Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 467

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: “МРК” ХХК 

Хариуцагч: АМГТ газрын Кадастрын хэлтсийн дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТ газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар “Шийдвэрийг хүчингүй болгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах, MV-******* дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг давхцалгүй хэсгээр сэргээхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  “МРК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...МРК ХХК нь онд анх Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг Мандал гэх нэртэй 2360.11 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайх эрх бүхий XV-0******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан болно.

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт хамаарах 2360.11 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд XV-0******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2011 оноос эхлэн 7 жил гаруй хугацаанд хайгуулын үйл ажиллагаа явуулж 15,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Мандалын молибден-вольфрамын ордыг илрүүлэн Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцүүлж тус зөвлөлөөс XX-02-05 дугаар дүгнэлтээр Мандалын молибден-вольфрамын ордын Мандал нэртэй XV-0******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдах нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

Нэгэнт хайгуулын үйл ажиллагаа явуулж нөөцийг нь тогтоосон тул Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг тус тус үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр XV-0******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 2360.11 гектар талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан. Үүнээс өмнө буюу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Ойн сан бүхий талбайн хил заагийн талаар хүсэлт гаргах нь” гэх 113 дугаар албан тоотыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын  дарга М.Тунгалаг нарт “...одоогийн ойн сан бүхий талбайн хил заагаар хасалт хийсний дараа үлдэх талбайд мөн ойн сан бүхий хэсэгт хамрагдахаар харагдаж байгаа нь компаний цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц байдал үүсч болзошгүй байгаа тул ойн сан бүхий талбайн хил заагийг дахин нарийвчлан тодотгож өгнө үү...” хэмээн хүсэлт гаргаж байсан.

Тухайн үед дээрх албан бичгүүдийн хариу болгож Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Б 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06б/******* “Лавлагаа хүргүүлэх тухай” албан бичгээр, хуульд “Хөвсгөл аймгийн ойн сангийн зураг шинэчлэгдсэн бөгөөд Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 3-р хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж ойн сан бүхий газрын хилийн заагийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа болно. Иймд ойн сан сангийн хилийн заагийн солбицлыг шинэчилсний дараа танай аж ахуйн нэгжийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой болно. Жич 2017 оны 4 дүгээр улиралд багтаан хилийн заагийг шинэчлэх асуудлыг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна” гэх хариуг ирүүлсэн. 

Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр АМГТ газрын Кадастрын хэлтэст 119 дугаар албан тоотоор тайлбар тодруулгыг хүргүүлж байсан. 

Хариуцагч АМГТ газрын кадастрын хэлтсийн дарга Д.М нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, холбогдох тайлбар, бичгийн баримт, Байгал орчин, Аялал жуулчлалын яамны Ой, Ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэсийн дарга Н.Б-аас ирүүлсэн 06б/******* тоот албан бичгүүдтэй танилцсаны үндсэн дээр 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 435 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дах  Цагаан уул нэртэй 2360,11 гектор талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “МРК” ХХК-д олгосугай хэмээн шийдвэрлэсэн. 

Гэвч хариуцагч АМГТ газрын кадастрын хэлтэсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “МРК” ХХК-ийн эзэмшиж буй Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дах  цагаан уул нэртэй 2360,11гектор талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай нь Байгал орчин, аялал жуулчлалын яамны Ой, Ус, Тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06б/*******, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  06б/******* дугаар албан тоотуудаар тогтоогдож байх тул тус компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг нь ноцтой зөрчиж байна. 

Захиргааны  ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлд заасны дагуу АМГТ газраас сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2570 албан тоотоор нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн. 

Тухайн мэдэгдэлд дурдсан үндэслэл нь “... Иймд ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу танай компаний эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй. Захиргааны Ерөнхий хуулийн  26 дугаар зүйлийн 26.1-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрзийг цуцлах шийдвэр гаргахын өмнө танай компанид тайлбар санал гаргах боломж олгох хүрээнд, мөн хуульд заасан сонсох ажиллагаа явуулах болсоныг үүгээр мэдэгдэж байна” хэмээсэн байдаг.

Гэтэл АМГТ газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар шийдвэр нь тусгай зөвшөөрөл цуцлах тухай бус харин “шийдвэр хүчингүй болгох” тухай гаргасан ба “... тус компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай” гэсэн агуулгаар гарсан. 

Дээрх нөхцөл байдлаас хариуцагчиийн гаргасан маргаан бүхий 263 дугаар шийдвэр нь дараах эрх зүйн зөрчилтэй байна. 

