Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

            Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой Б.Бд холбогдох эрүүгийн 2107 00000 0071 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “..............” ХХК-ны тоосгоны үйлдвэрт тоногийн засварчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт .......................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ******* овогтой Б.Б РД: / /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний орой Налайх дүүргийн 4 дүгээр хороо “Асу” хүнсний дэлгүүрийн гадаа асаалттай байсан ............ улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Би *******оос ажил хийхээр ирсэн. Би “нисэх”-эд найзындаа амьдардаг. Найзтайгаа маргалдаад такси барих гээд дэлгүүрийн гадаа очсон. Тэр өдөр гадаа шуургатай байсан. Тухайн үед дэлгүүрийн гадаа очтол нэг машин байхаар таксинд явах юм болов уу гээд очоод асуух гэтэл дотор нь хүн байхгүй байсан. Тухайн үед маш их даарч байсан болохоор машиныг унаад ажлын газар руугаа явсан...” гэв.

 

            Хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 40 минутын орчимд би Налайх дүүргийн 4 дүгээр хороо Сувдан сондор хүнсний дэлгүүр орохоор гэрээсээ гараад дэлгүүр очсон. Дэлгүүр орохдоо би өөрийн ............ улсын дугаартай Верна Аксент маркийн автомашинаа дэлгүүрийн гадаа асаалттай орхиод 4-5 минут дэлгүүрт байсан. Тэр хоорондоо би дундуур нь гарч автомашинаа харсан. Тэгээд дэлгүүрээс юм авчхаад гараад иртэл миний автомашин алга болсон байсан. Тэгээд би ойр хавиар хартал миний автомашин төв зам руу ордог чиглэлдээ явж байгааг харсан. Ямар хүн аваад явсан болохыг мэдэхгүй байна..." /хх-9-12/ гэх мэдүүлэг,

            Гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай аав ээж Налайх дүүргийн ................ тоотод оршин суудаг юм. Б.Б 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай гэрт байрлаж ажилдаа явна гэж ирээд манай ээжтэй таарахгүй маргалдаад тэгээд маргааш өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад гэрээс гараад явсан, гадаа их цасан шуургатай байсан. Манай ээж Б.Быг ******* аймгаас дагуулж ирж энд тоосгоны үйлдвэрт ажилд оруулж өгсөн юм. Б.Б 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тоосгоны үйлдвэрийн эзнээс ажил хийсэн урьдчилгаа мөнгө авна гэхэд нь манай ээж битгий мөнгө өг гэж хэлснээс болоод маргаад манай гэрээс явсан юм. ...би маргааш өдөр нь ажил дээр очсон чинь Б.Б.Быг ажил дээр байхад нь цагдаа нар ирээд авч явсан гэж хэлсэн тэгээд би мэдсэн юм..." /хх-16/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...2021 оны 03 дугаар сард Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ".............." ХХК-ний тоосгоны үйлдвэрт Б.Б нь тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллах болсон Б.Б найз М.Эын гэрээс ажилдаа ирж очих болсон. 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай үйлдвэр ажиллаж байхад гэнэт цасан шуурга ихээр шуурсан тул өдрийн хоолны дараа ажилчдаа тараасан. Тэгээд орой нь бүх ажилчид байхгүй ямартай ч Б.Б ажил дээр ирсэн, унтаж байсан гэж сонссон. Тэгтэл араас нь цагдаа нар ирээд аваад явсан байсан. Б.Быг хүний автомашин аваад явчихсан байна гэж сонссон..." /хх-18/ гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...Би өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай Верна Аксент маркийн автомашиныг эзэмшдэг байж таараад 2020 оны 09 дүгээр cap билүү 10 дугаар сарын орчимд Ц.Бэ гэх хүнд бэлэн 950.000 төгрөгөөр зарсан. Одоо бол надад уг автомашин ямар нэг хамаарал байхгүй. Ц.Бийг нэр дээрээ автомашинаа шилжүүлж ав гэж хэлсэн боловч автомашинаа одоо болтол өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй..." /хх-20/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би "АСУ" дэлгүүрийн урд таксинууд хааяа зогсоод байдаг газарт саарал өнгийн ............ улсын дугаартай Верна Аксент маркийн автомашин байхаар нь такси байна гэж бодоод хойд хаалгыг нь таттал хойд хаалга нь нээгдэхгүй байхаар нь цонхоор нь хартал хүнгүй харагдсан. Тэгээд би тэр автомашины жолооч талын хаалгыг нээхэд автомашин асаалттай, түлхүүр нь зоолттой, жолооч нь байхгүй байдалтай байхаар нь даарсандаа болоод автомашиныг нь жолоодоод явсан. Тэгээд тоосгоны үйлдвэрийн хойно байдаг ногоон өнгийн вагончикны хажууд автомашиныг нь хүний нүднээс жаахан далдлах байдалтай тавиад үйлдвэр лүүгээ ороод ажилчдын байранд унтаж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан..." /хх-37/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03, 05/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-04, 06-07/,

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-22-26/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-27/,

 Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-38/,

Захиргааны зөрчил гаргаж байсан эсэх талаарх лавлагаа /хх-40-42/,

 

Шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн, шүүгдэгч нь гэм хорын хохирол болох 200.000 төгрөгийг төлж барагдуулсан баримт /хх-63-64/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний орой Налайх дүүргийн 4 дүгээр хороо “Асу” хүнсний дэлгүүрийн гадаа асаалттай байсан ............ улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Ц.Бийн буюу өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан болох нь Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Тухайн үед дэлгүүрийн гадаа очтол нэг машин байхаар таксинд явах юм болов уу гээд очоод асуух гэтэл дотор нь хүн байхгүй байсан. Тухайн үед маш их даарч байсан болохоор машиныг унаад ажлын газар руугаа явсан...” гэх мэдүүлэг, Хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгээд дэлгүүрээс юм авчхаад гараад иртэл миний автомашин алга болсон байсан. Тэгээд би ойр хавиар хартал миний автомашин төв зам руу ордог чиглэлдээ явж байгааг харсан. Ямар хүн аваад явсан болохыг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, Гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Б.Б 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тоосгоны үйлдвэрийн эзнээс ажил хийсэн урьдчилгаа мөнгө авна гэхэд нь манай ээж битгий мөнгө өг гэж хэлснээс болоод маргаад манай гэрээс явсан юм. ...би маргааш өдөр нь ажил дээр очсон чинь Б.Б.Быг ажил дээр байхад нь цагдаа нар ирээд авч явсан гэж хэлсэн тэгээд би мэдсэн юм..."гэх мэдүүлэг, Гэрч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай үйлдвэр ажиллаж байхад гэнэт цасан шуурга ихээр шуурсан тул өдрийн хоолны дараа ажилчдаа тараасан. Тэгээд орой нь бүх ажилчид байхгүй ямартай ч Б.Б ажил дээр ирсэн, унтаж байсан гэж сонссон. Тэгтэл араас нь цагдаа нар ирээд аваад явсан байсан. Б.Быг хүний автомашин аваад явчихсан байна гэж сонссон..." гэх мэдүүлэг, Гэрч Ч.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...Би өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай Верна Аксент маркийн автомашиныг эзэмшдэг байж таараад 2020 оны 09 дүгээр cap билүү 10 дугаар сарын орчимд Ц.Бэ гэх хүнд бэлэн 950.000 төгрөгөөр зарсан..." гэх мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг  шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөлийг харгалзан түүнд торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой *******гийн Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90  хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/

хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол

гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД