Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 441

 

Н.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор А.Ганзориг,

Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 606 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцлээр Н.Нт холбогдох эрүүгийн 1808010050304 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н.Н, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 531 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ХЕ83012517/.

 

Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7 дугаар гудамжны 26 тоотод иргэн Н.Цтай “...гар утас авчихлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар нь хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Н.Нт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг зарлан явуулсан боловч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж заажээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Н.Нийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн байх боловч тус шинжээчийн дүгнэлтийн тодорхойлох хэсэг болон дүгнэлт хэсэгт дараах эргэлзээ бүхий нөхцөл байдлууд дурдагджээ. Тухайлбал, үзлэгт “Н.Цын ар нуруунд 10-11 дүгээр хавирганы түвшинд зүүн талын суганы арын шугамаар ташуу байрлалтай 1,5 см мэс заслын 2 ширхэг оёдол бүхий шархтай”, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хавсарсан гэмтлийн тасгийн №01709 тоот өвчний түүхээс “өвчин эхэлсэн хугацаа 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр, эмнэлгээс гарсан хугацаа 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр, ор хоног 6 хоног, хэвтэх үеийн зовиур цээжээр өвдөнө, амьсгаадна гэнэ. Хэсэг газрын үзлэгт: Цээжний баруун талд далны доод хэсэг 1,5 см орчим гүн зүсэгдсэн шархтай, шархыг цэгцэлж боолт хийв”, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн жижүүр эмчийн үзлэгт “хэсэг газрын үзлэгт: цээжний зүүн талд суганы арын шугамаар 2 см орчим анхдагч цэгцлэлт хийгдсэн шархтай, цэвэр боолттой, арьсан доор хий хурсан, хүлээн авах яаралтай тусламжийн эмч шархыг шалгахад цээж рүү нэвтэрсэн шархтай” гэж, Мед Траума эмнэлгийн хэвлийн хөндийн тодосгогч бодисгүй хэвлийн болон бага аарцгийг багтаасан КТГ-ийн шинжилгээнд ... зүүн талын бөөрний гадна хажуу хэсэгт гялтангийн ард 5,0х1,6 см хэмжээтэй +63 HU нягтралтай цус хуралттай, Төгсгөлийн онош: цээжний хөндий рүү хутгалагдсан нэвтэрсэн шарх, зүүн бөөрний няцрал, шээс дамжуулах замын цусан хураа гэх, Дүгнэлт хэсэгт: Н.Цын биед хэвлийн гялтангийн ар зайд 10-11 дүгээр хавирганы түвшинд зүүн талын суганы ар шугамаар хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн бөөрний гадна, хажуу хэсгийн гялтангийн ар зай дахь цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. Шинжээч Ц.Бадрал нь “...хохирогчид учирсан гэмтэл нь нэг удаагийн хурц үзүүртэй зүйлээр үүсгэгдэх гэмтэл байгаа юм, хэвлийн гялтангийн ар зайд 10-11 дүгээр хавирганы түвшинд зүүн талын суганы арын шугамд гэдэг нь зүсэгдсэн газрыг зааж өгч байгаа бөгөөд бөөрийг гэмтээсэн зүйл байхгүй байсан” гэж мэдүүлсэн. Түүнчлэн хохирогч Н.Цын “...Н.Н нэг удаа миний зүүн бөөрний дээд хэсэг рүү хутгалж гэмтээсэн” гэж, гэрч Н.Батцэцэгийн “...Н.Ц ах ...Н.Н намайг хутгалчихлаа гэж хэлсэн. ...Тэгээд ахын нуруу руу харсан чинь куртикны зүүн тал нь цус болоод нэвтэрчихсэн байсан. Н.Ц ах одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээж хэвлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа” гэх мэдүүлгүүд тус тус авагджээ. Дээрх байдлаас үзвэл хохирогчид учирсан гэх шархны чиглэл, байршлыг өөр өөрөөр тодорхойлсон, нэвтэрсэн, зүсэгдсэн гэх шархны хэмжээг 1,5 см, 2 см орчим гэх мэтээр бичсэн, дүгнэлтийн тодорхойлох хэсэгт үзлэг хийсэн, КТГ шинжилгээний хариуг тайлж уншсан, анхан шатны тусламж үзүүлсэн эмч нарын өөр өөрөөр тодорхойлсон байдалд ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар дүгнэлт өгөлгүйгээр “гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, эргэлзээ бүхий болжээ. Иймд бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэж, хохирогчийн биеийн аль хэсэгт ямар гэмтэл /цээжний зүүн, баруун талын аль хэсэгт нэвтэрсэн, зүсэгдсэн шархны аль нь үүсгэгдсэн болох/ үүссэн болох, учирсан гэмтэл шарх нь хохирогчийн цээжний хөндий рүү эсхүл хэвлийн хөндий рүү эсхүл зүүн /баруун/ талын далны аль хэсэгт нэвтэрсэн, зүсэгдсэн шархны аль нь болох, уг гэмтлээс үүдэн цээж /хэвлийн хөндийд/ цус, агаар хуралдах зэрэг шинж илэрсэн эсэх, дотор эрхтэнг гэмтээсэн зүйл байгаа эсэх, зүүн бөөрний гадна хажуу хэсгийн гялтангийн ар зай дахь цусан хураа бүхий гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ямар зэрэгт хамаарч байгаа болох, энэ талаар үндэслэл, тайлбараа тодорхой дурдах шаардлагатай бол зарим асуудлыг дүгнэлт гаргасан шинжээч нараас мэдүүлэг авах замаар тодруулах нь зүйтэй. Түүнчлэн 2859 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна, ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь хоорондоо нийцэж байгаа эсэхийг мөн тодруулах шаардлагатай байна.

Н.Цын №01709 тоот өвчний түүхийг хэрэгт авч хавсаргах, дээрх асуудлыг тодруулсны үндсэн дээр Н.Нт холбогдох хэргийг зүйлчилж ирүүлэх нь зүйтэй.

АСАП сангийн лавлагаагаар “...2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7-26 тоотод хамтран амьдрагч Н.Н нь дагавар охин Энхсувдыг оролдсон” мэдээлэл авагдсан байна /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/. Энэ асуудал нь хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх холбогдох баримтуудыг авч хэрэгт хавсаргах, хэрэв эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бол тус хэргүүдийг нэгтгэн шалгаж шийдвэрлэх нь зохистой юм. ...” гэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

Хохирогч Н.Цын “Н.Н араас ирж байгаа харагдсан бөгөөд би бие засаад зогсож байтал зүүн бөөр хэсэг рүү цохиод авах шиг болохоор нь эргээд хартал миний баруун тал руу халуун оргиод ирэхээр нь би гараараа дараад гараа хартал цус болсон байсан” /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/, яллагдагч Н.Нийн “...Н.Ц “чи намайг хутгалчихлаа” гэж хэлсэн бөгөөд тэгээд Н.Ц надад куртикаа тайлаад харуулсан чинь нурууны зүүн талд цус гарсан байхаар нь би хүний утас гуйж аваад түргэн дуудсан. ...” /хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас/, гэрч Н.Батцэцэгийн “...Н.Нийн гэрийг заалгаад очиж явтал баруун салааны эцэс орчим манай ах Н.Ц доошоо суугаад уйлахаар нь би явж очоод юу болсон талаар асуусан чинь “Н.Н намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. ... Тэгээд ахынхаа нуруу руу харсан чинь куртикны зүүн тал нь цус болоод нэвтэрчихсэн байсан. ...” /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2859 дугаартай дүгнэлтэд “Н.Цын биед хэвлийн гялтангийн ар зайд 10-11 дүгээр хавирганы түвшинд зүүн талын суганы арын шугамаар хатгагдаж зүсэгдсэн, нэвтэрсэн шарх, зүүн бөөрний гадна хажуу хэсгийн гялтангийн ар зай дахь цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт, Шинжээч эмч Ц.Бадралын “...уг гэмтэл нь нэг удаагийн хурц үзүүртэй зүйлээр үүсгэгдэх гэмтэл байгаа юм. Хэвлийн гялтангийн ар зайд 10-11 дүгээр хавирганы түвшинд зүүн талын суганы арын шугамд гэдэг нь зүсэгдсэн газрыг зааж өгч байгаа бөгөөд бөөрийг гэмтээсэн зүйл байхгүй, бөөрний хажууд бөөрний гадна цус хурсан гэмтэл байсан. ...” /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтуудаар хохирогч Н.Цын биед ар нурууны хэсэгт нэг удаагийн зүсэгдсэн нэвтэрсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Харин шүүгчийн захирамжид дурдагдсан хохирогчид учирсан гэх шархны чиглэл, байршлыг өөр өөрөөр тодорхойлсон, нэвтэрсэн, дүгнэлтийн тодорхойлох хэсэгт үзлэг хийсэн, КТГ шинжилгээний хариуг тайлж уншсан, анхан шатны тусламж үзүүлсэн эмч нарын өөр өөрөөр тодорхойлсон байдалд ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар дүгнэлт өгөлгүйгээр хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, эргэлзээ бүхий болжээ гэсэн нь мөн адил няцаагдаж байна. Түүнчлэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т “цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх: Үүнд, дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцэгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, агаар /пневмоторакс/ хуралдах зэрэг шинж илэрсэн” бол энэ ангилалд буюу гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур шинжид хамаарна” гэсэн байна. Гэтэл хохирогч Н.