1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтан нь сонсох ажиллагааны талаар мэдэгдэлд захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл  заалт, захиргааны шийдвэр гаргах тухай асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг тусгахаар заасан байдаг. Гэтэл сонсох ажиллагаа явуулахдаа хариуцагч Тусгай зөвшөөрөл цуцлах талаар мэдэгдэж, нэхэмжлэгч байгууллагаас тайлбар авсан боловч маргаан бүхий 263 дугаар шийдвэрийг гаргахдаа “Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай” хэмээн гарсан. Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагаа явуулаагүй, энэ талаар эрх ашиг нь хөндөгдөж буй нэхэмжлэгч байгууллагаас тайлбар аваагүй асуудал болох Кадастрын хэлтэсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгох асуудлаар шийдвэр гаргаснаар Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох шаардлагуудыг зөрчиж, нэхэмжлэгчид хуулиар олгосон тайлбар гаргах эрхийг хязгаарласан байна. 

2. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогпдсоноос хойш  ажлын 20 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заах тухай зохицуулсан боловч хариуцагчийн зүгээс энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй. 

3. Маргаан бүхий 263 дугаар шийдвэрт үндэслэл болгосн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэг нь “Тусгай зөвшөөрлийг цуцлах” тухай үндэслэлүүдийг заасан байдаг. Гэтэл хариуцагч нь 263 дугаар шийдвэрт тусгай зөвшөөрөл цуцлах тухай бус “ тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” асуудал шийдвэрлэсэн нь  холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн болохыг илэрхий харуулдаг. 

4. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэг нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн” тохилдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар заасан байдаг. Гол мөрий урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс , Ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2009 онд батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл эрх бүхий байгуулгад өргөдлөө гаргаж, тухайн газрын ашиглахтай холбогдсон гэрээ байгуулж ажиллах талаар зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч байгуулагийн эзэмшлийн MV-******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нь дээрх хуулиуд батлагдсанаас хойш олгогдсон ба нэхэмжлэгч байгуулага ойн сан бүхий газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бус харин хил заагийг нь тодорхой болгосны дагуу давхцал бүхий хэсгийг буцаан өгөх хүсэлтэй талаараа удаа дараа эрх бүхий байгуулгад мэдэгдэж байсан. Иймд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан гэрээ байгуулах үүрэг нь нэхэмжлэгч байгууллагад хамааралгүй.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч байгуулагийн эзэмшлийн MV-******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон 263 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

1. Захиргааны Ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулах, тухайлбал ач холбогдол бүхий мэдээллий цуглуулах, шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах болон бусад шаардлагатай ажиллагааг хийхээр үүрэг болгосон боловч хариуцагч байгуулаг энэ талаар зохих ажиллагаа хийлгүй, тухайлбал MV-******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлийн талбай нь ойн сан бүхий газарт хэрхэн яаж давхцаад байгаа талаар тодруулах ажиллагаа хийлгүйгээр (холбогдох зургаас харвал нийт талбайн бага хэсэг нь давхцалтай байхаар харагдана) их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, олон жилийн турш холбогдох тусгай зөвшөөрлийн болон бусад төлбөр хураамжийг төлж ирсэн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийн зөрчиж тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь ашиглах эрхгүй болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд нөхцөл байдалыг харгалзан үзэж АМГТ газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар “Шийдвэр хүчингүй болгох” шийдвэрийг хүчингүй болгож MV-******* дугаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн эрхийг нэхэмжлэгчид сэргээн эзэмшүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг орших “Цагаан уул” нэртэй 2360.11 га талбайд ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг МРК ХХК эзэмшиж байсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийн 12 дахь жилд буюу хүчин төгөлдөр хугацаанд багтаан 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр тухайн талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэст гаргасныг хүлээн авч бүртгэсэн.

Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэсэн даруй Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан хянан шийдвэрлэх ажиллгаа явуулахад мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан өргөдлийн бүрдүүлбэрүүд бүрэн байсан бөгөөд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх ашиглахыг хориглох тухай хуулийн хилийн зааг тогтоосон Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сан бүхий газартай тусгай зөвшөөрлийн талбай нь 377.13 гаар хэсэгчлэн давхцалтай болох нь зураг зүйн шүүлтээр тогтоогдсон.

Энэ өргөдлийг гаргахаас өмнө “МРК” ХХК нь хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэсэгчлэн давхцалтай ой сан бүхий газрын хилийн зааг нь газар дээрээ бодит байдлаар нийцэхгүй /давхцахгүй/ байгаа тул үүнийг дахин нарийвчлан тодотгож өгөх хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1-06/19, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 114 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж байжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүсэлтийг судалж үзээд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06б/******* тоот албан бичгээр “...Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан ойн сан бүхийн хилийн заагийн солбицол нь зарим тохиолдолд техникийн шаардлага хангахгүй болон уур амьсгалын өөрчлөлт, цаг хугацаанаас хамаарч ойн сан бүхий газарт өөрчлөлт орсон байгаа нь бодитой байдалтай нийцэхгүй байгаа...” гээд “...энэ тогтоолоор баталсан хилийн заагийг 2017 оны 04 дүгээр улиралд Засгийн газарт танилцуулж шинэчилсний дараа танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой...” гэсэн хариуг өгсөн байна.

