Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, Э.Тулгаа

Шүүгдэгч Б.Э, Б.Э, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дүгээр зүйлийн  2.1, 2.2,  2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Эрдэнэ сум 4 дүгээр баг, Долоод гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Н овогт Б.Э,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Эрдэнэ сум 4 дүгээр баг, Долоод гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Н овогт Б.Э,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Орхон аймгийн харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, ... ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, О овогт Б.Э холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Б.Э нь Б.Э, Б.Э нартай бүлэглэн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн Еэнийн бууц гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн И.Н-н эзэмшлийн 3 буюу олон тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Э нь Б.Э, Б.Э нартай бүлэглэн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн Еэнийн бууц гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн И.Н-н эзэмшлийн 3 буюу олон тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Э нь Б.Э, Б.Э нартай бүлэглэн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн Еэнийн бууц гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн И.Н-н эзэмшлийн 3 буюу олон тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Дэлд гэх газар нь  манайхаас баруун хойш байдаг юм. Би Еэний бууцны ойролцоо малд явж байгаад хэсэг үхэр байхыг харсан юм. Надад мөнгөний хэрэг гараад байсан  учир Замын-Үүд рүү Э руу яриад хүрээд ирээч, ах нь 2 үхэр зарах юм гэж хэлсэн. 07 сарын 26-ны өглөө 05 цаг гээд айлын үхрийг өөрийн эзэмшлийн мотоциклоороо туугаад Еэний бууц дээр ирсэн. Энэ үедээ Э-г Э дагуулаад ир гэж хэлсэн. Ингээд тууж ирсэн үхрээсээ 3 үхэр тасалж аваад бусдыг нь явуулсан. Эхний үхрийг нядлаад дуусах үед би гэр рүүгээ явж хонио хотноос нь гаргачихаад буцаад ... дугаартай приус маркийн машинаа унаад эргээд ирэхэд Э 3 дахь үхрээ янзлах гэж байсан. Ингээд 3 үхрээ янзалж дуусч байтал нэг мотоцикльтой хүн ирж байхаар нь янзалсан үхрээ Э-н машинд ачиж, Э, Э 2 хар зам руу, би өөр тийшээ хөдөлсөн. Замын-Үүд ороод Э надтай холбогдоод үхрийн махаа зарсан. Би мах авах хүний утсыг нь өмнө нь олсон байсан. Э-т хүний үхэр гэж хэлээгүй. Харин Э манай малыг танина. Манайх 300 гаруй толгой малтай, үүнээс 30-аад нь үхэр. Би буруу хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид нийт 12,500,000 төгрөг төлсөн. Хэрэг дотор 4,900,00 гэж үнэлсэн. Би илүү төлсөн мөнгийг буцааж авахгүй” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Э хэрэг болохын өмнө орой манайд ирж хоносон. Э ах дуудсан гэж хэлсэн. Маргааш өглөө эрт 06 цагийн үед байх Э ах над руу утсаар яриад Еэний бууц дээр хүрээд ир гэж хэлсэн. Э бид 2 очиход  10 гаруй үхэр туугаад ирсэн байсан. Би машинаас түрүүлж буугаад манай үхэр биш гэдгийг таниад юун үхэр вэ, та яах гэж байгаан гэж хэлэхэд мэдэхгүй гэсэн. Ингээд Э машинаас бууж ирсэн. Үхрээ хураагаад 3 үхэр барьж аваад бусдыг нь явуулсан. 3 үхрээ янзалж байх дунд ах гэр рүүгээ явчихаад ирсэн. Ингээд үхрээ янзалж дуусахад мотоцикльтой хүн гарч ирэхэд ах за хурдан явъя гээд Э-н машинд  махаа ачаад бид 2 ертөнцийн зүгээр  урагшаа яваад нүхэн гарцаар гараад  засмал замд орсон.  Ах өөр тийшээ явсан. 18-ын хавьд зогсоод ах руу ярихад Замын-Үүдэд аваачиж махны хүнд өг гээд утас өгсөн. Э юун мотоцикль хөөгөөд байгаа юм гэхээр нь хүний мал байсан юм гэж хэлсэн. Сонссоныг мэдэхгүй байна, тэр дуугараагүй. Ингээд Замын-Үүдэд ирээд махны хүн рүү ярьж махаа зарсан. Хохирогчид 12,500,000 төгрөгийг Э ах бид 2 өгсөн. Илүү төлсөн мөнгийг буцааж авахгүй. Манайх уг нь 300-гаад толгой малтай, буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би энэ 2 хүний ээжийнх нь дүүгийнх нь хүргэн байгаа юм. 2020 оны 07 сарын 25-ны орой 20 цагаас ажилд гарах байсан юм. Гэтэл Э ах над руу утсаар яриад ах нь мах зарах гэсэн юм, чи машинтайгаа хүрээд ирээч гэсэн. Тэгээд ганц удаа гуйж байхад нь тус больё гэж бодоод  ажил руу очиж даргаасаа чөлөө аваад өөрийн Приус 20 машинаа унаад явсан. Э ахынд очиж хоносон. Өглөө эрт Э ах дуудаж байна гэхээр нь босоод малын хашаан дээр очиход 10 гаруй үхэр  хураасан байсан. Машинаас Э ах түрүүлж буугаад би араас нь буусан. Би эдний малыг танихгүй, ер нь их малтай айл учраас өөрсдийнхөө малыг янзлах гэж байна гэж бодсон. Ингээд 3 үхэр барьж авсан. Э ах үхрийг янзалсан, би мал янзлахад нь түшиж өгч, арьсыг хуульсан. Би мотоцикль ирэхийг хараагүй. Тэгсэн явъя гээд машинд махаа ачаад хөдөлсөн. Би юманд хөөгдөж байгаа юм шиг яваагүй, ердийн хурдаар яваад л засмал замд орсон. Замд явж байхад Э ахыг хүний мал байсан гэж хэлэхийг сонсоогүй. Э ахтай утсаар ярихдаа машин зогсож байхад машинаас буугаад ярьсан. Ингээд Замын-Үүд ороод Э ах хүмүүс рүү утасдаад махаа зарсан. Миний машины яндан цоорсон учраас би өөр хүний машинаар Э ахыг буцааж хүргэж өгөөд Замын Үүдэд иртэл цагдаа ямар хэрэгт орсноо мэдэж байна уу гээд цагдаа дээр ирсэн. Би хүний мал янзалж байна гэдгийг мэдээгүй, өөрсдөө малтай айл учраас өөрсдийнх нь үхэр  гэж бодсон. Би хохирлын мөнгөнөөс төлөлцөөгүй. Ийм хэрэгт орооцолдсондоо харамсаж байна. Надад хулгай хийх ямар ч шалтгаан байхгүй. Би өөрөө төмөр замд, эхнэр маань шатахуун түгээх газарт ажилладаг, бид ажил төрөлтэй учир боломжийн амьдралтай. Ганц удаа гуйхад нь туслая гэж л бодсон. ... машиныг анх авахдаа А банк бус санхүүгийн газраас зээл авч, машинаа барьцаанд тавьсан, одоо зээлээ төлөөд явж байгаа” гэсэн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 03/

... улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /1-р хх-ийн 17-18/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 05-16/

Б махны дэлгүүрээс 145,8 кг үхрийн мах, Ү махны захаас 293,9 кг үхрийн мах хураан авсан тухай эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-23/

439,5 кг үхрийн махыг эд мөрийн баримтаар  тооцсон тухай тогтоол /1-р хх-ийн 27/

Хүрэн өнгийн модон иштэй Stainless steel japan  гэх бичигтэй хутга 1 ширхгийг хураан авсан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан хутганы зураг /1-р хх-ийн 29/

Stainless steel japan  гэх бичигтэй 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтыг хураан авч, хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 32/

Хохирогч И.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Намайг 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод төмөр замын вокзал дээр сууж байхад манай охин Ө миний ... дугаарын гар утас руу залгаад Эрдэнэ сумын Дөрвөлж 4 дүгээр баг Eэний бууцанд манай гурван үхрийн хийгээд нядлаад толгой, шийр, арьсыг нь үлдээгээд махыг нь аваад явсан байна гэж Э-с сонслоо, Н Eэний бууц руу үзэхээр явсан гэж хэлсэн. Охин Ө над руу эргэж яриад судалтай хүрэн үнээ, улаан хүрэн гунж, мухар халзан эр үхэр гурвыг нядлаад явсан байна гэсэн. Манай судалтай хүрэн үнээ урд өмнө 2 тугалсан, 1 жил сувиарсан, хээлтэй, өвөл тугалах байсан үнээ, улаан хүрэн гунж урд өмнө 1 тугалсан, 1 жил сувиарсан, хээлтэй, өвөл тугалах байсан, мухар халзан эр үхэр 4 настай байсан. Намайг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өглөө Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас малын А дансны бүртгэлээ авах гээд очиход хүмүүс манай 3 үхрийг Б гэдэг хүний хүүхэд Б гэдэг залуу авсан гэж ярьж байсан. Тэгээд би манай 3 үхрийг манай саахалт айл Б-н том хүү Б авсан юм байна гэж мэдсэн. Манай үхэрнүүд бүгд ижилхэн имтэй байсан. Eэний бууцан дээр нядлагдсан гурван үхрийн маань хоёр талын чих нь үзүүрээсээ цуулбар имтэй байсан. Мухар халзан 4 настай эр үхэр, судалтай хүрэн үнээ, улаан хүрэн гунжин үнээ байсан. Манай 3 үхрийг хулгай хийсэн хүмүүст гомдолтой байна. Манай 3 амьд байсан бол надад ашиг шимээ их өгөх байсан. Миний 2 үнээ дахиад 3-5 тугалж манай малын тоо өсөх байсан. Тийм болохоор би өөрийн үнэлсэн мөнгөө авах хүсэлтэй байна. Манай 3 үхрийг хулгай хийсэн хүмүүс мал ихтэй, боломжийн, хүний мал хулгай байхааргүй, амьдрал ахуй сайтай айлын хүмүүс л баймаар юм. Яагаад манай 3 үхрийг хулгай хийснийг гайхаж байна.....Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Манай үхрийг хулгай хийсэн хүмүүс надад 12,500,000 төгрөг өгсөн. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Дорноговь аймгийн Эрдэнэ сумын  5 дугаар багт хүүхдээ хардан дахин Замын-Үүд суманд ирэх боломжгүй байхгүй тул шүүх хурал суухгүй. Хэргийн талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37, 39/

Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Эрдэнэ сумын 4 дүгээр баг Тахилгат гэх газар овоон дээрээс малаа дурандаж байсан чинь Эрдэнэ сумын 4 дүгээр баг Ений гэх газрын зүүн урд талын бууцан дээр 2 машинтай 2, 3 хүн сэжиг бүхий байдалтай юм хийгээд байхаар нь юу хүмүүс юу хийгээд байгааг нь үзэх гээд очиход приус маркийн 2 машинтай хүмүүс хөдлөөд урагшаа Эрдэнэ сумын төв рүү чигтээ явсан. Тэгээд би араас нь дагаад явсан чинь төмөр замын 73-ын нүхэн гүүр гэдэг нүхэн гүүрээр гараад цайвар өнгийн приус-11 маркийн автомашин ертөнцийн зүгээр урд зүг рүү эргэж, цайвар цэнхэр өнгийн приус-20 маркийн автомашин ертөнцийн зүгээр хойд зүг рүү эргэж зугтаахаар нь араас мотоциклтойгоо Эрдэнэ сумын 4 дүгээр баг “дунд хүр” гэдэг газар хүртэл хөөгөөд гүйцээгүй. Ертөнцийн зүгээр урд зүг рүү зугтаасан цайвар ногоон өнгийн приус-11 маркийн автомашиныг Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт нутагладаг Б буюу Б гэдэг залуу машин байхаар нь хөөгөөгүй, ертөнцийн зүгээр хойшоо зугтаасан цайвар цэнхэр өнгийн приус-20 маркийн автомашиныг хэний машин гэдгийг нь мэдэж дугаарыг нь харах гээд хойноос нь хөөгөөд гүйцэхгүй болохоороо Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт хамт нутагладаг М гэдэг хүн рүү залгаад Ений гэх газраас мал хулгай хийсэн байж магадгүй 2 машин зугтаачихлаа, цагдаад мэдэгдээд дуудлага өгчих гэж хэлээд би эргэж Ений зүүн урд бууцан дээр очсон. Намайг Еэний зүүн урд бууцан дээр очиход 1 улаан хүрэн үнээ, 1 ухаа үнээ, 1 мухар эр үхрийн толгой, ширтэйгээ байхаар нь чихлээсийг нь үзсэн чинь манай саахалт айл Н-н үхэр байсан. Н-н ... дугаарын гар утас руу нь залгаад Ений зүүн урд талын бууцанд танай үхрийн чихлээстэй адилхан 3 үхрийг хийгээд /нядлаад/ явсан байна ирээд үзээдэх гэж хэлсэн. Тэгээд Н Ений зүүн урд бууцан дээр ирж үзээд өөрийнх нь 3 үхэр мөн байна гэж хэлсэн. ... улсын дугаартай цайвар ногоон өнгийн приус-11 маркийн автомашины дугаарыг харсан. Нөгөө цайвар цэнхэр өнгийн приус-20 маркийн автомашины дугаарыг харж чадаагүй. ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45/

Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 26-нд … У эгчийн гэрт цэнхэр өнгийн приус-20 маркийн машинтай ирсэн хүмүүсээс махыг нь хиллэж авах гэсэн чинь хил байхгүй, манай хүргэн ах Б утсаар яриад М ресторанаас хил авахаар яриад, манай эгч У М ресторанаас том хил авч ирсэн. У эгчийг Морс ресторанаас том хил авч ирэхээр нь цэнхэр өнгийн приус-20 маркийн машинтай, 2 залуугаас 166 килограм үхрийн махыг хиллэж авсан. Цэнхэр өнгийн приус-20 маркийн машинтай 2 залуу хэлэхдээ 2 сувиа үнээ, 1 жижиг үхэрний мах байгаа гэж байсан. Цэнхэр өнгийн приус-20 маркийн машины багажинд байсан махны дээд талаас нь нэг үхрийн махыг хиллэж авсан. Цэнхэр өнгийн приус-20 маркийн машинтай 2 залуугаас нэг үхрийн мах хиллэж авахдаа гарал үүслийн бичиг нь байгаа юмуу, яасан юм гэж асуусан чинь эгчтэй чинь ярьсан байгаа, зүгээр хиллээд ав гэсэн гэж хэлсэн. .. гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2 үхрийн махны тарганыг 1 кг 7000 төгрөгөөр авахаар болж нийт 170 кг болсон, харин туранхай үхрийн махыг 5000 төгрөгөөр авахаар бодож нийт 164 кг болохоор нь эгч нь энэ туранхай үхрийг авахгүй ер нь больё гэхэд  за та тэгвэл энэ туранхай маханд 500000 төгрөг өгчих гэхээр би энэ махыг өрөө авч байгаа юм биш шүү, харин би шулаад лангуун дээр тавиад зарагдхаар нь мөнгийг нь гаргаад өгнө гэж хэлээд тохиролцоод тэр залууд нийт 1,690,000 өгөхөөр болоод мах өгсөн залуу бид 2 одоо буцлаа та ядаж бинзен тосны мөнгө өгчих гэхээр би 19000 төгрөг өгч явуулаад үлдсэн мөнгийг дансаар өгөхөөр болоод Х банкны ... гэсэн дансны дугаар үлдээгээд явсан. Мах зарсан 2 залуугаас би 2 үхрийнхээ гарал үүслийн бичгийг авья гэхэд эгчээ өөр газар өгсөн нэг үхрийн махтайгаа хамт таньд өгсөн 2 үхрийнхээ махтай нийлүүлээд маргааш гарал үүслийн бичгийг нь аваад ирье гэсэн… Би тэр 2 залуугаас өмнө нь мах авч байгаагүй, огт харж байгаагүй” гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 56-57/

Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 07-н сарын 25-ны өдөр миний ... дугаарын гар утас руу ... дугаарын гар утаснаас залгаад махны дэлгүүрийн хүн мөн үү гэж асуухаар нь би мөн гэж хэлсэн. Тэгсэн чинь ... дугаарын гар утаснаас залгасан хүн мах үхрийн мах, Улаан-Уулынх гэсэн… би гарал үүслийн бичиггүй мах авахгүй байгаа нэг дэх өдөр аваад ирэхгүй гэж хэлсэн чинь тэр залуу мөнгөний хэрэгцээ болоод байна, маргааш өглөө очно гэхээр нь би нэг дэх өдөр аваад ирэхгүй юу гэж хэлээд утсаа тасалсан. 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ...тэр залуу махаа аваад ирсэн, одоо яах уу гэхээр нь би байж бай дүү рүүгээ яриадхая гэж хэлсэн. Тэгээд төрсөн дүү Э-н ... дугаарын гар утас руу залгаад үхрийн мах зарна гээд нэг залуу яриад байсан тэр ирсэн байна, тэр залуутай яриад махыг нь хараад гоё тарган үхрийн мах байвал аваад дэлгүүрт аваачаад хөргөчинд хийчих гэж хэлсэн. ... дугаарын гар утаснаас залгаад эгч 3 үхэртэй ирсэн гурвууланг нь авах уу гэхээр нь би юун гурван үхэр вэ, би гурван үхэр авна гэж хэлээгүй, анхнаасаа чи надаа нэг үхэр гэж хэлсэн биз дээ гэсэн чинь ажлаад ирсэн махыг яах юм гэхээр нь би тэр залууд элгэн баянгийн тэрүүгээр мах авдаг хүмүүс зөндөө байгаа тэнд аваачиж өгөхгүй гэж хэлсэн… Би ... дугаарын гар утастай залуугаас нэг үхрийн махыг хиллэж аваагүй болохоор хэдэн килограм мах, хэдэн төгрөгний тооцоо хийхээ ч мэдээгүй байсан” /1-р хх-ийн 60-61/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би уг хүмүүсийг танина, энэ хоёр багийн малчин иргэн бөгөөд төрсөн ах дүү хоёр байгаа юм. Б.Э нь ах нь бөгөөд 2019 оны өвөл тусдаа малаа тоолуулан гарсан бөгөөд Э нь 2 жилийн өмнө тусдаа мал тоолуулан мал маллаж эхэлсэн юм. Ах Э нь үг дуу цөөнтэй даруухан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг миний зүгээс хараагүй Эрдэнэ суманд 8 жилийн сургуулийг төгссөн төлөв даруу залуу байгаа юм. Дүү Э нь мөн адил үг дуу цөөнтэй элдэв янзын асуудал гаргаж байгаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Б.Э-г танина. Б.Э-той 2017 онд танилцаж, тэр цагаас хойш найзалж байна. Б.Э 2018 оноос надтай нэг бригадад ажиллаж эхэлсэн. Б.Э-н хувьд төлөв даруу зантай, бусадтай эелдэг харицаатай, хүнд их тусархуу зантай. Архи, дарс хэрэглээд байдаггүй, тамхи татдаг, ажилдаа сайн, цагийн юмыг цагт нь хийж сурсан тийм л хүн дээ. Миний мэдэхийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Б.Э хамт ажилладаг бригадынхаа хүмүүстэй найзалж, нөхөрлөдөг. Гадуур  хүмүүстэй нийлж явж байхыг нь би хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73/

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Үнэлгээ хийсэн хүснэгтэн дээр 4 настай 1 эр үхрийн үнэлгээ, 2 үнээний үнэлгээг бичсэн байгаа. Манай байгууллага хээлтэй үнээний үнэлгээг дан үнээгээр нь үнэлдэг. Хээлтэй үнээг дан үнээгээр үнэлдэг нь тугал нь гараагүй байгаа учраас дан үнээгээр нь үнэлдэг юм. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр миний гаргасан үнэлгээний дүгнэлтэн дээр саалийн үнээ, сүүний чиглэлийн үнээ, тугалтай үнээний зах зээлийн ханшийг харуулсан эх сурвалжийг зургаар нь хавсаргасан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2020 оны 07 сарын 30-ны өдрийн “... улсын дугаартай Pruis 11 маркийн автомашин 2020 оны 07 сарын 30-ний өдрийн байдлаар 4,500,000 төгрөгийн үнэтэй” гэсэн  1000538 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 81-83/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2020 оны 07 сарын 30-ны өдрийн “... улсын дугаартай Pruis 20 маркийн автомашин 2020 оны 07 сарын 30-ний өдрийн байдлаар 9,000,000 төгрөгийн үнэтэй” гэсэн  1000539 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 89-91/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2020 оны 07 сарын 30-ны өдрийн “Эр үхэр 4 настай 1 тооны 1,500,000 төгрөг, үнээ 2 тооны 3,400,000 төгрөг” гэсэн ТХҮ-820/055 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 99-102/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2020 оны 08 сарын 21-ний өдрийн “Мотоцикль  /Dayun марк/ 1 ширхэг хуучин 500,000 төгрөгийн үнэтэй” гэсэн 820/059 гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 109-111/