Цын биед учирсан гэмтэл цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх биш, хохирогчийн ар нуруу хэсэгт зүсэгдсэн нэвтэрсэн шархтай болох нь хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтаар тогтоогдсон. Энэ нь уг журмын 3.1.11-т заасан хүнд зэрэгийн гэмтэлд хамаарахгүй байна. Харин шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар “хэвлийн гялтангийн гаднах хөндийд нэвтэрч, гялтангийн гаднах эрхтэнүүдийг гэмтээсэн нуруу, ууцны доод хэсгийн шарх: Үүнд бөөр, бөөрний дээд булчирхай, шээлүүр, нойр булчирхай, бүдүүн болон дээд гэдэсний өгсөх, уруудах хэсгийг гэмтээсэн, нэвтэрсэн шарх” хамаарна гэсэн байна. Гэтэл хохирогч Н.Цын биед учирсан “хэвлийн гялтангийн ар зайд 10-11 дүгээр хавирганы түвшинд зүүн талын суганы арын шугамаар хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн бөөрний гадна хажуу хэсгийн гялтангийн ар зай дахь цусан хураа” бүхий гэмтэл нь 3.1.13-т заасан гэмтлүүд биш болох нь нотлогдон тогтоогдсон байна. Цээжний хөндийн нэвтэрсэн шарх, ар нурууны нэвтэрсэн шарх нь тус тусдаа өөр ойлголт болохын зэрэгцээ гэмтлийн өөр өөр зэрэгт хамаарах болох тусгай мэдлэгийн хүрээнд дахин дүгнэлт гаргах шаардлагагүйгээр хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалтттай нотлогдон тогтоогдож байна. Анхан шатны шүүгчийн захирамжинд тусгагдсан эргэлзээтэй нөхцөл байдлууд нь тусгай мэргэжлийн эмч /шинжээч эмч/ бус өөр, өөр эмнэлэгт үзүүлсэн өвчний түүхүүдэд үндэслэж эргэлзээтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Шүүгчийн захирамжинд АСАП сангийн лавлагаагаар 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустай 7-26 тоотод хамтран амьдрагч Н.Н нь охин Энхсувдыг оролдсон гэх мэдээлэл авагдсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул холбогдох шийдвэрийг авч хэрэгт хавсаргах шаардлагагүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор А.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээр шүүгдэгч Н.Нт холбогдох хэргийг 2 үндэслэлээр буцаасан байгаа. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дахин шинжээч томилох шаардлагатай, мөн АСАП сангаас авсан мэдээллийг хэрхэн авч хэрэгт хавсаргасан бэ гэсэн байгаа. Үүнийг эс зөвшөөрч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Шүүгч хохирогчид учирсан гэмтэл нь хаана учирсан нь тодорхойгүй байгаа тул эргэлзээ бүхий байдал үүссэн гэжээ. Хохирогч Н.Цын ар нуруу хэсэгт хутгалсныг, шүүгдэгч Н.Н “ар хэсгээс хутгалсан” гэсэн, гэрч Батцэцэг хаана хутгалсан талаар хэлсэн мэдүүлгүүд байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2859 дугаартай дүгнэлт дээрх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй таардаг. Түүнд Н.Цын биед хэвлийн гялтангийн ар зайд 10-11 дүгээр хавирганы түвшинд зүүн талын суганы арын шугамаар хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн бөөрний гадна хажуу хэсгийн гялтангийн ар зай дахь цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо гэсэн байгаа нь гэмтэл хаана учирсан нь тодорхойгүй биш гэдгийг гэрч, шинжээчийн дүгнэлтээр тодорхой гаргасан байгаа. Шинжээч эмч Ц.