна.
-Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
-Дээрх гэмтэлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 57-58/
2021 оны 03-р сарын 02-ны өдрийн 01/019 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны
-шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутганаас гарын мөр илрэхгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 69/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-87/
Дорноговь аймаг “Ч” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний цалингийн тодорхойлолт /хх-ийн 88/
Дорноговь аймгийн Өргөн сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 90/
Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91/
Шүүгдэгч Ц.Э нь урьд захиргааны зөрчилд холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97-98/
Шүүгдэгч Ц.Э-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 113/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б овогт Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02-р сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р багт хохирогч М.З-н шилэн хүзүүний ар талд, зүүн гуяны гадна дээд хэсэгт, нуруун тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Шүүгдэгч Б овогт Ц.Э-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ц.Э-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.З “… Нэг ухаан ороод сэрээд хартал Б миний хажууд сууж байсан тэгээд би шээх санаатай байшингаас гартал өөдөөс нэг хүн дайрах шиг болсон тэгээд би тэр хүний өөдөөс түлхээд шууд буцаад байшинд ортол Б сууж байсан. Тэгээд би Б-д ахыг нь нэг хүн хоёр гурав хутгалчихлаа ах нь явлаа гэж хэлээд куртик аваад гэр лүүгээ явж байтал миний хөл хүндрээд явж чадахгүй болсон тэгээд би гудамжинд айлын хашааны гадаа сууж байхад нэг эмэгтэй ирээд босгож өгөөд би гэр лүүгээ явсан. Харин Э, Э хоёрын нэг нь намайг хутгалсан байх гэж би бодож байна учир тэр гэрт энэ гурван хүнээс өөр хүн байгаагүй. Миний биеийн зүүн хөлийн дотор хэсэгт нэг удаа хутгалуулсан мөн хүзүүний ар хэсэгт нэг удаа хутгалуулсан, нурууны хэсэгт бас нэг удаа хутгалуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-28/, гэрч Ч.Б “...Тэгээд З, Э бид гурав сууж байтал тэр хоёр дахин муудалцаж маргалдаж эхэлсэн бөгөөд гадаа гарч учраа олно гэж хэлээд Э түрүүлж гараад араас нь З ах гарсан. Тэгээд би гэр дотор сууж байтал З ах цус болчихсон орж ирээд ахыг хоёр шаачихлаа шүү дээ гээд куртикээ аваад гараад явсан. Тэгээд байж байтал Э гаднаас орж ирээд би З-г шаачихлаа шүү дээ гэж хэлээд сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч Д.Г-н “... би Б, Э хоёроос яагаад зодоон хийгээд байгаа юм бэ? юу болоод байгаа юм гээд асуутал Э би З-г хугалчихлаа гэж хэлээд миний хажуугаар ороод гараад явсан. Тэгээд би Б-г загнаад байж байтал сумын цагдаа орж ирсэн. Тухайн үед тийм айхтар зодоон болоогүй тэр хоёр бие биеийгээ заамдаж аваад газарт унаад дээр ороод өнхөрч байсан. Аль аль нь гартаа ямар нэг хутга мэсний зүйл бариагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/, 2021 оны 02-р сарын 19-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-11/, 2021 оны 02-р сарын 18-ны хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16/, 2021 оны 02-р сарын 18-ны өдрийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 18/, 2021 оны 02-р сарын 18-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 55-56/, 2021 оны 02-р сарын 23-ны өдрийн 04/51 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт/хх-ийн 57-58/, 2021 оны 03-р сарын 02-ны өдрийн 01/20 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт /хх-ийн 78-83/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Э нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Э нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч М.З нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр бариултай ажлын хэсгийн урт нь 10 см, бариулын урт нь 12 см нийт 22 см урттай 1 ширхэг хутга, олон үйлдэлтэй хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч М.З хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул хохирол төлбөргүй гэж үзэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Ц.Э-т ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр бариултай ажлын хэсгийн урт нь 10 см, бариулын урт нь 12 см нийт 22 см урттай 1 ширхэг хутга, олон үйлдэлтэй хутга 1 ширхэг нь зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Хохирогч М.З нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирол төлбөр нэхэмжлээгүйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.Ц