Дорноговь аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори 2020 оны 09 сарын 04-ний өдрийн “ариун цэвэр, магадлан шинжилгээгээр эерэг дүнтэй гарав” гэсэн 20-105 тоот дүгнэлт /хх-ийн 118/

Дорноговь аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори 2020 оны 09 сарын 04-ний өдрийн “ариун цэвэр, магадлан шинжилгээгээр эерэг дүнтэй гарав” гэсэн 20-104 тоот дүгнэлт /хх-ийн 124/

Дорноговь аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори 2020 оны 09 сарын 04-ний өдрийн “ариун цэвэр, магадлан шинжилгээгээр эерэг дүнтэй гарав” гэсэн 20-103 тоот дүгнэлт /хх-ийн 125/

2020 оны 09 сарын 28-ны өдрийн б/06 тоот “... улсын дугаартай Приүс 11 маркийн автомашиныг битүүмжлэх” тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-ийн169-172/

2020 оны 09 сарын 28-ны өдрийн б/05 тоот“ улсын дугааргүй Даюун маркийн мотициклийг битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 173-175/

2020 оны  09 сарын 28-ны өдрийн б/04 тоот “... улсын дугаартай Приүс 20 маркийн автомашиныг битүүмжлэх” тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-ийн 176-178/

Шүүгдэгч Б.Э нь урьд нь ял шийтгэлгүй гэсэн тэмдэглэгээ бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 191/

Б.Э-н өмчлөлийн ... улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

Шүүгдэгч Б.Э нь урьд нь ял шийтгэлгүй гэсэн тэмдэглэгээ бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 200/

Шүүгдэгч нарын ар гэрээс  /Д.Б/ хохирогч И.Н-н Х банк дахь ... дугаарын дансанд 12,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-ийн 205/

Шүүгдэгч Б.Э нь урьд нь ял шийтгэлгүй гэсэн тэмдэглэгээ бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 209/

Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр 11 сая 340 мянган төгрөгний зээлийг Б.Э,О.Б нар олгосон. Өнөөдрийн байдалаар 6.206.006 төгрөгний үлдэгдэлтэй байна. Зээлийн график 30 сарын хугацаатай сар болгоны 21-ны өдөр төлөлт хийдэг. Зээл төлөлт нь одоо бол хэвийн байгаа хэрэг гарсан гээд яриад байх үед буюу 07,08 сарын төлөлт төлөгдөөгүй байж байгаад 9 сард 3 сарын төлөлтөө хийсэн. Одоо бол хэвийн байгаа, машиныг актлах эсвэл улсын орлого болгохоор шийдвэр гарсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээ тухайн өдрийг хүртэлх хүүтэй нь хамт нэхэмжилнэ. Манай гүйцэтгэх захирал болох О.М олгосон байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 215/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн “эд мөрийн баримтыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх “ тухай 298 дугаартай шүүгчийн захирамж /1-р хх-ийн 237-238/,