МРК ХХК-аас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 119 тоот албан бичгээр дээр дурдсан нөхцөл байдлыг дурдаад ойн сантай давхцалтай хэсгийн хилийн заагийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, хуульд нийцүүлсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийн талбайгаас ойн сантай давхцал бүхий хэсгийг хасалт хийхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бичгийн хамт хавсаргаж Кадастрын хэлтэст ирүүлсэн байна.

Эдгээр хүсэлт болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг судлан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасан үндэслэн хайгуулын 0*******Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлд нь ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 435 дугаартай шийдвэрийг гаргасан байна.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06б/******* тоот албан бичигт дурдсан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан ойн сан бүхий хилийн заагийн солбилцолд өөрчлөлт орсон эсэхийг дахин тодруулахаар тус газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 7/2053 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээс лавлагаа хүссэн.

Энэ бичгийг Ой, ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс хүлээн аваад МРК ХХК ийн хайгуулын 0*******Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий хилийн заагтай давхцалтай, уг тогтоолын 3 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт ороогүй гэсэн хариуг манайд ирүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-д заасан тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” байх ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг зөрчиж олгосон нь зөрчил хэвээр байгаа нь тогтоогдсон.

Иймд гаргасан зөрчлийг арилгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрөлийг олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 435 дугаартай шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа явуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2570 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн.

Үүний дагуу тус компани 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2570 тоот албан бичгээрээ тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай ойн хил заагийг нарийвчлан торуулсны үндсэн дээр буцаан хүлээлгэн өгөх хүсэл зорилгыг эн 01 дүгээр сарын 23 ний 002, 003 тоотуудаар өмнө гаргасан хүсэлтээ дахин гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй бөгөөд мэргэжлийн байгууллагаар ойн хилийн заагийг дахин тогтоолгосны дараа хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн нь нэхэмжлэгч өөрөө давхцалтай байгаагаа нотлосон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллгааны дагуу нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай мэдээ, нотлох баримт, ажиллагаа хийсэн байх тул МҮ-******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш 10 хоногийн дотор мэдэгдэл явуулаагүй гэж нэхэмжлэгч маргасан байна. Ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 435 дугаартай шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа явуулахаар хүргүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2570 тоот албан бичиг нь захиргааны байгууллага өөрийнхөө өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой шийдвэр гаргах ажиллагаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тогтоосон мэдэгдэл биш юм. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “МРК” ХХК нь “АМГТ газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар “Шийдвэрийг хүчингүй болгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах, MV-******* дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг давхцалгүй хэсгээр сэргээхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

“МРК” ХХК нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт орших “Цагаан уул” нэртэй 2360.11 га талбайд ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийн 12 дахь жилд буюу хүчин төгөлдөр хугацаанд багтаан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тухайн талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг АМГТ газрын Кадастрын хэлтэст гаргасан байна. 

Хариуцагч АМГТ газрын Кадастрын хэлтэс нь өргөдөл, хавсаргасан баримтын бүрдлийг шалгаад Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн АМГТ газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар тушаалаар 2360.11 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “МРК” ХХК-д олгожээ. 

Маргаан бүхий АМГТ газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар тушаалаар дээрх ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 212 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06б/*******, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 06б/******* албан тоотуудаар тогтоогдсон гэж үзээд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. 

Учир нь “МРК” ХХК өргөдөл гаргасны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06б/******* дугаар албан бичгийг АМГТ газарт хүргүүлж байсан, “МРК” ХХК нь ойн хил заагийг мэргэжлийн байгууллагуудаар нарийвчлан тогтоолгож, хуульд нийцүүлсэний үндсэн дээр ойн сан бүхий хэсгийг хасалт хийхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж албан бичиг ирүүлж байсан, мөн АМГТ газрын Кадастрын хэлтэс 377.13 га талбайгаар Ойн талбайтай давхцалтай гэж шүүлт хийж байсан зэргээс үзэхэд хариуцагчаас анх ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо талбайн давхцалыг тодруулж олгох үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Хариуцагчаас ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг зөрчиж олгосон нь зөрчил хэвээр байсан гэж тайлбарлаж байгаа боловч 2011 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж 15.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр ХХ-02-05 дугаар дүгнэлт гаргуулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нэхэмжлэгч компанийг буруутгаж ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь хүчингүй болгосон нь нэхэмжлэгч “МРК” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна. 

Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах үүрэг нь төрийн захиргааны байгууллагад байхад нэхэмжлэгчийг буруутгаж ашиглалтын тусгай зөвшөөрлийг бухэлд нь хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, АМГТ газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар “Шийдвэрийг хүчингүй болгох тухай” шийдвэрийг хүчингүй болгож, MV-******* дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн давхцаагүй хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэлээ.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д заасныг баримтлан “МРК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж АМГТ газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 435 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, MV-******* дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн давхцаагүй хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “МРК” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        О.ОЮУНГЭРЭЛ