Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Г.М

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б

Шүүгдэгч Б.У оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  13.14 дүгээр зүйлийн  1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа ... байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.У-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Б.У нь Улаанбаатар хотод байхдаа 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим орчинд Б.У гэх фэйсбүүк хаягнаас Дорноговь аймгаас гарсан Улсын Их Хурлын гишүүн Б.Д “Т хайрганы уурхай дээр 3 автобус хятад иргэд байгаа талаар мэдээлэл ирлээ..., мөн Д ХК-ний Төмөртэйн ордны нөөцийг хятад эзэд зарсан...” гэж Улсын Их Хурлын гишүүн Б.Д нэр төр, алдар хүндэд  халдаж илт худал мэдээллийг олон нийтэд, цахим сүлжээ фэйсбүүкээр тараасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2020 оны 12 сарын 10-нд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байхад  хүмүүс Замын-Үүд сумын буудалд хятадууд байна, ковидын шинжилгээ өгөхгүй байна, Дорноговь аймгийн Өргөн сумын Т ХХК-ны хайрганы  карьер дээр 2-3 автобус хятад  иргэд буусан гэсэн мэдээлэл өгөхөөр нь ямар нэг шүүлтүүргүйгээр өөрийн ашигладаг цахим хуудаснаас бичлэг хийж олон нийтэд түгээсэн. Мөн Д төмөрлөгийн үйлдвэртэй Улсын Их Хурлын гишүүн Д холбоотой гэсэн мэдээллийг сошиал орчиноос фэйж хуудсандаа байршуулсан юм. 2020 оны 12 сарын 10-ны орой 19 цагийн үед Д гишүүний нэр хүндэд шууд халдсан бичлэг хийгээд маргааш нь Дорноговь аймагт ирэхэд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж байсан, ингээд тэр өдрийнхөө 12-13 цагийн орчимд устгасан. Д гишүүн гомдол гаргахдаа баримт хавсарган өгсөн, уг баримтанд миний хийсэн бичлэгийн талаарх зургийг хавсаргасан байсан, 262 хүн сэтгэгдэл үлдээж, 2,200 хүнд түгээгдсэн байсан. Би худлаа мэдээлэл түгээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, хууль, хяналтын байгууллага шалгаад хууль бус үйлдэл гэдгийг тогтоосон. Худал мэдээлэл тараасандаа уучлалт хүсч байна. Гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн үр дагаврыг ойлгож байгаа, прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байна. Хохирогчийн зүгээс гаргаж байгаа залруулга хийлгэх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна, би өөрийн цахим хуудсаараа дамжуулан худал мэдээлэл тараасан бичлэгийн талаар залруулга хийнэ. Би энэ мэдээллийг түгээхдээ Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байсан, хэргийн харъяаллын талаар маргаан байхгүй, хэргээ энэ шүүхээр шийдвэрлүүлэхэд татгалзах зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “У нь Улсын Их Хурлын гишүүн Б.Д нэр төрд халдсан илт худал мэдээллийг өөрийнхөө ашигладаг фэйсбүүк хуудсаар тараасан учраас гомдол гаргасан. Т хайрганы үйлдвэрт 3 автобус хятад иргэд оруулж ирсэн гэх мэдээлэл байна, Д төмөрлөгийн үйлдвэр ХК-ны Төмөртэйн ордын нөөцийг хамаатуулан хятад эзэддээ зарсан гэж олон нийтийн сүлжээгээр түгээсэн. Улсын Их хурлын гишүүн Б.Д нь дээрх газруудтай ямар нэг хамаарал байхгүй. Ийм учраас өөрийн фэйсбүүкээр дамжуулан олон нийтэд худал мэдээлэл тараасан талаараа залруулга хийхийг хүсч байна. Нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг

Хохирогч Б.Д цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, түүнд хавсаргасан Б.У гэсэн цахим хуудаснаас Улсын Их хурлын гишүүн Б.Д-тай холбоотой мэдээлэл түгээсэн талаарх байдлыг харуулсан  фото зургууд  / хх-ийн 4-7/

Г ХХК-ны хайрганы уурхайн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-15/

Шүүгдэгч Б.У-н цахим хуудсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-38/