Бадралыг байцаахад хэвлийн гялтангийн ар зайд нэвтэрсэн шарх, дотор эрхтэн гэмтээгээгүй. Иймд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна гэсэн байцаалт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүгч үүнийг өөр өөр түвшинд байрласан, нэвтэрсэн шархны хэмжээ тодорхойгүй байна гэсэн нь мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна. Түүнчлэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т “цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, үүнд дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий голт, цээж, хэвлийн хөндийд цус, агаар хуралдах зэрэг шинж илэрсэн” бол энэ ангилалд буюу гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур шинжид хамаарна гэсэн байна. Гэтэл хохирогч Н.Цын биед учирсан нэвтэрсэн шарх цээжний хөндий рүү биш ар нуруу руу зүсэгдсэн шархтай болох нь мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч, шинжээчийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа. Тиймээс шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т хамаарахгүй. Харин Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар хэвлийн гялтангийн гаднах хөндийд нэвтэрч гэсэн нь хохирогч Н.Цт учирсан гэмтэлтэй ойролцоо, гэхдээ доторх эрхтэнг гэмтээсэн бол хүнд зэргийн гэмтэлд орж байгаа. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр дотор эрхтэнг гэмтээгээгүй учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар 4-өөс доош 7 хоногийн хугацаагаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэл бүхий гарсан байгаа. Цээжний хөндий, ар нуруунд нэвтэрсэн шарх нь тус тусдаа ойлголт. Гэтэл шүүгч нэвтэрсэн бол хүнд зэрэгт хамаарна гэж гэмтлийн зэрэг тогтоох журмыг сайн харахгүйгээр эргэлзээтэй байдлаар шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсанаар гэрч, хохирогчийн мэдүүлгээр хаана гэмтэл учирсан нь тодорхой хавсаргасан байдаг юм. АСАП сангийн лавлагааг хэрхэн яаж шийдвэрлэсэн, олж хавсаргасан тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул хавтаст хэрэгт авсан байх шаардлагагүй. Иймээс шүүгчийн буцаасан хоёр үндэслэлийг няцааж байна. Шүүгдэгч Н.Нт холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 606 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Хэргийн гол асуудал нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байгаа. Гэмтлийн зэргийг тогтоох асуудлыг хангалттай тогтоосон тул дахин шинжээч томилсон ч гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох боломжгүй. Шинжээчийг байцаасан байгаа” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Н.Нт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн ...”, “гэмт хэргийг хэн үйлдсэн”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн байцаалтын явцад нотлохоор заажээ.

 

Мөрдөн байцаалтаар “Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7 дугаар гудамжны 26 тоотод иргэн Н.Цтай “...гар утас авчихлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар нь хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх үйл баримтыг тогтоосон нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

 

Иймд, дээрх Н.Нийн холбогдсон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Ингэхдээ, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгаж үнэлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Нийн гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй байна.

 

Иймд прокурор Д.Отгонбаярын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 606 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Н.Нт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.