Мөрдөгч Л.Л эд мөрийн баримт болох 439,5 кг  үхрийн махыг устгасан тэмдэглэл үйлдэж, гэрэл зургийн үзүүлэлтийн /1-р хх-ийн 241-242/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн гэм буруугийн талаар дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 сарын 25-нд шүүгдэгч Б.Э руу утсаар холбогдож, машинтай хүрээд ирээч, мал мах зарах гэсэн юм гэж  гуйсны дагуу Б.Э нь тухайн өдрийн орой шүүгдэгч Б.Э-нд очиж хоносон, маргааш өглөө нь буюу 07 сарын 26-ны 06 цагийн орчим шүүгдэгч Б.Э нь Э-г дуудахаар нь Э-г дагуулан Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багт байх Еэний бууц гэх газарт очиж Б.Э-с түрүүлж машинаас бууж өөрийн үхэр биш болохыг мэдсэн боловч 3 үхэр барьж авч нядалсан, тэднийг үхрээ нядлаад дуусах үед гэрч Э мотоцикльтой ирсэнээр Б.Э-н ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үхрийн махаа ачиж, Замын-Үүд суманд авчирч борлуулсан үйл баримт болжээ.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар буюу бүлэглэж, олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгч Б.Э-н хувьд хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд тодорхой зорилготой, үр дүнд хүрэхийг эрмэлзсэн буюу малыг хулгайлж өөртөө ашиг олох зорилго бүхий шунахай сэдэлттэй халдаж, хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авах идэвхитэй үйлдлээр илрэх юм. Гэтэл шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 сарын 25-ны орой шүүгдэгч Б.Э утасдаж “ машинтай хүрээд ирээч, мал мах зарах гэсэн юм” гэж гуйсны дагуу өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр шүүгдэгч Б.Э-нд очиж хоносон байдаг бөгөөд маргааш нь буюу 07 сарын 26-ны өглөө “ ах дуудаж байна “ гэснээр сэрж, Еэний бууц гэх газарт очиход Б.Э нь 10-аад үхэр хураачихсан байсан бөгөөд тэрээр Б.Э, Б.Э нарыг мал ахуйтай гэдгийг мэдэх тул өөрсдийнх нь үхэр гэж бодсон, тэднийг бусдын үхрийг хулгайлж, нядалж, махыг нь зарах гэж байгаа талаар анхнаасаа мэдээгүй, үхрийг янзалж дуусаад машиндаа ачиж Замын-Үүд рүү явах замд хүний үхэр байсан талаар Б.Э хэлсэн зэрэг нь шүүгдэгч Б.Э-н шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон шүүгдэгч Б.Э, Б.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Э-г үхрийг нядалсан, машинаараа тээвэрлэсэн,  гэрч Э-г мотоцикльтой очиход зугтааж энэ гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж мэтгэлцдэг боловч гэрч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд энэ хэргийн талаар өөрийн харсан, үзсэн зүйлээ мэдүүлсэнээс өөрөөр шүүгдэгч Б.Э-г бусдын үхрийг хулгайлах үйлдлийг анхнаасаа мэдэж, хүсэж, санаа зорилго агуулж үйлдсэн талаар мэдүүлээгүй. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Э нь хулгайн мал гэдгийг мэдээгүй байхдаа үхрийг нядалахад оролцсон, үхрийн махыг машиндаа ачиж явсан, түүнчлэн шүүгдэгч Б.Э-н “хүний мал байсан “ гэж хэлэхийг сонссон зэрэг нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, түүний дээрх үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учирсан нөхцөл байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Э, Б.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар буюу бүлэглэж, олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан буюу шүүгдэгч Б.Э нь малд явж байхдаа бусдын үхрийг хулгайлах санаа зорилгыг бий болгож, түүнийгээ хэрэгжүүлсэн, шүүгдэгч Б.Э нь Б.Э-г өөр айлын үхэр тууж бууцан дээр авчирсан байсныг мэдсээр байж үхрийг нядалсан, зарж борлуулсан зэргээр идэвхитэй үйлдлүүд хийсэн байх тул тэднийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан хохирогч И.Н /1-р хх-ийн 36-37,39/, гэрч Г.Э /1-р хх-ийн 45/, гэрч Ц.Н /1-р хх-ийн 56-57/, Н.А /1-р хх-ийн 60-61/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, ... улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /1-р хх-ийн 17-18/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 05-16/, Б махны дэлгүүрээс 145,8 кг үхрийн мах, Ү махны захаас 293,9 кг үхрийн мах хураан авсан тухай эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-23/, 439,5 кг үхрийн махыг эд мөрийн баримтаар  тооцсон тухай тогтоол /1-р хх-ийн 27/, Stainless steel japan  гэх бичигтэй 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтыг хураан авч, хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х нь “ гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, гэхдээ шүүгдэгч Б.Э нь машин механизм ашиглан үхрийг тууж бууцан дээр авчирч орхиод гэр рүүгээ явсанаар түүний үйлдэл төгссөн, шүүгдэгч Б.Э нь ахдаа тусалж үхрийг нядалсан байгаагаас харахад бүлэглэсэн гэх нөхцөл байдал эргэлзээтэй, гэмт хэргийн оролцоог анхаарч үзнэ үү” гэж мэтгэлцсэнийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Шүүдэгч Б.Э-н үйлдэл нь өөрийн өмчлөлийн мотоциклиор 10-аад тооны үхрийг тууж Еэний бууц гэх газарт аваачсанаар эхэлж, 3 үхрийг ялгаж барьж авсан, эхний үхрийг нядалахад байсан, гэр рүүгээ яваад буцаад 3 дахь үхрийг нядалж эхлэхэд ирсэн, хамт махыг янзалж, тээврийн хэрэгсэлд ачиж, Замын-Үүд суманд очоод хэнд зарж борлуулахыг дүүдээ зааж өгч худалдан борлуулсанаар төгссөн, шүүгдэгч Б.Э нь өөрийн үхэр биш, ах нь хүний мал хулгай хийсэн гэдгийг мэдсээр байж үхрүүдийг нядалж,  Замын-Үүд суманд зарж борлуулах ажлыг гардаж гүйцэтгэсэн байгаа нь шүүхээс үнэлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймээс шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг бүлэглэж, гүйцэтгэсэн гэж үндэслэлтэй бөгөөд нэгэнт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид“ энэ гэмт хэргийг  бүлэглэж “ үйлдсэн гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан атлаа амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай санаа зорилгоор  хүсч үйлдсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулсан нь хэрэгт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэв.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э, Б.Э нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тэдний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирол, эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн хөрөнгийн талаар:

Шүүгдэгч Б.Э,  Б.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй  юм. Хэдийгээр 3 тооны үхрийг хэрэгт нийт 4,900,000 төгрөгөөр үнэлсэн боловч шүүгдэгч нар нь хохирогч И.Н-т учирсан хохирлыг 12,500,000 төгрөгөөр төлж барагдуулсан нь хохирогчийн хх-ийн 39 дүгээр хуудсанд өгсөн мэдүүлэг, хохирогч И.Н-н Х банк дахь ... дугаарын дансанд 12,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-ийн 205/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь хохиролд илүү төлсөн мөнгийг буцаан авахгүй, энэ талаар маргаангүй гэсэн тул тэднийг энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан шууд хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ А банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлийн 9,000,000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.Э-н өмчлөлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоцикль зэргийг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгчид олгож, түүний үнэ 9,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, 500,000 төгрөгийн үнэ бүхийн Даюун маркийн мотоциклийг хурааж тус, тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хөрөнгийн үнэлгээний А ХХК нь ... улсын дугаартай Pruis 20 маркийн тээврийн хэрэгслийг 9,000,000 төгрөгөөр /хх-ийн 89-91/, Даюун маркийн мотоциклийг 500,000 төгрөгөөр /хх-ийн 109-111/ үнэлсэн байна.

Харин энэ хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Pruis 11 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тогтоогдохгүй буюу тэрээр гэрээсээ мал нядалж байсан газарт ирж, очихдоо унаж явсан нөхцөл байдал байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 439,5 кг үхрийн махыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тус шүүхийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамжаар устгахыг мөрдөгч Л.Л-д даалгаж /1-р хх-ийн 237-238/, мөрдөгч нь тухайн эд мөрийн баримтыг устгасан тэмдэглэл үйлдэж, гэрэл зургийн үзүүлэлтийн /1-р хх-ийн 241-242/ хэрэгт хавсаргасан байна.

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон иштэй Stainless steel japan гэх бичигтэй 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар тэдэнд оногдуулах эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж байгаа бөгөөд энэ нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан шууд хохирол биш, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ тул тэдэнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүнчлэн тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овогт Б.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Н овогт Б.Э, Н овогт Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д заасан бүлэглэж, олон тооны малыг, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус, тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг  тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Б.Э бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй Stainless steel japan  гэх бичигтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 9,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Э, Б.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого, шүүгдэгч Б.Э-н өмчлөлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоциклийг хурааж улсын орлого тус тус болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч А банк бус санхүүгийн байгууллагад, ... улсын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э-т тус,тус болгож, Даюун маркийн мотоцклийн битүүмжлэлийг улсын орлого болгох хүртэл хугацаагаар хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.Ц