Шүүгдэгч Б.У-н  цахим хуудсандаа  байршуулсан гэх бичлэгийг  хуулсан 3 минут 33 секундын бичлэгтэй 1 ширхэг Сиди дискийг эд мөрийн баримтаар  тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39/

2020 оны 12 сарын 23-ны өдрийн “ За хүмүүс ороод ирээрэй, 2020.12.10-ны өдөр та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Дэлхий даяараа болон хүний  эрхийг хамгаалах  өдөр, хүний эрхийг  хамгаалах өдөр буюу болсон бэ гэхлээр Дорноговь аймгийн  Замын-Үүд сум мөн Дорноговь аймгаас  урагшаа 20 гаран км 3 автобус хятадууд байна  өдөртөө гарч ирэхгүй, шөнөдөө гарч ирж байгаа ер нь нааш цаашаагаа хөдөлгөөнд орж байна энэ асуудал нь ямар учиртай, юун хятадууд  ямар зорилгоор орж ирсэн бэ? Дорноговь аймгаас гарсан Д гишүүнтэй холбогдуулан “Т” гээд хайрганы уурхайгаас  3 том автобус хятад иргэд тэнд гарч ирж эргэн тойронд явж байгаа мэдээлэл ирлээ, ямар хятадууд яагаад тэнд гарч ирээд тэр 3 автобус хятадууд ямар зорилгоор ирсэн бэ, хэзээ орж ирсэн бэ гэдгийг харъяа байгууллага сум засаг дарга бүх онцгой  байдлын ерөнхий газар улсын онцгой комисс анхаарах хэрэгтэй болов уу” гэсэн бичлэг бүхий Сидинд дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк дээр мэдээллүүдийг байршуулсан байсныг харахад Б.У” гэсэн хаягтай хэрэглэгч нь байсан, үүнийг УИХ-ын гишүүн Б.Д-д танилцуулахад Б.Д гишүүн “уг мэдээлэл нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл байна, нэр төрд санаатайгаар халдаж байна, байршуулсан пост мэдээллийг нь хадгалаад баримтжуулаад аваарай” гэсний дагуу Б.У” хаягаар нь орж 3 минут орчмын бичлэгийг хуулбарлан авч гомдол материалын хамт Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. Миний бие хувь хүн талаасаа танихгүй, гэхдээ уг хүн нь бол 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Б.У гэх хүн гэсэн, түүнээс цааш бол мэдээлэл байхгүй байна. Энэ мэдээлэл нь илт худал мэдээлэл “Т” гэх газар ажилладаг хайрганы уурхайнуудад Б.Д гишүүн ямар ч хамаарал байхгүй. Б.У гэх хүн нь уг уурхайнуудыг “Б.Д уурхай” гэж худал мэдээлэл тараасан, 3 автобус хятад иргэд оруулж ирсэн гэх мэдээлэл нь мөн худал мэдээлэл байгаа. Мөн “Д төмөрлөгийн үйлдвэр ХК-ны Төмөртэйн ордын нөөцийг хамаатуулан хятад эзэддээ зарсан” гэсэн пост нь мөн худал үндэслэлгүй мэдээлэл байна. ... Б.У гэх хүн илтэд худал мэдээллэл тараасан асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх, УИХ-ын гишүүн Б.Д нэр төрийг сэргээлгэх, албан ёсны залруулга тайлбар мэдээллийг олон нийтэд хүргүүлэх саналтай байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2020 оны 03 сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас ертөнцийн зүгээр зүүн талд 23 орчим километрт байрлах Түшлэгийн уулын ойролцоо байрлах Г трейд хайрганы уурхайд экскаваторын оператор хийхээр ирсэн. Ковид-19 гарсантай холбоотойгоор манай компаний үйл ажиллагаа 2020 оны 10 сарын 14-ний өдрөөс зогссон... Манай уурхайд гадаад улсын иргэд ажилладаггүй, дандаа Дорноговь аймгийн иргэд ажилладаг. Намайг 10 сарын 14-ний өдрөөс хойш манаач хийж байх хугацаанд нэг ч гадаад улсын иргэн /БНХАУ-ын иргэн/ ирж байгаагүй. 7 хоногтоо нэг удаа Г трейдийн ажилчид хоол, ус авчирч өгдөг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/

Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2020 оны 07-р сараас эхлэн Дорноговь аймгийн Түшлэг уулын орчим байрлах Г трейд ХХК-д тогооч хийж байна. Манай үйл ажиллагаа корона вирус гарсантай холбоотойгоор 10 сарын 14-ний өдрөөс эхэлж зогссон. ...Б.У гэх хүний өчигдөр орой оруулсан байсан мэдээг үзсэн.  Манай уурхайд тэр хүний ярьсан 3 автобус БНХАУ-ын иргэд ирээгүй. Манай уурхайд 3 хоногтоо нэг удаа Г трейд ХХК-ний ажилчид ирж хоол, хүнсний юм авчирч өгдөг. Манай уурхайд гадаад улсын нэг ч иргэн ажилладаггүй. Нөхөр хүүхэд бид гурваас өөр хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/

Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний бие Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Э ХХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Энхтайваны хайрганы карьерт 2014 оны 04 сард ажилд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Манай компани улирлын чанартай учраас өвлийн улиралд үйл ажиллагаа зогсдог бөгөөд тэр үедээ үндсэн ажилчдаа уурхайн манаачаар ажиллуулдаг бөгөөд би энд ирээд сар гаран болж байна. Манай компани энэ жил 2020 оны 10 сарын сүүлээр түр зогссон. Тэрнээс хойш уул уурхайд дээр ажилчид байгаагүй бөгөөд би ганцаараа уурхай дээр манаачаар  ирээд сар гаран болж байна. Манай компани зогсолтгүй үйл ажиллагаа явуулж байхдаа 87-88 ажилтан байдаг. Харин зогссон үед ганц манаач уурхай дээр техник хэрэгслээ хараад байж байдаг. Хэрэв ямар нэг гадаад улсын иргэн ирсэн бол мэдэх ёстой. Энэ жил болон өмнө жилүүдэд гадаад иргэд манай компани дээр ирж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/

Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Д ХК-д  уул уурхай хариуцсан дэд захирал ажилтай. Манай компани нь 1993 онд анх хаягдал төмөр боловсруулах чиглэлээр байгуулагдаж байсан. Уул уурхайн чиглэлээр 2009 оноос эхлээд Төмөртэйн уурхай, Төмөр толгойн уурхай гэсэн хоёр уурхайгаас хүдэр олборлож баяжмал үйлдвэрлэж байгаа. 2014 оноос Монгол Улсын Засгийн Газартай концессийн гэрээ байгуулаад Монголын “Qsc” ХК-ийн хөрөнгө оруулалтаар одоог хүртэл үйл ажиллагааг явуулж байгаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Д нь манай компанитай ямар нэгэн хамаарал, харилцаа холбоо байхгүй. Манай компанид УИХ-ын гишүүн Б.Д ямар нэгэн хувьцаа эзэмшдэг, хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй. Мөн манай компанид хятад иргэд хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшдэг асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх үйл ажиллагаагаа 2013 оноос эхлэн явуулж байгаа, хайрга бутлан ангилах үйлдвэрлэлийг манай “Э” ХХК-ны охин компани болох “Б“ХХК-нь явуулдаг юм би уг Б ХХК-ны захирлаар нь манай охин Э.У ажилладаг юм. Хайрганы үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь улирлын чанартай явагддаг, энэ жил хэвийн үйл ажиллагаа явуулж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 01-ний" өдрөөс үйл ажиллагаа зогсоод 2021 оны 03 дугаар сараас эхлэн явагдана. Манай уурхайд 6-8 ажилтан ажилладаг. БНХАУ-ын болон гадаад улсын иргэн ажилладаггүй. Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суудаг Монгол улсын иргэд ажилладаг. Ийм мэдээлэл тарсаныг би өөрөө хараагүй намайг Улаанбаатар хотод явж байхад манай охин утсаар яриад “Түшлэг уурхайд дээр 3 автобус Хятад иргэд авч ирсэн байна” гэсэн мэдээлэл хүн оруулсан байна гэж хэлж байсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Д манай “Э“ компани болон “Б“ ХХК-ны уурхайд ямар нэгэн хамаарал оролцоо байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/

Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах “Т” гэх нэртэй газар “Г Трейд” ХХК-ний Чулуун завод буюу карьерийн чиглэлийн үйл ажиллагааг 2020 оны 06 дугаар сараас эхлэн явуулж байгаа юм. Би уг компанийг хариуцан, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг бөгөөд чулуун заводод нийт 11 ажилчин байдаг чулуу бутлах үйл ажиллагаа явуулдаг юм. 2020 оны 06 дугаар сараас эхлэн тоног төхөөрөмжийн угсралт явагдаад 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2020 оны 11 дүгээр сараас эхлэн “Ковид-19”-тэй холбогдуулан үйл ажиллагаагаа явуулахаа больсон. Одоо үйл ажиллагаа явуулаагүй байна, 2 манаач л үлдсэн байгаа юм. 2020 онд үйл ажиллагаа хэвийн байсан бөгөөд манай компани үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш нэг ч БНХАУ-н иргэн ажиллаж байгаагүй юм. Манай компанид БНХАУ-с 3 автобус хятадаас ирсэн иргэд байгаагүй ирэх боломж ч байхгүй. Манай уурхай дээр тийм олон тооны иргэд байрлах орон байр байдаггүй юм. Тухайн үед цагдаагийн байгууллагаас манай уурхай дээр ирж зураг авч, уурхай дээр байсан 2 манаачаас мэдүүлэг авч байсан юм. Би уг мэдээллийг харж байсан юм. УИХ-н гишүүн Б.Д 2016 онд Дорноговь аймгаас сонгогдоод хямд өртөгтэй 1000 айлын орон сууцыг манай барилгийн компаниар бариулахаар болж гэрээ хийж манай компани ерөнхий гүйцэтгэгч компаниар ажиллаж байсан юм. Харин уг карьерийн уурхайтай огт хамааралгүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/

Шүүгдэгч Б.У нь урьд нь ял шийтгэлгүй гэсэн тэмдэглэгээ бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 73/

Шүүгдэгч Б.У-н “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан “Б.У миний бие хүний нэр хүндэд халдаж гүтгэсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 129/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн гэм буруугийн талаар дүгнэвэл:

Шүүгдэгч Б.У нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байхдаа 2020 оны 12 сарын 10-ны орой 19 цагийн орчимд, мөн 12 сарын 21-ний өдөр өөрийн ашигладаг Б.У гэсэн цахим хаягнаас Дорноговь аймгаас гарсан Улсын Их Хурлын гишүүн Б.Д “Т” хайрганы уурхай дээр 3 автобус хятад иргэд байгаа талаар мэдээлэл ирлээ..., мөн “ Дарханы Төмөрлөгийн  үйлдвэр ХК-ний Төмөртэйн ордны нөөцийг хятад эзэд зарсан”  гэж бичин, Б.Д зургийг эвлүүлэн нийтэлж, түүний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд түгээсэн, шүүгдэгчийн үлдээсэн бичлэгийн доод хэсэгт хүмүүсээс 651 сэтгэгдэл бичигдэж,  2,200 хүнд түгээгдсэн үйл баримт болсон байна.

Хүний нэр төр нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бол алдар хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, олон нийтээс өгч байгаа үнэлэмж бөгөөд энэхүү нэр төр, алдар хүнд нь  Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн зүйлийн 2-д “ ...гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас  хохирол,  хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан зохицуулалтыг шүүгдэгчийн үйлдэлтэй уялдуулахад тэрээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч ингэхдээ Үндсэн хуульд заасны дагуу хүний халдашгүй байх эрх, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах үндсэн үүргээ биелүүлээгүй, хохирогч Б.Д талаар бусдаас ирсэн мэдээллийг эх сурвалжгүйгээр түүнд хамаатуулж олон нийтэд илт худал мэдээлэл түгээсэн байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох юм.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1-д заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд  тараасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг болон түүний мэдүүлгийг давхар нотолсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан

-хохирогч Б.Д цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, түүнд хавсаргасан худал мэдээлэл түгээсэн талаарх байдлыг харуулсан  фото зургууд,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... манай компаний үйл ажиллагаа 2020 оны 10 сарын 14-ний өдрөөс зогссон... Манай уурхайд гадаад улсын иргэдийн ажилладаггүй, дандаа Дорноговь аймгийн иргэд ажилладаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

-гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2020 оны 07-р сараас эхлэн Дорноговь аймгийн Түшлэг уулын орчим байрлах Г трейд ХХК-д тогооч хийж байна....Б.У гэх хүний өчигдөр орой оруулсан байсан мэдээг үзсэн.  Манай уурхайд тэр хүний ярьсан 3 автобус БНХАУ-ын иргэд ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/

-гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай компаний ажил 2020 оны 10 сарын сүүлээр түр зогссон. ... Манай компани зогсолтгүй үйл ажиллагаа явуулж байхдаа 87-88 ажилтан байдаг... Хэрэв ямар нэг гадаад улсын иргэн ирсэн бол мэдэх ёстой. Энэ жил болон өмнө жилүүдэд гадаад иргэд манай компани дээр ирж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/

-гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уул уурхайн чиглэлээр 2009 оноос эхлээд Төмөртэйн уурхай, Төмөр толгойн уурхай гэсэн хоёр уурхайгаас хүдэр олборлож баяжмал үйлдвэрлэж байгаа. ...Улсын Их Хурлын гишүүн Б.Д нь манай компанитай ямар нэгэн хамаарал, харилцаа холбоо байхгүй, ямар нэгэн хувьцаа эзэмшдэг, хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй,  хятад иргэд хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшдэг асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/

-гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах “Т” гэх нэртэй газар “Г Трейд” ХХК-ий Чулуун завод буюу карьерийн чиглэлийн үйл ажиллагааг 2020 оны 06 дугаар сараас эхлэн явуулж байгаа юм. ...УИХ-н гишүүн Б.Д уг карьерийн уурхайтай огт хамааралгүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/,

үүгдэгч Б.У-н цахим хуудсандаа  байршуулсан гэх бичлэгийг  хуулсан 3 минут 33 секундын бичлэгтэй 1 ширхэг Сиди дискийг эд мөрийн баримтаар  тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39/, Сиди дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг нь түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн уг гэмт хэргийг шүүгдэгч Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байхдаа үйлдсэн талаар шүүх хуралдаанд мэдүүлдэг, прокурорын яллах дүгнэлтэд “ Улаанбаатар хотод байхдаа...” гэж дүгнэсэн байдаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 4, 8 дахь хэсгийг мэтгэлцэгч талуудад тайлбарлан өгсөн, талууд  хэргийн  байдлыг бүрэн  бодитойгоор тогтооход хэргийн харьяалал нөлөөлөхгүй гэж үзсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.У нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн зүгээс  мөнгөн хэлбэрээр хохирол шаардаагүй,  харин шүүгдэгчийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд илт худал мэдээлэл тараасан талаараа залруулга хийхийг хүссэн болно.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд нь түүнийхээ үнэн зөвийг нотолж  чадахгүй бол  эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэрээр няцаах үүрэгтэй, энэ үүргийнхээ дагуу шүүгдэгч Б.У нь 2020 оны 12 сарын 10, 21-ний өдрүүдэд Б.Д талаар худал мэдээлэл тарааснаа залруулахаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-д зааснаар шүүгдэгч Б.У-т хохирогч Б.Д нэр төрд халдсан, худал мэдээлэл  тараасан хэлбэрээр  няцаалт хийхийг үүрэг болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.У-н цахим хуудсандаа байршуулсан гэх бичлэгийг хуулсан 3 минут 33 секундын бичлэгтэй 1 ширхэг Сиди дискийг эд мөрийн баримтаар  тооцож ирсэнийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1-д заасан хүний нэр төр, алдар хүндэд  халдсан илт худал мэдээллийг олон нийтэд  тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.У-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.У-н цахим хуудсандаа байршуулсан гэх бичлэгийг  хуулсан 3 минут 33 секундын бичлэгтэй 1 ширхэг Сиди дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-д зааснаар шүүгдэгч Б.У-т хохирогч Б.Д нэр төрд халдсан, худал мэдээлэл  тараасан хэлбэрээр  няцаалт хийхийг үүрэг болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.У нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.Ц